Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 468

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч П.Энхболд,

Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн Е овогт В-н Б-О холбогдох эрүүгийн 1910007400477 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдер төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Е овогт В-н Б-О,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч В.Б нь Хан Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -нд худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 06 дугаар сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд ажиллахдаа 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэв.

Хохирогч В.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулж худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан В.Б нь 2018 оны жилийн эцсийн тооллогоор нийт 17.938.417 төгрөгийн дутагдал гаргасан байдаг. Байгуулагын зүгээс В.Бын бодогдсон цаг, барьцаа мөнгийг суутгаж, одоо үлдэгдэл 15.652.417 төгрөгийг төлөөгүй байна ...” гэжээ / хх-н 70-р тал/,    

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тус байгууллагын албанаас чиглэл өгч В.Бын өр авлага ихсээд борлуулалт буураад байгаа болохоор санхүүгийн чиглэлээр шалгалт явуул гэсний дагуу шалгахад 4 сая төгрөг дутаасан нь тогтоогдсон. В.Б нь дарга нартай уулзаж өр дутагдлаа хүлээн зөвшөөрч дахиж ийм зөрчил гаргахгүй гэж амлалт өгсний дагуу байгууллагын зүгээс хуулийн байгууллагад хандаагүй. ...2018 оны 10 дугаар сард шалтгаангүйгээр 7 хоногоор ажлаа таслаад дахиж санхүүгийн шалгалт явуулахад нийт 17.938.583 төгрөгийн өр төлбөр тооцогдож 1 сая төгрөгийн зээл төлж барьцаа 1 сая төгрөг болон цалингийн 286.166 төгрөгийг хасаад одоо 15.652.417 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. В.Б мөнгөний талаар надад хэлэхдээ мөнгөө хувьдаа зарцуулсан найзтайгаа хамт бизнес хийж байгаа гэж хэлж байсан. Дээрх дутагдлыг хүлээн зөвшөөрч тооцоо хийж бичиг хийж өгсөн...” гэжээ / хх 74-р тал/,

Өр авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдэлийн баталгаа, зарлагын баримт / хх-н 13-67-р тал/, 

Хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалалтын гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ / хх-н 94-98-р тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81,85/, ял шалгах хуудас /хх-99/ шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-82-84, 100-103/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч В.Б нь Хан Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -нд худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 06 дугаар сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд ажиллахдаа 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлсэн мэдүүлэг, өр авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдэлийн баталгаа, зарлагын баримт / хх-н 13-67-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх, хохирлыг бүрэн гаргуулахаар хүсэлт гаргасан  зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч В.Б нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч В.Бт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд 15.652.417 төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатанд шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 14.652.417 төгрөгийг шүүгдэгч В.Б нь төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнээс 14.652.417 төгрөгийг гаргуулж, хохирогч “Алко Трейд” ХХК-д олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Е  овогт В-н Б-О-г бусдын эд хөрөнгийг  завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В-н Б-О-г 3000 нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч В.Бт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч В.Бт оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Боос 14.652.417 / дөрвөн  сая зургаан зуун тавин хоёр мянга дөрвөн зуун арван долоо/-н төгрөг гаргуулж, хохирогчид олгосугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ