Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00572

 

 

О К /О С/-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/03926 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00293 дугаар магадлалтай,

О К /О С/-ийн нэхэмжлэлтэй

“О А С” ХХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажилласан хугацааны цалин 2,172,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О К /О С/, орчуулагч Т.Сувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн, И.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. О К /О С/нь “О А С” ХХК-д холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажилласан хугацааны цалин 2,172,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/03926 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О Кийн “О А С” ХХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, цалин 2,172,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор үүсэх нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00293 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/03926 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О К (О С)-ийг “О А С” ХХК-ийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 39,727,500 төгрөгийг хариуцагч “О А С” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч О К (О С)-д олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг нөхөн төлж, төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох ажилласан хугацааны цалин 2,172,506 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “О А С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 356,588 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг дээд шүүхийн тайлбараас буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд төлөөлөгчид олгосон итгэмжлэл монгол хэл дээр үйлдэгдсэн, энэ нь Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 34 дүгээр зүйлийн 34.1 заалтуудыг зөрчсөн, хууль ёсны итгэмжлэл биш байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-7.4, 117.1. “...65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.”, 169.1. “Давж заалдах шатанд хэргийг хянан шийдвэрлэхэд хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүх хуралдааны журмыг нэгэн адил баримтална.” заалтуудыг зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хэрэг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. “Үйлчлүүлэгч нь ...монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ ...орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна”, 34.1. “Энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч, түүнчлэн бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө” гэж заасан бөгөөд уг шаардлагыг хангасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгч тал итгэмжлэл нь хуулийн энэ шаардлагыг хангасан болохыг нотлох үүрэгтэй. Итгэмжлэлийг “Монарк агентлаг” ХХК-ийн орчуулсан бөгөөд энэ хүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчид болох Ц.Монголын төрсөн охин, М.Амгалангийн төрсөн эгч /дүү/ буюу итгэмжлэгдэгч, төлөөлөгчийн талын хүн. Энэ нь хэргийн 15, 142-143-р талд авагдсан баримтуудаар нотлогдоно. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хоёр ба түүнээс дээш талууд нотариатын үйлдэл хийлгэж байгаа тохиолдолд нэг тал нь нөгөө талдаа орчуулагч /хэлмэрч/-ийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно.” буюу төлөөлүүлэгч болон төлөөлөгч нь бие биедээ орчуулга хийж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн тул итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. Мөн, ИХШХШТХ-ийн 49 дүгээр зүйлийн 49.1. “Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно.” гэсний дагуу шүүгчийн томилсон орчуулагчаар орчуулаагүй, хэргийн оролцогчтой эрх ашиг нэг хүнээр орчуулуулсан тул “Монарк агентлаг” ХХК-ийн тайлбар /хэргийн 142-р тал/, Оливерын тайлбарын монгол, англи хэл дээрх орчуулга /хэргийн 140-142-р тал/ нь нотлох чадвараа алдана. 2. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Монголыг оролцуулах тухай хүсэлт /Хэргийн 223р тал/-эд тус шүүхийн бичиг хэргийн ажилтан хүлээн авсан тухай дардас, тэмдэглэгээ байхгүй тул хүсэлтийг албан ёсны гэж үзэхээргүй байна. Түүнчлэн уг хүсэлтэд зурагдсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тгийн гарын үсэг нь түүний гаргасан хэрэгт авагдсан бусад баримтуудад зурагдсан гарын үсгээс өөр байх тул хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гаргасан гэж үзэхээргүй байна. ИХШХШТХ-ийн 32 дугаар зүйлийн 32.4. “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Оливер нь Б.Тгээр өөрийгөө төлөөлүүлсэн, ингэхдээ түүнд өмгөөлөгч авах эрхийг олгоогүй байна. /хэргийн 14-р тал/ Гэтэл итгэмжлэлээр олгогдсон эрхийг нь хэтрүүлж, хэрэгт өмгөөлөгч оролцуулсан нь дээрх хуулийн 32.2. “Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна.”, 32.4. “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно.” 34.2. “Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө ...үүрэгтэй.” заалтуудад нийцээгүй, уг заалтуудыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй гэж үзэхээр байна. Дээд шүүхийн 2002 оны 263 дугаар “ИХШХШТХ-ийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 8-д “...сайн дурын төлөөлөгчийн төлөөлөх эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр, гэрээгээр төлөөлөгчийн төлөөлөх эрх нь төлөөлүүлэгч төлөөлөгчийн хооронд хийгдсэн бичгийн гэрээгээр тодорхойлогдоно. Хууль ёсны төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн хуульд заасан бүх эрх, үүргийг, харин итгэмжлэлээр болон гэрээгээр төлөөлж буй этгээд нь итгэмжлэл ба гэрээнд заагдсан эрх, үүргийг хүлээнэ.” гэж тайлбарласныг зөрчсөн байна. Уг хуулийн 34.1. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.” гэх заалтад тусгасан эрх зүйн туслалцаа авах эрх бүхий тал нь энэ хэргийн хувьд зөвхөн нэхэмжлэгч өөрөө болох нь итгэмжлэлээр тогтоогдож байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх бүхий тал гэж үзэн, түүний хүсэлтээр өмгөөлөгчийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. 3. Нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хүлээж авсан тухай шүүхийн мэдээлэл, лавлагааны бүртгэл, нэхэмжлэлийн арын хуудасны дардсаар нотлогдоно. Шуудангийн дугтуй дотор Оливерын бичиг баримт байсныг нотлох баримт байхгүй, нэг өдөр, нэг цаг мөчид шуудангаар илгээсэн 4 нэхэмжлэлийг өөр өөр өдөр шүүх хүлээж авсан, 4 дугтуй дотор ямар бичиг баримтууд ирсэн нь тогтоогдоогүй, тогтоох ч боломжгүй байхад зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, холбогдох баримтуудыг буруу үнэлэн, хөөн хэлэлцэх хугацаандаа ирүүлсэн гэж дүгнэсэн. 4. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 2.1-т “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж зааснаар Иргэний хууль нь хөдөлмөрийн хууль тогтоомжид багтах ба хөдөлмөрийн харилцааг зохицуулахад хэрэглэгдэх үндэслэлтэй, гэтэл маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийг хэрэглэхгүй гэж үзсэн. 5. Ажлын байрыг тогтоох эрх зөвхөн ажил олгогчид байхаар гэрээний эхний хэсэгт, ... удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгохоор гэрээний “гэрээ сунгах” бүлгийн 1-р заалтын эхний үндэслэлд, дотоод журмын 4 дэх бүлгийн 4.13-т “хөдөлмөрийн гэрээг “Хөдөлмөрийн хууль”-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно”, 4.13 заалтын 2-т “...ажилтан сургуулийн удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, тавигдсан нөхцөлийг хангаж чадахгүй бол ажил олгогчийн санаачлагаар” гэж тус тус заасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан “ноцтой зөрчил”-д хамаарах ба Дээд шүүхийн /2007 оны 33-р тогтоол/ тайлбарт “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид ...эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ...ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” гэсэнтэй нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрээнд “ноцтой зөрчил” гэж бичихийг шаардаагүй, харин ажил олгогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй олгосон үйлдэл, эс үйлдлүүд байх, энэ үйлдэл, эс үйлдлүүдээ гэрээнд тусгахыг шаардсан бөгөөд гэрээний дээрх заалт энэ шаардлагыг хангасан, журманд мөн давхар тусгасан. Дээрх тайлбарын “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана.” гэх шаардлагын хувьд удирдлагаас тавьсан танхимаар хичээл заах шаардлагыг эс зөвшөөрч, 100 хувь онлайнаар ажиллах, гэрээний нөхцөлөөс өөр, ажил олгогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц шаардлага тавьсан нь гэрээнд заасан зөрчилд тооцогдож, гэрээг цуцлах болж байгааг ажилтанд хэлсэн, ажилтан ойлгосон, зөвшөөрсөн болох нь цахим бичгүүдээр тогтоогдох бөгөөд энэ нөхцөл байдал нь гэрээг цуцлахдаа 40.1.4-д заасан үндэслэлийг баримталсныг нотолно. Тодруулбал, ажил олгогчийн санаачлагаар ажилтныг ажлаас чөлөөлөх ажиллагаа нь агуулга болон хэлбэрийн шаардлага хангасан байхыг шаардах бөгөөд агуулгын шаардлагыг хангасан гэж үзэж байна. Тушаалд заасан дотоод журмын 4.13.2 заалт нь агуулгаараа хуулийн 40.1.4-д заасан үндэслэлд хамаарч байгаа, хэргийн бодит нөхцөл байдалтай тохирч байгаа. Тушаалын хэлбэр нь хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтооход шаардлагатай нотлох баримтуудын зөвхөн нэг нь юм. Зөвхөн нэг баримтанд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40.1. “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэсэнтэй нийцэхгүй байна. Тушаал хэлбэрийн шаардлага хангаагүй нь ажилтныг эгүүлэн томилох хангалттай үндэслэл болохгүй, болсон нөхцөл байдлыг бүрэн тогтоож, дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн “Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д заасан “ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ.” гэж Дээд шүүх тайлбарласан бөгөөд энэ нь ажилтан ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан тохиолдолд хэрэгжих заалт, ажилтан цаашид ажиллахыг хүсэхгүй байгаа тохиолдолд ээлжийн амралттай хугацаанд ажлаас чөлөөлж болохгүй гэсэн утга агуулаагүй байна. Хуулийн 40.3. “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэдэг заалтыг ажилдаа эргэж орохыг хүссэн ажилтны хувьд гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахгүй байх утга агуулж байхад тайлбараас өөрөөр тайлбарлаж дүгнэлт хийсэн. Бусад багш нарын эрх ашгийг үүднээс “Ээлжийн амралт олгох тухай” тушаалыг даруй гаргах шаардлагатай байсан тул тушаал гаргасан, уг тушаалд нэр бүхий англи хэлний багш нарын амралтын дуусах хугацааг заагаагүй бөгөөд энэ нь уг тушаал гарах үед тэд нар үргэлжлүүлэн ажиллах нь тодорхойгүй байсантай холбоотой, тушаалд тэдний нэрийг оруулсан нь тэдний зөвхөн ээлжийн амралтын олговрыг тооцох шаардлагатай байсан тул оруулсан. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40.1.4-д заасан үндэслэлээр гэрээг цуцалсан талаар хэргийн нөхцөл байдал, нотлох баримтуудаар хариуцагч тайлбарласан. /хэргийн 231 р хуудасны ар тал, Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 6р тал/ Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлсөн бол “мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй” зэрэг нь тогтоогдсон байх учиртай гэсэн нь хариуцагчийн тайлбар, хэргийн бодит байдлыг ойлголгүйгээр хэргийг шийдвэрлэснийг харуулж байна. /магадлалын хянавалхэсгийн 6.2/ Иймд шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй. 6. Ажлын байрны гол нөхцөлийн талаар тохиролцолд хүрээгүй гэж зөв дүгнэсэн атлаа энэ нь хөдөлмөрийн гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй гэж үзэх, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болохгүй /магадлалын хянавал хэсгийн 6.3/ гэсэн нь мөн хуулийн 21.3. “...талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.” гэсэнтэй зөрчилдсөн. Нэгэнт талууд гэрээний гол нөхцөлийг тохироогүй бол гэрээ хүчингүй буюу уг гэрээг дагаж мөрдөх үндэслэлгүй байхаар хуульчилсан байхад гэрээг өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа гэж дүгнэн, ажилд нь эгүүлэн томилох, өнөөдрийг хүртэлх цалинг олгох шийдвэр гаргаснаараа хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. 7. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг талууд хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй. Гэрээ нь 2021.08.31-нд дуусах байсан нь талуудын тайлбар /магадлалын 1-р тал, нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга, 2-р тал хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга/, хөдөлмөрийн гэрээгээр нотлогдсон. Шүүх ч гэрээг 2021.08.31-нийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан /магадлалын хянавал хэсгийн 6.1/ гэсэн атлаа ажилгүй байсан хугацааг уг өдрөөс хэтрүүлж, 2020.02.18-ны өдрийг хүртэл гэж тооцсон нь ойлгомжгүй байна. Ингэж тооцох хуулийн үндэслэл, заалтаа дурдаагүй, тайлбарлалгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2/, 40.1. “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23.2.2. “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай;”, 23.3. “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.”, 37.1.3. “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;” “Шүүгч гагцхүү хуульд захирагдана” /Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1/ зэрэг олон хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн, гэрээний талуудын эрх тэгш, бие даасан байдал, гэрээний эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцохгүй байх иргэний эрх зүйн суурь зарчим /Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2/-д халдсан байна. Гэрээг сунгагдсанд тооцох хуульд заасан нөхцөл бий болоогүй, гэрээг сунгах эрхийг зөвхөн талууд эдлэхээр хуулиар зохицуулсан байхад шүүх хуулиар олгоогүй эрх эдэлж, гэрээг сунгасан гэж ойлгохоор байна. Ажилтныг гэрээний хугацаа дуустал ажилд нь эгүүлэн томилох, гэрээний хугацаа дуусах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох тухай асуудал байхаас гэрээний хугацаанаас хэтрүүлж ажил олгогчид үүрэг хүлээлгэж, ажилтанд давуу байдал бий болгох хуулийн үндэслэл байхгүй. Давж заалдах шүүх нотлох баримтыг илт буруу үнэлж, хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг ингэж буруу тооцсноороо Шүүхийн тухай хуулийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгож”, 50.1.23. “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаж” шүүгчид хуулиар хориглосон үйлдлүүдийг хийсэн гэж үзэж байна. Иймд хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэх байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.04.15-ны өдрийн 001/ШХТ2022/00361 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэлээр хянан хэлэлцээд гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч АНУ-ын иргэн О К нь хариуцагч “О А С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, ажилласан хугацаанд дутуу олгосон цалин 2,172,506 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, гэрээг цуцлах тушаал гаргахдаа нэхэмжлэгчтэй харилцан тохирсон, үргэлжлүүлэн ажиллахгүй гэсэн үндэслэл заажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх О К (О С)-ийг “О А С” ХХК-ийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 39,727,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг нөхөн төлж, төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

10. Анхан шатны шүүх ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнэж чадаагүй, давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв боловч хөдөлмөрийн гэрээний хугацааг анхаараагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 23 дугаар зүйлийн 23.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хэм хэмжээг шүүх зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

11. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, О К 2019 оноос эхлэн О А Сд англи хэлний багшаар ажилласан, гэрээг жил бүр сунгаж байсан, нэхэмжлэгч нь 2021.05.24-2021.08.10 хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021.08.31-нд дуусах боловч ажил олгогч 2021.06.03-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үйл баримт тогтоогджээ.

12. Хариуцагч “О А С” ХХК нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, сургуулийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.2-т заасныг тус тус баримталжээ. Гэвч ажил олгогч нь ажилтанг ээлжийн амралттай байх үед, түүнчлэн сургуулийн дотоод журмын 4.13.2-т заасан “...сургуулийн удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, тавигдсан нөхцөлийг хангаж чадахгүй...” гэх зөрчил гаргасныг нотлоогүй, гэрээний “гэрээг шинэчлэх, гэрээг сунгах” гэсэн заалтад “...30 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэл өгнө” гэсэн журмаа баримтлаагүй тул тушаалыг хууль бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар ажил олгогч нь “ээлжийн амралттай үед ажлын байрыг хэвээр хадгална”, 40.1.4-т зааснаар “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогч санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй ба хуулийн эдгээр заалтыг хариуцагч зөрчжээ.

13. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй байгуулах хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох талаар зохицуулсан. Талууд хөдөлмөрийн гэрээг 2019.09.01-2020.08.31 хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа дуусаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч энэ нь хууль зөрчсөн, түүнчлэн гэрээний хугацаа дууссан боловч талууд сунгаагүй байна.

13.1.Ажил олгогчийн тушаал хууль бус учир ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоох үр дагавар үүсэх хэдий ч хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021.08.31-ний өдөр дуусгавар болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна. Хугацааг тохирох нь гэрээний гол нөхцөлийн нэг бөгөөд гэрээг сунгах эсэх нь талуудын эрхийн асуудал юм. Гэрээний хугацаа дууссан боловч талууд гэрээгээ сунгаагүй тул “ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

13.2. Талууд гэрээг сунгах эсэх талаар цахимаар харилцаж байсан баримтууд хэрэгт авагдсан ба үүнийг талуудын хүсэл зоригоос гадуур тайлбарлах боломжгүй юм. Гэрээнд “гэрээг цуцлах бол хамгийн багадаа 30 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан боловч үүнээс өмнө талууд хичээлийн жил дуусах үед 2021 оны 05 сарын 21-27-ны өдрүүдэд гэрээг сунгах эсэх талаар саналаа солилцож байсан ба ажил олгогч гэрээгээр тохирсон дээрх журмыг баримтлах эсэхийг тодорхой бус болгосон, нөгөө талаар “тухайн үед хариу өгөх боломжгүй байсан, гэрээнд зааснаар 30 хоногийн өмнө шийдвэрлэгдэнэ гэж ойлгосон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна. Гэвч гэрээг сунгагдсан гэж үзэх баримт хэрэгт байхгүй, шүүх талуудын эрхэд халдаж, гэрээний хугацааг сунгах үндэслэлгүй болно.

14. Иймд ажил олгогч гэрээг цуцалсан нь үндэслэлгүй ба гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь ажиллах байсан тул энэ хугацааны цалинг авах эрхтэй гэж үзнэ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, О К 2021.05.24-2021.08.10-ны хооронд ээлжийн амралттай байсан, энэ хугацааны олговор 16,945,809 төгрөгийг авсан бөгөөд 2021.08.10-2021.08.31 хүртэл хугацаанд ажлын 16 хоног, сарын дундаж цалин 7,705,000 төгрөг, нэг өдрийн цалин 358,372 төгрөг, 16 хоногийн олговор 5,733,952 төгрөгийг шаардах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх эрхтэй байна. Энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар  сарын 18-ны өдрийн 00293 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/03926 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан зааснаар хариуцагч “О А С” ХХК-аас 5,733,952 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О К (О С)-д олгож, 2021.08.10-2021.08.31 хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, нэхэмжлэлээс “ажилд эгүүлэн тогтоолгох”, дутуу олгосон цалин 2,172,506 төгрөгийг гаргуулах шаардлагыг, “ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 356,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЦОЛМОН

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ