Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/03926

 

 

 

 

 

 

2021 11 30

101/ШШ2021/03926

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Элизабет 215-1204 тоот хаягт оршин суух, Америкийн нэгдсэн улсын иргэн ******* Клейкампийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 363 тоот хаягт байрлах******* сургууль ХХК /РД:8248192/-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажилласан хугацааны цалин 2,172,506 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн, Д.Доржравдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Америк улсын иргэн ******* Клейкамп нь тус сургуульд Англи хэлний багшаар 2019 оноос багшийн байнгын байнгын ажлын байранд ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон нь үндэслэлгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Хугацаатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа бол нэг сарын өмнө мэдэгдэж гарын үсэг зуруулах ёстой.

Гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бол гэрээний хугацаа 2021 оны 8 сарын 30-ны өдөр дуусах байсан. Гэтэл 5 сарын 21, 27-ны өдрүүдэд яаг одоо ажиллах үгүйгээ хэл гэж хүнийг шахамдуулж болохгүй. Тэр цаг хугацаанд ******* хариу хэлэх боломжгүй байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн ямар хуулийн заалтыг барьж ажлаас чөлөөлөөд байгаа нь ойлгомжгүй байна.

Ажилтан ажил олгогч нарын хувьд онлайнаар ажиллах талаар ярилцаж байсан. Гэхдээ энэ нь ажлаас чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна.

Энэ байгууллага нь 4 багшийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байдаг. Мөн тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй. Учир нь Гантуяа гэж хүн гаргасан байдаг бөгөөд Гантуяа гэж хүний гарын үсэг нь ч биш байдаг. Энэ хүний оршин суух эрх нь дууссан эсэх нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 11 сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин 19,762,500 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч нь 6, 7 хоног сургуулийн цомогтой холбоотой сэтгэгдэл бичиж ажилласан. Энэ хугацааны цалин хөлсийг олгоогүй тул 2,172,506 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Ажлаас халах тушаалтай 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр танилцаад нэхэмжлэлээ шүүхэд 6 сарын 25-ны өдөр гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ байгууллагын 4 багштай холбоотой нэхэмжлэл гаргасан. Шүүхийн тамгын хэлтсээс гаргаж өгсөн баримт болон Монгол шуудан ХК-ийн баримтуудаар манай гаргасан нэхэмжлэлүүдийг шуудангийн ажилтан 25-ны өдөр хүлээн аваад шүүхийн ажилтан н.Огторгуй гэх хүнд 6 сарын 28-ны өдөр хүлээлгэн өгч, ажилтан нь шүүгч З.Баярмаад 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн нь тодорхой харагдана. Иймд нэхэмжлэл нь хуульд заасан хугацаандаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг хугацаатай байгуулсан бөгөөд 2021 оны 8-р сарын 31-ны өдөр гэрээ дуусгавар болох байсан. Ажил олгогчийн зүгээс гэрээг хэзээ ч цуцлах эрхтэй байдаг. Манай байгууллагын хувьд гадаад багш нартайгаа цаашид хөдөлмөрийн гэрээний харилцаагаа үргэлжлүүлэх эсэх талаар хичээлийн шинэ жил дуусах үед саналыг нь асуудаг. Ингээд байгууллагын зүгээс *******ээс асуудах цаашид ажиллахгүй гэж хариу хэлсэн. Дахин бодож үзэх талаар асуухад 100 хувь онлайнаар ажиллах мөн цалин нэмэн саналыг тавьсан. Энэ саналыг нь манай байгууллагын зүгээс хүлээн авах боломжгүй байсан. Учир нь хүүхдүүд танхимаар сурах сонирхолтой байдаг бөгөөд манай байгууллагын дотоод журамд ч нийцэхгүй санал байсан.

Бид энэ талаар хэлсэн боловч хүлээж аваагүй учир 2021 оны 5 сарын 27-ний өдөр өөр багш олсон тухайгаа бичиж, хамтран ажиллах цаг хугацаанд таатай байсан талаараа дурдаж хариу бичсэн. Ингээд ээжлийн амралтынх нь мөнгийг бүтэн олгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс бичсэн мэйлийг нь хүлээн авлаа ойлголоо гэсэн хариуг ирүүлсэн. Ингээд бид ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргаж өгсөн.

Гэтэл биднээс мөнгө нэхэж хэрэв эвлэрэхгүй бол ажлаас халсан тушаалд гомдол гаргана гэж хэлсэн. Ингээд шүүхэд хандсан байсан. Бидний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цалин нэмэгдүүлэх онлайнаар ажиллуулах саналыг хүлээн авах ямар ч боломжгүй учир хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосон.

Мөн 5 хоног ажилласан цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Энэ хугацаанд ажилласан гэдэг нь нотлогдохгүй байна. Хувиараа хүмүүстэй чат бичиж харилцаж байсан нь сургуульд ажилласан гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Шуудангийн байгууллага болон шүүхийн тамгын хэлтсийн баримтуудаар энэ нэхэмжлэл нь яг *******ийн нэхэмжлэл гэж үзэх боломжгүй байх бөгөөд хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Энэ хүний Монгол улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан. 2021 оны хичээлийн шинэ жилийн ээлжийн амралтын мөнгийг байгууллагын зүгээс бүрэн олгож дуусгасан. Харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлаас чөлөөлөгдсөн. Өөрт нь манай байгууллагад цаашид ажиллах хүсэл зориг байгаагүй. Захирлууд хэд хэдэн удаа уулзсан байдаг. Иймд бид байгууллагын дотоод журмын 4.13.2-т заасан ажилтан байнга хоцрох, хэвийн цагийн хуваарийн дагуу хичээл орох, шалтгаангүйгээр хичээл таслахгүй байх, удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлэх зэрэг ажил олгогчийн нөхцлийг хангаж ажиллаж чадахгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* Клейкамп нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажиллаж байсан хугацааны цалин 2,172,506 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зэрэг баримтууд нэхэмжлэгч ******* Клэйкамп нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан******* сургуульд англи хэлний багшаар ажиллаж байгаа бөгөөд тус сургуулийн захирлын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар 2021 оны 5 сарын 31-ний өдөр ангил хэлний багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 2, 123-126, 127-133, 53-57 дугаар тал/

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсан буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй, тушаалын үндэслэл тодорхойгүй гэж тодорхойлсон.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэж байх бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Ажилтны 100 хувь онлайнаар ажиллах саналыг ажил олгогч хүлээн аваагүй. Ажилтан нь ажил олгогчийн танхимаар ажиллах болон цалин нэмэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол, бүхий маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т, Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгчээс ажлаас чөлөөлсөн тушаалыг 6 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүхэд гаргасан гомдлоо 6 сарын 26-ны өдөр шуудангаар шүүхэд хүргүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Монгол шуудан ХК-ийн шуудангийн гардуулалтын мэдээлэлийн талаарх баримт, төлбөрийн баримт, шуудангийн ажилтны тодорхойлолт болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн даргын 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 671 дугаартай албан тоот, нэхэмжлэл хүлээн авсан дэвтэрийн хуулбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь гомдлыг хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шууданд хийснийг шүүхийн эрх бүхий ажилтан 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын тухайд хуульд заасан хугацаандаа гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1.-д Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно гэж, 369.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж тус тус зохицуулсан.

Дурдсан зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.-д амаар хийх хэлцлийг хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан.

Иймд талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Зохигчид 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 27-ны өдрүүдийн хооронд фэйсбүүк болон мэйлээр харилцаж байсан бөгөөд цаашид хөдөлмөрийн гэрээний харилцаагаа үргэлжлүүлэх эсэх талаар өөрсдийн хүсэл зоригийг илрэхийлж байсан байна. /хх-ийн 27-34, 68-69 дүгээр тал/

Хариуцагчийн ажилтны 100 хувь онлайнаар ажиллах саналыг хүлээн авах боломжгүй байсан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх тайлбарыг нэхэмжлэгчээс үгүйсгэж байх хэдий ч 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогчийн зүгээс ажилтан ******* Клэйкампд бичсэн ...бид тогтвортой ажиллах болон сургууль дээр ажлын цагаар бүтэн ажиллах хүн хэрэгтэй хэмжээн дүгнэлээ. ...бидэнд 100 хувь онлайнаар ажиллах ангил хэлний багш биш илүү тогтвортой, сургууль дээр ажиллах боломжтой англи хэлний багш хэрэгтэй учир бид таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Энэ нь таны хүсэж байгаа зүйл болох зөвхөн онлайнаар ажиллах боломжтой сургууль дээр ирэх боломжгүй гэсэн нь нөхцөл байдалтай уялдахгүй байна. ...таны ирээдүйн ажилд болон ирээдүйн замд нь хамгийн сайн сайхан бүхийг хүсэж байна... гэх бичвэрээр ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан санал буюу хүсэл зоригийн илэрхийлэлийг хүлээн аваагүй гэх тайлбар тогтоогдож байна гэж үзэхээр байна.

Дээрх хүсэл зоригийн илэрхийлэлд нэхэмжлэгч ******* Клэйкампын зүгээс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сайн уу. Ирмүүн. Би чиний и-мэйлийг хүлээн авсан гэж хариу илгээсэн нь ажил олгогчийн зүгээс гаргасан шийдвэрийг хүлээн авсан гэж үзэхээр байх бөгөөд хэлцэл байгуулах шинэ санал буюу саналын дуудлага гаргаагүй, хөдөлмөрийн гэрээний харилцааг үргэлжлүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлээгүй байна.

Дурдсан үндэслэлээр ажилтны гаргасан санал буюу цаашид 100 хувь онлайнаар ажиллах саналыг ажил олгогчийн зүгээс хүлээн аваагүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй байх тул цаашид хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь хуульд нийцэж байна гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс ажиллаж байсан хугацааны цалин 2,172,506 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүдэлтэй хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн цалин олгох ажил олгогчийн үүргийг шаардсан маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д хамаарах шүүхээр шийдвэрлэх хөдөлмөрийн маргаан гэж үзнэ.

Тухайн маргааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн талаар мэдсэн болон мэдэх ёстой байсан хугацаанаас хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2021 оны 5 сарын 21-ний өдрөөс 6 сарын 03-ны өдрийн хооронд сургуулийн цомогийн ажил дээр санал сэтгэгдэл бичиж ажилласан гэж тодорхойлж, энэ нь иргэн Ларри Фаен, Раз Надар болон байгууллагын ажилтан н.Ирмүүн нартай фэйсбүүкээр харьцсан зурвасаар нотлогдоно гэж тайлбарлаж байна.

Дурдсан харилцан яриа болон бусад бичгийн баримтаар нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. /хх-ийн 98-106, 107-111, 138-139 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд хариуцагчаас цалин 2,172,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 3-13, 37-39, 4, 5, 12, 17, 18, 55, 56, 59 ддугаар талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* Клейкампийн******* сургууль ХХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, цалин 2,172,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор үүсэх нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА