Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 118

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00968/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1018 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Э-,

                   Р.Ч- нарт холбогдох

“17.410.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч С.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нараас:

           Нэхэмжлэгч С.С- нь хариуцагчаар Ш.Э-, Р.Ч- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ш.Э-, Р.Ч- нарын хүсэлтээр С.С- нь 40.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр гэрээ байгуулсан. С.С- 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны данснаас 37.000.000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дансаар шилжүүлсэн байдаг. 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн дансны хуулгыг хэрэгт хавсаргасан байгаа. С.С- нь Ш.Э-, Р.Ч- нараас 40.000.000 төгрөгийг олон удаа нэхсэн бөгөөд удаа дараа нэхэхэд элдэв шалтаг тоочиж, чирэгдэл учруулсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дуусахаар байсан бөгөөд Ш.Э-, Р.Ч- нар нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл дансаар нийт 44.990.000 шилжүүлсэн байгаа. Зээлийн гэрээнд зааснаар 6 хувийн хүүг хасч, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр гэрээнд заасны дагуу алдангид 2.590.000 төгрөг төлсөн. Ш.Э-, Р.Ч- нар нь алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1 жил 4 сар 10 хоног өнгөрөхөд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн тооцоход 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 2.400.000 төгрөгийн хүү төлсөн байсан. Үлдэгдэл 37.600.000 төгрөгөөс дараагийн төлөлт хийсэн хугацаа хүртэл 13 хоног, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги нийт 36.658.600 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар 40.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 20.000.000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. 2.400.000 төгрөгийн зээлийн хүүг хасаад 42.590.000 төгрөг, нийт 44.990.000 төгрөгөөс тооцож, 20.000.000 төгрөгийн алданги төлөх ёстойгоос төлсөн 2.590.000 төгрөгийн алдангийг хасаад одоо 17.410.000 төгрөгийн алдангийг Ш.Э-, Р.Ч- нараас нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Ш.Э-, Р.Ч-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба нараас:

С.С- нь хариуцагч Ш.Э-, Р.Ч- нарт холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.С-ээс авсан 40.000.000 төгрөгт Ш.Э-, Р.Ч- нар маргадаггүй. С.С- нь Ш.Э-, Р.Ч- нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг. Ш.Э-, Р.Ч- нар нийт 44.990.000 төгрөгийг С.С-т төлсөн гэж ярьдаг. Мөн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг С.С-ийн нөхөр Мөнхжаргалд өгсөн талаар хариуцагч нар тайлбар гаргаж байсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 1 сарын хүү 2.400.000 төгрөг болж байгаа. Хариуцагч нар 2.590.000 төгрөгийн алданги төлсөн. Тэгэхээр одоо Ш.Э-, Р.Ч- нарын зүгээс С.С-т төлөх төлбөр байхгүй. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа. Гэхдээ 17.410.000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. С.С- нь Ш.Э-, Р.Ч- нартай барьцаат зээлийн гэрээ байгуулаагүй тохиолдолд 40.000.000 төгрөгийг бэлнээр өгөх боломжгүй байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд барьцаат зээлийн гэрээнд тавигдах шаардлагыг тодорхой заасан. Барьцаат зээлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд Ш.Э-, Р.Ч- нараас нэхэмжилсэн 17.410.000 төгрөгийн алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр:

Иргэний тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Э-, Р.Ч- нараас 1.226.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож, 16.184.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 33.974 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй буюу шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагын 1дэх хэсэг болох 16.184.000 төгрөгийн нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт огт дүгнэлт хийгээгүй буюу үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Хариуцагч тал нь зээлийн гэрээнд зааснаар зээлдэн авсан 40 сая төгрөгийг 1 сарын дараа буюу 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр хүүгийн хамт төлж дууссан байх ёстой байсан. Гэтэл зээлдэгч тал нь зээлсэн мөнгөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй 1 жил 3 сар 10 хоног \нийт 460 хоног\ хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч С.С-ийн Хаан банкны дансны хуулгаар нотлогддог. Нэхэмжлэгч алдангийг тооцохдоо зээлдэгчийн буцаан төлсөн төлбөр бүрийг үлдэгдлээс хасч зөвхөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээний 5-д зааснаар хоног тутам 0.5 хувиар тооцсон. Ингэж тооцоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцүүлэн 20 сая төгрөг нэхэмжилсэн юм. Гэтэл шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт ямар хуульд үндэслэн 16.184.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ огт заагаагүй буюу үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 208.1, 219.1, 222.7, 232.1, 232.4 зүйлүүдийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх боломжтой байтал Иргэний хуулийн 281.1, 282.1, 232.6-д заасныг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ 460 хоногийн хугацаагаар хэтрүүлж үүргийг гүйцэтгэсэн байхад шүүх хугацаа хэтрүүлсэн нийт хугацаанд алданги тооцож гаргуулах байтал зөвхөн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2.400.000 төгрөг буюу гэрээнд заасан хүүгийн төлөлт хийсэн өдөр хүртэл 18 хоногийн алдангийг тооцоод үндсэн зээл бүхэлдээ хугацаандаа төлөгдөөгүй үлдсэн 40.000.000 төгрөгийг зээлдэгч нар нь 442 хоног ашигласан байхад энэхүү хугацаа хэтрүүлсэн хоногуудын алдангийг тооцож гаргуулалгүй нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч Ш.Э-, Р.Ч- нарт холбогдуулан зээлийн гэрээнд заасан алданги 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хожим нь алдангийн хэмжээг 17.410.000 төгрөг болгож шаардлагаа багасгажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд тооцож алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцжээ.

Зохигчид зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч 44.990.000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох  баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудаас маргааны талууд нь Иргэний хуулийн  281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан  нь тогтоогджээ.

            Гэрээгээр талууд хүү тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд  зээлдэгч зээлдүүлэгчид алданги төлөхөөр тохиролцсон гэрээний агуулга нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

            Нэхэмжлэгч С.С- хариуцагч Ш.Э-, Р.Ч- нарын байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2015 оны  9 дүгээр  сарын 05 -ны өдөр байжээ.

            Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлж зээл болон хүүг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш зээл төлсөн баримтуудад үндэслэн алданги тооцож нэхэмжилснийг хариуцагч тал баримт гарган мэтгэлцээгүй байна.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алдангийн тооцоо нь  хэргийн 5-13 дугаар хуудсанд авагдсан хариуцагчийн зээл эргэн төлсөн тухай банкны баримтуудад үндэслэгджээ.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний алданги 1.226.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 16.184.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол нь үндэслэлтэй тул хүлээж авч хангах нь зөв.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1018 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

            “Иргэний тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Э-, Р.Ч- нараас 1.226.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож, 16.184.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг,

            Иргэний тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Э-, Р.Ч- нараас 17.410.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.С-т олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                          ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ