Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2021/01232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д холбогдох

“Эмнэлгийн зориулалттай ажлын байрны түрээсийн төлбөр, алдангийн хамт 50 250 000 төгрөг, хэрэглээний төлбөр, шүүх хуралдаанд ирсэн зардал 1 458 515 төгрөг нийт 51 708 515 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Засан сайжруулалт болон салгаж үл болох хөрөнгийн зардалд 50 250 000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б, хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч О.С, гэрч Ц.Э /Улаанбаатар хотоос цахимаар/, гэрч А.Т, Д.Ц, С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д овогтой Д нь Лувсандорж овогтой Н надтай 2127 тоот түрээсийн гэрээ 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр таван жилийн хугацаатай байгуулан УБ хот, СХД-ийн нотариатч Отгонбаяраар батлуулж, Баянгол дүүргийн 6-хороо 10-р хороололд байрлах ХД-27 дугаар байрны 1-р давхарын 259.92 мкв талбай бүхий Ү-2205037576 улсын бүртгэлтэй, гэрчилгээний 000420309 дугаартай үйлчилгээний зориулалттай миний нэр дээр хувьчлагдсан үйлчилгээний талбайг хүүхдийн эмнэлэгийн зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн. Гэрээ ёсоор Д.Д надад сар бүр 3 000 000 /гурван сая төгрөг/ өгч байхаар тохиролцож гарын үсэг зурсан. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн 1-2 сард түрээсээ зохих журмын дагуу төлсөн. Харин дараа сараас нь түрээсийн төлбөрийн хугацааг 1-6 сараар хэтрүүлж төлөх болсон. Энэ хугацаанд алданги нэг ч удаа тооцож байгаагүй болно. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 15-наас хойш одоо болтол түрээсийн төлбөр ба алданги төлөөгүй явж ирсэн. Д.Дд 2021 оны 06 дугаар сарын 03-нд, 2021 оны 06 дугаар сарын 22-нд, 2020 оны 07 дугаар сарын 30-нд, 2020 оны 09 дүгээр сарын 30-нд, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд түрээсийн мөнгөө төлөхийг бичгээр шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүлээж аваад удахгүй өгч төлбөрөө барагдуулна санаа зоволтгүй гэдэг байсан. Сүүлийн үед утсаар ярих уулзах гэхээр утсаа авахгүй болсон. Тус “Долоон Одой” эмнэлэг нь хэвийн ажиллаж байсан манай байрны хүмүүс ч гэрчилнэ. Гэтэл Д.Д нь одоо болтол уулзахгүй бидэнд мэдэгдэлгүй ажлын байрнаас тоног төхөөрөмжөө нууцаар аваад явсан байсан. Д.Д нь амаар болон бичгээр түрээсээ цуцлах тухай мэдэгдэл өгөөгүй. Иймд гэрээний дагуу түрээсийн төлбөр, алдангийн хамт 50 250 000 /тавин сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Д.Дгаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Л.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Л.Н би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж байна. Түрээслэгч Д.Д нь түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас иргэн Л.Н миний бие “Далт” СӨХ, орон сууц нийтийн аж ахуйн “Тэлмүүн Орд” ХХК, “УБ ЦТС” ТӨХК-ийн өмнө ашиглалтын зардлын өрөнд ороод байна. Ийм учир энэ зардлаа Д.Дгаас үндсэн нэхэмжлэл дээрээ нэмэгдүүлэн шаардах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Аж ахуй нэгжүүдэд үүссэн хохирлыг жагсаавал “Далт” СӨХ-д 600 000 төгрөг, “Тэлмүүн Орд” ХХК-д 406 725.52 төгрөг, “УБ ЦТС” ТӨХК-д 91 790.96 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт шүүх хуралдаанд дуудагдан ирж буудалд байрласны төлбөр 360 000 төгрөг, бүгд 1 458 515 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Нгийн нэхэмжлэлтэй, Д.Д хариуцагчтай нэхэмжлэлд доорх хариуг өгч байна. Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас засгийн газраас удаа дараа хөл хорио тогтоосон улмаас Долоон одой эмнэлгийн үйл ажиллагаа зогсож санхүүгийн хүндрэлтэй байдал 2020 оны 03 дугаар сараас хойш үүссэн. Бид энэ байдлаа амаар болон бичгээр түрээслүүлэгч талд учирлан түрээсийн төлбөрийг хөнгөлөх зогсоох талаар хүсэлт гаргаж байсан боловч, түрээслүүлэгч тал энэ байдлыг авч хэлэлцэж ойлголцоогүй. Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан боловч бид боломжийн хэрээр түрээсээ төлж байсан. Бид хүндрэлтэй байдлаа удаа дараа ойлгуулахыг хичээсэн боловч үр дүнд хүрээгүйн улмаас 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус байрны түлхүүрыг хүлээлгэн өгсөн. Уг байранд бид эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд нийт 60 000 000 төгрөгийн засвар үйлчилгээ тоноглон хийсэн. Үүнийг түрээслүүлэгч тал сайн мэдэж байгаа. Иймд өнөө хүртэлх түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй мөн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Баталгааны мөнгө гэж 2 000 000 төгрөгийг Л.Нд бэлнээр өгсөн байдаг тэр мөнгөнөөс эдгээр төлбөрийг тооцох боломжтой. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Д нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Л.Нтай Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо ХД-27 тоот байрны 1 дүгээр давхарын 259.92 м.кв талбай бүхий үйлчилгээний заалыг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар түрээсийн гэрээ байгуулсан. 2019 оны 07 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэл уг зааланд засвар хийсэн. Учир нь уг заал нь эмнэлгийн зориулалттай биш тул хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартад нийцүүлэн 65 290 000 төгрөгийн засвар, засан сайжруулалт тохижилт хийсэн. Уг засан сайжруулалт тохижилтыг салган авч болохгүй тул уг хөрөнгийн чанар байдал сайжирч үлдэж байгаа болно. 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл түрээсийг төлж байгаад үүнээс хойш цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоогдон түрээсийг бүрэн төлж чадахгүй болсон. 2021 оны 03 дугаар сард энэ асуудлаар түрээслүүлэгчид хандаж гэрээгээ цуцлуулах санал тавихад хүлээж аваагүй, 3 дугаар сард түрээсийн хөрөнгө болох 259.92 м.кв талбайг өөрсдийн хийсэн тохижуулалт болон эд хөрөнгийн хамт үлдээсэн. Түрээсийн гэрээгээр түрээслэгч талын хийсэн засан сайжруулалтын зардлыг түрээсийн төлбөрөөс хасч тооцохгүй. Түрээслэгч талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол барилгад хийсэн засвар, үйлчилгээ засан сайжруулалт хийсэн бүх зардлыг түрээслэгч талд бүрэн төлж барагдуулна. Түрээслэгч талын хүсэлтээр гэрээг хугацаанаас өмнө цуцалбал засвар үйлчилгээний төлбөр шаардах эрхгүй гэсэн нөхцөлийг оруулсан нь гэрээний талууд эрх тэгш чөлөөтэй байх зарчмыг зөрчсөн. Түрээслүүлэгч Л.Н нь 50 250 000 төгрөгийн түрээсийн төлбөрт нэхэж байгаа бөгөөд бид түүний 259.96 м.кв үйлчилгээний хоосон заал бүхий талбайд хийсэн засан сайжруулалт болон салгаж үл болох хөрөнгийн зардалд 50 250 000 төгрөг нэхэж байна. Учир нь эдгээр  хөрөнгө нь тухайн түрээслэсэн заал болох хөрөнгөнд чанар тохижилт болон үлдэж байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Бидний анх шүүхэд гаргасан нэхэмжлэл бол түрээсийн төлбөрийн асуудал юм. Түүнээс биш түрээслэгч тухайн обьектийг өөрийн ажлын шаардлагад нийцүүлэн тодорхой хэмжээний өөрчлөлт хийж гарсан зардлыг түрээсийн төлбөрт нөхөн тооцуулах асуудал огт биш. Д.Дд түрээслүүлсэн 259.92 м.кв талбай бүхий ажлын байр нь фитнесийн зориулалтаар тоноглосон, паркетэн шалтай, ханандаа эргэн тойрон тольтой, гэрэлтүүлэг, халаалт, сантехникийн ямар нэг асуудалгүй байр байсан. Би энэ хүнтэй түрээсийн гэрээ байгуулж байраа түрээслүүлэхээр болсон. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандсан. Бид гэрээгээ албан ёсоор нотариатаар баталгаажуулан харилцан тохиролцож хийсэн. Гэрээний хувийг нотлох баримтын шаардлага ханган хэрэгт хавсаргасан. Гэтэл энэ хүн бидний нэхэмжилж байгаа үнийн дүнтэй тэнцэх хэмжээний сөрөг нэхэмжлэл гаргаж асуудлыг “0”- лэх /тэглэх/ санал гаргаж байгаа нь бодит нөхцөл байдал болон хуульд нийцэхгүй асуудал юм. Бид гэрээнд ажлынхаа шаардлагад нийцүүлэн тодорхой хэмжээний өөрчлөлт, тохижуулалт хийх боломжийг зөвшөөрсөн гэхдээ энэ зардлыг түрээсийн төлбөрөөс суутган тооцно гэж тохироогүй. Харин манай ямар ч үйл ажиллагаа явуулах боломжтой уг байранд байсан паркетэн шал, гэрэлтүүлэг, вакум цонхыг өөрсдөө хуулж аваад эмнэлгийн шаардлагад нийцүүлнэ гээд шалыг нь плита болгож зүгээр бүтэн байсан вакум цонхыг солиод өөрсдөө авч явсан. Энэ талаар бид мөнгө төгрөгний асуудал ярихгүй байгаа юм. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээний 3.6 дахь хэсэгт "Түрээслэгч тал өөрийн зардлаар засвар үйлчилгээ засан сайжруулалтыг хийж болох бөгөөд энэхүү зардлыг зардлаас хасаж тооцохгүй. Түрээслүүлэгч талын санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол барилгад хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийсэн бүх зардлыг түрээслэгч талд бүрэн төлж барагдуулна. Түрээслэгч талын хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалвал засвар үйлчилгээний төлбөр шаардах эрхгүй” гэж харилцан тохиролцсон. Бидэнд хэлж мэдэгдэлгүй эмнэлэгийн тоног төхөөрөмжөө ачиж яваад байрны түлхүүрийг үйлчлэгч А гэдэг хүнээр 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгч явуулсан байсан. Энэ үйлдэл нь өөрөө түрээслэгч тал гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсан гэж ойлгогдож байгаа юм. Гэрээгээр бол 45 хоногийн өмнө харилцан бие биендээ бичгээр мэдэгдэх байсан. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтын хувьд:

1.“Долоон одой” эмнэлэгийн захирал Д.Д нь иргэн П.Мөнхтогтох, М.Эрдэнэсүх, Н.Баярбат, А.Т нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байрны засварын ажил хийсэн гэжээ. Гэтэл уг гэрээнүүдийг эмнэлгийн захирлын тамга, тэмдэгээр албажуулж баталгаажуулаагүй, төлбөр тооцооны асуудал нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй бодит үнэн гэрээнүүд гэхээс илүү хуурамчаар үйлдсэн байж болох магадлалтай байна. Энэ баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн нотлох баримт гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

2. “Долоон Одой” эмнэлэгийн захирал Д.Дгийн гарын үсэгтэй 2020 оны 12 дугаар сарын 04-ний болон 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгүүдийг Л.Н аваагүй. Төлбөр мөнгөний асуудал хүндрэлтэй байна. Түрээсийн төлбөрөө хөнгөлөөч гэж амаар хэлж байсан. Бид саналыг хүлээн авах боломжтой гэхдээ урьд төлөөгүй байгаа төлбөрөө төлчих гэдэг байсан. “За тэгнэ ээ” гэсэн мөртлөө төлдөггүй улмаар утсаа авахаа больсон. Энэ эмнэлэг бол төлбөрийн чадваргүй болсон гэдэгт би итгэхгүй байгаа юм. Учир нь манай гэр энэ байранд байдаг, хүн их ирж үзүүлдэг байсан. Сүүлдээ цагаа сунгаад өглөөний 09 цагаас шөнийн 23 цаг хүргэж ажилладаг болсон. Эмнэлэгийн хувьд сайн нэр хүндтэй эмнэлэг байсан гэсэн тайлбарыг ирүүлж байна. /Л.Нгийн ирүүлсэн тайлбарыг хавсаргав/. Энэ албан бичгүүдийг мөн нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь “Хүндэтгэсэн” “Захирал Д” гэсэн бичвэрүүд тамганы дардасны дээр байгаа нь хэн нэгэн тамга, тэмдэг, гарын үсэгтэй хэвлэмэл хуудас ашиглан энэ бичгүүдийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл байна. Түрээсийн гэрээг 2021 оны 03 сард цуцлах санал надад өгсөн гэжээ.Энэ бол үндэслэл баримтгүй худал мэдээлэл юм. Гэрээний 3.6 д зааснаар Д надад 45 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой. Ийм баримт надад байхгүй. Түрээсийн гэрээ одоо хүртэл албан ёсоор цуцлагдаагүй Д.Дгийн мэдэлд байгаа бид хохирсоор л байгаа болно. Улаанбаатар хотын үйлчилгээний байгууллага дулаан, цэвэр ус, бохир ус, СӨХ цахилгааны тоолуурын заалтаа авч чадахгүй байна гэж үндсэн өмчлөгч нь надад шаардлага тавьсан. Харин Д.Д болон бид хоёр 2020 оны 12 сараас хойш өдийг хүртэл уулзалдаагүй буюу надад ямар нэгэн бичгээр болон амаар ярилцсан асуудал байхгүй ямар ч хэл чимээгүй байсан учир удаа дараа Д болон эмч Ц нартай холбоо барих гэдэг боловч утсаа авахгүй байсан. 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр аргаа бараад өөр хүний утсаар залгатал авсан би Д чамтай уулзмаар байна гэдгээ тодорхой хэлсэн Д “За, би маргааш очно" гээд ирээгүй болохоор би дахин маргааш нь залгасан Д утсаа аваад "би эгчээ өнөөдөр очно" гэсэн би гэртээ хүлээж байя заавал ирээрэй гэж хэлээд хүлээж байтал 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2 цагийн үед үйлчлэгч А ирсэн. Д яасан бэ гэхэд "Д Булган яваад хэд хонож байна бүүр явсан шүү эгчээ буцаж ирэхгүй гэж хэлсэн харин намайг цэвэрлэгээ хийгээд түлхүүрийг нь аваачаад өгөөрэй гэсэн юм. Тэгээд дүү нь ирчлээ гээд А хэлээд 1 ширхэг түлхүүр бариад ирсэн. Тэгэхээр нь би А болон нөхрийн хамт эмнэлэг рүү орсон гэтэл Д.Д өөрийн эмнэлгийн хэрэгсэлээ надад мэдэгдэлгүйгээр нууцаар хулгайн журмаар авч явсан байсан. Би арга буюу Ааас түлхүүр авсан акт бичиж (материалд байгаа) Д.Д Л.Н 2 нь 2020 оны 12 сараас хойш одоог хүртэл нүүр тулж уулзаагүй ямар нэг бичиг өгөлцөж авалцсан зүйл байхгүй. Д нь санхүүгийн чадваргүй гэж бичсэн байна энэ нь ямарч үндэслэлгүй юм. Учир нь Долоон одой эмнэлэг нь маш их өвчтөн үйлчлүүлэгч том хүн буюу хүүхэд их ирдэг сүүлдээ ажиллах цагийн хувиар нь хүртэл сунгагдаж өглөө 9 цагаас орой 11 цаг хүртэл ажилладаг байсныг Д өөрөө маш сайн мэднэ. Би Улаанбаатар хотын үйлчилгээний байгуулагуудад тоолуурын заалтыг авахуулсан. Тэд надаас Д.Дгийн төлөх ёстой улс хэрэглээний төлбөрийг тэглэхээс өмнөх хэрэглээний үлдэгдэгдэл ашиглалтын зардал 1 сая орчим төгрөг төлөхийг шаардсан. Би Д.Дгийн өмнөөс төлж барагдуулсан болно. Одоо болтол бид объёктоо ашиглаж чадахгүй хохирсоор сууна. Д.Д түрээсийн гэрээний 3.6 дахь заалтыг эсэргүүцжээ. Д.Д бид Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг нотиаратч Л.Отгонбаярын өрөөнд харилцан тохиролцож, зөвшилцөн хийсэн гэрээгээ хуулийн дагуу дагах ёстойг мартав уу. Д.Д надаас үйлчилгээний объект эмнэлэгийн зориулалтаар засвар, шинчлэлт хийсэн зардлаа нэхэж байна. Манай үйлчилгээний төв фитнесийн зориулалтаар бүрэн засвар хийгдсэн үйл ажиллагаа явуулаагүй объект байсан юм. Өөрөө мэдэх байх. Д.Д объектыг эмнэлэгийн зориулалтаар стандартад зориулан засна гэж санал тавьсныг би гэрээний дагуу зөвшөөрсөн. Харин хэдэн төгрөгөөр яаж зассан нь надад хамааралгүй юм. Тухайн үед бид ийм өртөг зардлаар засвар хийсэн гэсэн акт, пакт байхгүй. Түрээсийн гэрээнд ийм зүйл байхгүй. Ер нь аливаа түрээслэгч засвараа өөрсдөө хариуцаад явдаг бичигдээгүй хуультай. Д барилга объектод 65 200 000 төгрөгийн зардал гаргасан гээд байхан үнэн худал нь тодорхой бус гэрээнүүд надад явуулжээ. Энэ ямар ч үндэслэлгүй гэрээнд заагаагүй зүйл юм. Харин манай байрны ашиглаагүй гэрээ хийхэд байсан паркитан шал, тольнууд, вакуум цонх, гэрэлтүүлэг мэтийн зүйлийг Д.Д өөрөө авч ашигласан түүнийг нэхэмжлэвэл тодорхой хөрөнгө болно. Үүнийг бид тооцохгүй байгаа. Би зөвхөн түрээсийн 10 сарын төлбөрөө гэрээний дагуу алдангийн хамт нэхэж байгаа юм. Гэрээг албан ёсоор хуулийн дагуу цуцалж объектоо хүлээн авмаар байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Н хариуцагч Д.Дд холбогдуулан түрээсийн төлбөр, алдангийн хамт нийт 50 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн гэрээний хугацаанд хэрэглэсэн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөр, Сөх-ны зардал, шүүх хуралдаанд оролцохоор ирэхдээ байрласан буудлын зардал нийт 1 458 515 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хариуцагч Д.Д нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, түрээсийн байрыг засан сайжруулсан салгаж үл болох хөрөнгийн зардалд 50 250 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Л.Н эс зөвшөөрч зохигчид мэтгэлцэж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн талаар.

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр түрээслүүлэгч Л.Н, Б.Даваасүрэн, түрээслэгч Д.Д нарын хооронд 2127 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр талууд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол хд 27 дугаар байр 1 давхрын 259.98 мкв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай, эмнэлгийн зориулалтаар, сарын 3 000 000 төгрөгийн төлбөртэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй, дэнчингийн төлбөрт 2 000 000 төгрөг байхаар тохирч, гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн түрээсийн гэрээ, Ү-2205037576 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.“Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.“Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан тул уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ.

Нэхэмжлэгч Л.Н нь үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанд хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд талууд төлбөр төлж эхлэх хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байхаар тохирч, хөрөнгийг хүлээн авснаас хойш төлбөр төлөх хүртэл 2 сарын хугацаанд түрээслэгч тал өөрийн үйл ажиллагаанд нийцсэн засвар үйлчилгээг хийхээр болсон байна. Гэвч эмнэлгийн үйл ажиллагаа 2019 оны 10 дугаар сард эхэлсэн гэж хариуцагч Д.Д шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд ийнхүү товлосон хугацаанаасаа хоцорч үйл ажиллагаагаа эхлүүлэхэд түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч Л.Нгаас шалтгаалсан нөлөөлсөн зүйл байхгүй байна.

Зохигчид түрээсийн төлбөр төлөгдсөн нийт хугацаа болон мөнгөн дүнгийн талаар маргаагүй, хариуцагчаас дэнчингийн 2 000 000 төгрөгийг Д.Ц эмч бэлнээр Л.Нд өгсөн гэснийг нэхэмжлэгч аваагүй гэж үгүйсгэдэг.

Коронавируст цар тахал гарч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүүхдийн эмнэлгийн үйлчлүүлэгчид эрс багасаж, үйл ажиллагаа доголдсон бөгөөд эмч, сувилагч нарын цалин тавихад хүртэл хүндрэл үүссэн. Энэ шалтгаанаар түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэхийг, хойшлуулахыг удаа дараа хүсч 2 удаа бичгээр хүргүүлсэн боловч Л.Н хүлээн аваагүй. Эцэст нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрч сулрахгүй байснаас эдийн засаг уналтанд орсон болох нь нийтэд илэрхий үйл баримт гэж хариуцагч тайлбарладаг.

Нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаарддаг байсан ба ийнхүү шаардах үндэслэлээ эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан, үйлчлүүлэгчтэй байсан гэж тайлбарладаг.

 Хариуцагчийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсноор түрээсийн төлбөрийн хөнгөлөлт, төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авахгүй байгаа байдал, талууд үүссэн нөхцөл байдалд тохиролцож чадахгүй нөхцөл байдлад хүрснээр 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн байрны түлхүүрийг ажилтан С.Ааар нэхэмжлэгч Л.Нд хүлээлгэн өгсөн байдаг.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.А дээрхи агуулга бүхий албан бичгийг 2 удаа хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Л.Н хүлээн авдаггүй, түрээсийн байранд цэвэрлэгээ хийгээд түлхүүрийг хүлээлгэн өгсөн гэсэн гэрчийн мэдүүлдэг давхар нотлоно.

Иймд түрээсийн гэрээг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн ашигласан хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу нийт 19 сар, үүнээс 10 сарын төлбөрийг хугацаа хэтрүүлсэн ч төлсөн тул үлдэх 9 сарын төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй. /түрээсийн төлбөр 27 000 000 төгрөг/     

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.“Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, мөн хуулийн 232.4.“Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж хуульчилсан байдаг.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.“Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу талууд гэрээг бичгээр үйлдсэн нотариатаар гэрчлүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутуамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.“Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан тул үндсэн түрээсийн төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн шаардлагыг харгалзан нийт төлбөл зохих алдангийн гуравны нэг хувийн төлбөр болох 4 500 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /27 000 000 төгрөгийн 50 хувь 13 500 000 төгрөг, үүний гуравны нэг хэсэг нь 4 500 000 төгрөг/.  

Шүүх гуравны нэг хэсэг гэж тооцсон үндэслэл нь нийт ашигласан 19 сарын гуравны нэгийн хугацаанд эмнэлэг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тодорхой үйл ажиллагааг хориглосон Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжууд гарсан байдаг. Гэхдээ эмнэлгийн байгууллага хязгаарлалт тогтоосон байгууллагад хамааралгүй боловч үйлчлүүлэгч эрс багассан нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.     

Гэрч Д.Ц дэнчингийн 2 000 000 төгрөгийг бэлнээр Л.Нд хүлээлгэн өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгч нь дэнчингийн мөнгийг хүлээн аваагүй, хэзээ ч бэлнээр надад мөнгө өгч байгаагүй гэж мэтгэлцэж байна. Дэнчингийн мөнгийг хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй, энэ талаар нотлогдохгүй байх тул хариуцагчаас дэнчингийн мөнгийг төлсөн гэсэн тайлбар няцаагдаж байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.“Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна” гэж,

Мөн хуулийн 147.1.“Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”  гэжээ.

Талуудын хэлэлцэн тохиролцож байгуулсан гэрээний 7.4-т түрээсийн гэрээ байгуулагдахаас өмнөх ашиглалтын зардлыг түрээслүүлэгч хариуцахаар заасан байх бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд ашиглалтын зардлыг түрээслэгч тал хариуцахаар тохирсон гэж үзнэ. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан хэрэглээний зардал нь хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байх хугацааны төлбөр байх тул Далт Сөх-д төлөх 600 000 төгрөг, Тэлмүүн Орд ХХК-д төлөх 406 725.52 төгрөг /ус дулааны төлбөр/, УБ ЦТС ТӨХК-д төлөх 91 790.96 төгрөг /цахилгааны төлбөр/ нийт 1 098 516.48 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Харин зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулах болон хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд ирсэн явсан зардал, буудалд байрласан төлбөрийг гарсан зардал гэж дүгнэх боломжгүй, эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах нь Л.Нгийн эрх юм.

Иймд хариуцагч Д.Дгаас түрээсийн төлбөрт 27 000 000 төгрөг, алдангийн төлбөрт 4 500 000 төгрөг, ашиглалтын зардал 1 098 516.48 төгрөг нийт 32 598 516.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 109 998.52 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч Д.Д Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, хд 27 дугаар байр, 1 давхрын 259.98 мкв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий хоосон талбайд засан сайжруулалт хийсэн салгаж үл болох хөрөнгийн зардалд 50 250 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Л.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцдэг.

Хариуцагч Д.Д бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан, гэрээний чөлөөт байдалд нийцээгүй гэж  тайлбарладаг.

Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Л.Отгонбарын гэрчилсэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээний агуулга, хууль зүйн үр дагаварыг нотариатч зөвлөсөн ба гэрээг тэгш эрхийн хүрээнд бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр хүсэл зоригт бүрэн нийцсэн, нотариатчийн ажлын байранд түүний дэргэд гарын үсэг зурсан болохыг тодотгосон байна.

Уг гэрээг нэг талын хүсэл зоригийг хамгаалж, нөгөө талын эрх ашгийг дордуулсан, гэрээний чөлөөт байдалд нийцээгүй гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд ямар нэгэн дарамт шахалт, бусдын нөлөөнд автсан байдал тогтоогдоогүй.

Гэрээний 3 дугаар зүйлд ...Түрээслэгч тал өөрийн зардлаар засвар үйлчилгээ засан сайжруулалт хийж болох бөгөөд энэхүү зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохгүй. Түрээслүүлэгч талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол барилгад хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийсэн бүх зардлыг түрээслэгч талд бүрэн төлж барагдуулна. Түрээслэгч талын хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалвал засвар үйлчилгээний төлбөр шаардах эрхгүй. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол 2 тал нөгөө талдаа 45 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.“Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 548 200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 409 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дгаас 320 943 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгохоор заалаа.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 147 дугаар зүйлийн 147.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Дгаас 32 598 516.48 /гучин хоёр сая таван зуун ерэн найман мянга таван зуун арван зургаан төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 109 998.52 /арван есөн сая нэг зуун есөн мянга есөн зуун ерэн найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Нгаас Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, хд 27 дугаар байр, 1 давхрын 259.98 мкв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий хоосон талбайд засан сайжруулалт хийсэн салгаж үл болох хөрөнгийн зардалд 50 250 000  /тавин сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 548 200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 409 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дгаас 320 943 /гурван зуун хорин мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ