Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2022/00012

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Х банк ХХК-ийн /Ө.Г/ нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Б овогт Б-ийн Б,

      Хариуцагч: И овогт Ч-ийн О нарт холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээлийн хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р, хариуцагч Б /цахимаар/, хариуцагч О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б, О нар 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Х банкнаас 162200095971 тоот данстай 11.975.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч Б, -О нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй. зээлийн гэрээний 6-рт заасан үүргээ байнга зөрчиж 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1235 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймээс Б, О нартай байгуулсан цалингийн зээлийн гэрээний 6.3 дутаар зүйлийн заалтыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээл хүүгийн төлбөр 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703.015 төгрөг, нийт зээл, хүүний төлбөр 19.057,103 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Б, О нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 19.057.103 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Б хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлөлт хийсэн. Ямар данснаас төлсөн болох нь тодорхойгүй... гэжээ.

       Хариуцагч О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б-тай гэр бүл болж амьдарч байгаад 2018 онд албан ёсоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Б бид хоёр бичиг үсэг мэддэггүй бөгөөд би банкнаас зээл авч байгааг мэдээгүй. Б надад зээл авч байгаа талаараа хэлээгүй ба намайг нэг удаа банкин дээр авч очиж гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Тухайн үед би гэр бүлийн дарамтанд байсан учир айгаад гарын үсэг зурсан. Банкны хүн ч гэсэн надад хэлээгүй бөгөөд одоо би ганц бие өрх толгойлсон эх. Би 4-7 насны 2 хүүхэдтэй, Б-с хүүхдийн тэтгэмж авдаггүй гэр орон үр хүүхдээ авч явах чадваргүй. Иймд уг зээлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлж чадахгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

       Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Х банкнаас 162200095971 тоот данстай 11.975.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан нь үнэн болно. Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан үндэслэлээр 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж одоогоор 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа тул зээлийн төлбөр төлөх боломжгүй байна. Иймд миний аргагүй байдлыг харгалзан үзэж суллагдаж гарсны дараа төлөх боломж олгож өгнө үү. О тайлбартаа банкнаас зээл авч байгааг мэдээгүй гэсэн байна. О бид 2 хамт банкин дээр очиж зээл аваад, уг зээлийг өрхийн хэрэгцээнд зарцуулсан. Би 2017 оны 5 дугаар сард ажлаас халагдсан. Ажлаас халагдсаны дарааахан л нэг удаа төлөлт хийсэн. Үүнээс хойш зээл төлж чадаагүй, би 2017 оны 9 дүгээр сард цагдан хоригдсон. Намайг хоригдож байхад 2017 оны 12 дугаар сард надад зээл олгосон эдийн засагч залуу ирж уулзаж байсан гэжээ.

        Хариуцагч О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х банк ХХК-ийн үндсэн зээлдэгч Б ажлаасаа гарч, шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа учир цалингийн зээлээ төлөх боломжгүй байгаа. Харин хариуцагч О тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Ер нь банк гэдэг байгууллага ард түмнийхээ эрх ашгийг огт боддоггүй, дан ганц ашгийн төлөө ажилладаг байгууллага юм байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар Б, О нарын зээлийн хүүгийн төлбөр 7.517.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703.015 төгрөг гэж байгаа боловч энэ дүнг яг ямар аргачлалаар бодож гаргасан нь тодорхойгүй. Хариуцагч Б, О нар 2018 оны 5 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. О-ийн хувьд тогтсон цалин орлогогүй, хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж байгаа өрх толгойлсон эмэгтэй. Б-ын хувьд 2017 оны 5 дугаар сард ажлаасаа халагдаж, 2017 оны 9 сараас онц хүнд гэмт хэрэгт холбогдож цагдан хоригдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 245.000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс цааш зээлээсээ огт төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлөлт хийсэн гэж байгаа боловч энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй, энэ үед Б хоригдож байсан тул зээл төлөх боломжгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан. Шүүх өмнө нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзээгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Б, О нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

         Хариуцагч О-ийг Д төлөөлөх итгэмжлэл хавтаст хэргийн 70 дугаар хуудаст авагджээ.

       Хариуцагч Б Би хорих ангид ял эдэлж байгаа, ажил хийх боломжгүй тул зээлийг төлөх боломжгүй. Анх 11.000.000 төгрөгий зээл авсан. Суллагдаж гараад зээлийг төлнө гэж тайлбарлаж байгаа ба хариуцагч О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргажээ.

        Хариуцагч Б, О нар Х банк ХХК-ийн Увс салбараас 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 162200095971 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10.975.000 төгрөг дээр 1.000.000 төгрөг нэмж, нийт 11.975.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдсэн байна.        

       Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

       Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

     Гэвч хариуцагч Б, О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Тодруулбал Х банк ХХК, Б, О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр дууссан байх боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд хариуцагч Б зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 440.100 төгрөг, сүүлд 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 245.000 төгрөг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, Б-ийн харилцах дансны харилцагчийн хуулга зэргээр тогтоогдож байна. 

        Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нь хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлбөр төлсөн гэж маргаж байгаа боловч, ямар данснаас хэн төлсөн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргаж ирүүлээгүй.

       Дээрх үүргийн гүйцэтгэлээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2017 оны 6 дугаар сарын 17ы өдрөөс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацааг тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 6 дугаар сарын 27ы өдөр дууссан байна. 

     Нэхэмжлэгч Х банк ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 23ы өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг 4 сар, 26 хоногоор хэтрүүлжээ. 

      Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн хариуцагч Б, О нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн хариуцагч Б, О нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             П.БОЛОР