Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2024/00308

 

Б, Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2024/00663 дугаар шийдвэр,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 209/МА2024/00066 дугаар магадлалтай,

 Б, Д нарын нэхэмжлэлтэй

А-т холбогдох

 Хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого 66,749,642 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

... үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 Гуравдагч этгээд Ц-ын ... үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай,

Гуравдагч этгээд О-ын ... орон сууцны барилгаас зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 176.66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О, хариуцагчийн өмгөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Б, Д нар нь хариуцагч Ат холбогдуулан хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого 66,749,642 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, гуравдагч этгээд Ц нь ... үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай, гуравдагч этгээд О нь ... орон сууцны барилгаас зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 176.66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

 2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2024/00663 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 492 дугаар зүйлийн 492.1-т тус тус заасныг баримтлан А-ээс 66,749,642 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч А-ийн үйлчилгээний зориулалттай 104.42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан ... үйлчилгээний зориулалттай 104.42 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О-ын тус байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоол, 176.66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, Д-оос гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 768,750 төгрөг, хариуцагч А болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 2,315,260 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, гуравдагч этгээд Ц-д олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 209/МА2024/00066 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2024/00663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О, өмгөөлөгч Г нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,315,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг бүрэн гүйцэд, тал бүрээс нь, үнэн зөв үнэлээгүйгээс гадна хууль хэрэглээний алдаа гаргаж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

4.1. Хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн тухай.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2015.03.07-ны өдрийн хэлцлийн гол агуулга, тохиролцсон тохиролцоог анхаарч үзэлгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхэд 2024.06.24-ний өдөр гаргасан гуравдагч этгээд Оын сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх огт дурдаагүй.

Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн магадлалын 18 дахь хэсэгт: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж заасан бөгөөд Оын шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг маргааны зүйлтэй холбоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу маргааны зүйл нь тус орон сууцны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 586.5 м.кв талбайн зарим хэсэг болох 104.42 м.кв талбайн эзэмшилтэй холбоотой шаардлага байх бөгөөд нэхэмжлэгч нар өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан 586.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох 104.42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Аээс гаргуулахаар шаардсан нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Оын эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна” гэх, мөн магадлалын 17 дахь хэсэгт “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Цын хувьд ...үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. ...Цын хувьд хариуцагч Атэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, зөвшөөрөл олгоогүй байх тул дээрх хуульд зааснаар өөрийн өмчлөлийн хөрөнгийг түүнийг эзэмшиж байгаа этгээд болох Аээс шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг хийхдээ хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй төдийгүй хуулийг буруу тайлбарласан байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасны дагуу өмчилж авсан үл хөдлөх эд хөрөнгө нь хувь хүний өмч байхаар хуульчилсан боловч хэргийн нөхцөл байдлаас харахад талуудын хооронд байгуулсан хэлцлийг үндэслээгүй, шинжлэн судлаагүй орхигдуулсан нь хэргийг үнэн зөв шийдвэрлээгүй гол үндэс болсон.

Өөрөөр хэлбэл 2015.03.07-ны өдрийн Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэлд барьцаанд байгаа орон сууцны төлбөрийг Д бүрэн хариуцаж төлөх, үүний дараа гэрчилгээ гаргуулахаар тохиролцсон.

Талуудын дээрх хэлцлийн тохиролцоо нь Иргэний хуулийн гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн тохиролцоо болно. Учир нь гэрээний талууд зөвхөн хуульд заасан тодорхой төрлийн гэрээгээр хязгаарлагдахгүй гэрээний агуулгаа тодорхойлох гэрээ байгуулах эрх чөлөөг Иргэний хуульд хуульчилсан бөгөөд талууд гэрээ байгуулах эрх чөлөөний хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон болно.

Өмнө дурдсанчлан хэлцлээр тохиролцсон тохиролцоо байхад давж заалдах шатны шүүх хуулийг хэт өргөжүүлэн тайлбарлаж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.

4.2. Хэлцлийг буруу тайлбарласан тухай.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэлцлийн агуулгыг хэт явцууруулан тайлбарлаж өмчлөгчийг эрхийг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсэгт: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж заасан бөгөөд О-ын шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг шүүх хуралдаан дээр тодруулахад маргааны зүйлтэй холбоогүй гэж үзсэн нь хэлцлийг огт үнэлээгүй, хууль бус шийдвэр болсон.

4.3. Хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн тухай.

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох О миний өмчлөлд анхнаасаа байсан, уг өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа этгээд нь миний эхнэр А гэдэг нь нотлох баримтуудаар хөдлөшгүй нотлогдсон. Энэ нь Д-оос бидэнд гаргасан баталгаагаар гэрчлэгддэг.

Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх анхнаас хэн өмчилсөн, хэрхэн баталгаа гаргасан талаар авч хэлэлцэлгүйгээр шударга өмчлөгчийн талаарх хуулийн энэхүү зохицуулалтыг үл харгалзан хэргийн нөхцөл байдлыг хэт явцуу байдлаар тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

4.4. Хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлийн тухай.

2021.01.15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой Улсын дээд шүүхэд гомдол гаргах 3 үндэслэлийг тодорхойлж өгсөн.

Энэхүү хэргийн тухайд Улсын дээд шүүхэд гомдол гаргах 3 нөхцөл бүрдсэн тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Давж заалдах шатны шүүхэд 2024.06.24-ны өдөр гаргасан гуравдагч этгээд Оын сөрөг нэхэмжлэлийн талаар, 2022.11.07-ны өдөр гаргасан Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч О нь хариуцагч Дид холбогдуулан 431,462,000 төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, анхан шатны шүүх огт дурдаагүй. 2022.12.13-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын 6,7,8,9,10 хэсэгт заасан үндэслэлийг шалгаагүй, огт дурдаагүй. Нэхэмжлэгч Д нь надаас 110,000 төгрөг авсан. /2-р хавтас хэргийн 8,9 хуудас/

Миний бие Арбитрын шүүхэд хандахад Д Салон 15 тоот зогсоолыг эхнэр А нь эзэмшдэг, мөн О А хоёр албан ёсны эхнэр нөхөр гэдэг тайлбарыг гаргасан энэ талаар байхад огт дурдаагүй.

Мөн шүүхийн шатанд Улсын бүртгэлийн хэлтсээс 2023.08.14-ний өдөр гаргуулсан комиссын акт захиалгаар барьсан орон сууцны жагсаалт гаргуулан нотлох баримтаар гаргаж өгсөн байхад мөн огт дурдаагүй. /2-р хавтас хэргийн 19 хуудас/

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01391 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Оын гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 7. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Б, Д нар нь хариуцагч А-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого 66,749,642 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...үйлчилгээний зориулалтай 586.5 м.кв талбай нь нэхэмжлэгч нарын хууль ёсны өмч юм, хариуцагч А нь тус талбайгаас 106.5 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа бөгөөд өөрийн хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч энэ хугацаанд өөрсдийн өмчөө бусдад худалдсан тул олох байсан орлогоо нэхэмжилж байна. Бид 2019 оны 02-р сараас 2023.04.20-ны өдрийг хүртэл 51 сарын хугацаанд өөрийн 106.5 м.кв талбайн 1 м.кв талбайг 20,000 төгрөгөөр тооцон түрээсэлсэн бол сардаа 2,120,000 төгрөгийг олох байсан гэж нэхэмжлэл гаргасан боловч шинжээчийн дүгнэлтээр хууль бусаар эзэмшиж байгаа талбайн хэмжээг 104.42 м.кв гэж тогтоосон, мөн “К” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн сард олох байсан орлого 1,722,930 төгрөгийг 38 сар 23 хоногоор үржүүлж нийт 66,749,642 төгрөгийг нэхэмжилж байх тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү...”  гэж тайлбарласан,

Хариуцагч А хариу тайлбартаа: “...Миний нөхөр О 2012 онд Д-той хамтран ажиллах гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, 5-р хороолол, 10-р байрыг барьж, 2013 оны 11 дүгээр сард бид үл хөдлөх эд хөрөнгийг 80%-ийн гүйцэтгэлтэй болоход үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан юм. Гэрчилгээг тухайн үед О, Д нарын нэр дээр авч байсан. 2015 онд Д нь ...зээл авах гэсэн чинь барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө нэг хүний нэр дээр байх шаардлагатай гэнэ, 1 жил хэрэглэчихээд 2016 оны 6 дугаар сард багтаан буцаагаад нэрийг чинь гэрчилгээнд оруулаад барьцаанаас суллаад өгнө гэж гуйгаад байсан учир бид түүнд итгээд, өөрөөр нь баталгаа гаргуулж аваад өмчлөгчөөс нөхөр Оын нэрийг хасуулж байсан юм. ...Ингээд 2016 оны 8 дугаар сараас хойш хөрөнгийн маргаан үүсэж, бид өмчлөх эрхээ сэргээлгэхээр удаа дараа шаардсан ч өгөлгүй өнөөг хүрсэн. Д нь М гэж хүнтэй үгсэн хуйвалдаж, миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөс намайг албадан гаргуулахаар санаархаж, улмаар олох байсан орлого гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хууль бус байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

Хариуцагч А нь Д-ид холбогдуулан дээр дурдсан үндэслэлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний төв бүхий 30 айлын орон сууцны барилгын 1 давхрын үйлчилгээний талбайгаас 102.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...А гэж хүний өмнө нэхэмжлэгч нарын зүгээс тухайн хөрөнгийг шилжүүлэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. ...Энэ хүмүүс худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй. Аээс мөнгө төгрөг авсан, өр зээлд орсон асуудал нэхэмжлэгч нарын зүгээс байхгүй.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгээд нэхэмжлэлээсээ татгалзсан, өөрөөр хэлбэл энэ хэргийг шүүхээр урьдчилаад шийдүүлчихсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гараад 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн дараа дахиад ийм юмаа яриад сууж байж таарахгүй. Д-той тийм асуудалтай байлаа гэхэд энэ хөрөнгийн 50 хувийг өмчилж байгаа Бтэй ямар учир холбогдол байна. Харин О өөрөө компанийн ажлын шугамаар Д-той холбогдуулаад хольж хутгаж яваад өдий олон жил болж байна. Тийм учраас А тухайн үед үл хөдлөх хөрөнгийг худалдаж авъя гэж нэг ч төгрөг төлөөгүй, ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Дээрээс нь энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэчихсэн байгаа учраас шүүх дахиж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ шийдвэрт гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

9.1. ... байрлах /80%-ийн гүйцэтгэлтэй/ Орон сууц, үйлчилгээ, 30 машины зогсоолтой, 3,860 м.кв талбайтай 6 давхар барилгын 88%-ийг иргэн Д, 12%-ийг иргэн О нар хамтран өмчлөхөөр тохиролцсон үндэслэлээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтийг 2013.10.21-ний өдөр Дархан-Уул аймгийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргасныг үндэслэн О, Д нарыг өмчлөгчөөр бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд 2014.12.31-ний өдөр барилга байгууламжийг улсын комисс ашиглалтад хүлээн авсны дараа 2015.03.07-ны өдөр “Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл” гэсэн гэрээ байгуулж, тус барилгын хамтран өмчлөгчөөс О хасагдахаар тохиролцсон, 2015.04.06-ны өдөр дээрх барилгын 1 давхрын 586.5 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д, Б нар бүртгэгдсэн, хэрэг шүүхэд хянагдах явцад буюу 2023.08.23-ны өдөр тус үйлчилгээний талбайн өмчлөгчөөр Ц бүртгэгдсэн.

“Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл” байгуулсан   2015.03.07-ны өдөр Д нь “Баталгаа гаргах нь Д миний бие О, А нарт үйлчилгээний талбайгаас 106 м.кв хэмжээтэй үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 06 сард багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна. Барьцаанаас гаргаж үл хөдлөх хөрөнгийг шилжүүлнэ, одоогоор барьцаанд байгаа болно.  Баталгаа гаргасан Д” гэсэн баримт үйлдсэн, хариуцагч А барилга ашиглалтад орсон 2014 оноос өнөөдрийг хүртэл тус барилгын 1 давхрын үйлчилгээний  талбайн 104.42 м.кв талбайг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн байна.

9.2. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...хариуцагч Аийг маргаж буй үйлчилгээний талбайг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх боломжгүй тул үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь зохицуулалтад нийцсэн байна.

9.3. Харин нэгэнт хариуцагчийг маргаж буй хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж дүгнэсэн атлаа тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Анх барилга баригдаж, хариуцагчийн нөхөр О барилгын хамтран өмчлөгч байхад түүнд ногдох 12 хувийн хөрөнгөд хариуцагчийн эзэмшиж байгаа үйлчилгээний талбай багтаж байсан, хариуцагч А тус үйлчилгээний талбайн захиалагчаар улсын бүртгэлд бүртгэгдэж, 2014 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байсан бөгөөд нэхэмжлэгч Д нь 2015 онд хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж, барилгыг бүхэлд нь өөрийн өмчлөлд шилжүүлэхдээ 2016 онд хариуцагчийн эзэмшиж байсан үйлчилгээний талбайг түүний өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээж Баталгаа бичиж өгсөн, талбай ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь уг талбайг эзэмшиж, ашиглаж байгаа зэрэг үйл баримтаас дүгнэлт хийхэд Иргэний хуулийн 476 дугаар дүгээр зүйлийн 476.1-д зааснаар хариуцагчийг тус үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

9.4. Маргаж буй үйлчилгээний талбайн хэмжээ 104.42 м.кв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хариуцагч А-ийг ... үйлчилгээний төвийн 104.42 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц хариуцагч Ат холбогдуулан үйлчилгээний талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

10.1. Ц нь эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж олгосон, 001120367 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байх бөгөөд тэрээр 2023.08.23-ны өдөр Б, Д нараас ... Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх Ц-ыг маргаж буй хөрөнгийн өмчлөгч бөгөөд тэрээр хариуцагч Атэй ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй, хариуцагчид тухайн талбайг эзэмших зөвшөөрөл олгоогүй гэх үндэслэлээр хариуцагчийг хууль бус эзэмшигч гэж дүгнэж, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх заалтад нийцээгүй байхад дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцээгүй гэж үзнэ. 

10.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цыг тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзэхдээ өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх буюу Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх заалтыг анхаарч, энэ талаар дүгнэлт хийх байжээ.

Тухайлбал, дээрх хөрөнгийн өмчлөх эрхийн талаарх маргаан шүүхэд хянагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байх үед өмчлөх эрхийг шилжүүлж авсан, маргаж буй 104.42 м.кв талбай бусдын эзэмшилд байгаа, тухайн орон нутагт үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай байдал, бүртгэл үнэн зөв эсэхийг мэдэх боломжтой байсан тул Цын өмчлөл маргаж буй 104.42 м.кв талбайн хувьд хууль ёсны гэж үзэх боломжгүй, энэ үндэслэлээр тэрээр тухайн талбайг чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй.

Иймд хариуцагч Аийн эзэмшлээс ... үйлчилгээний зориулалттай талбайн 104.42 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Цын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд О нь нэхэмжлэгч Дид холбогдуулан ... байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоол, 176.66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгуулах шаардлага гаргажээ.

Хоёр шатны шүүх Оын нэхэмжлэлийг маргааны зүйлтэй холбоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Ат холбогдуулан ... үйлчилгээний талбайг хууль бусаар эзэмшиж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тухайн хэрэгт тус байрны зоорийн давхрын зогсоол болон бусад орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хамааралгүй байх тул Оын бие даасан шаардлагыг тухайн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй, энэ үндэслэлээр гуравдагч этгээд Оын бие даасан шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

О ба Дийн хоорондын өмчийн маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

13. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Оын гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 209/МА2024/00066 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2024/00663 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хариуцагч Аээс 66,749,642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б, Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Аийг ... талбай бүхий үйлчилгээний талбайн 104.42 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул ... үйлчилгээний талбайн 104.42 м.кв талбайг Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн гуравдагч этгээд Цын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Дид холбогдох гуравдагч этгээд Оын бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “...хариуцагч Аээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, гуравдагч этгээд Цд олгосугай.” гэснийг “...нэхэмжлэгч Доос 914,995 төгрөгийг гаргуулан хариуцагч Ат олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,400,265 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцааж олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Оын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа Оаас 2024.09.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,315,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД