Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2021/00016

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 139/ШШ2021/00250 тоот шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй *******т хариуцагдах Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын ******* даргын 2021 оны 04 сарын 23-ны өдрийн Б/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 618696 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжпэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш,

Хариуцагчийн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газарт тус сумын Боржигон /6/ багийн нийгмийн ажилтнаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын ******* даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар томилогдон ажиллаж эхэлсэн. Улмаар тус сумын Засаг даргын Тамгын ******* даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газарт архив-бичиг хэргийн ажилтнаар томилогдон үргэлжлүүлэн ажиллаж байсан. Би дээрх байдлаар төрийн үйлчилгээний албан хаагч болсон юм. 2020 оны 10 дугаар сард Орон нутгийн сонгууль болж, улмаар миний ажилладаг ******* удирдлагууд өөрчлөгдсөн. Тухайлбал, Сайнцагаан сумын Засаг дарга, орлогч Засаг дарга, тус сумын Тамгын ******* дарга нар өөрчлөгдсөн юм. Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаал тул сонгуулийн үр дүнгээс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой байх. Дээрх өөрчлөгдсөн албан тушаалтнууд нь 2021 оны 3 дугаар сараас эхэлж намайг ажлаа өг, ажлаасаа чөлөөлөгд гэж... шаардаж эхэлсэн. Би жирийн нэгэн төрийн үйлчилгээний албан хаагч. Миний хийж байгаа ажил ямар учраас, эсхүл эдгээр хүмүүст хэрэгцээ, шаардлагатай болж намайг ажлаасаа гар гэж шаардах болсныг би мэдэхгүй юм. Улмаар надад Сайнцагаан сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, жирэмсний амралттай байгаа М.Алтанчимэгийн ажлыг түр хий, өөрийн одоо хийж байгаа ажлаа өг гэж мөн л шаардаж байсан. Би өөрийн хийж байгаа ажилдаа дуртай, түүндээ эзэн болох гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсан тул ...архив-бичиг хэргийн ажилтны ажлаа хийе санал болгож байгаа ажлыг хийхгүй... гэдгээ Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын ******* дарга *******д хэлсэн. Мөн тус ажлын байр нь жирэмсний амралттай байсан хүний ажлын байр байсан. Тэр хүн ажилдаа эргээд оръё гэхэд би ажилгүй болохоор нөхцөл байдалтай байсан тул зөвшөөрөөгүй. Энэ ажлын санал нь угтаа намайг ажилгүй болгож, тус газраас гаргах л санаа байсан байна. Гэтэл намайг удаа дараа ажлаа өгөхийг шаардсаар 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй байгаа гэсэн үндэслэлээр тус сумын Засаг даргын Тамгын ******* даргын Б/01 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Би өөрийгөө өөрийн эрхэлж байсан архив-бичиг хэргийн албан тушаалдаа тэнцэхгүй гэж бодохгүй байна. Учир нь би программист мэргэжилтэй, дээд боловсролтой. Ажиллаж байсан газартаа 2 жил 8 сарын хугацаанд багийн нийгмийн ажилтнаар ажиллаж, төрийн албанд бэлтгэгдсэн. Төрийн албаны холбогдох сургалтууд, нийгмийн ажилтны сургалтуудад бүрэн хамрагдаж байсан. Энэ хугацаандаа сайн, үр бүтээлтэй ажиллаж байсныг минь үнэлж намайг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж албан тушаал өөрчилж, архив-бичиг хэргийн ажилтнаар томилсон. Намайг ажлаас чөлөөлсөн нь ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй байгаа тул биш, харин улс төрийн сонирхлоор, үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь дээр дурдсан байдлаар намайг ажлаа өгөхийг шаардаж байсан. Гэтэл миний албан тушаал ердөө л зөвхөн бичиг хэргийн ажилтан шүү дээ. Тэдгээр удирдлагуудад ямар ашиг сонирхолтой гэж намайг ажлаас чөлөөлөхийг хүсээд, шаардаад байгаа юм бэ? гэдэг асуулт гарч байна. Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлж 2020 оны Орон нутгийн сонгуульд Сайнцагаан сумынхаа Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохоор Монгол Ардын намаас нэр дэвшсэн. Гэвч сонгогдоогүй ээ. Гэхдээ өөрийн ажлаа хийх хүсэл сонирхолтой байсан тул ажлаа хийсээр ирсэн. Магадгүй намайг ийнхүү Монгол Ардын намаас Иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшсэнд дээрх удирдлагууд маань дургүйцэж намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөллөө гэж үзэж байна. Жирийн нэгэн төрийн үйлчилгээний албан хаагч, сонгогдох эрхээ эдэлсний төлөө дээрх байдлаар улс төрийн золиос болж болохгүй гэж бодож байна. Хэрвээ ийм байдал үргэлжилвэл төрийн албаны тогтвортой, үр бүтээлтэй байх шинж чанар алдагдана. Би 2014 онд ханиа санамсаргүй алдаж, одоо 7-20 насны дөрвөн хүүхдээ өрх толгойлон өсгөж байна. Хань минь нас барах үед жирэмсэн байсан тул хүүхдээ төрүүлээд хэсэг хугацаанд ажил хийж чадаагүй. Улмаар хүүхдээ том болгоод 2017 онд Горгаз ХХК-ийн Дундговь аймаг дахь салбарт нэг жилийн хугацаанд түгээгчээр ажиллаж байгаад 2018 онд төрийн албанд орж ажилласан юм. Би ажил хийхгүй бол миний хүүхдүүдийг хэн тэжээж, тэтгэх вэ? Тийм учраас би өөрийн ажлаа маш их хичээл зүтгэлтэй, өөриймсөг, энэ л ажлыг хийхгүй бол болохгүй шүү гэдэг сэтгэл зүрхээр хийж өдий хүрсэн. Гэтэл одоо ажилгүй болчихоор надад тун хэцүү байна. Гэхдээ би өрх толгойлсон эмэгтэй хүн гэдгээрээ түрүү барьж байгаа юм бишээ. Би өөрийн эрхэлж байсан архив-бичиг хэргийн ажилтны ажлаа зохих дүрэм, журам, шаардлагын дагуу бүрэн дүүрэн хийж гүйцэтгэж байсан. Надад энэ ажлыг хийх ур чадвар, сэтгэл зүрх дутагдсан зүйл огт байхгүй. Иймд би ажлаас чөлөөлөгдсөнөө үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа тул Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын ******* дарга ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2021-02-02-ны өдрөөс Сайнцагаан сумын тамгын ******* даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Сумын тамгын ******* архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан ******* нь сумын Засаг даргын захирамж болон тамгын ******* даргын тушаалуудын төслийг бэлтгэхдээ үг, үсгийн алдаа болон бичиг хэргийн стандартыг байнга буруу гаргаж ирдгийг байнга аман хэлбэрээр хэлж тухай бүр нь засуулдаг байсан. Мөн архиваас гаргаж оруулж байгаа бичиг баримтын бүртгэл хөтөлдөггүйн улмаас архивын баримт алга болсон. Сумын засаг даргад хаяглагдсан Дундговь аймгийн Прокурорын ******* мэдэгдэл болох 2021 оны 02 дугаар сарын 26-ны 03 дугаартай хугацаатай хууль сануулсан албан бичгийг засаг даргын цохолт хийсэн албан тушаалтанд өгөлгүй улмаар тухайн албан бичгийн хугацаа хэтэрч Прокурорын байгууллагаас засаг даргад аман хэлбэрээр сануулга өгсөн. Нэг дугаар дээр хоёр өөр тушаал гаргасан. *******т өдөр тутам хэлж сануулсаар байхад гаргаж болохгүй алдаануудыг удаа дараалан гаргасан. ******* нь тухайн албан тушаалд 2020 оны 10 сараас хойш ажиллаж байсан энэ хугацаа нь ажилдаа дадлагажих, суралцах хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Иймд сумын засаг даргатай зөвлөлдөн ******* нь энэ албан тушаалд ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэн өөр ажлын байр санал болгосон боловч үгүй гэсэн. Ажил санал болгосноос хойш хоёр хоногийн дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 15-нд сонсох ажиллагаа явуулж өмнөх санал болгосон ажлын байрыг дахин санал болгосон боловч татгалзсан хариу өгсөн. Тэгээд 38 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсний маргааш засаг дарга болон миний бие *******т сумын тамгын ******* харъяа ГИЦСургуульд ажилд орохыг санал болгосон боловч бас үгүй гэсэн. ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ засаг дарга болон тамгын ******* дарга нар улс төржиж ажлаас чөлөөлсөн, мөн 3-н сараас эхлэн ажлаа өг гэж шахсан гэсэн байсан. Миний бие улс төрийн албан хаагч биш төрийн захиргааны албан хаагч. Ганчимэгийг ажилгүй болгоё гэсэн бол анхнаасаа ажил санал болгохгүй ажлаас чөлөөлснийхөө дараа бас ажил санал болгохгүй байсан. Мөн хатуу хөл хорио тогтоож архи, пиво зарахгүй байх үед оройн цагаар машиндаа 12 шил архи болон согтуу хүнтэй явж байгаад асуудал болсон тухай цагдаагийн ******* албан бичиг ирэхэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Анхнаасаа *******ийг ажилгүй болгох санаа байгаагүй, харин ч ажилтай байлгах аль болох арга хэмжээ авахгүй байх тал дээр санаа тавин ажиллаж байсан юм гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Сүлдэс овгийн Партизаны Ганчимэг /ЗЮ78042901/-ийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг даргын тамгын ******* архив бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 2423282 /хоёр сая дөрвөн зуун хорин гурван мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар *******т олгох 2423282 төгрөгийн олговроос ажил олгогч болон ажилтан хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг даргын тамгын газарт үүрэг болгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1 2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89410 /наян есөн мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 34910 /гучин дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод нөхөн төлүүлж, хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас 123922,5 /нэг зуун хорин гурван мянга есөн зуун хорин хоёр төгрөг 50 мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газарт архив-бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс 2021 оны 4 сарын 23-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг.

Нэхэмжлэгч нь Албан тушаалын тодорхойлолт-д заагдсан тусгай шаардлагыг хангахгүй, "Хөдөлмөрийн гэрээ-ээр хүлээсэн ажил үүргээ чанартай, хариуцлагатай гүйцэтгэдэггүй, удаа дараа алдаа дутагдал гаргаж, үүрэгт ажлаа үр бүтээлтэй хийе гэсэн санаачлага гаргахгүй, зохих дүрэм, журам, шаардлагын дагуу хийж гүйцэтгэхгүй байсан учраас *******ийг ажил олгогчоос дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй.

2.Шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Ажил олгогчийн зүгээс 2021 оны 4 сарын 23-ны өдөр Б/02 тоот "*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж, уг өдрөө буюу 2021 оны 4 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч *******т гардуулсан. 2021 оны 4 сарын 23-ны өдөр гардаж авсан талаараа нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2021 оны 4 сарын 23-ны өдрийн тушаалыг уг өдрөө хүлээж авсан атлаа анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ 2021 оны 5 сарын 27- ны өдөр гаргасан байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлж гаргасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /огноо 2021.05.27/, хавтаст хэргийн 5-р талд авагдсан шүүхэд нэхэмжлэл гаргахад урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /огноо 2021.05 27/-аар тогтоогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тодорхой зааж өгснөөс гадна мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлж, төлсөн баримтыг хавсаргахаар заасан. Энэхүү шаардлагыг хангаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар Мүйлийн 65.1.11-д зааснаар шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2021 оны 5 сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжийг төлөөд эгүүлэн нэхэмжлэлээ оруулж ирэх талаар шүүгчийн захирамж гарсан гэж дурдсан байх боловч хавтас хэрэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, шийдвэр авагдаагүй.

Анхан шатны шүүх "нэхэмжлэлд 2021 оны 5 сарын 27-ны өдөр гэж огноо тавьсан, шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авсан дардас дарагдаагүй боловч 2021 оны 5 сарын 27-ны өдөр шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийг 2021 оны 5 сарын 20-ны өдөр хүлээн авсан тухай дурдсан байна гэж дүгнэжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Нэхэмжлэлийг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг, минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна. Тэмдэглэн бичсэн дарааллаар нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бичнэ гэж заасан байх тул зөвхөн хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдөр, цаг, минутыг тодорхойлох боломжгүй юм. Хэрэг үүсгэж буй шүүгчийн захирамж, шийдвэр нь иргэний хэрэг үүсгэж байгаа шийдвэр болохоос нэхэмжлэлийг хүлээн авч байгааг тодорхойлох нотлох баримт болохгүй бөгөөд анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүх нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн.

Иймээс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 31-ний өдрийн 139/ШШ2021/00250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар *******ийн нэхэмжлэлтэй, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газарт хариуцагдах ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд гаргасан анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 139/ШШ2021/00250 тоот шийдвэрийг хянав.

Шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалджээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зарчим журмын дагуу үндэслэлтэй зөв явагдаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадаагүй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 5 сарын 27-нд хянан иргэний хэрэг үүсгэх захирамждаа 5 сарын 20-нд хүлээн авсан талаар дурдаж захирамжилжээ.

Үүнийг нотлох зүйл нь хэрэгт байхгүй байна. Шүүх өргөдөл, нэхэмжлэлийг хүлээн авснаа шүүхийн албан бичгийн дардас дарж, хүлээн авсан өдөр, цаг хугацааг тэмдэглэн баталгаажуулах ёстой.

Хавтаст хэрэгт үүнийг тодорхойлох тэмдэглэл, баталгаажуулалт байхгүй байх бөгөөд иргэний програмын бүртгэл, хэрэг нэхэмжлэлийн бүртгэлийн талаар хавтаст хэрэгт тусгаж оруулсан зүйл анхан шатны шүүхээс хийгдээгүй байх ба үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нотлох баримт хэлэлцэх шатанд хийж гүйцэтгэх, өөрийн санаачилгаар судлах, шалгах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтгүй байна.

Нэхэмжлэлийг хугацаа хожимдуулж гаргасан болон хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг зөрчсөн талаар хэргийн оролцогчид гомдол гаргаж маргалдаж байхад шүүх хугацааны асуудлыг хянаж шийдвэрлэж өгөх ёстой.

Анхан шатны шүүх энэ асуудлыг шалгаагүй байхаас гадна нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг 5 сарын 20-ны өдөр төлж, мөн өдөр иргэний хэрэг үүсгэжээ. 5 сарын 20-нд нэхэмжлэлийг хүлээн авсан байхыг үгүйсгэх үндэс давж заалдах шатны шүүхэд байхгүй боловч нэхэмжлэл хүлээн авсан, иргэний хэрэг үүсгэсэн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан нь тодорхой байх шаардлагатай.

Хэргийн баримтуудыг судлан үзэхэд нэхэмжлэл нь хүлээн авсан дардасгүй байхаас гадна нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулсан огноо нь 2021 оны 07 дугаар сарын 03 гэсэн атал агуулга хэсэгт 08 сарын 02-нд гардуулснаар бичигдсэн, 08 сарын 25-нд огноотой хариуцагчийн хариу тайлбарт дарагдсан шүүхийн дардас нь тэмдэглэгээ хийгдээгүй 07 сарын 06-ны өдөр бичигдсэн Б.Алтандөш, ******* нарын гэрээн дээр 2021 оны 06 сарын 10 хүлээн авсан дардас дарагдсан зэрэг зөрчилтэй тэмдэглэлүүд хийгджээ. Мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дардас дараагүй байна.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэл хүлээн авах хугацааны талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчилтэй явагдсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэстэй байна гэж давж заалдах шатны шүүх үзээд хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж тогтов.

Шүүх хуралдааныг 2021 оны 08 сарын 26-нд зарласан авч шүүх хуралдааныг өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хойшлуулжээ. Энэ нь үндэстэй байсан, гэхдээ энэ хурлын урьд өдөр буюу 08 сарын 25-нд хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргасныг шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна гэж хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл муутай байхаас гадна энэ асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх ёстой байжээ.

Мөн хойшлуулсан шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийхээр товлосон атлаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчид 2021 оны 08 сарын 30-нд, хариуцагчийн төлөөлөгчид 2021 оны 08 сарын 31-нд мэдэгдсэн байна.

Эдгээрээс үндэслэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журам, зарчим шаардлагыг зөрчиж явагдсан гэх үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Гомдол гаргагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 139/ШШ2021/00250 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123922 /нэг зуун хорин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 

Ш.ТӨМӨРБААТАР