Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00982

 

 

 

 

 

 

 

 

2023 05 12 210/МА2023/00982

 

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00777 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.Э-

Хариуцагч: М ГХОХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 156,981,266 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Н.Э- нь М ГХОХХК-ийн Хөшөөтийн уурхайд агуулахын ахлах ажилтнаар ажилладаг. М ГХОХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дүгээр тушаалаар намайг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарсан, ажлын байраа дур мэдэн орхиж явж ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

1.2 Хариуцагч нь намайг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи уусан гэдгийг нотлоогүй. Үлээлгэх сорилын бичлэг нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бичлэг. Тухайн үед миний амьдарч байсан гэрт очиж үзлэг хийгээгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл тухайн үед миний өрөөнөөс бусад өрөөнүүдийг шалгаад гарч ирсэн архины шилний зургийг хэрэгт өгсөн байна. Хамт архи уусан гэж мэдүүлсэн Х.Ө- гэрчийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй. Түүнчлэн, гэрч М.Э, Г.Н нарын хувьд үйл явдал болох үед хамт байгаагүй.

1.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т зааснаар 01 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтээр амрах баярын өдөр байсан тул бусад ажилтнуудыг амраахаар кемпээс гаргаж байсан. Миний бие ээлжийн ажилтан бус, агуулахын ажилтан тул баярын өдөрт амарна гэж ойлгоод 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө бусад ажилчидтай хамт кемпээс гарч явсан.

Ажил олгогч бүх нийтийн амралтын өдөр зайлшгүй ажиллах ёстой гэвэл урьдчилж мэдэгдсэн байхаар Хөдөлмөрийн дотоод журамд заасан. Гэтэл энэ өдөр ажиллах ёстой талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул ажил тасалсан, дур мэдэн кемп орхисон гэдгийг зөвшөөрөхгүй. Хэрэв нэг өдрийн ажил тасалсан, зөвшөөрөлгүй гарч явсан зөрчил гаргасан гэж үзвэл тус байгууллагын журамд зааснаар энэ нь ажлаас халах хэмжээний зөрчил биш. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөлөө гэмтээсэн байсан.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд үндэслэл өөрөө тодорхой, гаргасан зөрчил тодорхой, яг ямар зөрчил дээр ямар арга хэмжээ ногдуулсан нь тодорхой байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй байх тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

1.4 Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 50 сар, нэг сарын дундаж цалин хөлс 3.139.625 төгрөгөөр тооцож нийт 156.981.266 төгрөгийг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Н.Э- 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн албаны ажилтнуудтай нийлж, согтууруулах ундаа хэрэглэсэн. Архи уусан нь илрэхээр тухайн өдрийн орой кемпээ орхиод гараад явсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орой 21 цаг 00 минутын үед архиа гаргаад кемпэдээ буцаж ирсэн.

Нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг гэрч н.Өмөрбекийн хүний нөөцийн албанд бичсэн мэйл, өөрийнх нь шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдоно. Үлээлгэх сорилын тэмдэглэл нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийнх. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой архи уусан гэж сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын зөрчил гаргасан өдөр болон хэмжилт хийсэн өдөр хооронд 2 хоногийн зөрүү байгаа.

2.2 Кемпийн ажилчид заавал кемпэд хонож ажиллана, зөвшөөрөлгүй гарахгүй, кемпээс орох гарах хөдөлгөөн бүрд албан ёсны зөвшөөрөл авах журамтай. Н.Э-ын ажлын цагийн бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тасалсан гэж бүртгэгдсэн байгаагаар түүний тухайн өдөр ажил тасалсан нь нотлогдоно.

2.3 Тушаал нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах агуулгатай. Нэхэмжлэгч нь кемпээс гарсан, маргааш нь ажлаа тасалсан. Мөн кемп дээр архи уусан. Ажил олгогч нэхэмжлэгчид ямар сахилгын шийтгэл ноогдуулахыг шийдэхдээ бусад нөхцөл байдлуудыг харгалзаж үзсэн ба Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа шат дараалуулж хэрэглэх ёстой гэж хуулиар хязгаарлаагүй.

2.4 Хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг цагаар тооцно гэж заасан. Ростероор ажиллах үед Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажиллах цагийн зохицуулалт болоод амралт, баярын өдрүүдийн зохицуулалт эвдэгддэг. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж байгаа цалин хөлс бол бүх нэмэгдлүүд орсон цалин хөлс.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тушаалын үндэслэлд маргаагүй. Харин надад шат дараалсан арга хэмжээ авсангүй, хамт архи уусан хүмүүст цалин хөлс бууруулах арга хэмжээ авсан хэр нь намайг халсан, мөн хөлөө гэмтээсэн байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчсөн гэж дурдсан. Гэтэл өнөөдрийн хуралдаанд үндэслэлээ өөрчилж, зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Э-ыг М ГХО ХХК-ийн Хөшөөтийн уурхайд агуулахын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 117,342,941 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,638,325 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг М ГХО ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 744,665 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 М ГХОХХК нь Н.Э-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн, ажил тасалсан, зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч явсан, ажлын байраа дур мэдэн орхин явсан зөрчлүүд гаргасан гэж ажлаас чөлөөлсөн.

Н.Э-ын тухайд өмнө нь зөрчил гаргаж байснаас гадна тухайн тохиолдолд нэг дор хэд хэдэн төрлийн зөрчил гаргасан асуудлыг анхан шатны шүүх анхаараагүй. Хөдөлмөрийн хуульд ажилтанд ямар төрлийн шийтгэл ногдуулах асуудлыг ажил олгогч шийдэх байдлаар нээлттэй үлдээсэн, түүнчлэн шийтгэлийг заавал шат дараалан ногдуулахгүй байхаар хуульчилсан.

4.2 М ГХОХХК-ийн хөдөлмөрийн дүрэм, журам, гэрээнд ажилтан нь кемп дотор архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Шүүх хуралдаанд гэрч Х.Ө- болон Г.Н нар Н.Э-ыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи уусныг гэрчилсэн бөгөөд түүний мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх гэрч Х.Ө-ийн мэдүүлгийг нотлох баримт биш гэж үзсэн нь үндэслэлгүй. Гэрч нарын мэдүүлэг зөрсөн тохиолдолд шүүх гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ёстой.

Архины шил нь тухайн үед компанийн ажилтнууд нэг дор цугларч архи ууж байсан гэрээс хураан авсан. Энэ нь тухайн гэрт Н.Э- архи уусан үйл баримттай холбоотой. Мөн Н.Э- нь 2017 оны 07, 09 дүгээр саруудад мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлүүд гаргаж байсан зэргийг харгалзан хариуцагч нь сахилгын шийтгэлийг сонгон хэрэглэсэн.

4.3 Н.Э-ын нийгмийн даатгалын дэвтрээр тэрээр 2018 оны 11, 12 сар, 2019 оны 01 сард тус тус цалин хөлс авсан нь нотлогддог.

Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох ёстой байтал анхан шатны шүүх 2018 оны 10, 11, 12 сарыг сонгон авч тооцсон нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Гэрч Х.Ө-ийн мэдүүлэг нь эргэлзээтэй. Учир нь Х.Ө- ажлаасаа гарсан атлаа буцаад ажилдаа орсон. Ингэхдээ компанийн дотоод журамд зааснаар сонгон шалгаруулалтад ороогүй шууд удирдлагын шийдвэрээр нэхэмжлэгчийн хийж байсан ажил үүргийг гүйцэтгэх болсон. Гэрчийн мэдүүлэг давхар баримтаар нотлох шаардлагатай.

5.2 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Н.Э-ыг архи уусан гэж үзсэн бол тухайн өдөр шалгах, хянах ажиллагаа хийгдэх ёстой байтал уг ажиллагаа хийгдээгүй. Мөн кэмпийн дотоод журамд зааснаар архи уусан болохыг тогтоодог эрх бүхий этгээд нь аюулгүй ажиллагаа хариуцсан алба байдаг. Энэ дагуу Н.Э-ын архи уусан болох нь тогтоогдох ёстой.

Кэмпэд архи уусан асуудал Н.Э-тай холбоотой эсэхийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, өөр гэрээс олдсон архины шилийг нэхэмжлэгчтэй хамааруулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрч Х.Ө-ийн гаргасан тодорхойлолт, гомдлыг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянахаас өмнө шүүх үнэлсэн. Эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул үнэлгээний шаардлага хангахгүй байсан.

5.3 Гэрч Г.Н- нь тухайн үед кэмпэд байгаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч нарын мэдүүлэг зөрдөг. Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн.

5.4 Ажил олгогч нь дотоод журмын хавсралтаар сахилгын дүрмийг баталсан ба уг дүрэмд ямар зөрчилд, ямар дарааллаар сахилгын шийтгэл ногдуулах талаар тогтоосон. Энэ дагуу нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тогтоох ёстой байсан. Хариуцагч гомдолдоо нэхэмжлэгчийг 3-4 зөрчил гаргасан гэх боловч эдгээр нь тогтоогдоогүй. Ажилтны зөрчил тогтоогдоогүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй.

5.5 Анхан шатны шүүх сүүлийн 3 сараар буюу 2019 оны 01 дүгээр сарыг оролцуулахгүйгээр дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч М ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 156,981,266 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. М ГХОХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9.7, 2.5.9.9, 7.5, Сахилгын дүрмийн 1.1, 5,1, 8, 12, Компанийн дүрмийн 8.5, ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.5, 6.3.1, 6.3.2, 6.3.7, 6.3.11, 8.2.6, 8.2.12, 8.2.13 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтан Н.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 4/

4. Нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх дээрх тушаалын үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас баримтаар ирүүлсэн сиди бичлэг, нэхэмжлэгч талаас баримтаар ирүүлсэн сиди бичлэгүүд нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үйл явдлыг харуулсан бичлэг гэдэгт талууд маргаагүй. Мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үйл явдлыг харуулсан бичлэг болох нь тогтоогдсон. Иймд тушаалд зааснаар нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой архи уусан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4.1 Түүнчлэн, гэрч Х.Ө- ...нэхэмжлэгчтэй хамт тухайн өдөр архи уусан гэж, гэрч Д.Отгонбаатар ...архи уух боломжгүй, би мэдэхгүй гэж тус тус мэдүүлсэн. Гэрч Г.Н-, М.Э- нарын хувьд үйл явдал болох үед уурхайд нэхэмжлэгчтэй хамт байгаагүй болох нь тэдгээрийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар дэмжигдэх учиртай. Гэрч Х.Ө-ийн мэдүүлгийг дэмжих бичгийн баримт хэрэгт авагдаагүй. Мөн архины шил ажилчдын байрлаж буй гэрээс олдсон нь нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэснийг бүрэн нотлохгүй.

Иймд анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг хэрэг авагдсан бусад нотлох баримттай харьцуулан дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажлыг тасалсан зөрчил гаргасан болох нь хэргийн 140 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, ажлын цагийн бүртгэлээр тогтоогдсон байна.

5.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын сахилгын дүрмийн 5.1, 5.2-т 3 өдөр буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан тохиолдолд маш ноцтой зөрчилд тооцож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тооцсон байна.

6. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дугаар тушаалыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасанд нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг М ГХОХХК-ийн Хөшөөтийн уурхайд агуулахын ахлах албан тушаалд эгүүлэн тогтоосон нь зөв байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо дундаж цалин хөлсийг тооцоолох журмыг буруу хэрэглэсэн байна.

7.1 Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр, 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сард тус тус цалин хөлс авсан байх тул тухайн сарын дунджаас тооцож нэг сарын дундаж цалин хөлсийг тогтооно. Өөрөөр хэлбэл, сарын дундаж цалин 1,285,912 /1,028,930+1,918,789+910,018=3,857,737:3/ төгрөг, нэг өдөрт 59,809 төгрөг /1,285,912:21,5/, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу 49 сар 9 ажлын хоногт ногдох 63,547,978 төгрөг /1,285,912 төгрөг*49 сар=63,009,688 төгрөг+9 хоног* 59,809 төгрөг/ болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 63,547,978 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00777 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 117.342.941 /нэг зуун арван долоон сая гурван зуун дөчин хоёр мянга есөн зуун дөчин нэгэн/ гэснийг 63,547,978 гэж, 39.638.325 гэснийг 93,433,288 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 774,665 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

М.БАЯСГАЛАН