Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00051

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00051

 

 

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/02310 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Т.-О-дхолбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэтгэлд 30,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч Т.-О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Би 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Т.-Отай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний дагуу үндсэн зээл болон хүү төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Т.-О нь зээлийг мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж өгөхөө амлаж бичиг хийж өгч байсан боловч үүргээ биелүүлээгүй алга болсон учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний улмаас Т.-О нь ***** УБП улсын дугаартай автомашинаа үндсэн зээлийн 19,000,000 төгрөгт тооцож өгсөн.

Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 24,300,000 төгрөг, нийт 30,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн***** УБП улсын дугаартай Тоёота Хайландер /Toyota Highlander/ маркийн автомашинаа барьцаалж Д.Бэс иргэн н.Ө-д хэд хэдэн удаа зээл авч өгч байсан. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс дахин 25,000,000 төгрөгийн зээл авч, иргэн н.Өнөрзаяагийн дансанд шилжүүлсэн. Сүүлд н.Ө-д луйвардуулсан гэдгээ мэдсэн.

Би нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, манай ажил дээр ирж намайг дарамталж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохирсон. Тухайн үеийн ханшаар 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй, азын *****УБП улсын дугаарыг 3,000,000 төгрөгөөр авсан, 2 жил унаагүй тээврийн хэрэгслийг Д.Бд өгсөн. Би барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.4 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.-Оаас зээлийн гэрээний үүрэгт 30,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсноор зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Талуудын хооронд анх 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээг дагалдах байдлаар байгуулсан.

Зээлдэгч зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийн үнийн дүн гүйцэтгэх ёстой үүргийн нийт үнийн дүнгээс бага байгаа тохиолдолд үүргийг бүрэн бодитой биелүүлсэн гэж үзэхгүй. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.-О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн үүрэгт автомашинаа өгсөн, үүргийг биелүүлсэн гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон талуудын тайлбарын хүрээнд нотлох баримтыг үнэлж нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.-О нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн Тээврийн хэрэгслийн лавлагаанаас үзвэл талуудын барьцааны зүйл гэх ****** УБП улсын дугаартай Тоёота Хайландер /Toyota Highlander/ маркийн тээврийн хэрэгсэл нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн П.Цэндмаагийн эзэмшлээс нэхэмжлэгч Д.Б-н эзэмшилд шилжиж, бүртгэгджээ. /хх-37/

Хариуцагч Т.-О нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний барьцаанд тавьж, нэхэмжлэгч Д.Б-н нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж тайлбарласан нь эргэлзээтэй байна.

Үүнээс дүгнэхэд иргэн П.Ц нь тээврийн хэрэгслийн өмчлөх эрхээ эсхүл уг эрхээ бусдад шилжүүлэх эрхийг хариуцагч Т.-О-долгосон эсэх, ямар журмаар өмчлөх эрх шилжсэн талаар шүүх тодруулах шаардлагатай байна. Учир нь хөрөнгийн өмчлөгч өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх, эсвэл эрх олгогдсон этгээд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх эрхийг эдэлдэг тул дээрх нөхцөлийг тодруулснаар талуудын хооронд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тодорхойлж, холбогдох хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Энэ ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэн, маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/02310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД