| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/00396/И |
| Дугаар | 183/ШШ2021/01992 |
| Огноо | 2021-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2021/01992
2021 оны 09 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2021/01992 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн *** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Нямдаваагийн ********** /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг-1 *** тоот хаягт оршин суух, Жалайр овогт Баарангийн ********** /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг 12 гудамж, *** тоот хаягт оршин суух, Харчин овогт **********ын Тунгалаг /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг 14 гудамж, *** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Баатарсүрэнгийн ******* /РД: нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.**********, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.*******, гэрч Г.Ундраа, Г.Амаржаргал, Ж.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний төрсөн дүү болох Н.Аюуш нь 2020 оны 02 дугаар сарын 26-ний өдөр нас барсан. Би өвийн өв залгамжлах эрхийг авсан. Н.Аюуш нь 2013 оноос Ус сувгийн удирдах газрын Яармаг-Нисэхийн салбарын 351 дүгээр худаг дээр 2020 он хүртэл ажилласан. Бие нь өвдөж 7 хоногийн чөлөө аваад нас барсан. Н.Аюуш нь ажлын хамт олондоо тогтмол 10 хувийн хүүтэй зээлийг олгодог байсан. Нийт 3 200 000 төгрөгийг хариуцагч нар болон бусад хүмүүст зээлсэн байдаг. Харин хариуцагч Б.********** нь мөнгө зээлүүлсэн гэх баримтыг талийгаачийг нас барсны дараа орлож ажиллаж байх үедээ шатаасан. Б.**********г шатааж байхыг хариуцагч Б.******* харсан байдаг. Уг үйл явдлыг ажлын хамт олон нь бүгд мэдээд манай гэр бүлд мэдэгдсэн. Гэвч тухайн үед талийгаачийг хөдөөлүүлээгүй байсан учраас уулзаж чадаагүй. Мөн манай том эгчийн утас руу Б.**********г тухайн бичиг баримтуудыг шатааж байсан бичлэгийг ажлын хамт олон нь явуулж байсан. Бүгд мөнгө зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эргэж төлнө гэдгээ илэрхийлдэг гэв.
Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Н.**********ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б.******* би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид Н.Аюуштай нэг дор ажилдаг байсан нь үнэн бөгөөд түүнээс мөнгө төгрөг авч байсан удаа байхгүй, ямар ч үндэслэлгүй намайг мөнгө зээлсэн гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Иймээс уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Тунгалаг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Н.**********ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ц.Тунгалаг би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Н.Аюуштай нэг дор ажилдаг байсан нь үнэн бөгөөд түүнээс мөнгө төгрөг авч байсан удаа байхгүй, ямар ч үндэслэлгүй намайг мөнгө зээлсэн гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Иймээс уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.********** нь шүүх ирүүлсэн хариу тайлбартаа: ...Өвдөхөд нь ажлыг хүлээн авсан. Ажлын байранд мөнгөний баримт, тэмдэглэл, хувийн тэмдэглэл байгаагүй. Ажлаа өгсөнөөс 2 хоногийн дараа акт авчирч өгсөн. Акт худаг дээр байсан, өглөө утсаар ярьсан хүн гэнэт орой нь нас барсан байна гэж хэлсэн. Би сонсоод итгээгүй ба бусдад гай болохоор хүн байгаагүй. Шударга, зарчимч охин санагддаг, хүний ёсны харьцаатай байсан. Мөнгө төгрөг авсан удаа байгаагүй. Актын цаасыг санаандгүй, юм ч бодоогүй барьж байсан. Энэ цаасны хэрэг юу байх вэ гэж бодож байсан. Өөр бичиг баримт байгаагүй. Холбогдож байгаа 3 хүнтэй холбоотой мөнгөний бичиг, тэмдэглэл байгаагүй болно. Бид хорин наймуулаа хамт олон болж ажилладаг. Энэ удаад яагаад 3 хүнийг ялгаварлаж хандаад байгаа юм. Худагт янз бүрийн бичиг баримт байлгахыг хориглодог. Фэйсээс эмийн жор бичиж авдаг миний өөрийн жижиг цаас ганц нэг байсан гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.********** нь хариуцагч Б.**********, Ц.Тунгалаг, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Дүү маань ажлын хамт олондоо 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан. Дүү нас барсан өдрийнхөө өглөө ээж рүү залгаж 3 420 000 төгрөгийг би хүнд зээлсэн гэж ярьсан. Хариуцагч Б.********** 700 000 төгрөг, Ц.Тунгалаг 400 000 төгрөг, Б.******* 400 000 төгрөгийг тус тус авсан. Үлдэх мөнгийг бусад хамт ажиллагсад нь авсан. Энэ талаар баримт байсныг хариуцагч Б.********** шатаасан тул 3 200 000 төгрөгийг 3 хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлан, шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох Н.Аюушийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Н.Аюушийн Хаан банк, Голомт банк, Төрийн банк дахь дансны хуулга, Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Цэндийн 0060, 0061, 0062 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, эдгээр баримт хэрэгт авагдсан.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан ба бүртгэлийн 0060, 0061, 0062 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч Н.Аюушийн хууль ёсны өвлөгч болох төрсөн эгч Н.**********ид өвлүүлэгчид байсан Хаан, Голомт, Төрийн банкны данс дахь мөнгөн хөрөнгийг өвлүүлэхээр гэрчилгээ олгосон байна. Тухайн өвлөх эрхийн гэрчилгээ нь бусдаас гэрээний үүрэг шаардах эрхийг олгоогүй тул дээрх гэрчилгээг үндэслэн гэрээний үүрэг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.
Түүнчлэн, гэрч Г.Ундраа, Г.Амаржаргал, Ж.Лхагвасүрэн нарын мэдүүлгээс үзэхэд талийгаач Н.Аюуш нь ажлын хамт олондоо 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч нартай зээлийн гэрээний харилцаа үүссэн хийгээд, хариуцагч Б.********** мөнгө зээлсэн талаарх баримтыг шатаасан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талийгаач Н.Аюушаас хариуцагч нарт мөнгө шилжүүлсэн, тэдгээрийн хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хэрэгт авагдсан баримтаар Н.Аюуш нь нэр бүхий гурван хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй нь дээр нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.**********ийн хариуцагч Б.**********, Ц.Тунгалаг, Б.******* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.**********аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.**********ийн хариуцагч Б.**********, Ц.Тунгалаг, Б.******* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ