Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1018

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, -  оршин суух, С.С-ийн нэхэмжлэлтэй   

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, -  тоотод оршин суух, Ш.Э-,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, - тоотод оршин суух, Р.Ч-т холбогдох

 

20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.С- нь хариуцагчаар Ш.Э-, Р.Ч- нарыг татсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ш.Э-, Р.Ч- нарын хүсэлтээр С.С- нь 40,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр гэрээ байгуулсан. С.С- 2015.08.04-ний өдөр өөрийн Хаан банкны дансаас 37,000,000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 3 сая төгрөгийг 2015.08.05-ны өдөр дансаар шилжүүлсэн байдаг. 3 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн дансны хуулгыг хэрэгт хавсаргасан байгаа. С.С- нь Ш.Э-, Р.Ч- нараас 40,000,000 төгрөгийг олон удаа нэхсэн бөгөөд удаа дараа нэхэхэд элдэв шалтаг тоочиж, чирэгдэл учруулсан. Зээлийн гэрээний хугацаа 2015.09.04-ний өдөр дуусахаар байсан бөгөөд Ш.Э-, Р.Ч- нар нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл дансаар нийт 44,990,000 шилжүүлсэн байгаа. Зээлийн гэрээнд зааснаар 6 хувийн хүүг хасч, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр гэрээнд заасны дагуу алдангид 2,590,000 төгрөг төлсөн. Ш.Э-, Р.Ч- нар нь алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1 жил 4 сар 10 хоног өнгөрөхөд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн тооцоход 2015.09.22-ны өдрөөс 2016.09.04-ний өдрийг хүртэлх хугацаанд 2,400,000 төгрөгийн хүү төлсөн байсан. Үлдэгдэл 37,600,000 төгрөгөөс дараагийн төлөлт хийсэн хугацаа хүртэл 13 хоног, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги нийт 36,658,600 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 32  дугаар зүйлийн 32.6-т зааснаар 40,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 20,000,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. 2,400,000 төгрөгийн зээлийн хүүг хасаад 42,590,000 төгрөг, нийт 44,990,000 төгрөгөөс тооцож, 20,000,000 төгрөгийн алданги төлөх ёстойгоос төлсөн 2,590,000 төгрөгийн алдангийг хасаад одоо 17,410,000 төгрөгийн алдангийг Ш.Э-, Р.Ч- нараас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ш.Э-, Р.Ч-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

С.С- нь хариуцагч Ш.Э-, Р.Ч- нарт холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.С-ээс авсан 40,000,000 төгрөгт Ш.Э-, Р.Ч- нар маргадаггүй. С.С- нь Ш.Э-, Р.Ч- нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг. Ш.Э-, Р.Ч- нар нийт 44,990,000 төгрөгийг С.С-т төлсөн гэж ярьдаг. Мөн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 2,000,000 төгрөгийг С.С-ийн нөхөр Мөнхжаргалд өгсөн талаар хариуцагч нар тайлбар гаргаж байсан. Ингээд 2018.08.04-ны өдрөөс 2015.09.04-ний өдрийг хүртэл 1 сарын хүү 2,400,000 төгрөг болж байгаа. Хариуцагч нар 2,590,000 төгрөгийн алданги төлсөн. Тэгэхээр одоо Ш.Э-, Р.Ч- нарын зүгээс С.С-т төлөх төлбөр байхгүй. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа. Гэхдээ 17,410,000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. С.С- нь Ш.Э-, Р.Ч- нартай барьцаат зээлийн гэрээ байгуулаагүй тохиолдолд 40,000,000 төгрөгийг бэлнээр өгөх боломжгүй байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд барьцаат зээлийн гэрээнд тавигдах шаардлагыг тодорхой заасан. Барьцаат зээлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд Ш.Э-, Р.Ч- нараас нэхэмжилсэн 17,410,000 төгрөгийн алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргадаг гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч Ш.Э-, Р.Ч- нарт холбогдуулан зээлийн гэрээнд зааснаар алданги 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж алданги 17 410 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нь зээлийн төлбөрт дансаар 44 990 000 төгрөг, бэлнээр 2 000 000 төгрөг нийт 46 990 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч С.С-, хариуцагч Ш.Э-, Р.Ч- нар нь харилцан тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр гэрээ байгуулсан байна.

 

Зээлийн гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 37 000 000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөгийг дансаар хариуцагч Ш.Э-, Р.Ч- нарт шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл дансаар нийт 44 990 000 төгрөгийг шилжүүлсэн байх болох нь хэрэгт авагдсан С.С-ийн Хаан банкны дэлгэрэнгүй хуулгууд, талуудын тайлбараар тогтоогдож энэ талаар маргаагүй байна.

 

Харин хариуцагч нар нь бэлнээр нэхэмжлэгч С.С-ийн нөхөр Мөнхжаргалд 2 сая төгрөг өгсөн гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Хариуцагч нар нь зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь барьцааны зүйлтэй холбоотой шаардлага гаргаагүй тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

 

Зээлийн болон барьцааны гэрээний 5-р зүйлд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 Хууль болон гэрээнд заасан хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж зааснаар хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөр 40 000 000 төгрөг, 1 сарын хүү 2 400 000 төгрөг нийт 42 400 000 төгрөг төлөх үндсэн үүрэгтэй бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 22-ноос төлбөрийг шилжүүлсэн тул 18 хоногийн алданги тооцож 42 400 000 х 0,5 % = 212 000 төгрөг / 1 өдрийн алданги/, 18 хоног х 212 000 =3 816 000 төгрөгийг нэмж нийт 46 216 000 төгрөг төлөхөөс төлбөрт шилжүүлсэн 44 990 000 төгрөгийг хасч үлдэх 1 226 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Э-, Р.Ч- нараас 1 226 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож, 16 184 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 33974 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА