Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2019/00412/и |
Дугаар | 152/ШШ2021/00497 |
Огноо | 2021-12-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 152/ШШ2021/00497
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: З овогтой С-ийн П-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогтой Ж-ийн М-т холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.П, хариуцагч Ж.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, гэрч Б, М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаангом сумын 3 дугаар багийн иргэн С.П миний бие 2013-2015 онуудад иргэн С.М-тай хамтран 16 айлын орон сууц барьж 2015 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн. 2013-2015 оны хооронд С.М бид 2 хамтарч барилга барьсан, Цэцэрлэгийн зориулалттай байрнаас С.М нь Ж.М-т 2 байр өгсөний нэгийг нь Ж.М хүү Б-ын нэр дээр авсан. Тус байранд би гэрээний дагуу 2 давхрын 5, 1 давхрын 3 байр авах ёстой. Гэтэл тус байр ашиглалтад орсон цагаас иргэн Ж.М нь С.М-тай хуйвалдаж миний өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-1520004451 дугаартай байрыг гадны иргэдэд түрээслээд өгөхгүй байгаа. Би хууль дүрмээ мэдэхгүйн улмаас тус 1 давхрын 3 байрыг авахаар шүүхэд хандсан боловч иргэн С.М хурал хийлгэхгүй байсаар 3 жил болсон. Би аргагүйн эрхэнд Улаанбаатар хотоос өмгөөлөгч авч энэ асуудлыг ярьсан. Тус өмгөөлөгч Чи тэр байрыг барьсан, шудрага өмчлөгч мөн, 1 давхрын 3 байрны гэрчилгээ байсаар байтал бусдад ашиглуулж байгаа нь буруу юм, танай Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буруу ажиллаж байна гэсэн зөвлөгөө өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж албан тоот авч гэрчилгээгээ 100 хувь болгуулсан. Гэрчилгээ 100 хувь миний өмчлөлд байсаар байтал иргэн Ж.М тус байрыг чөлөөлж өгөхгүй өдий хүрлээ. Миний байр буруу талаасаа дугаарлаад 4 тоот юм. Иймд миний өмчлөлд байгаа 4 тоот байрыг Ж.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би энэ байрыг С.П-с аваагүй, С.М гэдэг хүнд үнийг нь төлөөд авсан. Зөв талаас нь тоолоод 4 тоот байрыг Б-д өгнө гэж хэлж гэрээ байгуулаад, бичиг баримт нь гарах болоход буруу талаас нь тоолоод 4 тоот гэж залруулга хийж эхлэсэн. Уг байрны гэрчилгээ тухайн үед С.М-ын өр төлбөртэй холбоотойгоор ШШГГ-т хураагдсан байсан. 1 давхрын бусад байруудын бусад гэрчилгээ бүгдээрээ зөв талаас нь дугаарладаг юм байна лээ. Энэ нь улсын бүртгэлийн байцаагч Г.Б-ийн гэрчийн мэдүүлгээр ч тогтоогддог. Мөн С.П өөрөө улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байдаг. С.П нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаартай гэрчилгээ нь хаяг буруу, м.кв буруу, улсын ахлах бүртгэгчийг улсын бүртгэгч гэсэн зэрэг нь худал хуурмаг зүйл гэсэн нь нотлогдож байна. С.П нь өөрийн гараар бичсэн зөв талаасаа тоолоод №4 гэж бичиж баталгаа гаргасан баримтыг хавсаргав. Эдгээр үйл ажиллагаатай холбогдуулаад хүсэхэд С овогтой П-ын хуурамч 000598762 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Энэ байр миний хүү Ж.Б-д авсан байр юмаа. Одоо орон сууцны зээлийн баталгаанд Хас банк аваад 3 жил болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Ж.М-т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож №000598762 тоот Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, х байр, 4 тоот хаягт байрлалтай, 45 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай Y-1520004451 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэх үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж ирүүлжээ.
Хариуцагч нь мөн талаас №000377154 тоот Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, х байр 4 тоот хаягт байрлалтай, 42 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай Y-1520005022 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэх үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлжээ.
Гэрч Г.Б-ийн “М.Б-ын нэр дээр анх удаагийн бүртгэл хийхэд холбогдох эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдүүдээс зөвшөөрлийг нь нотариатаар гэрчлүүлж авсны үндсэн дээр бүртгэл хийгдсэн байгаа. Энэ бүртгэлийг миний бие бүртгэсэн. Харин П-ын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн анхны дуусаагүй барилгын бүртгэллийг улсын бүртгэгч Ж.Б бүртгэсэн байгаа. Эдгээр бүртгэлүүдийг хийхэд иргэдээс гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэж хийгдсэн байгаа. Энэ бүртгэл С.М-ын өмчлөлийн бүртгэлээс салгалт хийгдсэн. Гэхдээ С.П гэх холбогдогч хүнээс албан ёсны зөвшөөрөл авч байж хийгдсэн. С.П зөвшөөрөл өгсөн болохоор энэ байр нь М.Б-ын нэр дээр шилжиж байна гэж нотлох баримтад тулгуурлаж бүртгэл хийгдсэн... гэх, гэрч Ж.Б-ийн Би 2007 оны 9 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл Улсын бүртгэлийн хэлтсийн Үл хөдлөх хөрөнгийн газарт ажиллаж байсан. Би П-ын гаргасан нэхэмжлэлийн талаар сайн мэдэхгүй байна, улсын бүртгэлийн байцаагч зохиомлоор гэрчилгээ гаргана гэж байхгүй. Нэхэмжлэгч эсвэл өмчлөгчийн хүсэлтийн дагуу гэрчилгээ гаргадаг. Тоот дугаарлахад ямар нэгэн албан ёсны хэм хэмжээ байдаггүй, тухайн барилга барьсан газар нь нар зөв тойруулаад тоотын дугаарлалтаа өөрсдөө хийдэг..., гэрч С.М-ын Ж.М нь тус байрны 4 тоотын хууль ёсны эзэмшигч нь мөн. Тухайн байрыг анх захиалсан цагаас нь эхлээд хөрөнгө оруулагчийн хувиар оролцож байсан хүн юм. С.П бид хоёр хамтарч барьсан байрнаас би хөрөнгө оруулагч Ж.М-т ордер гаргаж өгөхөд С.П эгчийн зөвшөөрөл авах нь зүйтэй гэж үзсэн учраас түүний зөвшөөрлийг авсны үндсэн дээр ордер гаргаж өгсөн байдаг... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч ...Миний байр буруу талаасаа дугаарлаад 4 тоот байр юм гэж, хариуцагч Миний байр хууль ёсны бүртгэлтэй. Албан ёсны стандарт биш боловч нар зөв дугаарладаг юм байна лээ гэж тайлбарлаж байгаа боловч зохигчдоос гаргаж ирүүлсэн гэрчилгээнүүдийг хүчингүй болгоогүй, тухайн гэрчилгээнүүд нь хүчин төгөлдөр байна.
Мөн гэрч Г.Б, Ж.Б нар нь тухайн гэрчилгээнүүдийг холбогдох хууль, журмын дагуу бүртгэсэн гэж мэдүүлсэн байгаа тул М-т олгосон гэрчилгээг үндэслэн бусдын хууль бус эзэмшлээс байрыг албадан чөлөөлөх үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.М-т холбогдох бусдын хууль бус эзэмшлээс 4 тоот байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.М-т холбогдох бусдын хууль бус эзэмшлээс 4 тоот байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР