Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/02310

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/02310

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...... дүүрэг, ....дугаар хороо, ...... тоот хаягт оршин суух Б овогт Д.Б /ЦД81043076/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... дүүрэг, .. дугаар хороо, ......дүгээр гудамж, ... тоот хаягт оршин суух Х овогт Т.О /........./-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 300 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Отай 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 25 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, тэр ондоо зээлийн мөнгийг өгсөн. Бид хоёр өмнө нь нэг нэгнийгээ таньдаг, ажил хэргийн холбоотой байсан. Гэтэл мөнгө хэрэгтэй байна, ийм асуудал гарчихлаа, ийм бизнес хиймээр байна гэж гуйж, надаас сайн хүнгүй болоод мөнгө авчихаад зээл авснаасаа хойш нэг ч төгрөг төлөөгүй, утсаа авахгүй алга болчихсон. Эхнэр рүү нь залгахаар би салчихсан, тэр хүнтэйгээ гэж ярь гэж хэлдэг, үнэндээ салаагүй, худлаа хэлж намайг хуурч байсан. Тэгээд би бүр аргаа бараад шүүхэд хандаад, шүүх нь оршин суух хаяг дээрээ байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан боловч олдохгүй байсан. Тэгээд энэ хүн үндсэндээ 2, 3 жил алга болж байгаад би сүүлд нь арай гэж ажлын газрыг нь олоод, цагдаагийн байгууллагаас оффисыг нь тогтоогоод би хаягийг нь олсны үндсэн дээр шүүхэд дахин хандсан. Миний зүгээс ямар нэгэн хууль бус, ёс суртахуун болон хүн хоорондын харилцааны хувьд илүү дутуу хараал хэлэх, дарамтлах зэрэг үйлдлүүд огт гаргаагүй. Энэ хүн шүүхийн өмнө ирчихээд сая гайхтал худлаа ярьж байна. Намайг өөрийг нь очиж дарамталсан, цагдааг хүртэл хамруулаад, цагдаа миний хүслээр энэ хүнийг дарамтлаад машиныг нь авсан гэж ярьж байгаа шиг нь тийм зүйл болоогүй. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Т.Отай уулзаад, 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор зээлээ бүрэн төлж дуусгана гэсэн бичиг хийлгэж авсан. Тэгээд энэ хүн ерөөсөө мөнгөө өгөхгүй байсан учир би залилан гэх хэргээр цагдаад өргөдөл өгсөн байсан тэрүүгээр энэ хүн яах аргагүй баригдаж ирээд намайг авснаас хойш бүр эвдэрчихсэн, тийм муу машинаа өгсөн. Тэр машинаа надад өөрөө өгсөн, би очоод тэгж дарамталж авсан зүйл байхгүй. Машиныг нь 19 000 000 төгрөгөөр арга буюу ажлын хөлсөнд тооцож өгсөн бөгөөд одоо зээлийн үлдэгдэл төлбөр 6 000 000 төгрөг, 365 хоногийн зээлийн хүү 24 300 000 төгрөг нийт 30 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай хамаатны эгч намайг н.Ө гэдэг хүнтэй танилцуулаад би 2017 оны 6 дугаар сард тэр хүнтэй хамтарч бизнес маягийн юм хийсэн. Тухайн үед Д.Б нь барилгын компанийн захирал, хувиараа машины ломбард ажиллуулж хүмүүст мөнгө зээлдэг байсан, тэр шугамаар нь энэ хүнийг өмнө нь таньдаг байсан. Дараа нь би энэ хүнээс мөнгө зээлээд, буцааж өгөөд явж байсан. Тэгээд би Д.Бд н.Ө гэдэг хүн татваргүй барааны архи, пиво оруулж ирээд зардаг юм байна, манай хамаатны эгч надтай танилцуулсан, чи миний машиныг барьцаалаад надад 20 000 000 төгрөг зээлээч гэж хэлээд, нотариатын гэрээ хийгээд машины нэрээ шилжүүлж, 20 000 000 төгрөг авсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа нөгөө мөнгө ороод ирлээ гээд энэ хүнд буцаагаад 20 800 000 төгрөг өгсөн. Түүний дараа би өөрөө мөнгө төгрөгөө өгөөд явж байтал нөгөө хүн маань дахиад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Д.Б рүү холбогдоод дахиад мөнгө зээлэх боломж байна уу гэхэд энэ хүн надад машины нэрээ шилжүүлээгүй байгаа бол чамд 25 000 000 төгрөг шууд зээлье гэсэн. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 25 000 000 төгрөгийг энэ хүнээс дансаар аваад, буцаагаад н.Ө гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Би тэр хүнд 110 000 000 төгрөг өгсөн байсан бөгөөд түүнээс хойш 7 хоногийн дараа н.Ө нь алга болчихоор нь эрэн сурвалжлуулж, тэр хүн Баянзүрх дүүрэг дээр баригдсан, юу боловоо гэсэн чинь би луйвардуулсан байсан. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэгт Эфэс дэлгүүрийн борлуулагч хийдэг байсан залуу гээд нийт 10 гаруй хүнд 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байсан бөгөөд нэг хохирогч нь би болсон. Тэгээд яах учраа олохгүй, машинаа барьцаалж Д.Бэс 25 00 000 төгрөг авчихсан байсан. Гэхдээ энэ хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй, нотариат дээр машины нэрийг шилжүүлж байсан. Би өөрөө ийм асуудалд орчихлоо гэж хэлэхэд мөнгөө, хүүгээ өг гэж намайг дарамталсан. Яг үнэнийг хэлэхэд би өөрөө амьдрах орон гэргүй, хаана байхаа мэдэхгүй, ах дүү, хамаатан, садангийн хүмүүсээсээ авсан 70, 80 сая төгрөгөө өгч чадахгүй 2 жил хэцүү асуудалд байсан. Тэгж явж байгаад төрийн албанд буюу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажилд орсон бөгөөд энэ хугацаанд н.Ө гэдэг хүний талаар байнга цагдаатай холбогдож байсан. Би Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч н.Дагва гэж хүний туслах хийж байсан бөгөөд намайг өвчтэй байх үеэр Ч.Бат-Эрдэнэ ажлын өрөөнд ороод танай туслах чинь луйварчин гэж хэлсэн байсан. Намайг ажил дээр дарамтлаад энд гарын үсгээ зурахгүй бол дахиж ажил дээр чинь очно гээд оффис руугаа авч яваад намайг гарын үсэг зуруулсан. Түүний дараа би эсвэл шүүх, цагдаагаар чамд машинаа хүлээлгэж өгье гэхэд гэрийн гадаа ирээд ажил дээр чинь дахиад очно, чамайг ажил, амьдралгүй болгоно шүү гэж дарамталсан. Тухайн үед манай эхнэр хүртэл хамт байсан. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр над руу ярьсан цагдаа Д.Бийг ирж байгаа гэж хэлээд бид хоёр өрөөнд орж бичгийн цаасан дээр тооцоо дууссан, гомдол санал байхгүй гэж бичиг хийж өгсөн. Түүнээс хойш жилийн дараа шүүхээс танд холбоотой нэхэмжлэл ирсэн байна гэж хэлээд би энэ Хан-Уул дүүргийн шүүх дээр ирсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хүнд барьцаалсан зүйлээ өгсөн. Тухайн үед миний машины ханш 30 000 000 төгрөгийн үнэтэй байсан, манай найз нөхөд хүртэл авъя гэхэд нь би хүний нэр дээр байгаа, шилжүүлэхгүй гэж хэлж байсан. 2 жил би тэр машиныг унаагүй, 99-98 УБХ гэсэн азын дугаарыг 3 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2017 онд тэр машиныг 40 000 000 төгрөгөөр өөрийн бэлэн мөнгөөрөө авч байсан, тэгээд машинаа энэ хүнд өгсөн. Тухайн үед юу ч яриагүй, ингээд тооцоо дууслаа гэчихээд жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Т.Оад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг, 365 хоногийн зээлийн хүү 24 300 000 төгрөг, нийт 30 300 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Т.Отай уулзаад, 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор зээлээ бүрэн төлж дуусгана гэсэн бичиг хийлгэж авсан. Тэгээд энэ хүн ерөөсөө мөнгөө өгөхгүй байсан учир би залилан гэх хэргээр цагдаад өргөдөл өгсөн байсан тэрүүгээр энэ хүн яах аргагүй баригдаж ирээд намайг авснаас хойш бүр эвдэрчихсэн, тийм муу машинаа өгсөн. Тэр машинаа надад өөрөө өгсөн, би очоод тэгж дарамталж авсан зүйл байхгүй. Машиныг нь 19 000 000 төгрөгийн ажлын хөлсөнд өгсөн гэх тайлбарыг гаргасныг,

хариуцагч Т.О Б.Бат-Эрдэнээс 25 000 000 төгрөг авчихсан байсан, гэхдээ тухайн үедээ энэ хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд сүүлд байгуулсан. 2017 оны 7 сард мөнгө авах үед нотариат дээр машины нэрийг шилжүүлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Энэ хүнд барьцаалсан машинаа өгөөд төлбөр дууссан. ...би 40 000 000 төгрөгөөр авч байсан машинаа өгөөд өр төлбөрийг дуусгасан гэх тайлбарыг гаргаж, маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2017 оны 7 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Т.О нь 25 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байх ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 99-98 УБП улсын дугаартай Тoyota Highlander маркийн автомашиныг барьцаалж, өмчлөх эрхийг Б.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлж, автомашинаа хариуцагч Т.О унаж эзэмшиж, ашиглаж байсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 5/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй боловч зээлдүүлэгчийн нэр дээр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу талуудын хооронд хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна.

Талуудын байгуулсан гэрээний хугацаанд хариуцагч Т.О нь зээл төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүсч, улмаар нэхэмжлэгч Д.Б 2020 оны 03 сард барьцааны зүйл болох 99-98 УБП улсын дугаартай Тoyota Highlander маркийн автомашиныг өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэснээр нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Оаас дээрх автомашиныг бодитойгоор гаргуулан авснаар талуудын хоорондох гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулсан гэж үзэхээр байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Д.Бийн зээлийн гэрээний үүрэгт 30 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Оаас зээлийн гэрээний үүрэгт 30 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 309 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ