Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1182

 

 

 

 

 

 

    2020            9              10                                        2020/ДШМ/1182

 

 

      В.Бямба-Очирт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

шүүгдэгч В.Б-н өмгөөлөгч Б.Бямба-Оюун,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/490 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Б.Бямба-Оюун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн В.Б-т холбогдох эрүүгийн 1910007400477 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ерөөлт овгийн В.Б, 19..... оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн,......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .................., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .............Дүүргийн ......... дугаар хороо, ....... хотхоны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

В.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 6 дугаар сарын 5-наас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд ажиллахдаа 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: В.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч В.Б-г бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-г 1 жилийн  хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.-с 14.652.417 төгрөг гаргуулж, хохирогч “..............” ХХК-д олгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2015 оноос хойш “...........” ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн бөгөөд ажиллах хугацаандаа байгууллага хамт олондоо нэр хүндтэй, урлаг, спорт, олон нийтийн ажилд идэвхитэй хамт олныхоо нэг хэсэг болсоор ирсэн билээ. 2018 онд байгууллагынхаа хөрөнгийг завшсан хэрэгт холбогдсон бөгөөд хийсэн буруутай үйлдэлдээ гэмшиж, амьдралын боломжоороо аль болох хурдан хугацаанд барагдуулахаар тогтмол төлөлт хийж байсан. Одоо хохирол бүрэн төлөгдөж дууссан бөгөөд байгууллагын зүгээс гомдол, нэхэмжлэх зүйлгүй болсон. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаанд саад учруулаагүй. Намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан нөхцөл байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч В.Б-н өмгөөлөгч Б.Бямба-Оюун гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийдвэр гарснаас хойш В.Б нь хохирогч “..........” ХХК-ийн хохирлыг барагдуулж, хохирол төлбөргүй болсон. В.Б-н гэм буруугийн тухайд маргаан байхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шатанд “...............” ХХК-ийн хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулж байсан бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хохирогчтой удаа дараа уулзаж, хохирлыг бүрэн барагдуулаад байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.” гэж заасны дагуу В.Б хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол барагдуулсан байдлыг харгалзан үзэж, 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч В.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөр төлөгдөөгүй байсан. Анхан шатны шүүх шүүгдэгч В.Б-т 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон. Харин шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч В.Б нь хохирол төлбөрөө төлсөн байна. Энэ талаарх баримтыг гаргаж өгч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 14.652.417 төгрөгийн төлөх төлбөртэй гэж гарсан. Харин өнөөдөр 12.452.000 төгрөгийн хохирол дээр хохирогч тал тохирсон, үүнийг төлсөн гэх баримтыг шинээр шүүхэд өгч байгаа юм байна. Иймд хохирол төлсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

В.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 6 дугаар сарын 5-наас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд ажиллахдаа 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн болох нь:

хохирогч Б.Бат-Эрдэнийн “... Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан В.Б нь 2018 оны жилийн эцсийн тооллогоор нийт 17.938.417 төгрөгийн өр дутагдал гаргасан байдаг. Байгууллагын зүгээс В.Б-н бодогдсон цалин барьцаа мөнгийг суутгаж одоо үлдэгдэл 15.652.417 төгрөгийг төлөхгүй болохоор нь хуулийн байгууллагад хандсан. ...” /хх 70/,

гэрч Т.Баатарын “... В.Б-н өр авлага ихсээд борлуулалт буураад байгаа болохоор санхүүгийн чиглэлээр шалгалт явуул гэж хэлсэний дагуу шалгахад 4 сая гаруй төгрөг дутаасан нь тогтоогдож В.Б нь байгууллагын дарга нартай уулзаж өр дутагдалаа хүлээн зөвшөөрч “дахиж ийм зөрчил гаргахгүй, цалингаасаа суутгуулаад сайн ажиллана” гэж амлалт өгсөний дагуу байгууллагын удирдлагын зүгээс цагдаагийн байгууллагад хандаагүй дотооддоо шийдвэрлэсэн. ...7 хоног ажлаа таслаад явчихаар нь дарга нараас чиглэл өгч наад хүнээ олж уулзаад санхүүгийн шалгалт дахин явуул гэхээр нь түүнийг олж уулзаад санхүүгийн материалуудад шалгалт явуулахад нийт 17.938.583 төгрөгийн өр төлбөр тоологдсоноос 1.000.000 төгрөгийн зээл төлж барьцаа 1.000.000 төгрөг болон цалингийн 286.166 төгрөг хасагдаад одоо 15.652.417 төгрөгийн үлдэгдэл байгаа. ...” /хх 74/,

В.Б-н яллагдагчаар өгсөн “... 2016 оны 1 сараас хойш барааны мөнгөнөөс бага багаар хувьдаа хэрэглэж эхлээд он дамжин явсаар 3 сар тутам тооцоо нийлэхдээ хүмүүсээс мөнгө зээлж тооцоо тулгачихаад буцаж байгууллагын мөнгөнөөс авч өрөө төлж явсаар сүүлдээ өр төлбөрийн хэмжээ ихэссээр байгаад 17.938.583 төгрөгийн өр дутагдалаас бага багаар төлж барагдуулсаар одоо 15.652.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...” /хх 79/ мэдүүлгүүд,

хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалалтын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх 94-98/,

 өр авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдэлийн бараа, зарлагын баримт /хх 13-67/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан “............” ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, В.Б нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилогдон холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа харилцагч иргэн, аж ахуй нэгжүүдтэй тооцоо нийлэх, авлага барагдуулах, борлуулалтын орлогыг хүлээн авч байгууллагынхаа кассын нярав, нягтлан бодогчид тушаах зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул түүнийг аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч В.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч В.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдах хугацаанд хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэн, энэ талаар гаргасан шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Б.Бямба-Оюун нарын “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан тул 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/490 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч В.Б нь 49 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, түүнийг энэ өдрөөс эхлэн нэн даруй суллан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ