Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00308

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00876 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 976 дугаар магадлалтай,

Н.Э-ын нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Э нь “М” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтнаар ажиллаж байсан ба “М” ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж ажилгүй болсон.

Тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөлөө гэмтээсэн тул хөлөндөө гипс тавиулан өнөөдрийг хүртэл өвчтэй байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т ...эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол ажлын байрыг хадгална...” гэж заасныг зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй юм.

Иймд “М” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.Эыг  “М” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны халагдсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нөхөн олговорт 7 641 919 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан хамгаалалт хамаарахгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг үүсгэхэд нэхэмжлэгч маргаанаа санаачилж байгаа. Н.Эыг ажлаас халсан тушаалын үндэслэлтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Уг тушаалд бичигдсэн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчөөгүй, тушаал буруу гарсан гэж маргаагүй. Тиймээс ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.

Харин нэхэмжлэгч тал юу гэж маргасан бэ гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөлөө гэмтээсэн, эмнэлгийн чөлөөтэй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн нь буруу гэж маргаж байна. Өөрөөр хэлбэл, намайг ажлаас халсан тушаалын бүх үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Гол нь намайг эмнэлгийн чөлөөтэй байхад халж болохгүй байсан гэсэн агуулгаар маргасан. Нэхэмжлэгч сая ярьснаараа тушаалыг н.Оюунчимэг гэдэг хүн гаргах ёстой байсан юм, өөр хүн гаргасан нь буруу гэж нэхэмжлэлийн үндэслэлийг гаргаад орж ирсэн бол бид маргана. Н.Э би архи уугаагүй байхад архи уулаа гээд халчихлаа гэсэн бол бид Н.Э архи уусан юм, архи уусан баримтууд нь энэ байна гээд гаргана. Архи уугаагүй гэж маргаагүй байхад бид нотлох баримт гаргахгүй. Бид ийм агуулгаар хэрэгт хандсан.

Нэхэмжлэгч Н.Эын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан зөрчилд үндэслэж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тушаал гаргаж ажлаас нь халсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан зөрчлийг шалгаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан журмын дагуу сахилгын зөрчил гаргасан бол сарын дотор шийдвэрлэнэ гэдэг заалтыг үндэслээд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тушаал гаргасан. Н.Э гэдэг хүн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зөрчил гарснаас хойш 2 хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эмнэлгийн магадлагаа авч ажлаас чөлөөлөгдсөн. Зөрчил гарснаас хойш эмнэлгийн магадлагаа нь 2 хоногийн дараа хамгаалж байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болохгүй гэдэг агуулга биш үүнийг нэхэмжлэгч буруу ойлгосон. Энэ хуулийн зохицуулалт ямар учиртай вэ гэхээр энд байгаа зүйлийг зөрчил гэж харж болохгүй гэдэг агуулгатай. Жишээ нь цэргийн зарлан дуудах хуудас аваад явж байхад та ажлаа хийсэнгүй гээд халж болохгүй гэсэн үг. Сонгуульт ажилтай явж байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай байхад та ажлаа хийсэнгүй гэж ажлаас халж болохгүй гэсэн зохицуулалт. Түүнээс архи уугаад, ажлаа таслаад, хүнийг дарамталж заналхийлээд, элдвээр хэлсэн хүнийг халж болохгүй гэсэн хамгаалалт биш. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа анхнаасаа буруу тодорхойлсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00876 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Эыг “М” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5 419 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 222 219 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Н.Эыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “М” ХХК-нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 50 505 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 976 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 50 505 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 976 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн хувьд мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж дүгнэсэн тухайд: Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдэг үндэслэлээр ажлаас халсан ба үүнийг нотолсон, үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй гэсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцсан, хариу тайлбар, бусад нотлох баримтуудыг шүүх хуралдааны өмнө гаргаж өгч байсан, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны үеэр шүүхийн зүгээс нотлох баримт гаргах эрхтэй, нэмж гаргах эсэх талаар тодорхой асуусан боловч хариуцагчийн зүгээс би хууль зүйн үндэслэлээр л маргана, нотлох баримт гаргаж өгөхгүй гэж тайлбарласан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “....шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” заасны дагуу нотлох үүргийг зохигч нар эдэлдэг ба энэ эрхээсээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан, анхан шатны шүүх хэргийн оролцогчдод нотлох баримт гаргаж мэтгэлцэх боломжийг нь хангалттай олгосон атал давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцсан, хэргийн оролцогчийн хувьд шүүхэд төлөөлөх эрхтэй, мэргэжлийн хүн байхад дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан хэргийн оролцогчийн эрх зөрчигдөх боломжгүй юм.

Маргаан бүхий ажлаас халах тушаалд хариуцагч тал шүүх хуралдааны эхэнд зөвхөн хууль зүйн үндэслэлээр л маргана, өөр баримт гаргаж өгөхгүй гэж мэтгэлцсэний дагуу анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “...Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг эрх бүхий этгээд гаргасан эсэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн тухайд:

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ”М” ХХК-ийн ажлаас халсан гэх 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дүгээр тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй гэдгийг мэдсэн боловч энэ тухай нэхэмжлэлдээ дурдаж өгөөгүй. Учир нь хөдөлмөрийн маргаан эрх тэгш гэхээсээ илүүтэйгээр ажил олгогчийн гаргаж өгөх баримтад тулгуурладаг ба ажил олгогчийн зүгээс нэмэлт нотлох баримтыг нөхөн гүйцэтгэх замаар бүрдүүлэх боломжтой байдаг тул нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар шүүх хуралдаан дээр нэг үндэслэл болгон маргасан юм.

“М” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр дэд захирал Ж.Оюунчимэгийг томилсон /1хх-30 тал/ ба итгэмжлэлийг бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй юм.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 “...Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “...эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэдэг нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр хэргийн оролцогчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, оролцоогүй, гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн аваагүй, үг хэлэх эрхийг хаасан үйлдэл байхгүй байсныг дурдахыг хүсэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн давж заалдах шатны Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 976 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н.Эын нэхэмжлэлтэй, “М” ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №976 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Н.Э нь шүүхэд хандахдаа “...миний бие 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөлөө гэмтээсэн тул хөлөндөө гипс тавиулан өнөөдрийг хүртэл өвчтэй байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т ...эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа... гэж заасныг зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргасан.

Хариуцагч талын хувьд “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заагдсан хамгаалалт Н.Эт хамаарахгүй буюу тэрээр 35.1.3-т заасан зохицуулалтаар хамгаалагдахгүй” гэсэн тов тодорхой үндэслэлээр хууль хэрэглээний хувьд татгалзлаа тодорхойлж маргасан.

Учир нь эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан явдал, хугацаа нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй юм.

Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хууль хэрэглээний хувьд тодорхойлсон, хариуцагч тал ч татгалзлын үндэслэлээ хууль хэрэглээтэй холбогдуулан тодорхойлсон тул хууль хэрэглээний асуудлыг нотлох боломжгүй буюу зөвхөн аль аль талын маргаж байгаа ганц цэг болох хуулийн зохицуулалтыг хэрхэн ойлгож, хэрэглэхийг тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байгаа тул нэхэмжлэлд тусгагдаагүй үндэслэл, нотлох баримтыг бүрдүүлэн үнэлэх замаар хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг зөвшөөрөхгүй байна.

“М” ХХК нь нэхэмжлэгч Н.Эыг согтууруулах ундаа хэрэглэсэн, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч явсан, ажлын байраа дур мэдэн орхин явсан, ажил тасалсан гэсэн зөрчлүүд гаргасан учир ажлаас чөлөөлсөн. Үүнийгээ ч тушаалдаа тов тодорхой заасан.

Гэтэл Н.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тушаалын дээрх үндэслэлүүдтэй огт маргаагүй буюу согтууруулах ундаа хэрэглээгүй, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч яваагүй, ажлын байраа дур мэдэн орхин яваагүй, ажил таслаагүй гэж огт маргаагүй бөгөөд ажлаас халсан тушаалыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж халсныг зөвшөөрөхгүй л гэж маргасан.

 Нэгэнт нэхэмжлэгч гаргасан зөрчлүүд дээрээ маргаагүй тухайн зөрчлүүдийг гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч тал тушаалын үндэслэлээ нотлох, нотлох баримт бүрдүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлд байхгүй үндэслэлд дүгнэлт хийх замаар буюу нэхэмжлэгч би архи уугаагүй гэж маргахгүй, ийм үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй байхад түүний архи уусныг нотлох, тэр талаар мэтгэлцэх ёстой байсан гэж үзэж нэхэмжлэлийг хангах, эсхүл дахин хэлэлцүүлэхээр  буцааж байгаа явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж, нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагыг хэн, хэрхэн тодорхойлох, энэ харилцаанд зохигчдын үүрэг, хариуцлагын талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хуульд заасан журам, шаардлагын дагуу өөрчилснөөс бусад тохиолдолд (ИХШХШТХ-ийн 62.1.4) аль ч шатны шүүх нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой буюу түүний тодорхойлсон хүрээ хязгаараас халих, өөрсдөө үндэслэл тодорхойлох, түүнийгээ үнэлэх эрх хэмжээ байхгүй.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлдээ (ИХШХШТХ-ийн 61.1, 62.1) тусгаагүй, өмнө нь мартаж санасан, орхигдуулсан, эсхүл шинээр ярьсан болгоныг нэхэмжлэлийн үндэслэл хэмээн хүлээн авч, түүн дээр мэтгэлцүүлэхээр шаардаж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлдог, түүнийхээ үр дагаврыг өөрөө хариуцах үүрэг хариуцлагыг алдагдуулж, зохигчид шүүхэд ямар ч хариуцлагагүй ханддаг, түүнийгээ ажиллагааны явцад залруулдаг, шүүх ч ийм боломжийг олгож байх ёстой мэт байдлыг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, талуудын үүрэг хариуцлага алдагдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Ямар ч хамаагүй үндэслэлээр эхлээд хандана, хэлэлцүүлж, мэтгэлцэж үзэж байгаад хоёр дахь боломжоо ашиглана гэдэг хандлагыг шүүх таслан зогсоох ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл нь жам ёсны, хууль ёсны тохиолдлуудыг нэрлэн заах замаар ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зорилго бүхий зохицуулалт гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл 35.1-т заасан тухайн тохиолдлуудыг өөрийг нь зөрчил гэж үзэж болохгүй гэсэн агуулга бүхий зохицуулалт болохоос бус архи ууж согтуурчихаад, ажлаа тасалж явчихаад эмчээс бичиг авчих юм бол гаргасан зөрчлийг нь авч хэлэлцэж, хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн агуулга бүхий зохицуулалт биш юм. Яг энэ агуулгаар нь ажил олгогч Н.Эт 2018.12.31-ийн өдөр гаргасан зөрчилд нь хариуцлага хүлээлгэсэн бөгөөд түүний эмчийн магадлагаатай байсан хугацаа, үйл баримтыг зөрчилд тооцоогүй юм.

Хуулийг давж заалдах шатны шүүх шиг тайлбарлаж хэрэглэх юм энэ нь хууль бус явдлыг өөгшүүлэх, хуулийг өөрийг нь шударга ёсны эсрэг ашиглах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хүн бүр архи ууж, ажлаа тасалчихаад сахилгын зөрчил гаргачихаад Хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасныхаа дараа эмчээс магадлагаа авчихвал хамгаалалтад орчихдог, түүнийг халж болохгүй гэж тайлбарлаж байгаа бол үүн шиг хууль бус үндэслэл, шийдвэр байх ёсгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Э нь “М” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгч Н.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эмчийн магадлагаагаар чөлөөтэй байхад ажлаас халсан гэж тайлбарласан, хариуцагч түүнийг сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн, эмчийн магадлагаатай байсан хугацааг зөрчилд тооцоогүй гэж маргажээ.

Зохигч ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалын үндэслэл, хүчин төгөлдөр байдлын талаар мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлоогүй, ажил олгогчийн тушаалыг эрх бүхий этгээд гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй гэх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцүүлэх үндсэн дээр хэрэгжүүлэх, хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх, шийдвэр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд гарч, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 115 дугаар зүйлийн 115.2., 226 дугаар зүйлийн 226.2.-т заасан шаардлагуудад нийцээгүй тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, маргааны үндэслэл болсон үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад тодруулаагүй, энэ талаар зохигч харилцан мэтгэлцээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэжээ.

Шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол, магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг тус тус хангахгүй орхиж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 976 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД