Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00293

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00293

 

Магадлал

2022.02.18

ОК-(ОС-)-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/03926 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ОК-/ОС-/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ОАС ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажилласан хугацааны цалин 2,172,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тн, өмгөөлөгч Ц.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-, Ч.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

1. Нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

АНУ-ын иргэн ОК-нь тус сургуульд англи хэлний багшаар 2019 оноос байнгын ажлын байранд ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон нь үндэслэлгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Хугацаатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа бол нэг сарын өмнө мэдэгдэж гарын үсэг зуруулах ёстой. Гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бол гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан. Гэтэл 05 дугаар сарын 21, 27-ны өдрүүдэд яг одоо ажиллах үгүйгээ хэл гэж хүнийг шахамдуулж болохгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн ямар хуулийн заалтыг барьж ажлаас чөлөөлөөд байгаа нь ойлгомжгүй байна. Ажилтан ажил олгогч нарын хувьд цахимаар ажиллах талаар ярилцаж байсан. Гэхдээ энэ нь ажлаас чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна.

Энэ байгууллага нь 4 багшийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Мөн тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй. Учир нь Д.Г- гэж хүн гаргасан байдаг бөгөөд Д.Г- гэж хүний гарын үсэг нь ч биш байдаг. Энэ хүний оршин суух эрх нь дууссан эсэх нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин 19,762,500 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч нь 6, 7 хоног сургуулийн цомогтой холбоотой сэтгэгдэл бичиж ажилласан. Энэ хугацааны цалин хөлсийг олгоогүй тул 2,172,506 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ажлаас халах тушаалтай 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр танилцаад шүүхэд нэхэмжлэлээ 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Иймд нэхэмжлэл нь хуульд заасан хугацаандаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болох байсан. Ажил олгогчийн зүгээс гэрээг хэзээ ч цуцлах эрхтэй. Манай байгууллагын хувьд гадаад багш нартай цаашид хөдөлмөрийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх эсэх талаар хичээлийн шинэ жил дуусах үед саналыг нь асуудаг. Ингээд байгууллагын зүгээс О-ээс асуухад цаашид ажиллахгүй гэж хариу хэлсэн. Дахин бодож үзэх талаар асуухад 100 хувь цахимаар ажиллах мөн цалин нэмэх саналыг тавьсан. Энэ саналыг нь манай байгууллагын зүгээс хүлээн авах боломжгүй байсан. Учир нь хүүхдүүд танхимаар сурах сонирхолтой тул манай байгууллагын дотоод журамд ч нийцэхгүй байсан. Бид энэ талаар хэлсэн боловч хүлээж аваагүй учир 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөр багш олсон тухайгаа бичиж, хамтран ажиллах цаг хугацаанд таатай байсан талаараа дурдаж хариу бичсэн. Ингээд ээлжийн амралтын нь мөнгийг бүтэн олгосон. Нэхэмжлэгчийн зүгээс бичсэн мэйлийг нь хүлээн авлаа ойлголоо гэсэн хариуг ирүүлсэн. Ингээд бид ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргаж өгсөн.

Гэтэл биднээс мөнгө нэхэж хэрэв эвлэрэхгүй бол ажлаас халсан тушаалд гомдол гаргана гэж хэлсэн. Мөн 5 хоног ажилласан цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хувиараа хүмүүстэй чат бичиж харилцаж байсан нь сургуульд ажилласан гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь шуудангийн байгууллага болон шүүхийн тамгын хэлтсийн баримтуудаар энэ нэхэмжлэл нь яг О-ийн нэхэмжлэл гэж үзэх боломжгүй байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Монгол улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан. Харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлаас чөлөөлөгдсөн. Манай байгууллагад цаашид ажиллах хүсэл зориг өөрт нь байгаагүй. Иймд байгууллагын дотоод журмын 4.13.2-т заасан ажилтан байнга хоцрох, хэвийн цагийн хуваарийн дагуу хичээл орох, шалтгаангүйгээр хичээл таслахгүй байх, удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлэх зэрэг ажил олгогчийн нөхцөлийг хангаж ажиллаж чадахгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О- Клейкэмпийн ОАС ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, цалин 2,172,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор үүсэх нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэгчид мэдэгдэж, нэхэмжлэгч нь үүнийг хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн гэж шүүх дүгнэсэн. Гэтэл бодит байдалд ээлжийн амралттай байсан нэхэмжлэгчийг хариуцагч ажлаас халах тухай мэдэгдэж, улмаар талууд харилцан ярилцсан боловч ямар нэг шийдэлд хүрээгүй байдаг. Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах буюу хугацаанаас нь өмнө ажил олгогчийн санаачилгаар цуцлахад тус нэмэлт өөрчлөлтөд талууд зайлшгүй гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох ба энэхүү өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 30 хоногийн өмнө талууд бичгээр мэдэгдэл өгнө гэж хөдөлмөрийн гэрээний гэрээг өөрчлөх хэсгийн 1 болон 2 дугаар зүйлд заасан байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг талууд тохиролцон амаар буюу бичгээр хийнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 30 хоногийн өмнө мэдэгдэл аваагүй, гэрээний хугацааг дуусгавар болгож цуцлах тухай нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зураагүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, АНУ-ын иргэн О- Клейкэмпийг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд ажлаас халахыг хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн хэлцэл байхгүй гэж нэхэмжлэгч маргаж байна. Цахимаар харилцсан цахим зурваст үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан. Анх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ирэх жилийн хичээлийн жилд гэрээг сунгаж ажиллах эсэх асуудал яригдсан. Нэхэмжлэгч ажиллах талаар тодорхой асуулт өгөөгүй. Нэхэмжлэгч нь сургуулийн англи хэлний багшийн хүрэлцээ бага байгааг мэдээд 100 хувь цахимаар ажиллана гэсэн шаардлага тавихад 100 хувь цахимаар ажиллах боломжгүй талаар хэлсэн. Гэтэл үүнийг хүсэл сонирхлын илэрхийлэл бус, хүчээр тулгасан гэх асуудал яригдсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс монгол болон гадаад хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна гэсэн зүйлүүдийг ярьж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан асуудал байгаа тул үүнд тайлбар хийх боломжгүй байна. н.Гантуяа гарын үсэг зурах эрхгүй, хэлцэл хүчингүй гэж хэлж байна. н.Гантуяа нь тус сургуулийн захирал тул гарын үсэг зурах эрхтэй. Мөн н.Баясгалан нь тус компанийн гүйцэтгэх захирал тул тус компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд юм. Мөн хууль хэрэглээний алдаа гаргасан гэж давж заалдах гомдолд дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан нь ажлаас буруу халагдсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт тул . шүүхээр шийдвэрлэгдэх маргаан гэдгийг үндэслэсэн байна. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг дурдсан атлаа шийдвэрээ эсрэг агуулгаар гаргасан гэж хэлж байна. Хэрэв ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд дээрх хуулийн заалтыг баримтлах бөгөөд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй тул тус хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй. Ажилгүй байсан хугацааны ээлжийн амралтын олговор яригдахгүй гэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч буруу тайлбарлаж байна. Хөдөлмөрийн гэрээг хуулийн хүрээнд байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд гэрээг сунгах ажил олгогчийн тавьсан шаардлагыг хангахгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй тул ажлаас халах тушаалыг гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хянаад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, улмаар талуудын маргаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Хариуцагч ОАС ХХК-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, сургуулийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг англи хэлний багшийн үүрэгт ажлаас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс чөлөөлжээ. (хх-ийн 2)

 

3. Анхан шатны шүүх О- Клейкэмпийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тнгийн нэхэмжлэлд 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дардас дарж хүлээн авсан байх боловч нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шууданд шилжүүлсэн болох нь Монгол шуудан ХК-ийн лавлагаа, төв шуудангийн ажилтны гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд хандсан гэж үзнэ. (хх-ийн 1, 173-177)

 

4. Дээрх Б/10 дугаар Олонлог академи бүрэн дунд сургуулийн захирлын тушаал гэсэн хэвлэмэл хуудаст захирал Д.Г- гэж албан тушаалын нэр, гарын үсгийн тайлал бичигдсэн байх боловч уг тушаалд хариуцагч ОАС ХХК-ийн захирал Б.Баясгалан гарын үсэг зурсан нь зохигчдын тайлбараар, тэрээр хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх тул ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан шийдвэр гаргаагүй гэж үзэхгүй. (хх-ийн 2, 22, 149)

 

5. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван дөрөвдүгээр бүлэгт заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэг бөгөөд шүүх гомдолд дурдсан хариуцагч байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн эсэх, түүнийг хууль бус гэж үзэх үндэслэл нотолгоо байгаа эсэхийг хянан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхийг хянан үздэг.

 

Гэтэл анхан шатны шүүх зохигчдын хооронд харилцаж байсан цахим захидалд үндэслэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцлийн талаар, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийллийн хүчин төгөлдөр байдлын талаар, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан хэлцэл хийсэн гэж үзэх талаарх зохицуулалтуудыг хэрэглэж, улмаар талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн мэт дүгнэлт хийсэн нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан хууль хэрэглэх үндсэн зарчимд нийцээгүй байна. Тодруулбал, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тусгайлсан хэм хэмжээ байхад Иргэний хуульд заасан хэлцлийн талаарх зохицуулалтыг хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хамааруулан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

5.1. Талуудыг гэрээ цуцлах талаар хэлцэл хийсэн гэж үзэх баримт байхгүй, нэхэмжлэгч нь энэ талаар санал гаргасан буюу ажилтны санаачилгаар гэрээ цуцлагдаагүй байна. Хоёр талын хэлцэл нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгохоор хүсэл зориг нэгдэх тухай ойлголт бөгөөд хүсэл зориг нэгдээгүй бол эрх зүйн харилцаанд өөрчлөлт оруулах үндэслэл биш. Иймд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэв. Зохигчдын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн эсэх нь маргааны зүйл биш, харин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн эсэх, цалин хөлсийг дутуу олгосон эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь дараах үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

6.1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй байгуулах хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох талаар зохицуулсан. Талууд хөдөлмөрийн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа дуусаагүй байхад хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ заагаагүй тушаал гаргажээ. Энэ нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцээгүй байна.

 

6.2.Хариуцагч байгууллагын захирлын дээрх Б/10 дугаар тушаалд Сургуулийн дотоод журмын 4.13.2-т заасныг баримталсан ба журмын уг заалтын ...сургуулийн удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, тавигдсан нөхцөлийг хангаж чадахгүй... гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж хариуцагч талаас тайлбарласан. Гэвч тушаал гаргахаас өмнө ажил олгогч ямар шаардлага тавьсан, түүнийг ажилтан хэзээ, хэрхэн биелүүлээгүй, ажилтан ажлын байранд тавигдсан ямар нөхцөлийг хангаж чадахгүй болсон, энэ талаар албан ёсны дүгнэлт, шийдвэр гаргасан эсэх талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон мэргэжил ур чадвар дутсан гэх нөхцөл байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг тушаалд баримтлах ёстой. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон зэрэг нь тогтоогдсон байх учиртай.

 

6.3. Зохигчид 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 27-ны өдрүүдийн хооронд фэйсбүүк болон мэйлээр харилцаж, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар санал солилцож, ажилтны гаргасан санал буюу цаашид 100 хувь цахимаар ажиллах саналыг ажил олгогчийн зүгээс хүлээн аваагүй гэх байдал нь цаашид хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй гэж үзэх, хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох талаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зохицуулаагүй болно.

 

6.4. Ажилтан ОК-2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс ээлжийн амралтаа эдэлж байсан болох нь ажил олгогчийн 2021 оны Б/16 дугаар тушаалаар нотлогдсон байх бөгөөд ажил олгогч ээлжийн амралттай байгаа ажилтны ажлын байр, орон тоог хэвээр хадгалах ажил олгогчийн үүргийг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэлээр цуцалсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг түүний ээлжийн амралтаа эдэлж дуусах 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаагаар тодорхойлоход нийт 6 сар байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолтоор нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс нь 7,705,000 төгрөг тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь нийт 46,230,000 төгрөг болох бөгөөд түүнд олгосон ажлаас халагдсан тэтгэмж 6,502,500 төгрөгийг хасч тооцоход 39,727,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд ажилласан хугацааны цалин хөлс 2,172,506 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/03926 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ОК-(ОС-)-ийг ОАС ХХК-ийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 39,727,500 төгрөгийг хариуцагч ОАС ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч О- Клейкамп (ОС-)-д олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг нөхөн төлж, төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох ажилласан хугацааны цалин 2,172,506 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ОАС ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 356,588 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ