Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 139/ШШ2021/00250

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 139/ШШ2021/00250

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* лж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* *******гийн 1-1 тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын даргын тамгын газар / Ц./-т холбогдох

******* аймгийн ******* сумын даргын тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 618696 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн Ж.Батдэлэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* би 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ******* аймгийн ******* сумын даргын тамгын газарт тус сумын Боржигон /6/ багийн нийгмийн ажилтнаар ******* аймгийн ******* сумын даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар томилогдон ажиллаж эхэлсэн. Улмаар тус сумын даргын Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус сумын даргын Тамгын газарт архив-бичиг хэргийн ажилтнаар томилогдон үргэлжлүүлэн ажиллаж байсан. Би дээрх байдлаар төрийн үйлчилгээний албан хаагч болсон юм. 2020 оны 10 дугаар сард Орон нутгийн сонгууль болж, улмаар миний ажилладаг газрын удирдлагууд өөрчлөгдсөн. Тухайлбал, ******* сумын , орлогч , тус сумын Тамгын газрын нар өөрчлөгдсөн юм. нь төрийн улс төрийн албан тушаал тул сонгуулийн үр дүнгээс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой байх. Дээрх өөрчлөгдсөн албан тушаалтнууд нь 2021 оны 3 дугаар сараас эхэлж ...намайг ажпаа өг, ажлаасаа чөлөөлөгд гэж... шаардаж эхэлсэн. Би жирийн нэгэн төрийн үйлчилгээний албан хаагч. Миний хийж байгаа ажил ямар учраас, эсхүл эдгээр хүмүүст хэрэгцээ, шаардлагатай болж намайг ажлаасаа гар гэж шаардах болсныг би мэдэхгүй юм. Улмаар надад ******* сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, жирэмсний амралттай байгаа М.Алтанчимэгийн ажлыг түр хий, өөрийн одоо хийж байгаа ажлаа өгөө гэж мөн л шаардаж байсан. Би өөрийн хийж байгаа ажилдаа дуртай, түүндээ эзэн болох гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсан тул ...архив-бичиг хэргийн ажилтны ажлаа хийе санал болгож байгаа ажлыг хийхгүй... гэдгээ ******* сумын даргын Тамгын газрын Ц.д хэлсэн. Мөн тус ажлын байр нь жирэмсний амралттай байсан хүний ажлын байр байсан. Тэр хүн ажилдаа эргээд оръё гэхэд би ажилгүй болохоор нөхцөл байдалтай байсан тул зөвшөөрөөгүй. Энэ ажпын санал нь угтаа намайг ажилгүй болгож, тус газраас гаргах л санаа байсан байна. Гэтэл намайг удаа дараа ажлаа өгөхийг шаардсаар 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй байгаа гэсэн үндэслэлээр тус сумын даргын Тамгын газрын даргын Б/01 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Би өөрийгөө өөрийн эрхэлж байсан архив-бичиг хэргийн албан тушаалдаа тэнцэхгүй гэж бодохгүй байна. Учир нь би программист мэргэжилтэй, дээд боловсролтой. Ажиллаж байсан газартаа 2 жил 8 сарын хугацаанд багийн нийгмийн ажилтнаар ажиллаж, төрийн албанд бэлтгэгдсэн. Төрийн албаны холбогдох сургалтууд, нийгмийн ажилтны сургалтуудад бүрэн хамрагдаж байсан. Энэ хугацаандаа сайн, үр бүтээлтэй ажиллаж байсныг минь үнэлж намайг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж албан тушаал өөрчилж, архив-бичиг хэргийн ажилтнаар томилсон. Намайг ажлаас чөлөөлсөн нь ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй байгаа тул биш, харин улс төрийн сонирхлоор, үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь дээр дурдсан байдлаар намайг ажлаа өгөхийг шаардаж байсан. Гэтэл миний албан тушаал ердөө л зөвхөн бичиг хэргийн ажилтан шүү дээ. Тэдгээр удирдлагуудад ямар ашиг сонирхолтой гэж намайг ажлаас чөлөөлөхийг хүсээд, шаардаад байгаа юм бэ? гэдэг асуулт гарч байна. Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлж 2020 оны Орон нутгийн сонгуульд ******* сумынхаа Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохоор Монгол Ардын намаас нэр дэвшсэн. Гэвч сонгогдоогүй ээ. Гэхдээ өөрийн ажлаа хийх хүсэл сонирхолтой байсан тул ажлаа хийсээр ирсэн. Магадгүй намайг ийнхүү Монгол Ардын намаас Иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшсэнд дээрх удирдлагууд маань дургүйцэж намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөллөө гэж үзэж байна. Жирийн нэгэн төрийн үйлчилгээний албан хаагч, сонгогдох эрхээ эдэлсний төлөө дээрх байдлаар улс төрийн золиос болж болохгүй гэж бодож байна. Хэрвээ ийм байдал үргэлжилвэл төрийн албаны тогтвортой, үр бүтээлтэй байх шинж чанар алдагдана. Би 2014 онд ханиа санамсаргүй алдаж, одоо 7-20 насны дөрвөн хүүхдээ өрх толгойлон өсгөж байна. Хань минь нас барах үед жирэмсэн байсан тул хүүхдээ төрүүлээд хэсэг хугацаанд ажил хийж чадаагүй. Улмаар хүүхдээ том болгоод 2017 онд Горгаз ХХК-ийн ******* аймаг дахь салбарт нэг жилийн хугацаанд түгээгчээр ажиллаж байгаад 2018 онд төрийн албанд орж ажилласан юм. Би ажил хийхгүй бол миний хүүхдүүдийг хэн тэжээж, тэтгэх вэ? Тийм учраас би өөрийн ажлаа маш их хичээл зүтгэлтэй, өөриймсөг, энэ л ажлыг хийхгүй бол болохгүй шүү гэдэг сэтгэл зүрхээр хийж өдий хүрсэн. Гэтэл одоо ажилгүй болчихоор надад тун хэцүү байна. Гэхдээ би өрх толгойлсон эмэгтэй хүн гэдгээрээ түрүү барьж байгаа юм бишээ. Би өөрийн эрхэлж байсан архив-бичиг хэргийн ажилтны ажлаа зохих дүрэм, журам, шаардлагын дагуу бүрэн дүүрэн хийж гүйцэтгэж байсан. Надад энэ ажлыг хийх ур чадвар, сэтгэл зүрх дутагдсан зүйл огт байхгүй. Иймд би ажлаас чөлөөлөгдсөнөө үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа тул ******* аймгийн ******* сумын даргын Тамгын газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын даргын тамгын газрын Ц. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие нь 2021-02-02 өдрөөс ******* сумын тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Сумын тамгын гаврын архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан П.******* нь сумын Засаг даргын захирамж болон тамгын газрын даргын тушаалуудын төслийг бэлтгэхдээ үг, үсгийн алдаа болон бичиг хэргийн стандартыг байнга буруу гаргаж ирдгийг байнга аман хэлбэрээр хэлж тухай бүр нь засуулдаг байсан. Мөн архиваас гаргаж оруулж байгаа бичиг баримтын бүртгэл хөтөлдөггүйн улмаас архивын баримт алга болсон. Сумын засаг д хаяглагдсан ******* аймгийн Прокурорын газрын мэдэгдэл болох 2021 оны 02 дугаар сарын 26 -ны 03 дугаартай хугацаатай хууль сануулсан албан бичгийг засаг даргын цохолт хийсэн албан тушаалтанд өгөлгүй улмаар тухайн албан бичгийн хугацаа хэтэрч Прокурорын байгууллагаас засаг д аман хэлбэрээр сануулга өгсөн. Нэг дугаар дээр хоёр өөр тушаал гаргасан. П.*******т өдөр тутам хэлж сануулсаар байхад гаргаж болохгүй алдаануудыг удаа дараалан гаргасан. П.******* нь тухайн албан тушаалд 2020 оны 10 сараас хойш ажиллаж байсан энэ хугацаа нь ажилдаа дадлагжих, суралцах хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Иймд сумын засаг тай зөвлөлдөн П.******* нь энэ албан тушаалд ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэн өөр ажлын байр санал болгосон боловч үгүй гэсэн. Ажил санал болгосноос хойш хоёр хоногийн дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 15 -нд сонсох ажиллагаа явуулж өмнөх санал болгосон ажлын байрыг дахин санал болгосон боловч татгалзсан хариу өгсөн. Тэгээд 38 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсний маргааш засаг болон миний бие П.*******т сумын тамгын газрын харъяа ГИЦСургуульд ажилд орохыг санал болгосон боловч бас үгүй гэсэн. П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ засаг болон тамгын газрын нар улс төржиж ажлаас чөлөөлсөн мөн 3-н сараас эхлэн ажлаа өг гэж шахсан гэсэн байсан. Миний бие улс төрийн албан хаагч биш төрийн захиргааны албан хаагч. *******ийг ажилгүй болгоё гэсэн бол анхнаасаа ажил санал болгохгүй ажлаас чөлөөлснийхөө дараа бас ажил санал болгохгүй байсан. Мөн хатуу хөл хорио тогтоож архи, пиво зарахгүй байх үед оройн цагаар машиндаа 12 шил архи болон согтуу хүнтэй явж байгаад асуудал болсон тухай цагдаагийн газрын албан бичиг ирэхэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Анхнаасаа П.*******ийг ажилгүй болгох санаа байгаагүй, харин ч ажилтай байлгах аль болох арга хэмжээ авахгүй байх тал дээр санаа тавин ажиллаж байсан юм гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.******* нь ******* аймгийн ******* сумын даргын тамгын газрын даргын 2021 оны 04 сарын 23-ны өдрийн Б/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 618696 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл /хэргийн 1-3-рт/ гаргаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулахаар /хэргийн 57-рт/ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоогүй байхад ажлаас халсан, ийнхүү ажлаас халах болсон тухайгаа Хөдөлмөрийн хуульд зааснаар 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдээгүй, нэхэмжлэгч нь орон нутгийн сонгуульд өрсөлдсөнтэй холбогдуулан улс төрийн шалтгаантай ажлаас халсан, 2020 оны 1 сараас хойш үргэлжилсэн цар тахлын үед ажилтны ажлын байрыг хадгалахаар хуульд заасан байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх ба, нэхэмжлэгч П.******* нь мэргэшил, ур чадварын хувьд эрхэлж байсан ажилдаа тэнцэхгүй байсан нь удаа дараа гаргасан алдаа зөрчил, ажилдаа хандах хандлагаар тогтоогдсон, ажлаас чөлөөлөх тухай хуульд заасан хугацаанд мэдэгдсэн, 2021 оны 5 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсний дараа гаргасан, мөн өөр ажил албан тушаалд томилохоор санал болгоход нэхэмжлэгч эс зөвшөөрсөн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх буюу хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрлэх асуудал байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажлаас халах үйл явц бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлэх боломжтой гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

2. Хариуцагч тал нь, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор нэхэмжлэлийг гаргаагүй тул шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж маргаж байна. Нэхэмжлэлд 2021 оны 5 сарын 27-ны өдөр гэж огноо тавьсан, шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авсан дардас дарагдаагүй боловч 2021 оны 5 сарын 27-ны өдөр шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ /хэргийн 33-рт/ нэхэмжлэлийг 2021 оны 5 сарын 20-ны өдөр хүлээн авсан тухай дурдсан байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* аймгийн ******* сумын даргын тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоохоор заагаагүй бөгөөд ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан тушаал нь уг ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн энэхүү хэсгийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байхыг шаардана. Хариуцагч нь нэхэмжлэгчийг мэргэшил, ур чадварын хувьд эрхэлж байгаа ажилдаа тэнцэхгүй байсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн ирүүлсэн Албан тушаалын тодорхойлолт /хэргийн 20-22-рт/ баримтад ******* сумын засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан ажлын байранд бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, нарийн бичиг, албан хэргийн менежмент, бусад мэргэжилтэй, архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх тусгай шаардлагыг тавьжээ. Нэхэмжлэгч нь Маргад дээд сургуулийг компьютерийн удирдлагатай систем мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой болох нь /хэргийн 24-25-рт/ нотлогдож байна. Энэ нь дээрх Албан тушаалын тодорхойлолт-д заасан боловсрол, мэргэжлийн тусгай шаардлагыг хангаж байна. Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т мэргэшлийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон тухай заагаагүй бөгөөд нэхэмжлэгчийн Албан тушаалын тодорхойлолт-д заасан мэргэшлийн шаардлагыг хангаагүй нь ажлаас халах үндэслэл болохгүй. Хариуцагч нь ажилтан ур чадварын хувьд эрхэлж байсан ажилдаа тэнцэхгүй байсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Хэрэгт ажилтныг ажлаас чөлөөлөх үед ур чадварын хувьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон баримтыг ирүүлээгүй бөгөөд дээрх үндэслэлээр ажилтныг ажлаас халахдаа ажилдаа тэнцэхгүй байгааг тогтоосон дүгнэлт эсхүл бусад баримтыг үндэслэвэл зохино. Өөрөөр хэлбэл ганц удирдах албан тушаалтны үзэмжээр ажилтан ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэж үзэж шийдвэр гаргах боломжгүй байна.

5. Талууд шүүхэд гаргасан тайлбартаа орон нутгийн сонгуульд сонгогдох эрхээ эдэлж оролцсоноос болж улс төрийн шалтгаантай ажлаас халсан эсэх, архивын бичиг баримт үрэгдүүлсэн, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас халсан эсэх талаар маргаж байх боловч эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг ажлаас халаагүй тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч нь 2021 оны 4 сарын 23-ны өдрөөс 2021 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл 4 сар, ажлын 6 хоногийн хугацаанд ажилгүй байсан байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн а/-д Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг буруу халсан үеийн олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор заажээ. Нэхэмжлэгч нь өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлэхдээ ажлаас халагдахаас 3 сарын өмнөх үеийн бичилт хийгдсэн хэсгийг ирүүлээгүй буюу 2017-2020 оныг дуустал бичилт хийгдсэн 000149455 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцох боломжгүй байх тул ******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтнаар томилсон тушаалд /хэргийн 10-рт/ үндсэн цалин 567152 төгрөг гэж, нэхэмжлэлд /хэргийн 3-рт/ ...миний үндсэн цалин 567152 төгрөг... гэж тус тус дурдсаныг үндэслэн сарын дундаж цалин хөлсийг 567152 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчид олгох олговрыг тооцон нэхэмжлэгчийн ажилгүй байсан 4 сар, ажлын 6 хоногт ногдох олговор 2423282 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч болон хариуцагч нь нэхэмжлэгчид олгох олговроос тооцон хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх үүрэгтэй ба ийнхүү төлсөн талаар ажилтны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх бөгөөд бусад маргааны нэхэмжлэл болон хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 89410 төгрөгийг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан маргаанд 53722,5 төгрөг, мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан маргаанд 70200 төгрөг, нийт 123922,5 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байжээ. Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байсан байх тул төлөгдөөгүй улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ******* овгийн *******ы ******* //-ийг ******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын архив бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 2423282 /хоёр сая дөрвөн зуун хорин гурван мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар П.*******т олгох 2423282 төгрөгийн олговроос ажил олгогч болон ажилтан хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг ******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89410 /наян есөн мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 34910 /гучин дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод нөхөн төлүүлж, хариуцагч ******* аймгийн ******* сумын даргын тамгын газраас 123922,5 /нэг зуун хорин гурван мянга есөн зуун хорин хоёр төгрөг 50 мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******