Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2022/00028

 

Л...........гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д...........д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн ..........7 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01232 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л...........гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д...........д холбогдох,

“Эмнэлгийн зориулалттай ажлын байрны түрээсийн төлбөр, алдангийн хамт 50.250.000 төгрөг, хэрэглээний төлбөр, шүүх хуралдаанд ирсэн зардал 1.458.515 төгрөг нийт 51.708.515 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Засан сайжруулалт болон салгаж үл болох хөрөнгийн зардалд 50.250.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д...........гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л..........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Дашдаваа овогтой .......... нь Лувсандорж овогтой .......... надтай 2127 тоот түрээсийн гэрээ 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр таван жилийн хугацаатай байгуулан УБ хот, СХД-ийн нотариатч ..........аар батлуулж, .......... дүүргийн 6-хороо ..........-р хороололд байрлах ХД-27 дугаар байрны 1-р давхрын 259.92 мкв талбай бүхий Ү-.......... улсын бүртгэлтэй, гэрчилгээний 000420309 дугаартай үйлчилгээний зориулалттай миний нэр дээр хувьчлагдсан үйлчилгээний талбайг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн. Гэрээ ёсоор Д........... надад сар бүр 3.000.000 /гурван сая төгрөг/ өгч байхаар тохиролцож гарын үсэг зурсан. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн 1-2 сард түрээсээ зохих журмын дагуу төлсөн. Харин дараа сараас нь түрээсийн төлбөрийн хугацааг 1-6 сараар хэтрүүлж төлөх болсон. Энэ хугацаанд алданги нэг ч удаа тооцож байгаагүй болно. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 15-наас хойш одоо болтол түрээсийн төлбөр ба алданги төлөөгүй явж ирсэн. Д...........д 2021 оны 06 дугаар сарын 03-нд, 2021 оны 06 дугаар сарын 22-нд, 2020 оны 07 дугаар сарын 30-нд, 2020 оны 09 дүгээр сарын 30-нд, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд түрээсийн мөнгөө төлөхийг бичгээр шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүлээж аваад удахгүй өгч төлбөрөө барагдуулна санаа зоволтгүй гэдэг байсан. Сүүлийн үед утсаар ярих уулзах гэхээр утсаа авахгүй болсон. Тус Долоон Одой эмнэлэг нь хэвийн ажиллаж байсан манай байрны хүмүүс ч гэрчилнэ. Гэтэл Д........... нь одоо болтол уулзахгүй бидэнд мэдэгдэлгүй ажлын байрнаас тоног төхөөрөмжөө нууцаар аваад явсан байсан. Д........... нь амаар болон бичгээр түрээсээ цуцлах тухай мэдэгдэл өгөөгүй. Иймд гэрээний дагуу түрээсийн төлбөр, алдангийн хамт 50.250.000 /тавин сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Д...........гаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Л........... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч Л........... би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж байна. Түрээслэгч Д........... нь түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас иргэн Л........... миний бие .......... СӨХ, орон сууц нийтийн аж ахуйн .......... ХХК, УБ ЦТС ТӨХК-ийн өмнө ашиглалтын зардлын өрөнд ороод байна. Ийм учир энэ зардлаа Д...........гаас үндсэн нэхэмжлэл дээрээ нэмэгдүүлэн шаардах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Аж ахуй нэгжүүдэд үүссэн хохирлыг жагсаавал .......... СӨХ-д 600.000 төгрөг, .......... ХХК-д 406.725.52 төгрөг, УБ ЦТС ТӨХК-д 91.790.96 төгрөг, 2021 оны .......... дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт шүүх хуралдаанд дуудагдан ирж буудалд байрласны төлбөр 360.000 төгрөг, бүгд 1.458.515 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч Д........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд  өгсөн тайлбартаа:

А...........гийн нэхэмжлэлтэй, Д........... хариуцагчтай нэхэмжлэлд доорх хариуг өгч байна. Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас засгийн газраас удаа дараа хөл хорио тогтоосон улмаас Долоон одой эмнэлгийн үйл ажиллагаа зогсож санхүүгийн хүндрэлтэй байдал 2020 оны 03 дугаар сараас хойш үүссэн. Бид энэ байдлаа амаар болон бичгээр түрээслүүлэгч талд учирлан түрээсийн төлбөрийг хөнгөлөх зогсоох талаар хүсэлт гаргаж байсан боловч, түрээслүүлэгч тал энэ байдлыг авч хэлэлцэж ойлголцоогүй. Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл бай..........ай байсан боловч бид боломжийн хэрээр түрээсээ төлж байсан. Бид хүндрэлтэй байдлаа удаа дараа ойлгуулахыг хичээсэн боловч үр дүнд хүрээгүйн улмаас 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Уг байранд бид эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд нийт 60.000.000 төгрөгийн засвар үйлчилгээ тоноглон хийсэн. Үүнийг түрээслүүлэгч тал сайн мэдэж байгаа. Иймд өнөө хүртэлх түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй мөн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Баталгааны мөнгө гэж 2.000.000 төгрөгийг Л...........д бэлнээр өгсөн байдаг тэр мөнгөнөөс эдгээр төлбөрийг тооцох боломжтой. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д........... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 Миний бие Д........... нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Л...........тай .......... хот, .......... дүүрэг, 6 дугаар хороо ХД-27 тоот байрны 1 дүгээр давхрын 259.92 м.кв талбай бүхий үйлчилгээний заалыг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар түрээсийн гэрээ байгуулсан. 2019 оны 07 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэл уг зааланд засвар хийсэн. Учир нь уг заал нь эмнэлгийн зориулалттай биш тул хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний стандартад нийцүүлэн 65.290.000 төгрөгийн засвар, засан сайжруулалт тохижилт хийсэн. Уг засан сайжруулалт тохижилтыг салган авч болохгүй тул уг хөрөнгийн чанар байдал сайжирч үлдэж байгаа болно. 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл түрээсийг төлж байгаад үүнээс хойш цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоогдон түрээсийг бүрэн төлж чадахгүй болсон. 2021 оны 03 дугаар сард энэ асуудлаар түрээслүүлэгчид хандаж гэрээгээ цуцлуулах санал тавихад хүлээж аваагүй, 3 дугаар сард түрээсийн хөрөнгө болох 259.92 м.кв талбайг өөрсдийн хийсэн тохижуулалт болон эд хөрөнгийн хамт үлдээсэн. Түрээсийн гэрээгээр түрээслэгч талын хийсэн засан сайжруулалтын зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохгүй. Түрээслэгч талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол барилгад хийсэн засвар, үйлчилгээ засан сайжруулалт хийсэн бүх зардлыг түрээслэгч талд бүрэн төлж барагдуулна. Түрээслэгч талын хүсэлтээр гэрээг хугацаанаас өмнө цуцалбал засвар үйлчилгээний төлбөр шаардах эрхгүй гэсэн нөхцөлийг оруулсан нь гэрээний талууд эрх тэгш чөлөөтэй байх зарчмыг зөрчсөн. Түрээслүүлэгч Л........... нь 50.250.000 төгрөгийн түрээсийн төлбөрт нэхэж байгаа бөгөөд бид түүний 259.96 м.кв үйлчилгээний хоосон заал бүхий талбайд хийсэн засан сайжруулалт болон салгаж үл болох хөрөнгийн зардалд 50.250.000 төгрөг нэхэж байна. Учир нь эдгээр хөрөнгө нь тухайн түрээсэлсэн заал болох хөрөнгөнд чанар тохижилт болон үлдэж байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт:

 Бидний анх шүүхэд гаргасан нэхэмжлэл бол түрээсийн төлбөрийн асуудал юм. Түүнээс биш түрээслэгч тухайн объектыг өөрийн ажлын шаардлагад нийцүүлэн тодорхой хэмжээний өөрчлөлт хийж гарсан зардлыг түрээсийн төлбөрт нөхөн тооцуулах асуудал огт биш. Д...........д түрээслүүлсэн 259.92 м.кв талбай бүхий ажлын байр нь фитнесийн зориулалтаар тоноглосон, паркетан шалтай, ханандаа эргэн тойрон тольтой, гэрэлтүүлэг, халаалт, сантехникийн ямар нэг асуудалгүй байр байсан. Би энэ хүнтэй түрээсийн гэрээ байгуулж байраа түрээслүүлэхээр болсон. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандсан. Бид гэрээгээ албан ёсоор нотариатаар баталгаажуулан харилцан тохиролцож хийсэн. Гэрээний хувийг нотлох баримтын шаардлага ханган хэрэгт хавсаргасан. Гэтэл энэ хүн бидний нэхэмжилж байгаа үнийн дүнтэй тэнцэх хэмжээний сөрөг нэхэмжлэл гаргаж асуудлыг тэглэх санал гаргаж байгаа нь бодит нөхцөл байдал болон хуульд нийцэхгүй асуудал юм. Бид гэрээнд ажлынхаа шаардлагад нийцүүлэн тодорхой хэмжээний өөрчлөлт, тохижуулалт хийх боломжийг зөвшөөрсөн гэхдээ энэ зардлыг түрээсийн төлбөрөөс суутган тооцно гэж тохироогүй. Харин манай ямар ч үйл ажиллагаа явуулах боломжтой уг байранд байсан паркетан шал, гэрэлтүүлэг, вакум цонхыг өөрсдөө хуулж аваад эмнэлгийн шаардлагад нийцүүлнэ гээд шалыг нь плита болгож зүгээр бүтэн байсан вакум цонхыг солиод өөрсдөө авч явсан. Энэ талаар бид мөнгө төгрөгний асуудал ярихгүй байгаа юм. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээний 3.6 дахь хэсэгт "Түрээслэгч тал өөрийн зардлаар засвар үйлчилгээ засан сайжруулалтыг хийж болох бөгөөд энэхүү зардлыг зардлаас хасаж тооцохгүй. Түрээслүүлэгч талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол барилгад хийсэн засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийсэн бүх зардлыг түрээслэгч талд бүрэн төлж барагдуулна. Түрээслэгч талын хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалбал засвар үйлчилгээний төлбөр шаардах эрхгүй гэж харилцан тохиролцсон. Бидэнд хэлж мэдэгдэлгүй эмнэлгийн тоног төхөөрөмжөө ачиж яваад байрны түлхүүрийг үйлчлэгч Алтансувд гэдэг хүнээр 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өгч явуулсан байсан. Энэ үйлдэл нь өөрөө түрээслэгч тал гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалсан гэж ойлгогдож байгаа юм. Гэрээгээр бол 45 хоногийн өмнө харилцан бие биедээ бичгээр мэдэгдэх байсан. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтын хувьд: 1.Долоон одой эмнэлгийн захирал Д........... нь иргэн П.Мөнхтогтох, М.Эрдэнэсүх, Н.Баярбат, А.Төмөрбаатар нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байрны засварын ажил хийсэн гэжээ. Гэтэл уг гэрээнүүдийг эмнэлгийн захирлын тамга, тэмдгээр албажуулж баталгаажуулаагүй, төлбөр тооцооны асуудал нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй бодит үнэн гэрээнүүд гэхээс илүү хуурамчаар үйлдсэн байж болох магадлалтай байна. Энэ баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн нотлох баримт гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм. 2. Долоон Одой эмнэлгийн захирал Д...........гийн гарын үсэгтэй 2020 оны 12 дугаар сарын 04-ний болон 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгүүдийг Л........... аваагүй. Төлбөр мөнгөний асуудал хүндрэлтэй байна. Түрээсийн төлбөрөө хөнгөлөөч гэж амаар хэлж байсан. Бид саналыг хүлээн авах боломжтой гэхдээ урьд төлөөгүй байгаа төлбөрөө төлчих гэдэг байсан. За тэгнэ ээ гэсэн мөртлөө төлдөггүй улмаар утсаа авахаа больсон. Энэ эмнэлэг бол төлбөрийн чадваргүй болсон гэдэгт би итгэхгүй байгаа юм. Учир нь манай гэр энэ байранд байдаг, хүн их ирж үзүүлдэг байсан. Сүүлдээ цагаа сунгаад өглөөний 09 цагаас шөнийн 23 цаг хүргэж ажилладаг болсон. Эмнэлгийн хувьд сайн нэр хүндтэй эмнэлэг байсан гэсэн тайлбарыг ирүүлж байна. /Л...........гийн ирүүлсэн тайлбарыг хавсаргав/. Энэ албан бичгүүдийг мөн нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь Хүндэтгэсэн Захирал .......... гэсэн бичвэрүүд тамганы дардасны дээр байгаа нь хэн нэгэн тамга, тэмдэг, гарын үсэгтэй хэвлэмэл хуудас ашиглан энэ бичгүүдийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл байна. Түрээсийн гэрээг 2021 оны 03 сард цуцлах санал надад өгсөн гэжээ.Энэ бол үндэслэл баримтгүй худал мэдээлэл юм. Гэрээний 3.6 д зааснаар .......... надад 45 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой. Ийм баримт надад байхгүй. Түрээсийн гэрээ одоо хүртэл албан ёсоор цуцлагдаагүй Д...........гийн мэдэлд байгаа бид хохирсоор л байгаа болно. .......... хотын үйлчилгээний байгууллага дулаан, цэвэр ус, бохир ус, СӨХ цахилгааны тоолуурын заалтаа авч чадахгүй байна гэж үндсэн өмчлөгч нь надад шаардлага тавьсан. Харин Д........... болон бид хоёр 2020 оны 12 сараас хойш өдийг хүртэл уулзалдаагүй буюу надад ямар нэгэн бичгээр болон амаар ярилцсан асуудал байхгүй ямар ч хэл чимээгүй байсан учир удаа дараа .......... болон эмч Цолмон нартай холбоо барих гэдэг боловч утсаа авахгүй байсан. 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр аргаа бараад өөр хүний утсаар залгатал авсан би .......... чамтай уулзмаар байна гэдгээ тодорхой хэлсэн .......... За, би маргааш очно" гээд ирээгүй болохоор би дахин маргааш нь залгасан .......... утсаа аваад "би эгчээ өнөөдөр очно" гэсэн би гэртээ хүлээж байя заавал ирээрэй гэж хэлээд хүлээж байтал 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2 цагийн үед үйлчлэгч Алтансувд ирсэн. .......... яасан бэ гэхэд ".......... Булган яваад хэд хонож байна бүүр явсан шүү эгчээ буцаж ирэхгүй гэж хэлсэн харин намайг цэвэрлэгээ хийгээд түлхүүрийг нь аваачаад өгөөрэй гэсэн юм. Тэгээд дүү нь ирчихлээ гээд Алтансувд хэлээд 1 ширхэг түлхүүр бариад ирсэн. Тэгэхээр нь би Алтансувд болон нөхрийн хамт эмнэлэг рүү орсон гэтэл Д........... өөрийн эмнэлгийн хэрэгслээ надад мэдэгдэлгүйгээр нууцаар хулгайн журмаар авч явсан байсан. Би арга буюу Алтансувдаас түлхүүр авсан акт бичиж (материалд байгаа) Д........... Л........... 2 нь 2020 оны 12 сараас хойш одоог хүртэл нүүр тулж уулзаагүй ямар нэг бичиг өгөлцөж авалцсан зүйл байхгүй. .......... нь санхүүгийн чадваргүй гэж бичсэн байна энэ нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь Долоон одой эмнэлэг нь маш их өвчтөн үйлчлүүлэгч том хүн буюу хүүхэд их ирдэг сүүлдээ ажиллах цагийн хувиар нь хүртэл сунгагдаж өглөө 9 цагаас орой 11 цаг хүртэл ажилладаг байсныг .......... өөрөө маш сайн мэднэ. Би .......... хотын үйлчилгээний байгууллагуудад тоолуурын заалтыг авхуулсан. Тэд надаас Д...........гийн төлөх ёстой улс хэрэглээний төлбөрийг тэглэхээс өмнөх хэрэглээний үлдэгдэл ашиглалтын зардал 1 сая орчим төгрөг төлөхийг шаардсан. Би Д...........гийн өмнөөс төлж барагдуулсан болно. Одоо болтол бид объектоо ашиглаж чадахгүй хохирсоор сууна. Д........... түрээсийн гэрээний 3.6 дахь заалтыг эсэргүүцжээ. Д........... бид .......... хотын Сонгинохайрхан дүүрэг нотариатч Л...........ын өрөөнд харилцан тохиролцож, зөвшилцөн хийсэн гэрээгээ хуулийн дагуу дагах ёстойг мартав уу. Д........... надаас үйлчилгээний объект эмнэлгийн зориулалтаар засвар, шинэчлэлт хийсэн зардлаа нэхэж байна. Манай үйлчилгээний төв фитнесийн зориулалтаар бүрэн засвар хийгдсэн үйл ажиллагаа явуулаагүй объект байсан юм. Өөрөө мэдэх байх. Д........... объектыг эмнэлгийн зориулалтаар стандартад зориулан засна гэж санал тавьсныг би гэрээний дагуу зөвшөөрсөн. Харин хэдэн төгрөгөөр яаж зассан нь надад хамааралгүй юм. Тухайн үед бид ийм өртөг зардлаар засвар хийсэн гэсэн акт, пакт байхгүй. Түрээсийн гэрээнд ийм зүйл байхгүй. Ер нь аливаа түрээслэгч засвараа өөрсдөө хариуцаад явдаг бичигдээгүй хуультай. .......... барилга объектод 65 200 000 төгрөгийн зардал гаргасан гээд баахан үнэн худал нь тодорхой бус гэрээнүүд надад явуулжээ. Энэ ямар ч үндэслэлгүй гэрээнд заагаагүй зүйл юм. Харин манай байрны ашиглаагүй гэрээ хийхэд байсан паркетан шал, толинууд, вакум цонх, гэрэлтүүлэг мэтийн зүйлийг Д........... өөрөө авч ашигласан түүнийг нэхэмжилбэл тодорхой хөрөнгө болно. Үүнийг бид тооцохгүй байгаа. Би зөвхөн түрээсийн .......... сарын төлбөрөө гэрээний дагуу алдангийн хамт нэхэж байгаа юм. Гэрээг албан ёсоор хуулийн дагуу цуцалж объектоо хүлээн авмаар байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01232 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 147 дугаар зүйлийн 147.1.-д заасныг баримтлан хариуцагч Д...........гаас 32.598.516.48 /гучин хоёр сая таван зуун ерэн найман мянга таван зуун арван зургаан төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19...........9.998.52 /арван есөн сая нэг зуун есөн мянга есөн зуун ерэн найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л...........гаас .......... хотын .......... дүүргийн 6 дугаар хороо, .......... дугаар хороолол, хд 27 дугаар байр, 1 давхрын 259.98 мкв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий хоосон талбайд засан сайжруулалт хийсэн салгаж үл болох хөрөнгийн зардалд 50.250.000 /тавин сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Д...........гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 548.200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 409.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д...........гаас 320.943 /гурван зуун хорин мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л...........д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д........... шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын ИХАШШ-н 2021.12.09-ны өдрийн 01232 дугаартай шийдвэрийн II заалтыг эс зөвшөөрч байна.2019.07.22-ноос УБ хотын .......... дүүргийн 6-р хороо .......... хороололд байх ХД-27-р байрны 1 давхрын 259,92м2 талбайг түрээслэхээр Л...........тай гэрээ байгуулж 2019.07.22-ноос 2019............01-ийг хүртэл түрээслүүлэгчийн зөвшөөрсний дагуу тохиролцсон түрээсээ төлж ..........-р сарын 01-ээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Л .......... нь түрээсийн төлбөр 50.250.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ төлбөр түрээслэгчийн хувьд 2020 оны 02-р сараас эхлэн Монгол улсад  цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлсэн өндөржүүлсэн бэлэн бай..........айгаар холбоотой үйл ажиллагаа зогсонги байдалд орсонтой холбоотой гэрээний үүргийг биелүүлж чадахгүй болсон юм. Бид уг түрээсэлсэн 259,92м2 талбай бүхий заалыг нийт 7 өрөө бүхий бүх цонх болон хаалга, шал, мөн сантехникийн шугам хоолойг шинэчлэн, цахилгааны иж бүрдэл бүхий засвар, тохижилтыг хийсэн. 2 ариун цэврийн өрөө болон цахилгааны разетка, унтраалга гэх мэт хоосон байсан заалыг цаашид оффис конторын зориулалтаар түрээслэн ашиг олоход боломжтой байдлаар ҮХЭХ-ийг сайжруулан тохижилт хийсэн. Гэрээг цуцлаад уг тохижилт засварыг салгаж болохгүй тул уг хөрөнгийн чанар байдал нь сайжраад үлдэж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэл гаргаж уг засвар тохижилт сайжруулалтанд гарган 50.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардлага гаргасан. Шүүх уг шаардлагыг гэрээний 3-р зүйлд түрээслэгч талын хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалбал засварын төлбөр шаардах эрхгүй гэж тохирсон байна. ИХ-ийн 189.1-р зүйлд өөрсдөө гэрээний агуулгаа тодорхойлно гэж заасан тул хэрэгсэхгүй болголоо гэснийг зөвшөөрөхгүй байна. Гэрээний талуудын чөлөөт байдал гэдэг дээр түрээслэгч Л........... нь өөртөө давуу байдал бий болгох, түрээслэгч талд ашиг сонирхлыг дордуулахад чиглэсэн нөхцөлийг тусгай гэрээнд уг заалтыг оруулсан нь чөлөөт байдалд нийцэхгүй байна. Бидний хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан гэрээ дуусгавар болох үед талуудын эрх, үүргийг зохицуулсан заалт 332.3-р түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй гэсэн хуулийн заалтыг шүүх огт хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийн 2 дугаар заалтыг өөрчилж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Баттулга давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагч Д...........гийн давж заалдах гомдлыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад хуулбарыг иргэний нэхэмжлэгч Л...........д явуулан харилцан ярилцаж гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргажээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн талууд хэнээс хараат бусаар гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлно гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Аливаа гэрээ, хэлцэл Иргэний хуулийн 39, 40, мөн хуулийн 195 дугаар зүйлд зааснаар талуудын “хүсэл зориг”-оо хүлээн зөвшөөрөлцөн гарын үсэг зурснаар гэрээний чөлөөт байдал хангагдсан гэж үздэг. Шаардлагатай тохиолдлуудад гэрээг нотариатаар гэрчлүүлдэг. Тухайн тохиолдлын хувьд хууль зөрчсөн үйлдэл /эс үйлдэл/ байхгүй гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ алдангийн хэмжээг 1/3-р бодож 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ болгон багасан нь цар тахлын нөхцөл байдлыг тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 238.8 хэсгийн хэсгийг үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн гэдгээ тайлбарлаж байсан. Энэ мөн хуульд нийцсэн шийдвэр болно. Д........... гомдолдоо: Л........... нь өөртөө давуу байдал бий болгосон түрээслэгч талын ашиг сонирхлыг дордуулсан тусгай гэрээ байгуулсан нь гэрээний чөлөөт байдалд нийцэхгүй байна гэжээ. Чухамхүү “тусгай гэрээ” гэж ямар нэр томьёо гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 332.3 дахь хэсгийн заалтыг огт хэрэглээгүйд гомдолтой байна гэжээ. Иргэний хуулийн Хорин наймдугаар бүлэг буюу 327-332 дугаар зүйл нь Хөдөө аж ахуйн газрыг түрээслэх тухай хуулийн зохицуулалт учир энэ хэргийн хувьд хэрэглэх зүйл заалт биш юм. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л........... биеэр оролцоно гэдгээ дамжуулсан болно гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Л........... нь хариуцагч Д...........д холбогдуулан түрээсийн төлбөр, алдангийн хамт нийт 50.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн гэрээний хугацаанд хэрэглэсэн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөр, СӨХ-ны зардал, шүүх хуралдаанд оролцохоор ирэхдээ байрласан буудлын зардал нийт 1.458 .515 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 51.708.515 төгрөг гаргуулах, хариуцагч Д........... нэхэмжлэгч Л...........д холбогдуулан түрээсийн байрыг засан сайжруулсан салгаж үл болох хөрөнгийн зардалд 50.250.000 төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэргийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 147 дугаар зүйлийн 147.1.-д заасныг баримтлан хариуцагч Д...........гаас 32.598.516.48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19...........9.998.52 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л...........гаас .......... хотын .......... дүүргийн 6 дугаар хороо, .......... дугаар хороолол, хд 27 дугаар байр, 1 давхрын 259.98 мкв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий хоосон талбайд засан сайжруулалт хийсэн салгаж үл болох хөрөнгийн зардалд 50.250.000 /тавин сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Д...........гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр түрээслүүлэгч Л..........., Б.Даваасүрэн, түрээслэгч Д........... нарын хооронд 2127 дугаар түрээсийн гэрээ байгуулагджээ.

 

 Тус гэрээгээр талууд .......... хотын .......... дүүргийн 6 дугаар хороо, .......... дугаар хороолол хд 27 дугаар байр 1 давхрын 259.98 м2 талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай, эмнэлгийн зориулалтаар, сарын 3.000.000 төгрөгийн төлбөртэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй, дэнчингийн төлбөрт 2.000.000 төгрөг төлөхөөр тохирч, гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ ба гэрээний 3.5-д зааснаар нэхэмжлэгч Л........... нь үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанд хариуцагч талд хүлээлгэн өгсөн,  талууд төлбөр төлж эхлэх хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэж тохирчээ.

Зохигчид шүүхэд “...коронавируст цар тахал гарч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүүхдийн эмнэлгийн үйлчлүүлэгчид эрс багасаж, үйл ажиллагаа доголдсон бөгөөд эмч, сувилагч нарын цалин тавихад хүртэл хүндрэл үүссэн. Энэ шалтгаанаар түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэхийг, хойшлуулахыг удаа дараа хүсч 2 удаа бичгээр хүргүүлсэн боловч Л........... хүлээн аваагүй. Эцэст нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрч сулрахгүй байснаас эдийн засаг уналтанд орсон болох нь нийтэд илэрхий үйл баримт...” , “...түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаарддаг байсан ба ийнхүү шаардах үндэслэлээ эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан, үйлчлүүлэгчтэй байсан...” гэсэн тайлбаруудыг гаргажээ.

 

Талууд дээрх асуудлаар  тохиролцож чадаагүй тул  2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн байрны түлхүүрийг ажилтан С.Алтансувдаар дамжуулж нэхэмжлэгч Л...........д хүлээлгэн өгчээ.

 

Анхан шатны шүүхээс түрээсийн гэрээг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон гэж үзсэнийг буруутгах боломжгүй  байна. Хариуцагч тал 2019 оны 09 дүгээр сарын 23-наас эхлэн түрээсийн төлбөрөө төлж эхлээд 2020 оны 11 дүгээр сарын 23 ны өдрийг хүртэл төлөөд үүнээс хойш төлбөр төлөөгүй байна. 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1,2,3 дугаар сарын түрээсийн төлбөр 12.000.000 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч Л...........д олгох үндэслэлтэй байна .

 

Коронавируст цар тахал гарч улс орон даяар хөл хорио тогтоосон нийтэд илэрхий байсан тул  Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д...........гаас алданги гаргуулах боломжгүй болно.

 

Гэрээнд заасан дэнчингийн 2.000.000 төгрөгийг бэлнээр Л...........д хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлгүй мөн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1., 147.1., гэрээний 7.4-т заасныг үндэслэн хэрэглээний зардал нь хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байх хугацааны төлбөр байх тул .......... СӨХ-д төлөх 600.000 төгрөг, .......... ХХК-д төлөх 406.725 төгрөг /ус дулааны төлбөр/, УБ ЦТС ТӨХК-д төлөх 91.790  төгрөг /цахилгааны төлбөр/ нийт 1.098.516 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд ирсэн явсан зардал, буудалд байрласан төлбөрийг дүгнэх боломжгүй гэж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Д...........гаас түрээсийн төлбөрт 12.000.000 төгрөг, ашиглалтын зардал 1.098.516 төгрөг нийт 13.098.516 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38.609.999  төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Талууд .......... хотын .......... дүүргийн 6 дугаар хороо, .......... дугаар хороолол, хд 27 дугаар байр, 1 давхрын 259.98 м2 талбайтай үйлчилгээний зориулалт бүхий  талбайд засан сайжруулалт хийсэн  талаар маргаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Д...........гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  321.000 төгрөгийг буцаан олгох зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2021/01232 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 147 дугаар зүйлийн 147.1.-д заасныг баримтлан хариуцагч Д...........гаас 32.598.516.48 /гучин хоёр сая таван зуун ерэн найман мянга таван зуун арван зургаан төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19...........9.998.52 /арван есөн сая нэг зуун есөн мянга есөн зуун ерэн найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.4., 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар хариуцагч Д...........гаас  13.098.516 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л...........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38. 609.999 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж ,

 Шийдвэрийн 3 дугаар заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 548.200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 409.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д...........гаас 320.943 /гурван зуун хорин мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л...........д олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 548.200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 409.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д...........гаас 223.443 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л...........д олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д...........гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  321.000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР