Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 490

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Даариймаа,

Улсын яллагч Б.Алтанцэцэг /томилолтоор/,

Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.В.Бт холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ... өдер ..... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.В.Б /РД:........./,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч В.Б нь Хан Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алко Трейд” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 06 дугаар сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд ажиллахдаа 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэв.

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…“ Алко Трейд” ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулж худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан В.Б нь 2018 оны жилийн эцсийн тооллогоор нийт 17.938.417 төгрөгийн дутагдал гаргасан байдаг. Байгуулагын зүгээс В.Бын бодогдсон цаг, барьцаа мөнгийг суутгаж, одоо үлдэгдэл 15.652.417 төгрөгийг төлөөгүй байна ...” гэжээ / хх-н 70-р тал/,    

 

Гэрч Т.Бмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тус байгууллагын албанаас чиглэл өгч В.Бын өр авлага ихсээд борлуулалт буураад байгаа болохоор санхүүгийн чиглэлээр шалгалт явуул гэсний дагуу шалгахад 4 сая төгрөг дутаасан нь тогтоогдсон. В.Б нь дарга нартай уулзаж өр дутагдлаа хүлээн зөвшөөрч дахиж ийм зөрчил гаргахгүй гэж амлалт өгсний дагуу байгууллагын зүгээс хуулийн байгууллагад хандаагүй. ...2018 оны 10 дугаар сард шалтгаангүйгээр 7 хоногоор ажлаа таслаад дахиж санхүүгийн шалгалт явуулахад нийт 17.938.583 төгрөгийн өр төлбөр тооцогдож 1 сая төгрөгийн зээл төлж барьцаа 1 сая төгрөг болон цалингийн 286.166 төгрөгийг хасаад одоо 15.652.417 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. В.Б мөнгөний талаар надад хэлэхдээ мөнгөө хувьдаа зарцуулсан найзтайгаа хамт бизнес хийж байгаа гэж хэлж байсан. Дээрх дутагдлыг хүлээн зөвшөөрч тооцоо хийж бичиг хийж өгсөн...” гэжээ / хх 74-р тал/,

 

Өр авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдэлийн баталгаа, зарлагын баримт / хх-н 13-67-р тал/, 

 

Хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалалтын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ / хх-н 94-98-р тал/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81,85/, ял шалгах хуудас /хх-99/ шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-82-84, 100-103/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч В.Б нь Хан Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алко Трейд” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 06 дугаар сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд ажиллахдаа 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлсэн мэдүүлэг, өр авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдэлийн баталгаа, зарлагын баримт / хх-н 13-67-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч В.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх, хохирлыг бүрэн гаргуулахаар хүсэлт гаргасан зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд анх шилжүүлжээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч В.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч В.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд 15.652.417 төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатанд шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 14.652.417 төгрөгийг шүүгдэгч В.Б нь төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнээс 14.652.417 төгрөгийг гаргуулж, хохирогч “Алко Трейд” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

      

   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.В.Быг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Б-оос 14.652.417 / дөрвөн  сая зургаан зуун тавин хоёр мянга дөрвөн зуун арван долоо/-н төгрөг гаргуулж, хохирогч “Алко Трейд” ХХК-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ