Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/02242

 

 

 

 

 

 2021 оны11 срын   23 өдөр

                        181/ШШ2021/02242

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Э –ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М  ХХК -д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Улсын дээд шүүхээс хэрэг буцсантай холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Н.Э ын хувьд М  ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А43/19 дүгээр тушаалд заасан зөрчлийг гаргаагүй, мөн өвчтэй байх хугацаанд ажлаас халсан. Иймд Н.Э ыг М  ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт халагдсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны нөхөн олговор болох 99,900,884.05 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байгаа.

Шүүх хуралдаанаас өмнө хуулийн дагуу үзлэг хийгдсэн. Гэхдээ тухайн бичлэг хэзээ хийгдсэн нь тодорхойгүй, мөн дүрс байхгүй, уг бичлэгээр юуг тогтоох гээд байгаа нь ойлгомжгүй байна. Манай зүгээс ажлаас халсан тушаалын талаар нэг бүрчлэн тайлбарлаж байсан бөгөөд энэ талаар өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой байгаа. Хавтаст хэргийн 27 дугаар хуудаст хэрэв та хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын зөрчил авч ажлаас халах гэж байгаа бол хүний нөөцийн албанд заавал мэдэгдэж, хүний нөөцийн албанаас зөвшөөрөл авна гэсэн журмыг зөрчсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудаст 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаанд н.Оюунчимэг гэх хүнд олгогдсон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байгаа. Үүнээс харахад шийдвэр олгогдсон эрх үүргийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн заалт байхгүй байна. Иймээс тушаал дээр н.Оюунчимэгийг төлөөлж гарын үсэг зурсан хүн хэн болох нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Хувьцаа эзэмшигчийн шийдвэр дээр эрх олгохдоо маш тодорхой олгосон байсан.

Хариуцагч талын зүгээс Н.Э ыг архи уусан гэж тайлбарладаг ч драйгер багажаар тэг гардаг. Мөн Н.Э т зааварчилгаа өгсөн гэж тайлбарладаг боловч Н.Э т зааварчилгаа өгөөгүй. Н.Э ын ажлын байрны тодорхойлолтод ажлын цагийг 07:30-19:30 цаг гэж тодорхой зааж өгсөн. Иймээс тушаалыг үндэслэж ажлын байранд архи уусах гэх зүйл байхгүй байгаа юм. Шүүхээс үзлэг хийхэд архины шил Б-16, 17-гоос авсан байдаг, Н.Эрдэнэбатын хувьд Д-1 гэх гэрт амьдардаг. Өөр гэрээс авсан архины шилийг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа юм. Манай зүгээс н.Отгонбаатар гэх хүнийг гэрчээр асуулгахад Н.Э ыг ажил томилсон эсэх талаар, ажлын байранд байсан эсэх талаар маш тодорхой ярьсан. И-мэйлд үзлэг хийхэд ажлаас халах шалтгаан болсон үйл явдлаас хойш сарын дараа 3 янзаар 3 өөр байдлаар и-мэйл ирүүлдэг. Хариуцагч талаас Х.Өмөрбек гэх хүнд сахилгын шийтгэл авсан талаар баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэг сарын дараа гаргаж өгсөн тодорхойлолтоос шалтгаалаад ажилд нь эгүүлэн авч, өнөөдрийн байдлаар Н.Э ын албан тушаалд ажиллаж байгаа. Худал мэдүүлэг өгсний төлөө албан тушаал дэвшээд ажиллаад явж байгаа. Иймээс Х.Өмөрбек гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Н.Э  нь ажлын байранд осолд орж эмнэлэгт хэвтээд акттай байсан учир бид нар 99,900,884.05 төгрөг гэж цалингаа бодсон. Дэлгэрэнгүй байдлаар хавтаст хэргийн ард талд хүснэгт гаргаад хийсэн байгаа” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Э  2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн албаны ажилтнуудтай нийлж, асуудал нь илрэхээр тухайн өдрийн орой кемпээ орхиод гараад явсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21:00 цагийн үед архиа гаргачихаад кемптээ буцаж ирэхдээ нүд нь хөхөрч, хөл нь гэмтсэн байдалтай байсан. Болсон үйл явдал нь тодорхой учраас тухайн үед хамт архи уусан хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Н.Э тай хамт архи уусан хүмүүст сахилгын арга хэмжээ авсан байна лээ. Тус хүмүүсийн тушаалыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Бид нар хавтаст хэрэгт Ж.Оюунчимэгээс гарын үсэг зурж байгаа этгээдэд олгосон итгэмжлэлийг өгсөн. Мөн М  ХХК-ийн дүрмийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус дүрмийн 8.4-т бүрэн эрхт этгээд нь эрх шилжүүлж болох талаар заасан. М  ХХК нь Олон Улсын хөрөнгийн биржээс гарсан компани учраас захирал, удирдлагууд нь гадагшаа, дотогшоо их явдаг тул энэ зохицуулалтанд хэрэглэгддэг юм.

Н.Э ын амьдарч байсан гэрт очиж үзлэг хийгээгүй юм байна лээ, харин хангамжийн ажилтнуудын архидсан гэх гэрт нь очиж үзлэг хийсэн. Манай зүгээс М  ХХК-ийн дотоод журам, кемпийн журмыг нотлох баримтаар өгсөн. Үүнд согтууруулах ундаа хэрэглэсэн бол шууд ажлаас хална гэсэн зохицуулалт тусгагдсан. Уул уурхайн компанид 500 гаруй хүнийг нэг дор дэг журамтай байлгах нь хамгийн том асуудал юм. Ямар нэгэн байдлаар архи согтууруулах ундаа хэрэглэх юм бол хоорондоо зодолддог, эрэгтэй нь эмэгтэйгээ хүчирхийлдэг зэрэг янз бүрийн асуудал гардаг учраас архины дэг журамд маш хатуу бодлого баримталдаг тул Н.Э  халагдах шалтгаан болсон.

Цалин хөлсний тооцооллыг сайн ойлгохгүй байгаа гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Хавтаст хэрэгт Н.Э ын хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн. Уг гэрээнд цалин хөлсийг цагаар тооцно гэж заасан. Цалин хөлсний хэмжээг нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хуульд заасан үндсэн нөхцөлүүдийг тусгах ёстой. Цалин хөлсийг гэрээнд яаж тусгасан байна тэр хэмжээгээр нь бодох ёстой. Өмнө өөр хэргүүд дээр өгсөн цалин хөлсний тодорхойлолтуудыг судалж үзэхэд Н.Э  нь Орхон аймагт бүртгэлтэй иргэн, Хөшөөтийн уурхайд Ховд аймагт очиж 28 хоног тасралтгүй ажилладаг. Энэ хооронд дунд нь хагассайн бүтэнсайн буюу амралтын өдөр таардаг. Маргаан бүхий үйл явдал болох үед бүх нийтийн амралтын өдөр таарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 өдөр ажиллах хугацаа 8 цаг, 7 хоног ажиллах хугацаа 40 цагаас илүүгүй байх энэ зохицуулалт ростероор ажиллахад эвдэгддэг. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж байгаа цалин хөлс бол бүх нэмэгдлүүд орсон цалин хөлс юм. Хэрэв цалин хөлсний хэмжээг тооцох юм бол маргаантай байгаа гэдгийг анхаарч үзнэ үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э  нь хариуцагч М  ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

М  ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн 043/19 дугаартай Н.Э т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын 1 дэх заалтаар “Тус компанийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтан Нацагдорж овогтой Эрдэнэбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 31-нд согтууруулах ундаа хэрэглэж, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч явсан, түүнчлэн ажлын байраа дур мэдэн орхин явж ажил тасалсан тул түүнд ажлаас халах сахилгын сахилын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9.7, 2.5.9.9, 7.5, Сахилгын дүрмийн 1.1, 5.1, 8, 12, Компанийн дүрмийн 8.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.5, 6.3.1, 6.3.2, 6.3.7, 6.3.11, 8.2.6, 8.2.12, 8.2.13 дахь заалтуудыг тус тус үндэслэн Н.Э ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байна.

Хариуцагч нь Н.Э  нь 2018 оны 12 дугаар сарын 31-нд согтууруулах ундаа хэрэглэж, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч явсан, түүнчлэн ажлын байраа дур мэдэн орхин явж ажил тасалсан гэх зөрчил нь түүнийг сахилгын хариуцлага хүлээх үндэслэл болсон бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.1-д “Ажлын байраа дур мэдэн солих, орхиж явах...”, 6.3.2-д “Ажлын байранд согтууруулах ундааны зүйл авч ирэх, согтууруулах ундааны зүйл ууж ажилдаа ирэх болон ажлын цагаар буюу ажлын байранд согтууруулах ундаа болон мансууруулах зүйл хэрэглэх”, 6.3.7-д “шууд удирдах албан тушаалтны гаргасан зөвлөмж, удирдамж, зааварчилгааг үл ойшоох, маргах, биелүүлэхгүй байх” гэж заасныг заасныг зөрчсөн гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан сидинд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийхэд Н.Э ыг хэмжигч багажаар согтуурлын зэргийг тогтоох гэхэд хэл амаар доромжлон, зүй бус үг хэллэг хэрэглэж, эсэргүүцэж согтуурлын зэргийг хэмжигч багажаар хэмжүүлэхээс татгалзаж байсан нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх үзэхээр байна.

 

Хэрэв, нэхэмжлэгч нь согтууруулах ундаа хэрэглээгүй тохиолдолд өөрийн буруугүй болохыг тогтоолгох зорилгоор согтуурлын зэргийг тогтоолгох нь чухал ач холбогдолтой байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг нь хэргийн үйл баримтаас зөрүүтэй, мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэрч байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөсөн үндэслэлтэй байна.

 

Мөн хариуцагч М  ХХК нь нэхэмжлэгч Н.Э ыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Н.Э  нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн нь тогтоогдсон байх боловч нотцой зөрчил гаргахад эмнэлгийн магадлагаатай байгаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан зохицуулалт нь ноцтой зөрчил гаргасан ажилтныг хамгаалах, ажлын байрыг хадгалах зохицуулалт гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн эмнэлгийн магадлагаатай байсан хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаанаас хэтэрсэн байх тул сахилгын арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд, хариуцагч М  ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Н.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч М  ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Н.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э  нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                  С.ЭНХБАЯР