Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00776

 
 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02507 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар 2020.04.07-ны гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мядагбадам, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.19-ний өдрийн 1436 дугаар тогтоолоор *******гаас 187,292,000 төгрөг гаргуулж Алтандавалгаа ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байна. Уг хэргийн материалтай танилцаад барьцаа хөрөнгө буюу миний нөхөр талийгаач Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн хөрөнгөд үнэлгээ хийсэн бөгөөд надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байна. Иймд уг үнэлгээг мэдээд хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. НШШГГ-т 2019.06.12-ны өдөр ******* 150сая төгрөгийн үнийн санал өгсөн байхад, шинжээч томилуулж Хөрөнгө Эстимэйт ХХК-иас 2019.06.21-ний өдрийн 01/98 дугаар үнэлгээний тайлангаар СХД-н 18-р хороо, 16-р байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 69,188,900 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ. Энэхүү шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Иймд дээрх орон сууцыг үнэлсэн 69,188,900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******, Д.Болормаа нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн СХД-н 18-р хороо, 16-р байрны 27 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, СХД-н 19-р хороо, 21-р хороолол 2/58 дугаар байрны 15 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019.05.22-ны өдрийн 2019/05 тоот, 2019.05.28-ны өдрийн 19280111/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хурааж, төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019.06.04-ний өдрийн 4/13593 дугаар албан бичгээр *******д, 2019.06.11-ний өдрийн 1/14116 дугаар албан бичгээр Д.Болормаад тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. ******* 2019.06.12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаарт бүртгэлтэй, СХД-н 18-р хороо, 16-р байрны 27 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй, СХД-н 19-р хороо, 21-р хороолол 2/58 дугаар байрны 15 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 180,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн саналаа бичгээр ирүүлсэн боловч Д.Болормаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнийн саналаа ирүүлээгүй байна. ИХ-н 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019.06.17-ны өдрийн 201 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход 27 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 69,188,900 төгрөг, 15 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 83,765,700 төгрөгөөр тус тус үнэлжээ. Иймд үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 181/ШШ2019/02507 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул 69,188,900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх *******г 2019.08.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх зөвтгөж 2019.07.16-ны өдрийн 08104 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш ШШГТХ-н 55.7-т зааснаар 7 хоногийн дотор гомдол гаргах байтал уг хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. 55.7-т ...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019.07.05-ны өдөр хүлээн авч, 2019.07.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2019.07.16-ны өдрийн 181/Ш32019/08104 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2019.07.16-ны өдөр гарсан болохыг тухайн үед нь мэдээгүй бөгөөд үүнээс хойш шүүгчийн захирамжийг гардаж авсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд дахин хандаж нэхэмжлэл гаргах талаарх зохицуулалт ИХШХШТХ болон ШШГТХ-д тусгагдаагүй. ШШГТХ-н 55.7-н тухай талууд үнэлгээтэй холбоотой гомдлыг мэдсэнээс хойш анх удаа шүүхэд хандах хугацааг заасан зохицуулалт гэж ойлгож байна.. нэхэмжлэлээ гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарснаас хойш гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэн 55.7 дахь заалттай холбож дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж 2019.08.14-ний өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь ШШГТХ-н 55.3-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2019.08.14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо,16-р байр, 27 тоот 2 өрөө орон сууцыг 2019.06.21-ний өдрийн 69,188,900 төгрөгийн үнэлгээ /хх21/ -г хүчингүй болгуулахыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019.07.04-ний өдрийн 4/15519 дугаар мэдэгдэл /хх-119/-г нэхэмжлэгчид 2019.07.05-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.

Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаж болно.

******* нь 2019.07.05-ны өдөр мэдэгдлийг хүлээн авч, 2019.07.09-ний өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж ... Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо,16-р байр, 27 тоот 2 өрөө орон сууцыг 2019.06.21-ний өдрийн 69,188,900 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох...-г шаардсан байна.

Дээр дурдсанаас үзвэл, ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

2. Шүүх 2019.07.16-ны өдөр 181/ШЗ2019/08104 дугаартай захирамж гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг баримтлан *******гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан /хх33/-с хойш ******* 2019.08.14-ний өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

******* 2019.07.16-ны өдрийн 181/ШЗ2019/08104 дугаар захирамжийг хүлээн авсан хугацаа тодорхойгүй байхад хоёр шатны шүүх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-т нийцээгүй гэж үзлээ.

3. Хоёр шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2, 115.2, 116.2, 116.3-г зөрчинө.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02507 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧИД, П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Х.ЭРДЭНЭСУВД