Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/02285

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны11 срын  25 өдөр

                        181/ШШ2021/02285

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Б.Э -ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Н Ш Ш Г Г т холбогдох,

 

            Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн 69,188,900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолоор Б.Э гаас 187,292,000 төгрөг гаргуулж Алтандавалгаа ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Н Ш Ш Г Г т албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Хэргийн материалтай танилцахад барьцаа хөрөнгө болох Б.Э гийн талийгаач нөхөр Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн хөрөнгөд үнэлгээ хийсэн бөгөөд Б.Э д ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авч, тохиролцох ажиллагаа хийх ёстой. Гэтэл тохиролцох ажиллагаа хийгээгүй шууд шинжээчийн дүгнэлт гаргасан нь хууль бус гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Мөн хөрөнгийн үнэлгээний тайлан нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 69,188,900 төгрөгөөр үнэлсэн нь алдаатай байна. Үнэлгээ хийхдээ орлогын хандлагын арга, зах зээлийн хандлагын аргуудыг хэрэглэх ёстой, шинжээч аргачлалаа буруу хийсэн гэж үзэж байна. Барилгын хэмжээ, барилга баригдсан хугацаа тодорхойгүй барилгуудтай харьцуулалт хийсэн нь үндэслэлгүй байна. 55 м.кв, 50 м.кв, 40 м.кв-н хэмжээтэй 3 барилгуудтай зах зээлийн хандлагаар судалгаа хийсэн мөртлөө дээрх барилгууд нь хэдэн онд баригдсан нь тодорхой биш байна. Барилга ямар хийцтэйгээс гадна хэдэн онд баригдсан гэдгээсээ их шалтгаалдаг. Гэтэл хэдэн оны барилга гэдгийг нь тогтоохгүйгээр судалдаа хийсэн тул шинжээчийн дүгнэлт хууль бус юм. Иймд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлснийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлалын дагуу төлбөр төлөгч Б.Э , н.Болормаа нараас 183,000,000 төгрөгийг гаргуулж Алтандавалгаа ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг манай байгууллага 2018 оны 12 дугаар сард хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч н.Болормаагийн өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө, төлбөр төлөгч Б.Э гийн талийгаач нөхөр Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Үнийн санал авах ажиллагааг төлбөр төлөгч н.Болормаад 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар явуулж, шийдвэр гүйцэтгэгч давхар 9916-5172 дугаарын утас руу мессежээр цахим хэлбэрээр мэдэгдсэн. Харин Б.Элзэгбаяад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 4/13593 дугаар албан бичгээр мэдэгдэхэд Б.Э  нь шинжээч томилохоос өмнө 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дээрх барьцаа хөрөнгөнүүдэд тус тус үнийн санал ирүүлсэн. н.Болормаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнийн санал ирүүлээгүй. н.Болормаа үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэж тус газраас 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 201 тоот шинжээч томилох тогтоолоор үнэлгээ тогтоогдсон.

Дээрх үнэлгээг төлбөр төлөгч Б.Э д 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдэхэд мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрөө хүлээж авсан. н.Болормаад 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдэж, баталгаат шуудангаар баталгаажуулсан. Монгол шуудангийн газраас мэдэгдлийг хүлээж аваагүй, буцаалт хийлээ гэсэн ямар нэгэн зүйл хэлээгүй. Хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг авч үзэж, 3 шатаар хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх рүү хэргийг буцаасан. Иймд нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Э  нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн 69,188,900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч нь үнэлгээний мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч Б.Э гаас 187,292,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Алтандавалгаа ХЗХ-д олгож, барьцааны зүйл буюу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууц болон бусад үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны 1109 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 19280111/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2019/05 тоот тогтоолоор хураан авсан болох нь нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгө-эстимэйт ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Хөрөнгө-эстимэйт ХХК” нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцны үнэлгээг 69,188,900 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн, төлбөр төлөгч Б.Э  үнэлгээний саналыг ирүүлсэн, бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Д.Болормаа нь үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилох ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй, шинжээч томилох тухай үр дагаврыг 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 4/13593 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б.Э д мэдэгдсэн гэж үзэв.

 

            Иймд, “Хөрөнгө-эстимэйт ХХК”-ийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 69,188,900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  зааснаар хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдох “Хөрөнгө-эстимэйт ХХК”-ийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 69,188,900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Э гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  С.ЭНХБАЯР