Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00603

 

 

                                    “ **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймаг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 1232 дугаар шийдвэр, 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар магадлалтай, 

 **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 **** ХХК-д холбогдох 

Барилгын туслах материалын түрээсийн гэрээний үүрэг10,648,670 төгрөг, алданги 5,324,335 төгрөг, нийт 15,973,005 төгрөгийг гаргуулах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Авирмэдийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, Б.Батдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** ХХК нь  **** ХХК-дхолбогдуулан барилгын туслах материалын түрээсийн гэрээний үүрэг10,648,670 төгрөг, алданги 5,324,335 төгрөг, нийт 15,973,005 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч алдангийг эс зөвшөөрч, маргажээ. 

2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1232 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч  **** ХХК-аас 10,648,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, алданги 5,324,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 237,820 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  **** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 185,329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар магадлалаарДархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1232 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1... гэснийг 287 дугаар зүйлийн 287.1... гэж , ... алданги 5,324,335 төгрөг, нийт 15,973,005 төгрөгийг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч  **** **** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,820 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  **** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 237,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Авирмэд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн буюу гэрээний талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн. Ийнхүү буруу дүгнэлт хийсний улмаас алдангид нэхэмжилсэн 5,324,335.0 төгрөгийг хариуцагч талаас нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон. Хариуцагч талын хувьд өөрийн үндсэн эрхэлж буй үйл ажиллагааны хүрээнд ашиглах зорилгоор барилгын туслах материалыг нэхэмжлэгчээс түрээслэн, тухайн туслах материалыг гагцхүү зориулалтынх нь дагуу компанийн өөрийн үндсэн үйл ажиллагаанд ашиглан нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгсөн. Энэ харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн түрээсийн зүйлийг өөрийн үндсэн үйл ажиллагаанд зориулалтынх нь дагуу ашиг олох зорилгоор ашигласан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна. Улсын Дээд шүүхийн 2016 оны 3 дугаартай зөвлөмжид “Түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинж бий боловч түрээсийн гэрээний хувьд гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авах эрхтэй байдаг бол эд хөрөнгө хөлслөхгэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг ашиглах эрхтэй байдаг. Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь хөлслөгчийн ашиглах хэрэгцээг хангах зорилготой байдаг. Хэрэв тухайн эд хөрөнгийг тодорхой зориулалтаар шилжүүлсэн бол түүнээс гарах үр шимийг түрээслэгч олж авах эрхтэй, тийм учраас түрээсийн зүйлийн зориулалт эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаатай нь анхнаасаа тодорхой байдаг байна.” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн гэрээний талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлсон дүгнэлт нь хуулийн зохицуулалт, Улсын Дээд шүүхийн зөвлөмж, тайлбарт огт нийцэхгүй байна. Мөн магадлалд ямар учраас энэхүү гэрээний харилцаа түрээсийн гэрээнд хамаарахгүй эд хөрөнгө хөлслөх гэрээ болох талаар тодорхой тусгаагүй байна. Түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласны үр дүнд үр шим үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул түрээсийн гэрээний хугацааг сунгах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, алданги тооцох зэрэг асуудлыг хуульд заасны дагуу бичгээр гэрээ байгуулсны үндсэн дээр тохиролцох боломжтой. Хэрэв бичгээр байгуулаагүй бол тухайн тохиролцоо хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Хуульд ийм байдлаар зохицуулсан байтал давж заалдах шатны шүүхээс гагцхүү нэхэмжлэгчид ашигтайгаар гэрээний харилцааг тодорхойлж, хуулийг буруу хэрэглээд байна. Харин анхан шатны шүүхээс гэрээний харилцааг зөв тодорхойлж, үндэслэл шийдвэрийг гаргасан болно. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, Б.Батдэлгэр нар гомдлыг хангахгүй орхих байр суурь илэрхийлжээ. 

6. Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Б.Авирмэдийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.04.25-ны өдрийн 001/ШХТ2022/00400 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ: 

7. Хариуцагчийн төлөөлөгч Б.Авирмэдийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна. 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч  **** ХХК-аас 10,648,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, алданги 5,324,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1... гэснийг 287 дугаар зүйлийн 287.1... гэж , ... алданги 5,324,335 төгрөг, нийт 15,973,005 төгрөгийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа алданги 2 тусдаа гаргуулсныг нэгтгэж, нэг үнийн дүнгээр илэрхийлсэн нь оновчтой болсон хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг зөв тодорхойлж чадаагүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйн улмаас алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.   

Магадлалд өөрчлөлт оруулах журмаар дээрх алдааг залруулах боломжтой гэж үзлээ. 

10. “ **** **** ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...” **** ХХК-тай 2020.04.24-ний өдөр 20-200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан, энэ гэрээгээр хариуцагч  **** ХХК6,900 ширхэг барилгын туслах бараа материалыг түрээслэн авсан. ...2020.05.26-ны өдрөөс 2020.08.05-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 32,014,770 төгрөг, борлуулалт400,000 төгрөг, дутсан бараа материалын төлбөр 1,798,400 төгрөг, гэмтлийн төлбөр 8,000 төгрөг, нийт 34,221,170 төгрөг болсноос барьцаа 2020.04.24-ний өдөр 2,000,000 төгрөг, 21,572,500 төгрөг, нийт 23,572,500 төгрөг төлж, үлдэгдэл 10,648,670 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй...түрээслэх гэрээний 7.2-т алданги төлнө гэж заасан, гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 10,648,670 төгрөг, алданги 5,324,335 төгрөг, нийт 15,973,005 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

10.1. Хариуцагч **** ХХК “...2020.04.24-ний өдрийн түрээслэх гэрээ 2020.05.24-ний өдөр дуусгавар болсон. Гэрээний хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн, үүнээс хойш ашигласан бараа материалын түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна, харин алданги тооцох үндэслэлгүй...” гэж мэтгэлцжээ. 

10.2. Зохигчийн хооронд гэрээ дуусгавар болсон хугацаа, алданги төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна. 

11. Хариуцагч  **** ХХК барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг, 2019 оны 09 дүгээр сараас Дархан арьс ширний цогцолбор ХХК-ийн захиалгаар ноос ноолуур угаах, боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэх зорилгоор “ **** **** ХХК-тай2020.04.24-ний өдөр 20-200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулан уг гэрээний хавсралт №2-т заасны дагуу бараа материалыг түрээслэхээр тохиролцжээ. 

12. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь баримтад үндэслэгдээгүй, зохигчийн хоорондох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэж үзнэ 

12.1. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

12.2. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ. 

12.3. “ **** ХХК барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж, ашиг олох зорилгоор  **** **** ХХК-аас зориулалтын барилгын туслах материалыг эзэмшилдээ авч, зохих төлбөрийг төлөх, хариуцагч гэрээний зүйлийг шилжүүлэхээр тохиролцсон нь тогтоогдсон байна. 

13. Анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2-т заасантай нийцжээ. 

14. Түрээсийн гэрээний 10.1-д зааснаар түрээсийн гэрээний үйлчлэх хугацаа 2020.04.24-ний өдрөөс 2020.05.24-ний өдөр хүртэл гэж талууд харилцан тохиролцсон байна. 

15. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т “хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан” тохиолдолд хэлцлийг бичгээр байгуулсанд тооцохоор заажээ. 

15.1. “ **** **** ХХК-ийн 2020.04.24-ний өдрийн 20-200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээ2020.08.05-ны өдөр хүртэл сунгагдсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “ **** ХХК-аас “...Бид аман тохиролцоо буюу утсаар холбогдох, и-мэйлээр холбогдох байдлаар өөр бусад материал болон дээрх хавсралт 2-т тусгасан бараа материалыг сунган ашигласан нь үнэн болно...” гэж шүүхэд бичгийн тайлбар, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалийн “...анх манайх 4.400 ширхэг материалыг 1 сарын хугацаанд ашиглаад энэ гэрээний харилцаа дууссан. Үүний дараа 2.500 ширхэг туслах материал нэмж авсан. Үүнийг 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ашигласан...” гэсэн тайлбараас дүгнэвэл хариуцагч түрээсийн гэрээ  2020.08.05-ны өдөр хүртэл сунгагдсан, нэмж барилгын туслах материал түрээслэсэн болох нь тогтоогдож байна. 

15.2. Талуудын хооронд байгуулсан 2020.04.24-ний өдрийн 20-200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээний 10.2-т “гэрээний үйлчлэх хугацааг хоёр тал тохиролцсоноор бичгээр сунгаж болно”, 11.2-т “гэрээнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тохиролцсон хэдий ч “ **** ХХК-аас түрээсийн гэрээг сунгах, нэмж барилгын туслах материал түрээслэх талаар хүсэл зоригоо амаар болон утсаар илэрхийлж, хожим и-мэйл илгээснийг “ **** **** ХХК хүлээн авсан нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар гэрээг бичгээр хийсэн гэж үзнэ. 

15.3 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж зохицуулжээ. 

 **** ХХК2020.04.24-ний өдрийн 20-200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээний зүйлийг үргэлжлүүлэн ашигласаар байсан, нэмж барилгын туслах материал түрээслэсэн, 2020.08.05-ны өдөр үлдсэн 337 ширхэг барилгын туслах материалыг   **** ****” ХХК-д буцаан өгснөөр гэрээ дуусгавар болсон байх тулИргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээний хугацаа түрээсийн гэрээг энэ хүртэлх хугацаанд тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно. 

15.4. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл талууд Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1, 320 дугаар зүйлийн 320.1-д зааснаар түрээсийн төлбөр, түрээсийн гэрээний хугацааг тохирсон байна. 

16. Зохигч түрээсийн гэрээний зүйлийг “ **** ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн барилгын туслах материалын нэг бүрийн нэр, тоо, хэмжээ, ширхэг, түүнчлэн гэрээний зүйлийг 2020.08.05-ны өдөр буцаан өгсөн, хариуцагч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрөөс 23,572,500 төгрөг төлсөн, үлдэгдэл 10,648,670 төгрөг болох талаар маргаагүй болно. 

17. Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн учир Иргэний хуулийн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 2020.04.24-ний өдрийн 20-200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээний 2.1, 5.1, 8.2-т зааснаар түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.

18. Давж заалдах шатны шүүх 2020.04.24-ний өдрийн 20-200 тоот гэрээг сунгагдсанд тооцож гэрээ дуусгавар болсон хугацааг зөв тодорхойлсон, уг гэрээний 7.2-т зааснаар  **** **** ХХК алданги нэхэмжлэх эрхтэй талаар хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй боловч алданги тооцох гүйцэтгээгүй үүргийг тодорхойлж чадаагүй байна. 

19. Хариуцагч “ **** ХХК“...ашигласан бараа материалын үлдэгдэл төлбөрт алданги тооцох нь үндэслэлгүй...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан баримтын хэмжээнд уг нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч  **** ХХКтайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

20. Давж заалдах шатны шүүх  **** **** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ерөнхий байдлаар дүгнэж алдангийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал: 

20.1. “ **** **** ХХК2020.05.26-ны өдрөөс 2020.08.05-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 32,014,770 төгрөг гэж түрээсийн гэрээнд заасан төлбөрөөс гадна борлуулалт400,000 төгрөг, дутсан бараа материалын төлбөр 1,798,400 төгрөг, гэмтлийн төлбөр 8,000 төгрөг, нийт 15,973,005 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

20.2. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, талуудын хооронд байгуулсан 2020.04.24-ний өдрийн 20-200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээний 2.2, 2.7, 2.10, 2.11-д зааснаар “ **** ХХК түрээсийн зүйлийн чанар байдлыг алдагдуулахгүйгээр зориулалтын дагуу ашиглах, устгаж гэмтээхгүй, бүтэц хийц болон гадаад төрөхөд ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр гэрээний хугацаа дуусмагц бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. 

 20.3.  **** **** ХХКбарилгын туслах материал түрээслэх гэрээний 7.3, 7.4, 9.2, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 326 дугаар зүйлийн 326.2-т тус тус зааснаар борлуулалтдутсан бараа материалын болон гэмтлийн төлбөр зэрэг гэрээний зөрчлийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.  

21. Нэхэмжлэгч  **** **** ХХК-аас шүүхэд гаргасан түрээсийн төлбөр төлөлтийн баримтаар хариуцагчаас түрээсийн төлбөрт 23,572,500 төгрөг төлсөн болох нь нотлогдож байх бөгөөд борлуулалт400,000 төгрөг, дутсан бараа материалын төлбөр 1,798,400 төгрөг, гэмтлийн төлбөр 8,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч маргаагүй тул борлуулалтдутсан бараа материалын болон гэмтлийн төлбөрийг  **** ХХК-аас төлөөгүй гэж дүгнэх үндэслэлтэй.  

21.1. Талуудын хооронд байгуулсан2020.04.24-ний өдрийн 20-200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-т “Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө” гэж тусгагджээ.   

21.2. Түрээсийн гэрээний 8 дугаар зүйлд төлбөр болон тооцоо хийх журмыг харилцан тохиролцсон байх бөгөөд  **** **** ХХК-ийн нэхэмжлэлийн гэрээний зөрчлийн шаардлага нийт 2,206,400 төгрөг түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн төлбөрт хамаарахгүй тул 2,206,400 төгрөгт алданги тооцох боломжгүй. 

21.3. Дээр дурдсанаар түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2020.08.05-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021.10.26-ны өдөр хүртэлхариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг буюу түрээсийн төлбөр 8,442,270 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар адланги гаргуулах үндэслэлтэй тул магадлалд энэ хүрээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.   

22. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон гэрээний зөрчил 2,206,400 төгрөг /борлуулалт400,000 төгрөг, дутсан бараа материалын төлбөр 1,798,400 төгрөг, гэмтлийн төлбөр 8,000 төгрөг/, түрээсийн төлбөр 8,442,270 төгрөг, алданги 4,221,135 төгрөг, нийт 14,869,805 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,103,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгч Б.Авирмэдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...287 дугаар зүйлийн 287.1...” гэснийг “...232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1...” гэж,   ... алданги 5,324,335 төгрөг, нийт 15,973,005 төгрөг...” гэснийг “...хариуцагч  **** ХХК-аас 14,869,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,103,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, “...хариуцагч  **** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 237,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгосугай.” гэснийг “...хариуцагч  **** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид232,299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН