Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00018

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01297/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1232 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын туслах материалын түрээсийн гэрээний үүрэгт 15.973.005 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгал, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт/цахимаар/ нар оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунжаргалаас : 

Хариуцагч ******* ХХК болон ******* ХХК нар нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 20-200 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан ба энэ гэрээгээр 6,900 ширхэг барилгын туслах бараа материалыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 12-р баг, Хүслийн хотхоны орон сууцны барилгын ажилд ашиглах зорилгоор түрээслэн авсан. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 32,014,770 төгрөг, борлуулалт 400,000 төгрөг, дутсан бараа материалын төлбөр 1,798,400 төгрөг, гэмтлийн төлбөр 8,000 төгрөг, нийт 34,221,170 төгрөг болсноос барьцаа 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 21,572,500 төгрөг, нийт 23,572,500 төгрөг төлж, үлдэгдэл 10,648,670 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20-200 тоот Барилгын туслах бараа материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт алданги төлнө гэж заасан.

Иймд барилгын туслах бараа материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 10,648,670 төгрөг, алданги 5,324,335 төгрөг, нийт 15,973,005 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК-иас :

******* ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг ба 2019 оны 9-р сараас Дархан арьс ширний цогцолбор ХХК-ийн захиалгаар ноос ноолуур угаах, боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа болно.

Бид нэхэмжлэгч ******* ХХК-тай 20200 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №20//200 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулан уг гэрээний Хавсралт №2-т заасны дагуу бараа материалыг түрээслэхээр гэрээ хийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 12,680,000 төгрөгийг төлсөн байна. Дээрх түрээсийн гэрээ нь тус гэрээний 10.1-д заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон. Бид аман тохиролцоо буюу утсаар холбогдох, мэйлээр холбогдох байдлаар өөр бусад материал болон дээрх хавсралт 2-т тусгасан бараа материалыг сунган ашигласан нь үнэн болно. Нийт 10,648,670 төгрөгийн төлбөр тооцоотой байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Бид ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн барилгын ажлаас гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваагүй байгаа тул дээрх төлбөр тооцоог барагдуулж чадахгүй сүүлийн 2 жил тогтмол санхүүгийн хүндрэлтэй байдалд байгаа болно. Захиалагч Дархан арьс ширний цогцолбор ХХК нь гэрээний хугацаанд төрийн өмчит болж, өөрчлөлтүүд орсон ба гаднаас орж ирэх санхүүжилт нь дэлхий нийтээр өртөд байгаа цар тахлаас хамааралтай удаашралтай байгаа болно. Гэрээний хүчинтэй хугацаа дууссан, гэрээний хугацаанд бид төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ашигласан бараа материалын үлдэгдэл төлбөрт алданги тооцох нь үндэслэлгүй ба бид 10,648,670 төгрөгийн түрээсийн болон дутсан бараа материалын төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,549,557, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,549,557 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,549,557 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1232 дугаар шийдвэрээр :

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 10,648,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, алданги 5,324,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 237,820 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 185,329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал давж заалдах гомдолдоо :

Анхан шатны шүүх нь алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон.

... 20-200 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 10.2-т гэрээний үйлчлэх хугацааг хоёр тал тохиролцсоноор бичгээр сунгаж болно, 11.2-т "гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тохиролцсон ба хариуцагчийн хүсэлтээр 2500 ширхэг бараа материал нэмж түрээсэлсэнд хариуцагч маргаагүй, зөвшөөрч байгаа тул Иргэний хуулийн 296-р зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж зааснаар 20-200 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ" сунгагдсанд тооцож, уг гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй юм.

Иймд гомдлыг хүлээн авч, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч ******* ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал эс зөвшөөрч гаргасан гомдлыг давж шатны шүүх хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын ...20-200 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ" сунгагдсанд тооцож, уг гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлын алданги гаргуулах хэсгийг хангах, мөн хууль хэрэглээний зэрэг үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Хэргээс үзэхэд: нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК -тай 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 20-200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан, энэ гэрээгээр хариуцагч ******* ХХК-нь 6,900 ширхэг барилгын туслах бараа материалыг түрээслэн авсан. ... 20-200 тоот барилгын туслах бараа материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт алданги төлнө гэж заасан, гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 10,648,670 төгрөг, алданги 5,324,335 төгрөг, нийт 15,973,005 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч тал эс зөвшөөрч ... 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №20/200 тоот барилгын бараа материалыг түрээслэх гэрээ нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон. Гэрээний хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн, үүнээс хойш ашигласан бараа материалын түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна, харин алданги тооцох үндэслэлгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Талуудын тайлбар , хэрэгт авагдсан баримт зэргээс үзэхэд: хариуцагч ******* ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг, 2019 оны 9-р сараас Дархан арьс ширний цогцолбор ХХК-ийн захиалгаар ноос ноолуур угаах, боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа гэх ба талууд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №20/200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулан уг гэрээний хавсралт №2-т заасны дагуу бараа материалыг түрээслэхээр гэрээ хийж улмаар 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 12,680,000 төгрөгийг төлсөн, дээрх түрээсийн гэрээ нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон гэх ба хариуцагч нь өөр бусад материал болон дээрх гэрээний хавсралт 2-т тусгасан бараа материалыг сунган ашигласан, нийт 10,648,670 төгрөгийн төлбөр тооцоотой талаарх үйл баримт тогтоогдсон, хариуцагч 10,648,670 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч тал ... 20-200 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээ сунгагдаж бараа, материалыг үргэлжлүүлэн түрээслэн ашигласан, гэрээнд алданги төлөөр заасан тул 5,324,335 төгрөг гаргуулна, хариуцагч алданги тооцох үндэслэлгүй, тул зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх : ...талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20-200 тоот Барилгын туслах бараа материал түрээслэх, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1,320 дугаар зүйлийн 320.1-д зааснаар түрээсийн төлбөр, түрээсийн гэрээний хугацааг тохирсон байна гэж,

Талууд дээрх гэрээний 11.2-т зааснаар 4400+2500 ширхэг барилгын туслах материал түрээслэх, түрээсийн төлбөр төлөх талаар харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй, талуудын эрх боловч анз тооцох гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар ... анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаагүй тул алданги шаардах эрхгүй гэх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй байна гэж дүгнэн алданги 5,324,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохироохгүй, талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэргийн 4-17 дугаар талд авагдсан бичгийн баримтууд, хэргийн нөхцөл байдал болон үйл баримт зэргээс дүгнэж үзвэл :

Хариуцагч ******* ХХК н тайлбартаа барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг гэх ба нэхэмжлэгч ******* ХХК-иас барилгын туслах материалыг түр хугацаагаар хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хариуцагч нь эдгээр хөрөнгийг ашигласны хөлсийг төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцож энэ үүднээс Барилгын туслах материал түрээслэх гэсэн нэртэй №20-200 тоот гэрээ-г 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр байгуулсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн агуулга, шаардлагад нийцэж байна гэж үзэх үндэслэлтэй.

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчид ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх, хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах үүргийг тус тус хүлээдэг.

Харин түрээсийн гэрээний хувьд түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээдэг бөгөөд үр шим гол нөхцөл нь байдаг.

Энэ талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж заасан.

Иймд талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

Талуудын тайлбараас үзэхэд: хэргийн 4-6-р талд авагдсан барилгын туслах материал түрээслэх гэх нэршилтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ-гээр нэр бүхий 4400 эд хөрөнгийг нэг сарын хугацаатай эзэмшиж, ашиглахаар байгуулсан, гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь 4400+2500 нэмж, нийт 6900 эд хөрөнгийг нь үргэлжлүүлэн ашиглаж байсан, ...энэ хугацааны төлбөр төлөх талаар талууд маргаагүй тул энэ нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасныг зөрчөөгүй, хуульд зааснаар гэрээ-ний хугацаа сунгагдсан гэж үзэхээр байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын ...20-200 тоот гэрээ-г сунгагдсанд тооцож, уг гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй, гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулж, ... өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1232 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1... гэснийг 287 дугаар зүйлийн 287.1... гэж , ... алданги 5,324,335 төгрөг, нийт 15,973,005 төгрөгийг гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 820 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 237 815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.АМАРСАНАА

                                                                      ШҮҮГЧ                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                      ШҮҮГЧ                   Х.БАЙГАЛМАА