Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/00278

 

З-гын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00187 дугаар шийдвэр,

Баян-Өлгий  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2024/00053 дугаар магадлалтай,

З-гын нэхэмжлэлтэй

 Б, Х нарт холбогдох,

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Згаас хариуцагч  Б, Х нарт холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00187 дугаар шийдвэрээр: Згын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 дугаар захирамжаар фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын .... дугаартай, улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн, .... газрыг хурааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Зга улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Б, Х нараас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2024/00053 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч бөгөөд хариуцагч Х-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т “Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэснийг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

 Б, Х нарт ... газраас .... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 200 га газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэж, 2017.09.21-ний өдөр олгосон .... дугаартай (Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт 2023.03.16-ны өдрийн 110/ШЗ2023/0066 дугаар шийдвэрт 000067574 гэж ташаа буюу тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байна)

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Баян-Өлгий аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас гэрчилгээг шинэчилж олгохдоо .... нэгж талбарын дугаартай, “фермер байгуулах, газар тариалан”-ийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэж, 2008.05.22-ны өдөр анх олгосон .... дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Баян-Өлгий аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү шинэчилж олгосон хүчинтэй буй .... дугаартай гэрчилгээг баталгаажуулсан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.14-ний өдрийн 110/ШШ2023/0066 дугаар хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр баталгаажсан хүчинтэй байгаа .... дугаартай гэрчилгээний өмчлөлийн “Гэр бүлийн хэрэгцээ”-ий зориулалттай 200 га газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа" гэх нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль, эрх зүйн үндэслэл байх боломжгүй учраас “Гэр бүлийн хэрэгцээ”-ий өмчлөлийн 200 га газрыг хураах шийдвэр нь үндэслэл бүхий хууль ёсны шийдвэр гэж үзэхээргүй байна

Учир нь өмчлөлийн “Гэр бүлийн хэрэгцээ”-ий гэх 200 га газрыг чухам ямар зориулалтаар, яаж, юунд ашиглах нь тухайн  Б нарын гэр бүлийн бүрэн эрхийн, өөрсдийн дотоод асуудал болохоос бусдын эрх ашиг хөндөгдсөн гэхэд хамрагдах, эсхүл ямар нэгэн зориулалтаар ашиглах эсэх, эсхүл хэн нэгний хөндлөнгөөс шаардах шаардлага огтхон ч биш асуудал гэж үзэхээр байгаа.

Мөн өмчилсөн “Гэр бүлийн хэрэгцээ”-ий газрыг хураах тухай Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд зохицуулсан журам огт байхгүй байх тул өмчилсөн “гэр бүлийн хэрэгцээ”-ний 200 га газрыг хураах шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны бус шийдвэр гэж үзэхээр байна.

Түүнчлэн  Б, Х нарын өмчлөлийн “гэр бүлийн хэрэгцээ”-ий газар нь нэгэнт Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.14-ний өдрийн 110/ШШ2023/0066 дугаар хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр “гэр бүлийн хэрэгцээ”-ний газрын өмчлөх эрх нь дуусгавар болоогүй байдлыг мөн эцэслэн шийдвэрлэсэн.

Гэтэл ... сумын уугуул, өмгөөлөгч З, ... Засаг дарга /С, А/ нарыг элдэв хууль бусаар сүрдүүлэх, айлгах, дарамт үзүүлэх аргаар шахаж шаардсаны улмаас Засаг дарга нарын эрхийг хэрэгжүүлэх, тэдний нэрийн өмнөөс 2020 оноос эхлэн 11 удаа Иргэн, Захиргааны болон Монгол Улсын дээд шүүхээр маргаан үүсгэж өдгөө 2024.08 сар хүртэл бүтэн 4.6 жилийн нүүр үзэж  Б, Х нарын өмчлөх эрхэд санаатай халдаж, саад учруулан, чирэгдүүлж, хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж байна.

Энэ нь хавсралт №1 хүснэгтээр тодорхойлогдож байгаа ба энэхүү шүүхээс гарсан шийдвэрүүдийг шинжлэн судлахад газар өмчлөгч  Б нарын талд шүүхээс 8 удаа хангасан шийдвэр гарч байгаа байдал нь өөрөө нэхэмжлэгчийн өмгөөлөгч З-ийн хөндсөн асуудал хууль бус гэдгийг илэрхийлж байна.

Түүгээр ч барахгүй Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу  Б, Х нарт ... газраас ... нэгж талбарын дугаартай, “фермер байгуулах, газар тариалан”-ийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж, 2008.05.22-ны өдөр анх олгосон ... дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-нд бичигдсэн өмчлөлийн 200 га газрыг авч үргэлжлүүлэн шинэчилж олгосон хүчинтэй буй ... нэгж талбарын дугаартай, "гэр бүлийн хэрэгцээ"-ий зориулалттай 200 га газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж, 2017.09.21-ний өдөр олгосон ... дугаартай гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.14-ний өдрийн 110/ШШ2023/0066 дугаар хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр баталгаажуулсан тасралтгүй үргэлжилсэн анхан шатны шүүхээс өдгөө 2024.08 сар хүртэл 16 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйл /Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа/-ийн 75.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.

Тэгвэл нэхэмжлэгчээс фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн газрыг зориулалтын бусаар буюу хадлангийн талбай болгон ашигласан гэх нэхэмжлэгчийн шаардах эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-нй өдрийн 130/ШШ2024/00187 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.02-ны өдрийн 212/ МА2024/00053 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.11.14-ний өдрийн 001/ШХТ2024/001377 дугаар/дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч З нь хариуцагч  Б, Х нарт холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ: “...Хариуцагч нарт маргаан бүхий 200 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад хууль бусаар өмчлүүлсэн, газрын суурь үнэ 230,707,200 төгрөгийг төлөөгүй, өмчлүүлсэн газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн болон фермийн зориулалтаар ашиглаагүй гэж тодорхойлж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг үндэслэн хариуцагч  Б, Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авах шийдвэр гаргаж өгнө үү...” гэж тодорхойлсон,

Хариуцагч нар хариу тайлбартаа: “...Маргаан бүхий 200 га газрыг фермерийн болон газар тариалангийн зориулалтаар зохих журмын дагуу өмчилж авсан, ингэний болон ямааны мал аж ахуйн фермер байгуулан үйл ажиллагааг өргөжүүлж байна. Газар тариалан эрхлэхээр удаа дараа төсөл бичиж 50-100 хүнийг ажлын байртай болгохоор зорин санхүүжилт хүссэн боловч шийдвэрлэгдээгүй. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд газрын хөрсийг тариалангийн зориулалтад бэлтгэж, усалгааг сайжруулсан. Өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...Хариуцагч  Б, Х нарт өмчлүүлсэн ... гэдэг газраас 200 га газар нь тариалангийн бүс нутагт огт хамааралгүй, бэлчээрийн болон хадлангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн уламжлал бүхий газар, мөн уг газар нь газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй болох нь талуудын мэдүүлгээр нотлогдож байна. “Ц” ХХК нь адуу, тэмээ, хонь ямаа зэрэг мал хөрөнгөтэй гэдгийг нотлох баримт байхгүй, мөн маргаан бүхий 200 га газарт фермерийн мал аж ахуй эрхэлж байгаа гэдэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Худалдаа үйлчилгээний “Т” ХХК-ийн захирлын 2017.10.30-ны өдрийн 29 дугаартай тодорхойлолтод: ... багт үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК 2016 оноос эхлэн Т захад өвөл, хаврын улиралд тэмээний сүү, хоормог, үхэр ямааны сүү их хэмжээгээр худалддаг. Зуны улиралд гүний айраг, үхэр ямааны сүү, цагаан идээ, мал мах, хонины ноос, тэмээний ноос ямааны ноолуур, арьс шир зэрэг МАА-н гаралтай түүхий эд бүтээгдэхүүнүүдийг байнга худалдан борлуулж байгааг тодорхойлов гэсэн боловч эх сурвалжаа заагаагүй, энэхүү үйл баримтыг нотлох баримт байхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч  Б, Х нар нь 2008.04.30-ны өдрийн Алтанцөгц сумын Засаг даргын шийдвэрээр 200 га талбайтай газрыг өмчилж авсан мөртлөө газрыг зориулалтаар нь ашиглах үүргээ биелүүлээгүй, фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн газрыг зориулалт бусаар буюу хадлангийн талбай болгон ашиглаж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтын дагуу гаргасан Згын нэхэмжлэлийг хангаж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... сумын Засаг даргын 2008.04.30-ны өдрийн 18 дугаар захирамжаар хариуцагч нарт өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураах нь зүйтэй байна... гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

10. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-т иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлнэ, 22 дугаар зүйлийн 22.1-д иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын албаны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно, 25 дугаар зүйлийн 25.1-д иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж тус тус зохицуулсан байна.

Згын 2008.04.30-ны өдрийн 18 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар  Б, Х нарт тус сумын ... гэдэг газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн,  дээрх захирамжийг үндэслэн 2008.05.22-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж, ... дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Хариуцагч нар нь хуулийн дээрх зохицуулалтад зааснаар ... гэдэг газар 200 га газрын өмчлөгч байжээ.

11. Талуудын тайлбараас үзвэл хариуцагч нар газар тариалангийн зориулалтаар өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашигласан эсэх нь маргааны зүйл болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хариуцагч нарыг газар тариалангийн зориулалтаар өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газрыг шүүхийн журмаар хураалгахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч тал газрыг фермерийн болон газар тариалангийн зориулалтаар өмчилж авсан, фермер байгуулсан, газар тариалангийн төсөл хэрэгжүүлэхээр эрх бүхий газруудад удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн, гэрээний үүргээ зөрчөөгүй гэж маргажээ.

12. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар газар өмчлөгч иргэн газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэг хүлээнэ, 28 дугаар зүйлийн 28.1.4-т газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг хориглоно гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “…хариуцагч тал газрыг зориулалтын дагуу ашиглаж, ингэний болон ямааны, адууны фермер байгуулан ажиллаж, газар тариалангийн зориулалтаар ашиглахаар хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр санал гаргасан боловч холбогдох эрх бүхий этгээдээс хариу ирээгүй хүлээгдэж байгаа гэх тайлбараа баримтаар нотлоогүй, газрыг газар тариалангийн журмаар ашигласан үйл баримт тогтоогдоогүй…” гэх  дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Тухайлбал, хариуцагч нар маргаан бүхий газрыг 2008 онд өмчилж авснаас хойш газрын төрх байдлыг өөрчилж, шуудуу татаж, устай болгож, усны нөөц нэмэгдсэнтэй холбогдон чулуурхаг газрын чулуу багассан, ялзмагийн агууламж багасаж, хадлан авдаг болсон, тэмээ, ямааны энгийн ферм ажиллуулж, жил бүр мал тоолуулж, малын тоо толгой өсч, татварын албанд бүртгэлтэй, татварын тайлан өгч, татвар төлж байгаа гэх тайлбарууд нь хэрэгт авагдсан 2023.01.10-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “…1. Газар дээр нь очиж үзэхэд маргаан бүхий 200 га газрын өмчлөгч  Б, Х нар нь ферм болон газар тариалангийн газарт хамгаалалтын зориулалтаар хашаа татаагүй, ямар нэгэн тариалангийн  талбай харагдаагүй, мөн фермерийн зориулалттай баригдсан хашаа байхгүй ба зөвхөн өвөлжөөний чулуун хашаа, модон байшин байсан. Ферм байгуулсан гэсэн чулуун хашааны зургийг авч сансрын зурагт оруулахад 2003 оны сансрын зурагт харагдаж байна. Иргэдэд өмчлүүлэхээс өмнө баригдсан хашаа байна. Гэвч уг хашааг багийн хилийн цэст оруулж үзэхэд ... багийн хилийн зурвастай давхацсан байна, 3. Одоогийн байдлаар зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас байгаль экологид сөрөг нөлөөгүй…” гэсэн, Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023.01.13-ны өдрийн 10 дугаартай албан бичгийн “тухайн аж ахуйн нэгж нь фермерийн үйл ажиллагаа эрхэлдэг талаар LHIS буюу малын үндэсний бүртгэл мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх тэмдэглэл, дүгнэлт, 2020.02.05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээр үгүйсгэгдсэн байна.

13. Түүнчлэн хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...2017 онд газар өмчлөх эрхийн гэрчилгээг шинэчилж олгохдоо 2008 онд олгосон 020057524 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд шинэчилж олгосон, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр баталгаажсан ... дугаартай гэрчилгээ “Гэр бүлийн хэрэгцээ”-ний зориулалтаар олгогдсон байгаа тул газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, дээрх гэрчилгээ хүчин төгөлдөр болохыг Захиргааны хэргийн шүүхээс тогтоосон байхад Гэр бүлийн хэрэгцээний газрыг хураах шийдвэр гаргаж байгаа нь хууль бус тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нарт 2008 онд олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээг гэмтээсэн үндэслэлээр дахин олгохыг хүссэн  Бын хүсэлтийг үндэслэн 2017 онд шинээр гэрчилгээ олгохдоо газар өмчлөх эрхийн зориулалтыг өөрчилж, “Гэр бүлийн хэрэгцээ”-нд зориулж өмчлүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй асуудлаар дүгнэлт хийх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

14. Ш.Хали нарын нэхэмжлэлтэй Зга, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох “З-ын 2008.04.30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 18 дугаар захирамж, иргэн  Б, Х нарт “Фермер байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар өмчлүүлсэн нэгж талбарын ... дугаартай 200 га газар өмчлүүлсэн Улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ нь тус тус илт хууль бус болохыг тогтоож,  Б, Х нарт ... гэх газраас өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрх дуусгавар болгох шийдвэр гаргуулах” тухай шаардлагтай хэргийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.14-ний өдрийн 110/ШШ2023/0066 дугаар шийдвэрээр “...сумын Засаг даргын “...тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах”, “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно” гэсэн заалтуудаас үзэхэд захиргааны хэргийн шүүхэд “хураан авах” шийдвэр гаргах эрхийг олгоогүй, захиргааны хэргийн шүүхээс гаргах шийдвэрийн төрөлд хамаарахгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ хэрэгт хамааралгүй тул дээрх асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

15. Хариуцагч нь газар тариалангийн зориулалтаар өмчилж авсан газраа өмчилж авснаас хойш 11 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон байхаас гадна хариуцагч  Б, Х нарт өмчлүүлсэн газар нь байгалийн жамаар байнга ногоолж байдаг хадлангийн талбай, түүнчлэн ... газарт орж байгаа нь усан сан бүхий хамгаалалтын бүсэд байгаа үндэслэлээр Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “Усны сан бүхий эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ...мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн талаар аймгийн ахлах аудитор А-н танилцуулгад тусгагдсан байгаа зэрэг нь тус газрыг газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулах үндэслэлгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг хориглоно гэж, 35 дугаар зүйлийн 35.1-д газар өмчлөгч иргэн ...энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно гэж тус тус зохицуулсан.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэврлэхдээ үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүхийн дээрх шийдвэр холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00187 дугаар шийдвэр, Баян-Өлгий  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2024/00053 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-аас 2024.09.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                       Н.БАТЧИМЭГ

                                                                                                    Н.БАЯРМАА

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД