Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2021/01297/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... тоотод байрлах “Х.х” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод байрлах “АЗБАЭ” ХХК /РД:.../-д холбогдох

 

“Барилгын туслах материалын түрээсийн гэрээний үүрэгт 15,973,005 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч “АЗБАЭ” ХХК болон “Х.х” ХХК нар нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 20-200 тоот “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г байгуулсан ба энэ гэрээгээр 6,900 ширхэг барилгын туслах бараа материалыг ... аймаг, ... сум, ... баг, Хүслийн хотхоны орон сууцны барилгын ажилд ашиглах зорилгоор түрээслэн авсан. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 32,014,770 төгрөг, борлуулалт 400,000 төгрөг, дутсан бараа материалын төлбөр 1,798,400 төгрөг, гэмтлийн төлбөр 8,000 төгрөг, нийт 34,221,170 төгрөг болсноос барьцаа 2020.04.24-ний өдөр 2,000,000 төгрөг, 21,572,500 төгрөг, нийт 23,572,500 төгрөг төлж, үлдэгдэл 10,648,670 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20-200 тоот Барилгын туслах бараа материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт /түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөгдөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5%-ийн алданги төлнө/ гэж заасан. Иймд барилгын туслах бараа материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 10,648,670 төгрөг, алданги 5,324,335 төгрөг, нийт 15,973,005 төгрөгийг хариуцагч “АЗБАЭ” ХХК-аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “АЗБАЭ” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

“... регистрийн дугаартай АЗБАЭ ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг ба 2019 оны 9-р сараас “Д.а” ХХК-ийн захиалгаар ноос ноолуур угаах, боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа болно. Бид нэхэмжлэгч “Х.х” ХХК-тай 2020.04.24-ний өдөр ... тоот “Барилгын туслах материал түрээслэх гэрээ” байгуулан уг гэрээний Хавсралт №2-т тусгасаны дагуу бараа материалыг түрээслэхээр гэрээ хийн 2020.04.24-ний өдөр 12,680,000 төгрөгийг төлсөн байна. Дээрх түрээсийн гэрээ нь тус гэрээний 10.1-д заасны дагуу 2020.05.24-ний өдөр дуусгавар болсон. Бид аман тохиролцоо буюу утсаар холбогдох, мэйлээр холбогдох байдлаар өөр бусад материал болон дээрх хавсралт 2-т тусгасан бараа материалыг сунган ашигласан нь үнэн болно. Нийт 10,648,670 төгрөгийн төлбөр тооцоотой байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Бид ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн барилгын ажлаас гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваагүй байгаа тул дээрх төлбөр тооцоог барагдуулж чадахгүй сүүлийн 2 жил тогтмол санхүүгийн хүндрэлтэй байдалд байгаа болно. Захиалагч Д.а ХХК нь гэрээний хугацаанд төрийн өмчит болж, өөрчлөлтүүд орсон ба гаднаас орж ирэх санхүүжилт нь дэлхий нийтээр өртөд байгаа цар тахалаас хамааралтай удаашралтай байгаа болно. Гэрээний хүчинтэй хугацаа дууссан, гэрээний хугацаанд бид төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул 2020.05.24-ний өдрөөс хойш ашигласан бараа материалын үлдэгдэл төлбөрт алданги тооцох нь үндэслэлгүй ба бид 10,648,670 төгрөгийн түрээсийн болон дутсан бараа материалын төлбөрийг 2021.12.25-ны өдөр 3,549,557, 2022.01.25-ны өдөр 3,549,557, 2022.02.25-ны өдөр 3,549,557 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр эвлэрэх хүсэлтэй байна.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай “АЗБАЭ” ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2021 онд ... аймгийн ... суманд баригдаж байгаа Ноос ноолуурын үйлдвэрийг барихдаа “Х.х” ХХК-аас барилгын туслах материалыг түрээслэн 1 сарын хугацаатай гэрээ хийж байгаа. Энэ хугацаанд манай барьж байгаа барилгын захиалагч компани нь төрийн өмчит хувьцаат компани болсон. Гэрээний үндсэн төлбөрийг зөвшөөрч байгаа. Алдангийг харин зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2020 оны 4 сарын 24 өдөр хийгдсэн 10.1-д зааснаар 1 сарын хугацаатай гэрээ хийсэн. Гэрээний хавсралт 1 дээр байгаа төлбөрийг төлж дууссан. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр хэрэгжээд дууссан байгаа. Талууд гэрээнд алданги төлөхийг заасан учир 1 сарын түрээсийн төлбөрөө төлөөд дууссан. Дараагийн ашигласан материал маань гэрээгүй учир эднийхийг алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзээд байна. Анх манайх 4400 ширхэг материалыг 1 сарын хугацаанд ашиглаад энэ гэрээний харилцаа дууссан. Үүний дараа 2500 ширхэгийг нэмж авсан. Үүнийг 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл ашигласан. Нийт 34 сая төгрөг болсон. Үүнээс 24 сая төгрөгийг төлсөн. Тэгэхээр үлдэгдэл нь сүүлийн гэрээгүй хэсэг гэж үзээд байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.х ХХК нь хариуцагч “АЗБЭА ХХК –д холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20-200 тоот Барилгын туслах бараа материал түрээслэх гэрээний үүрэгт 15,973,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв .

Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20-200 тоот  Барилгын туслах бараа материал түрээслэх, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдсан. Талууд мөн хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1, 320 дугаар зүйлийн 320.1-д зааснаар түрээсийн төлбөр, түрээсийн гэрээний хугацааг тохирсон байна. /хэргийн 4-6 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү гэрээгээр шилжүүлсэн 4400 ширхэг барилгын туслах материалыг манай талд эргүүлэн өгөөгүй, 2500 ширхэгийг нэмж аван гэрээг сунгасан  тул төлбөр, алданги төлөх үүрэгтэй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 20-200 тоот гэрээний үйлчлэх хугацаа дууссан, 4400+2500 нийт 6900 ширхэг туслах материал авсан нь үнэн, гэрээ үргэлжилсэн ч, алданги төлөх тухай гэрээг бичгээр хийгээгүй тул алданги төлөхгүй, төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иймд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хүртэл “Х.х” ХХК-аас хүлээн авсан 6900 ширхэг барилгын туслах материал  /хэргийн 12-17 дугаар хуудас/ түрээслэсний төлбөр төлөх талаар талууд маргаагүй тул 10,648,670 төгрөгийг “АЗБАЭ” ХХК-аас гаргуулан “Х.х” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Талуудын байгуулсан гэрээний 7.2 т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцжээ.

Алданги нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэмэлт үүрэг, хариуцлага бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь анз шаардах эрхгүй байна.

Талуудын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20-200 тоот  Барилгын туслах бараа материал түрээслэх гэрээний 10.1-д зааснаар гэрээний үйлчлэх хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл байна гэснээр 4400 ширхэг барилгын туслах материал хүлээн авч, түрээсийн төлбөр барагдуулсан, энэхүү гэрээгээр хүлээн авсан 4400 ширхэг барилгын туслах материал дээр нэмэн 2500 ширхэгийг хүлээн авч 6900 ширхэг болсон талаар маргаагүй.

Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд зөрчсөн тал хүлээх нэмэлт үүрэг, хариуцлага болох алданги төлөх үүрэг хүлээгээгүй, бичгээр байгуулаагүй гэж маргаж байгаа.

20-200 тоот гэрээний 10.2-т гэрээний үйлчлэх хугацааг хоёр тал тохиролцсоноор бичгээр сунгаж болно, 11.2-т гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл талууд дээрх гэрээний 11.2-т зааснаар 4400+2500 ширхэг барилгын туслах материал түрээслэх, түрээсийн төлбөр төлөх талаар харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй, талуудын эрх боловч “анз” тооцох гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаагүй тул “анз”-ын төрөл болох “алданги” шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч “Х.х” ХХК-ийн хариуцагч “АЗБЭА” ХХК-аас алданги 5,324,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгчийн  Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 2021 оны  10 дугаар  сарын 21 -ний өдөр 237,820 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АЗБАЭ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 10,648,670 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 185,329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.х” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “АЗБАЭ” ХХК-аас 10,648,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.х” ХХК-д олгож, алданги 5,324,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 2021 оны  10 дугаар  сарын 21-ний өдөр төлсөн 237 820  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АЗБАЭ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 185,329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.х” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ