Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00474

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1018 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Э-, Р.Ч-нарт холбогдох,

17 410 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ш.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ш.Э-, Р.Ч-нарын хүсэлтээр С.С- нь 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр гэрээ байгуулсан. С.С- 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны данснаас 37 000 000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дансаар шилжүүлсэн байдаг. 3 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн дансны хуулгыг хэрэгт хавсаргасан байгаа.

...Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дуусахаар байсан бөгөөд Ш.Э-, Р.Ч-нар нь 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл дансаар нийт 44 990 000 шилжүүлсэн байгаа. Зээлийн гэрээнд зааснаар 6 хувийн хүүг хасч, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр гэрээнд заасны дагуу алдангид 2 590 000 төгрөг төлсөн. Ш.Э-, Р.Ч-нар нь алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1 жил 4 сар 10 хоног өнгөрөхөд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн тооцоход 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 2 400 000 төгрөгийн хүү төлсөн байсан. Үлдэгдэл 37 600 000 төгрөгөөс дараагийн төлөлт хийсэн хугацаа хүртэл 13 хоног, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги нийт 36 658 600 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар 40 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 20 000 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. 2 400 000 төгрөгийн зээлийн хүүг хасаад 42 590 000 төгрөг, нийт 44 990 000 төгрөгөөс тооцож, 20 000 000 төгрөгийн алданги төлөх ёстойгоос төлсөн 2 590 000 төгрөгийн алдангийг хасаад одоо 17 410 000 төгрөгийн алдангийг Ш.Э-, Р.Ч-нараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...С.С- нь хариуцагч Ш.Э-, Р.Ч-нарт холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.С-ээс авсан 40 000 000 төгрөгт Ш.Э-, Р.Ч-нар маргадаггүй. С.С- нь Ш.Э-, Р.Ч-нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг. Ш.Э-, Р.Ч-нар нийт 44 990 000 төгрөгийг С.С-т төлсөн гэж ярьдаг. Мөн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 2 000 000 төгрөгийг С.С-ийн нөхөр Мөнхжаргалд өгсөн талаар хариуцагч нар тайлбар гаргаж байсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 1 сарын хүү 2 400 000 төгрөг болж байгаа. Хариуцагч нар 2 590 000 төгрөгийн алданги төлсөн. Тэгэхээр одоо Ш.Э-, Р.Ч-нарын зүгээс С.С-т төлөх төлбөр байхгүй. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа. Гэхдээ 17 410 000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. С.С- нь Ш.Э-, Р.Ч-нартай барьцаат зээлийн гэрээ байгуулаагүй тохиолдолд 40 000 000 төгрөгийг бэлнээр өгөх боломжгүй байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд барьцаат зээлийн гэрээнд тавигдах шаардлагыг тодорхой заасан. Барьцаат зээлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Иймд Ш.Э-, Р.Ч-нараас нэхэмжилсэн 17 410 000 төгрөгийн алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр Иргэний тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Э-, Р.Ч-нараас 1.226.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож, 16.184.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 33.974 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1018 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:  

Иргэний тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Э-, Р.Ч-нараас 1.226.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож, 16.184.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг,  

Иргэний тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Э-, Р.Ч-нараас 17.410.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...иргэн С.С- нь хувиараа зээл өгч, хүүг банкны зээлийн нэг сарын дундаж хүүнээс 3 дахин өндөр хүүтэйгээр мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй ба зээлийн гэрээнээс олсон ашгаас татварын буюу улсад төлөх татвараас зайлсхийж өндөр ашиг олж иргэн болон улсыг хохироосон үйлдэл болжээ. Ямар ч үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй, бараг гар хөлөө ч хөдөлгөлгүй 7 сая төгрөгийн ашиг олсон нь сарын 500 000 төгрөгийн цалинтай жирийн эмч, сувилагч, багш нарын 1,2 жилийн цалинтай тэнцэх хэмжээний ашгийг олжээ гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 232 зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно”. Мөн хуулийн 282.2-д “Хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасныг үндэслэн хүү, торгуулийг багасгах хүсэлт гаргаж байна.

... нийт 46 990 000 төгрөгийг төлж, үндсэн зээлээс 6 990 000 төгрөг илүү төлсөн байхад дахин алданги тооцож 17 410 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь миний ашиг сонирхлыг илтэд хохироосон үйлдэл болжээ.

... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргажээ.

.. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д “Үл хөдлөх барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ”. Мөн хуулийн 156.3-д “энэ хуулийн 156.1:2-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ хууль бус байна” гэж заасан байхад энэ заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь алдаа болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч С.С- хариуцагч Ш.Э-, Р.Ч-нараас зээлийн гэрээний үүргийг хугацаа хожимдуулсны алдангид 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 17 410 000 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч нар нь шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн үүргээ бүрэн биелүүлсэн, 2 590 000 төгрөгийн алданги төлсөн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч С.С- хариуцагч нарт 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлүүлсэн байх ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги төлөх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч С.С- нь хариуцагчид 40 000 000 төгрөг зээлүүлсэн, хариуцагч нар нэхэмжлэгчид нийтдээ 44 900 000 төгрөг төлсөн байна.

Хариуцагч Ш.Э-, Р.Ч-нар нь зээлийн гэрээний дагуу 42 400 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд төлөх үүрэг хүлээсэн боловч 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цувуулж төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хариуцагч нарыг эхний төлбөрөө 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн тул хугацааг 18 хоногоор хэтрүүлсэн гэж үзэж алдангийг энэ хугацаагаар тооцсон нь алдаатай болжээ. Сүүлчийн төлбөр хийгдэхэд гэрээнд заасан хугацаа 1 жил 3 сар 9 хоногоор хэтэрсэн, энэ хооронд хийгдсэн төлбөр тус бүр тодорхой хэмжээгээр хугацаа хожимдсон болохыг тооцохгүй байх хууль зүйн үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хариуцагчаас алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д заасан шаардлагад нийцжээ.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой барьцааны гэрээ хуульд заасан бүртгэлийн шаардлагыг хангаагүй байх нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох боловч зээлийн гэрээний дагуу алданги шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 260 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгай.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН