Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 218/МА2022/00014

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.******* даргалж шийдвэрлэсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2022/00158 тоот шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн *******т холбогдох Дундговь аймгийн ******* даргын 2021.04.23-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн,

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газарт архив-бичиг хэргийн ажилтнаар томилогдон үргэлжлүүлэн ажиллаж байсан. 2020 оны 10 дугаар сард Орон нутгийн сонгууль болж, улмаар миний ажилладаг газрын удирдлагууд өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөн албан тушаалтнууд нь 2021 оны 3 дугаар сараас эхэлж ...намайг ажлаа өг, ажлаасаа чөлөөлөгд гэж... шаардаж эхэлсэн. Улмаар надад Сайнцагаан сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, жирэмсний амралттай байгаа М.Алтанчимэгийн ажлыг түр хий, өөрийн одоо хийж байгаа ажлаа өг гэж мөн л шаардаж байсан. Тус ажлын байр нь жирэмсний амралттай байсан хүний ажлын байр байсан. Тэр хүн ажилдаа эргээд оръё гэхэд би ажилгүй болохоор нөхцөл байдалтай байсан тул зөвшөөрөөгүй. Гэтэл намайг удаа дараа ажлаа өгөхийг шаардсаар 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй байгаа гэсэн үндэслэлээр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/01 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Би өөрийгөө өөрийн эрхэлж байсан архив-бичиг хэргийн албан тушаалдаа тэнцэхгүй гэж бодохгүй байна. Учир нь би програмист мэргэжилтэй, дээд боловсролтой. Ажиллаж байсан газартаа 2 жил 8 сарын хугацаанд багийн нийгмийн ажилтнаар ажиллаж, төрийн албанд бэлтгэгдсэн. Төрийн албаны холбогдох сургалтууд, нийгмийн ажилтны сургалтуудад бүрэн хамрагдаж байсан. Энэ хугацаандаа сайн, үр бүтээлтэй ажиллаж байсныг минь үнэлж намайг 2020 оны 10 дугаар сарын 01- ний өдрөөс эхэлж албан тушаал өөрчилж, архив-бичиг хэргийн ажилтнаар томилсон. Намайг ажлаас чөлөөлсөн нь ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй байгаа тул биш, харин улс төрийн сонирхлоор, үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна. Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлж 2020 оны Орон нутгийн сонгуульд Сайнцагаан сумынхаа Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохоор Монгол Ардын намаас нэр дэвшсэн боловч сонгогдоогүй. Магадгүй намайг ийнхүү Монгол Ардын намаас Иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшсэнд дээрх удирдлагууд маань дургүйцэж намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөллөө гэж үзэж байна. Би 2014 онд ханиа санамсаргүй алдаж, одоо 7-20 насны дөрвөн хүүхдээ өрх толгойлон өсгөж байна. Хань минь нас барах үед жирэмсэн байсан тул хүүхдээ төрүүлээд хэсэг хугацаанд ажил хийж чадаагүй. Улмаар хүүхдээ том болгоод 2017 онд Горгаз ХХК-ийн Дундговь аймаг дахь салбарт нэг жилийн хугацаанд түгээгчээр ажиллаж байгаад 2018 онд төрийн албанд орж ажилласан юм. Би ажил хийхгүй бол миний хүүхдүүдийг хэн тэжээж, тэтгэх вэ. Тийм учраас би өөрийн ажлаа маш их хичээл зүтгэлтэй, өөриймсөг, энэ л ажлыг хийхгүй бол болохгүй шүү гэдэг сэтгэл зүрхээр хийж өдий хүрсэн. Гэтэл одоо ажилгүй болчихоор надад тун хэцүү байна. Би өөрийн эрхэлж байсан архив-бичиг хэргийн ажилтны ажлаа зохих дүрэм, журам, шаардлагын дагуу бүрэн дүүрэн хийж гүйцэтгэж байсан. Иймд би ажлаас чөлөөлөгдсөнөө үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа тул урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2.Хариуцагч талын тайлбар, агуулга:

...Миний бие 2021 оны 2 сарын 2-нд Сайнцагаан сумын Засаг даргын тамгын даргаар томилогдсон. ******* нь тухайн ажлын бичиг хэрэг байсан. ******* нь тушаал захирамж давхардуулж гаргах, явсан бичгийн хөдөлгөөн үйлдэхгүй, хугацаатай ирсэн явсан бичгийг хугацаанд нь гаргаж өгөхгүй, танилцуулаагүй болж прокуророос хүртэл мэдэгдэл ирж байсан. Удаа дараа асуудал гаргасан учир *******ийн өрөөндөө дуудаж энэ талаар хэлээд өөр ажлын байран дээр шилжүүлэн томилуулах талаар санал хэлэхэд ******* зөвшөөрөөгүй. Ингээд 2021 оны 4 сарын 23-ны өдөр тушаалыг нь гаргаад өөрт нь гардуулж өгсөн. Тушаал гарснаас хойш харьяа байгууллагат өөр ажлын санал тавихад ******* нь хүлээн зөвшөөрөөгүй. Бүх шүүх хурал дээр өөр ажлын санал тавьж байсан ч хүлээн зөвшөөрөөгүй. ******* нь архив бичиг хэргийн ажил дээр ур чадвараараа тэнцэхгүй гэж үзэж байгаа, миний гаргасан тушаал үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

3.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хууль 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *******ийг Дундговь аймгийн ******* архив бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоож,

- Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7.128.012 /долоон сая нэг зуун хорин найман мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулж *******т олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн ******* даргын 2021.04.23-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ажил олгогч миний бие 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

*******ийг шүүхэд нэхэмжлэл гаргах 1 сарын хугацааг хэтрүүлж гаргасан байхад хүлээн авч, хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүгч хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлж гаргасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаар тогтоогддог. Гэтэл шүүхэд нэхэмжлэл хүлээж авахдаа ямар ямар баримтын бүрдлийг хангасан байхыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасныг зөрчин хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх хэт нэг талыг барьж, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг зөрчин, хуулийн хүрээнд шүүхэд мэдүүлэх эрхэд нь дэмжлэг үзүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, засч залруулан шийдвэрлэсэн нь илтэд хэргийн материалаас харагддаг.

Энэ хэргийг илтэд нэхэмжлэгч талд шийдвэрлэх нь шүүх хуралдааны явцаас харагдсан, учир нь нэхэмжлэгч талын судлах баримтыг шүүгчийн зүгээс зааж зөвлөж, уг баримтаа нотлох баримтаар үнэлэн шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчиж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Хэдийгээр нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжийг төлөөд эргүүлэн нэхэмжлэлээ оруулж ирэх талаар шүүгчийн захирамж гарсан гэж дурдсан байх боловч хавтас хэрэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, шийдвэр авагдаагүй. Энэ нь хариуцагч талын гаргасан хүсэлтээр шүүхийн тамгын газраас бүрдүүлсэн баримтаар нотлогддог.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэхэмжлэгч нь 2021 оны 05 сарын 20-ны өдөр шүүхэд хандсан болох нь тус шүүхийн гар бүртгэл, мэдээлэл лавлагааны мэргэжилтний программд харагддаг. Хариуцагч өөр нэхэмжлэл өгөөд зассан гэж яриад байдаг. Энэ нь дээрх баримтуудаар няцаагдаж байна. Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан байгаа. Хариуцагчаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн 03 сарын 28-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лхагвасүрэнгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл Хөдөлмөрийн тухай хуулийн 199.2-т заасан хугацааг хэтрүүлэн гаргасан. Энэ байдал нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогддог. Ажлаас чөлөөлөх тушаалыг 04 сарын 23-ны өдөр гардаж авснаа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. 05 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэх боловч 05 сарын 27-ны огноотой нэхэмжлэл, 05 сарын 27-ны огноотой улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт авагдсан. Тиймээс шүүхэд нэхэмжлэлээ хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байхад шүүх хүлээж авч иргэний хэрэг нээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 05 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг хүлээж авснаар дүгнэдэг. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч 05 сарын 20-нд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээ 05 сарын 27-нд өөр байдлаар засаж, нэхэмжлэлээ гаргаж улсын тэмдэгтийн хураамж өгсөн гэдэг. Гэтэл иргэний хэрэг үүсгээд байгаа нэхэмжлэл нь 05 сарын 27-ны өдөр засаж өгсөн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, бусад холбогдох баримтыг үндэслээд иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан ажилтан ажилтнаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн гаргасан учраас анхан шатны шүүхийн 03 сарын 28-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хязгаарлалгүй шийдвэрийг бүхэлд нь хянасан бөгөөд гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дундговь аймгийн *******т холбогдуулан Дундговь аймгийн ******* даргын 2021.04.23-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын архив бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад тус сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн /хх-8/ байх ба дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь ******* нь тушаал захирамж давхардуулж гаргах, явсан бичгийн хөдөлгөөн үйлдэхгүй, хугацаатай ирсэн явсан бичгийг хугацаанд нь гаргаж өгөхгүй, танилцуулаагүй. Удаа дараа асуудал гаргасан учир *******ийг архив бичиг хэргийн ажил дээр ур чадвараараа тэнцэхгүй гэж үзэж гаргасан тушаал үндэслэлтэй гэж үзэж байна гэх агуулгаар тайлбарласан байна. /хх-38/

Мөн зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг эхлээд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх маргаан байсныг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн гэж хариуцагч тал маргасныг Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй мөн хуулийн 3.2-т энэ хуулийн 3.1-т заасан эрхийг хамгаалах талаарх нэхэмжлэл, хүсэлт гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд уг маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх хуулийн шаардлага тавигдаагүй байх тул уг татгалзлыг хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч гомдолдоо нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлж гаргасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаар тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс өмнө гаргасан гомдлын дагуу Давж заалдах шатны шүүх 2021 оны 11 сарын 19-ны өдөр 16 тоот магадлалд энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэл хүлээн авсан байдлыг шалгаад 2021.05.20-ны өдөр 15 цаг 43 минутад бүртгэгдэж хүлээн авсан нь тогтоогдсон, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн, хэрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг нотлох өөр нотлох баримтгүй тул гомдол үндэслэлгүй байна.

Ажил олгогч *******ийг ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж ажлаас халах болсон үндэслэлээ ... тухайн ажлын бичиг хэрэг байсан. ******* нь тушаал захирамж давхардуулж гаргах, явсан бичгийн хөдөлгөөн үйлдэхгүй, хугацаатай ирсэн явсан бичгийг хугацаанд нь гаргаж өгөхгүй, танилцуулаагүй болж прокуророос хүртэл мэдэгдэл ирж байсан. Удаа дараа асуудал гаргасан учир *******ийн өрөөндөө дуудаж энэ талаар хэлээд өөр ажлын байран дээр шилжүүлэн томилуулах талаар санал хэлэхэд ******* зөвшөөрөөгүй. ... ******* нь архив бичиг хэргийн ажил дээр ур чадвараараа тэнцэхгүй гэж үзэж байгаа миний гаргасан тушаал үндэслэлтэй гэж үзэж байна гэж тайлбарласан байна.

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид дээр дурдсан үүрэг даалгавар өгсөн болох, өгсөн үүрэг даалгаврыг нь нэхэмжлэгч биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарах талаар нотлох баримтгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг нь ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт гарсан байхыг ойлгоно. Ажил олгогч ажилтныг мэргэжил ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэдэг тайлбар татгалзал, маргааны үйл баримтаа баримтаар нотлоогүй хариуцагчийн энэ татгалзал үндэслэлгүй, энэ үндэслэлээр ажилтныг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнд нийцүүлэн зөв дүгнэж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалтай нийцэж байна.

Иймд дээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2022/00158 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ