Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00790

 

 

Л.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01232 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 207/МА2022/00028 дугаар магадлалтай,

Л.Н-гийн нэхэмжлэлтэй,

Д.Д-д холбогдох,

Эмнэлгийн зориулалттай ажлын байрны түрээсийн төлбөр, алдангийн хамт 50,250,000 төгрөг, хэрэглээний төлбөр, шүүх хуралдаанд ирсэн зардал 1,458,515 төгрөг нийт 51,708,515 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Засан сайжруулалт болон салгаж үл болох хөрөнгийн зардалд 50,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Нгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н, хариуцагч Д.Д, түүний өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Д.Дд холбогдуулан түрээсийн төлбөр, бусад зардалд нийт 51,708,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, засан сайжруулалт болон салгаж үл болох хөрөнгийн зардалд 50,250,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01232 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 147 дугаар зүйлийн 147.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Дгаас 32,598,516.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,109,998.52 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Нгаас Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, хд 27 дугаар байр, 1 давхрын 259.98 мкв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий хоосон талбайд засан сайжруулалт хийсэн салгаж үл болох хөрөнгийн зардалд 50,250,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 548,200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 409,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дгаас 320,943 /гурван зуун хорин мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 207/МА2022/00028 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01232 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 147 дугаар зүйлийн 147.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Дгаас 32,598,516.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,109,998.52 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.4., 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар хариуцагч Д.Дгаас 13,098,516 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,609,999 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, шийдвэрийн 3 дугаар заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 548,200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 409,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дгаас 320,943 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 548,200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 409,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дгаас 223,443 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгосугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 321,000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Л.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Л.Н миний бие 2021.05.24-ний өдөр Д.Дгаас байрны түрээсийн төлбөр 50,250,000 төгрөг нэхэмжилж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүхийн 2021.12.09-ний өдрийн 142/ШШ2021/01232 тоот шийдвэрээр хариуцагч Д.Дгаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 27,000,000 төгрөг, ашиглалтын зардал 1,098,516, алданги 4,500,000 нийт 32,598,516.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч надад олгуулахаар шийдвэрлэсэн.

Д.Д энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг авч хэлэлцээд 2022.03.17-ны өдөр 207/МА2022/00028 тоот магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Д.Дгаас 13,098,516 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас 38,609,999 хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэг “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг, Б.Баттөр нар иргэн миний нэхэмжлэлийг хариуцагч Д.Дгийн талд илэрхий 100% болгож шийдвэрлэснийг уншаад илэрхий тодорхой ийм хэргийг ашиг сонирхлын улмаас улаан цайм, ичгүүр, сонжуургүй шийдвэр гаргасан энэ 3 шүүгч шиг шүүгч Монголын шүүхэд олон битгий байгаасай гэж бодож байна.

Энэ шийдвэрийг юмыг үнэн зөвийг дэнсэлдэг хуулийг дээдлэгч дээд шатны шүүгч та нар бүх хэргийн материалыг уншин нухацтай, ёстой бүх хэрэг хэргийн материалыг уншин судалж хар цагаанаар нь ялган дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Анхан шатны шүүх аль ч талыг харалгүй алтан дунджаар нь шийдвэр гаргасан. Би тэр 50,250,000 төгрөгийн нэхэмжлэлийг 32,598,516.48 болгож нэхэмжлэлийн шаардлагаас 19,109,998.52 төгрөгийг нийтийг хамарсан хүнд өвчин цар тахалтай холбон хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг тухайн үед би хүн чанар гаргаад за яахав гээд Д.Дд боломж олгоё гэж бодсон. Гэтэл Д.Д ичих нүүргүй ямар ч хуулийн гаргалгаагүй утгагүй гомдол гаргаж давж заалдах шатанд хандсан. Би яаж шийдэхийг тэвчээртэйгээр хүлээсэн. Энэ хуралд Д.Дг ямар ч шалтгаангүй ирээгүй байхад зөвхөн өмгөөлөгч О.Сарантуулыг оролцуулан хийсэн. Үүнийг би хардах нэг нөхцөл гэж үзэж байна. Шүүх хурал дээр нэхэмжлэгч намайг чөлөөтэй яриулахгүй маш их дарамттай хурал болж нөгөө талд 100% үйлчилсэн шийдвэр гаргасанд маш их гомдолтой байгааг үнэн зөвөөр нь нягтлан өгнө гэдэгт итгэлтэй байна. Гэрээ ёсоор бол Д.Д 2019.09.15-наас 2021.03.16-ныг хүртэл 19 сарын төлбөр cap бүр 3,000,000 төгрөгөөр бодоход нийт 57,000,000 төгрөг төлөх ёстой ХААН банкны дэлгэрэнгүй депозит хуулгаар 33,000,000 төгрөг төлсөн байгаа юм. Хэргийн материалаас төлбөр төлөлтийг түүвэр хийж харахад дараах байдалтай байна.

 

д/д

Төлбөр төлөх он, cap, өдөр

Төлбөр төлсөн он, сар, өдөр

Төлсөн мөнгөн дүн

1

2019.09.15

2019.09.25

3000.0

2

2019.10.15

2019.10.18

3000.0

3

2019.11.15

2019.11.12

3000.0

4

2019.12.15

2019.12.17

3000.0

5

2020.01.15.

2020.01.28

3000.0

6

2020.02.15

2020.02.19

3000.0

7

2020.03.15

 

0000.0

8

2020.04.15

 

0000.0

9

2020.05.15

2020.05.27

1500.0

10

2020.06.15

2020.06.06

500.0

2020.06.22

500.0

2020.06.28

500.0

11

2020.07.15

 

0000.0

12

2020.08.15

2020.08.14

3000.0

13

2020.09.15

2020.09.14

3000.0

14

2020.10.15

2020.10.16

3000.0

15

2020.11.15

2020.11.23

3000.0

Бүгд

33000.0

 

Энэ хуулгаас харахад нийт 19 сарын төлбөр төлөхөөс 11 сарын төлбөрийг байнга хугацаа алдан зарим үед дутуу төлж бүтэн 8 сарын төлбөр 24 сая төлөөгүй байхад Б.Оюунцэцэг нарын 3 шүүгч юу харж, ямар үндэслэлээр зөвхөн сүүлийн 4 сарын төлбөр 12 сая төгрөг надад төлөхөөр гаргав. Энийг би ашиг сонирхлын зөрчил байна гэж хардаж гомдож байна.

Гэрээнд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үнийн дүнгийн 0.5%-иар бодож хоног тутам надад алданги төлөх ёстой. Үүнийг анхан шатны шүүх алдангийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж 3 дахин хялбаршуулж надад 4,500,000 төгрөг төлөхөөр шийдвэр гаргасан.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч талыг алдангиас 100 хувь чөлөөлж хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна. Учир нь хүн бүгдэд, айл өрх бүрт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэтэл зөвхөн хариуцагчид хүндрэл учирсан мэт ойлгож болохгүй.

Гэрээнд гарын үсэг зурсан хүн Д.Д боловч цаад талд нь “Долоон Одой” эмнэлгийн эзэн нь Д.Цолмон гэдэг хүн байдаг. Д.Цолмон өөрөө энэ эмнэлгийн ерөнхий эмч бөгөөд компанийн захирал тухайн үед гэрээ хийхдээ өөрийн бэр Д.Дг явуулж гарын үсэг зуруулсан. Д.Цолмон өөрөө ирж байр савыг үзээд үнэ ханшаа тохиролцоод яг гэрээнд гарын үсэг зурах мөчид би шүүх дээр маргаан шийдвэрлүүлэх гээд боломжгүй байна, миний өмнөөс Д.Д гэрээ хийгээд асуудлыг шийдвэрлэчихье гэсэн. Би итгээд гэрээ хийгээд гарын үсэг зурсан. Одоо бодоход Д.Цолмон нэг биш удаа бус бусдыг хууран мэхэлдэг юм байна.

Анхан шатны шүүх асуудлыг зөв ноён нуруутай шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд би маш их гомдолтой байгаа цаашид давж заалдах шатны шүүгч нарын гаргасан шийдвэр, хандлагын талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хандах болно.

Мөн гэрээний дэнчингийн 2 сая төгрөгийг хариуцагч Л.Н надад бэлнээр өгсөн гэдэг. Би Д.Дгаас төлбөрөө нэхэж байгаад чи ядаж дэнчингийн мөнгөө өгөөч ээ гэтэл 2020 оны 5, 6 дугаар сард увуулж цувуулан 3 сая төгрөг хийсэн. Одоо энэ 3 сая төгрөгийг түрээсийн төлбөр гэж нэг яриад бас дэнчингийн мөнгөө өгсөн гэж яриад байгаа юм. /Энэ мөнгөний дүн дээр хийсэн хүснэгтэнд байгаа/ Ийм учир би авсан 3 сая төгрөгийг түрээсийн төлбөртөө тооцоод дэнчингийн 2 сая төгрөгөө Д.Дгаас шаардах эрхтэй юм.

Одоо би Д.Д “Долоон Одой” эмнэлгийн захирал Д.Цолмон нараас 8 сарын түрээсийн төлбөр 24 сая төгрөг, анхан шатны шүүхээр тогтоогдсон алдангийн 4.5 сая төгрөг, дэнчингийн 2 сая төгрөг, үйл ажиллагааны зардал 1,098,000 төгрөг нийт 31,598,516 төгрөг нэхэмжилж байгаа болно.

Давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00638 дугаар тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Д.Дд холбогдуулан түрээсийн төлбөр, бусад зардалд нийт 51,708,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, засан сайжруулалт болон салгаж үл болох хөрөнгийн зардалд 50,250,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...2019.07.22-ны өдрөөс 2021.06.03-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 33,500,000 төгрөг, алдангид 16,750,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөг, мөн бусад зардалд буюу “Далт” СӨХ-д 600,000 төгрөг, “Тэлмүүн Орд” ХХК-д 406,725.52 төгрөг, “УБ ЦТС” ТӨХК-д 91,790.96 төгрөг, зочид буудлын хөлс 360,000 төгрөг, нийт 51,708,515 төгрөгийг хариуцагч төлөх ёстой гэж тодорхойлсон байна.

10. Анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 32,598,516.48 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 19,109,998.52 төгрөгийг гаргуулах шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

11. Давж заалдах шатны шүүх ...хариуцагч Д.Дгаас 4 сарын түрээсийн төлбөр, бусад зардалд нийт 13,098,516 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн бусад шаардлага болох 38,609,999 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан нь хуульд нийцээгүй, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 

12. Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад хуульд нийцсэн дүгнэлт хийсэн боловч хариуцагчийн түрээсийн гэрээний үүрэгт төлөх төлбөрийн хэмжээг буруу тооцож алдаа гаргасныг засах боломжтой тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

13. Нэхэмжлэгчийн “...давж заалдах шатны шүүх маргаанд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...гэрээ ёсоор хариуцагч нь 19 сарын түрээсийн төлбөрт нийт 57,000,000 төгрөг төлөх ёстой, үүнээс 33,000,000 төгрөг төлсөн. ...давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлбөл зохих төлбөрийг буруу тооцсон, мөн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагчийг алдангиас 100 хувь чөлөөлж, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. ...магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан өгнө үү” гэсэн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

14. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, ...318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж тус тус заасан.

15. Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Л.Н, Б.Даваасүрэн нартай 2019.07.22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хорооллын ХД 27-р байрны 1 давхрын 259.98 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эмнэлгийн зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар түрээсэлсэн байх ба талууд түрээсийн төлбөрийг сарын 3,000,000 төгрөгөөр, хугацаа хэтрүүлсэн тал 0.5 хувиар алданги төлөх, мөн дэнчинд 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, уг гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ. Мөн, нэхэмжлэгч түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2019.07.15-ны өдөр хариуцагч талд хүлээлгэн өгч, төлбөр төлж эхлэх хугацааг 2019.09.15-ны өдөр байхаар, мөн түрээслэгч нь 2 сарын хугацаанд үл хөдлөх хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн засвар үйлчилгээ хийж тохижуулахаар тус тус тохиролцжээ.

16. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу хариуцагчаас түрээсийн төлбөр, алданги, ашиглалтын зардлыг шаардах эрхтэй байна.

17. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээний дагуу түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019.09.15-ны өдрөөс 2021.03.16-ны өдөр буюу нийт 19 сар түрээсэлсэн нь тогтоогдсон, иймд энэ хугацааны түрээсийн төлбөрт нийтдээ 57,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ, үүнээс хариуцагчийн төлсөн 33,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөрийн 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, харин анхан шатны шүүх түрээсийн хугацаа, төлбөрийн хэмжээг буруу тодорхойлж, хариуцагчийг гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь алдаатай болжээ.  

18. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж заасан, талууд түрээсийн гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон байна. 

 

19. Анхан шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан зохицуулалтыг хэрэглэж, хариуцагчаас нэхэмжилсэн алдангид гэрээний дагуу төлбөл зохих алдангийн гуравны нэг хувь болох 4,500,000 төгрөгийг гаргуулж, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.4-т ...түрээсийн гэрээний хугацаанд ашиглалтын зардлыг түрээслэгч тал хариуцахаар тохирсныг үндэслэн нэхэмжилсэн ус дулаан, цахилгааны төлбөрт нийт 1,098,516.48 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

20. Иймд хариуцагч Д.Дгаас түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөг, алдангид 4,500,000 төгрөг, ашиглалтын зардалд 1,098,516.48 төгрөг, нийт 29,598,516.48 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Нд олгон, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 22,109,998.52 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцэх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

21. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч Д.Д нь түрээсэлсэн талбайд засан сайжруулалт хийсэн, салгаж үл болох хөрөнгийн зардалд 50,250,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь талуудын хооронд байгуулсан гэрээ, нотлох баримтад үндэслэгдсэн, шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

22. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 207/МА2022/00028 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01232 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “32,598,516.48 төгрөг” гэснийг “29,598,516.48 төгрөг” гэж, “19,109,998.52 төгрөг” гэснийг “22,109,998.52 төгрөг” гэж, 3 дахь заалтын “320,943 төгрөг” гэснийг “305,942.58 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.04.29-ний өдөр төлсөн 250,943 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ