Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01713

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01713

 

 

Д. Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01970 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Бэ

Хариуцагч: Т.О

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бэ, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Бэ, Т.Отай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээ байгуулсан. Гэвч мөнгө авснаас хойш 2 жил 5 сар өнгөрсөн боловч зээлдэгч Т.О нь зээлийн төлбөрийг төлөөгүй.

Зээлийн гэрээний дагуу 12 сарын хүү 24,300,000 төгрөг. Үндсэн зээлээс 19,000,000 төгрөгт зээлдэгч нь өөрийн өмчлөлийн 0000 УБП улсын дугаартай, Highlander маркийн автомашиныг тооцсон.

Иймд Т.Оаас үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, 12 сарын хүү 24,300,000 төгрөг, нийт 30,300,000 төгрөг гаргуулна.

1.2. Барьцааны автомашиныг Т.О нь өөрөө хэрэглэх явцдаа их хэмжээний эвдрэл гэмтэлтэй болгосон. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус автомашиныг худалдан борлуулах тухай санал, мэдэгдлийг хариуцагчид шуудангаар хүргүүлсэн. Хүсэлт, шаардлагад хариу ирүүлээгүй тул 2020 оны 07 дугаар сард уг автомашиныг миний бие бусдад төлөх ажлын хөлсөнд 19,000,000 төгрөгт тооцон өгсөн. Үлдэгдэл төлбөр төлөхийг шаардсан боловч төлөөгүй.

Иймд Т.Оаас зээлийн гэрээний үүрэгт 49,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөг авсан талаараа маргахгүй. Уг мөнгөний оронд 0000 УБП улсын дугаартай, Highlander маркийн автомашиыг нэхэмжлэгчийн нэр дээр нь шилжүүлсэн. Барьцаанд өөрийн машиныг өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үеийн машины зах зээлийн ханш 40,000,000-50,000,000 төгрөг байсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Оаас зээлийн гэрээний үүрэгт 49,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Иргэний хуулийн 282.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ нь зээлдэгч зээлдүүлэгчийн шилжүүлэн авсан мөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан өгснөөр зээлийн гэрээ дуусгавар болно. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон нь тухайн гэрээгээр хүлээсэн талуудын үүргийг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, харилцан үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээний харилцаа дуусгавар болно.

4.1. Зээлдэгч Т.О нь 0000 УБП дугаартай, highlander маркийн автомашинаа зээлдүүлэгч Т.Бэд шилжүүлсэн ба уг машиныг Т.Бэ нь 19,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Уг мөнгөн дүнгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж, хариуцагчийн зээлийг бүрэн хааж, төлбөр тооцоог дуусгавар болгосон мэтээр анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 24,300,000 төгрөг, нийт 30,300,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Өөрийн автомашиныг барьцаалан нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөг зээлсэн. Тухайн автомашин нь манай эхнэрийн төрсөн эгчийн өмчлөлд бүртгэлтэй боловч миний бие уг автомашиныг худалдсан авсан. Нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөлийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцож миний өмч болохыг мэдүүлсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж нэхэмжлэгчид албан бичгээр автомашин хүлээлгэж өгч, гарын үсэг зурж баталгаажуулсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан гэжээ.

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Бэ нь хариуцагч Т.Оад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 24,300,000 төгрөг, нийт 49,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.Бэ нь 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй, зээлдэгч Т.Оад зээлдүүлэх, зээлийн барьцаанд 0000 УБП улсын дугаартай, Ө маркийн автомашиныг зээлдэгч Д.Бийн нэр дээр шилжүүлэх, зээлдэгч Т.О нь тухайн автомашиныг ашиглахаар тохиролцсон.

3.1. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, хариуцагчаас зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөөгүй үйл баримт тогтоогдсон байна. /хх 5/ Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болоход хариуцагч нь мөнгөн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөөгүй талаар зохигч маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцааны үүссэн гэж үзсэн нь зөв.

4. Зээлийн гэрээнд ...зээлийн барьцаанд 0000 УБП улсын дугаартай, Ө маркийн автомашиныг нэр шилжүүлэн барьцаалав гэж заасны дагуу уг автомашиныг зээлийн гэрээ байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр П.Цгийн өмчлөлөөс нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч нь уг автомашиныг хариуцагчаас бодитойгоор гаргуулан авсан үйл баримт тогтоогдсон. /хх 37/ Хэдийгээр тухайн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх үед улсын бүртгэлд П.Цгийн эзэмшилд бүртгэлтэй байсан боловч өмчлөгч нь хариуцагч Т.О болох нь гэрч П.Цгийн мэдүүлгээр нотлогдсон. /хх 90-91/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.1. Нэхэмжлэгч нь 0000 УБП улсын дугаартай, Ө маркийн автомашиныг хариуцагчаас бодитойгоор гаргуулан авсан тул зээлийн гэрээний үндсэн үүрэг болох үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөх үүрэг дуусгавар болно гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн ...зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

4.2. Түүнчлэн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-р үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үндсэн үүрэг болон фидуцийн зүйлийн аль нэгийг шаардах эрхтэй. Харин фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авсан тохиолдолд үндсэн үүргийг бүхэлд нь шаардах боломжгүй тул зээлийн гэрээний үүргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

М.БАЯСГАЛАН