Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2021/00509

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х НҮТББ-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:“Б” ХХК-д  холбогдох,

 

19,400,515 төгрөг гаргуулах тухай 132/2021/00432/ индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х НҮТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Хариуцагч байгууллага нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймаг байгуулагдсны түүхт 80 жилийн ойг угтан “Тулгат хөшөө” цогцолборыг барих 36 хоногийн хугацаатай, 68,900,515 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 24,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Х НҮТББ-ын захирал Д.Бы хувийн дансруу 6,000,000 төгрөг, Х НҮТББ-ийн менежер Б.Рагчаагийн хувийн данс руу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, нийт 49,500,000 төгрөгийг шилжүүлсэн авсан.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан “Тулгат хөшөө”-г 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэтэл “Б” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 19,400,515 төгрөгийг шилжүүлээгүй тул захирал Д.О тай утсаар ярьж, биечлэн уулзаж шаардахад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн гэрээ хийсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 19,400,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... Булган аймгийн 80 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээд 2017 оны 04 сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргаас зарласан тулгат хөшөөг бүтээн байгуулах уралдаанд Х НҮТББ-ын захирал Бы бүтээл шалгарч батламж гардаж авсан. ... Ингээд батламжаа авсны дараа 2018 оны 05 сарын 30-ны өдөр “Б” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. ... Уг гэрээний дагуу 2018 оны 05 сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 06 сарын 08-ны өдөр 24,000,000 төгрөг, Бы хувийн данс руу 6,000,000 төгрөг, Рагчаагийн хувийн данс руу 2,000,000 төгрөг, 2020 оны 01 сард 500,000 төгрөг гээд нийт 49,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Ингээд үлдэгдэл төлбөр болох 19,400,515 төгрөгийг өгөөгүй тул Б нь О тай биечлэн уулзсан. Тухайн үед О  нь “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэгээд О  нь 10,000,000 төгрөг өгье гэдэг байдлаар гарын үсэг зурж хэлцэл хийсэн.

... Мөн бэлнээр 3,000,000 төгрөгийг манайд байгууллагад шилжүүлсэн баримт байгаа мөн 1,348,828 төгрөг, нийт 4,348,828 төгрөг дансаар орсон байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 15,051,687 төгрөг болгож байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 15,051,687  төгрөгийг хариуцагчаас гаргуулж  өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 сарын 30-ны өдөр 68,900,515 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.  Энэ гэрээнд “Б” ХХК-ийн захирал О  гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулаагүй. Гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 302 дугаар зүйл, Барилгын тухай хуулийг үндэслэсэн. Нэхэмжлэгч тал Аймгийн Засаг даргаас олгосон батламжийг гэрээ байгуулах эрх гэж үзэж байна. Булган аймгийн түүхт 80 жилийн ойн бэлтгэл арга хэмжээний хүрээнд уран бүтээлчдийн дунд Булган-Эрдэнэтийн авто замын уулзварт байршуулах хөшөөний загвар шалгаруулах уралдаан зарласан. Уг уралдаанд чөлөөт уран бүтээлч Б таны тулгат хөшөө бүтээл шалгарсан тул хөшөөг бүтээн босгох эрхийг эзэмшигч болохыг батламжлав гээд батламж олгосон байна. Х НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг үндэсний соёл, урлаг, ёс заншил, соёлын өв, олон нийтэд сурталчлан таниулах, тэдний оюуны чадварыг дээшлүүлэх сургалт, уулзалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах гэсэн байна. Хөшөө нь барилга байгууламжийг барих тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэх ажил юм. Гэтэл энэ компани тусгай зөвшөөрөлгүй байна. Энэхүү 68,900,515 төгрөгийн гэрээ нь Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Засгийн газраас жишиг үнийг тогтоохоор заасан. Тухайн үед Засгийн газрын жишиг үнэ 10,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажил гүйцэтгэхэд тендер зарлах ёстой байсан. Гэвч тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулсан ба шууд гэрээ байгуулах эрхгүй байсан. Гэрээг бичгээр гаргасан боловч энэ гэрээ батлагдаагүй юм. ...Манай компани нь орон нутгийн өмчит компани юм. Компанийн үүсгэн байгуулагч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг. Компанийн дүрэмд төлөөлөн удирдах зөвлөл буюу үүсгэн байгуулагчаас төсвийг баталдаг. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны 09 сарын 26-ны өдөр хөрөнгө бэлтгэх тухай тогтоол гарсан. Ингэхдээ 30,000,000 төгрөгийг зөвшөөрч шийдвэрлэсэн байдаг. Уг зөвшөөрлийн дагуу тулгат хөшөөний төлбөрт 30,000,000 төгрөг зарцуулах эрхтэй болсон. Гэтэл нэхэмжлэгч талаас 68,900,515 төгрөг нэхэмжилж байна. Энэ үнийн дүнг задалж үзвэл 1,600,000 төгрөг нь шатахуун, 2018 оны 08 сарын 24-ний өдөр Бд бэлэн мөнгөөр 3,000,000 төгрөг өгсөн. Тухайн байгууллагын дансанд 2018 оны 06 сарын 08-ны өдөр 24,000,000 төгрөг, 2018 оны 08 сарын 23-ны өдөр 1,348,828 төгрөг, ус ашигласны төлбөр зэрэг нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 30,000,000 төгрөг зарцуулсан. Ингээд гэрээний үлдэгдэл төлбөр болох 19,400,515 төгрөгийг нэхэмжилж байна. Тулгат хөшөөний төлбөрт 2018 оны 05 сарын 31-ний өдөр “Илчит металл” ХХК-иас 15,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэлд хавсаргагдсан дансны хуулгаас харахад Рагчаагийн хувийн данс руу 2019 оны 03 сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 23-ны өдөр 2,00,000 төгрөг, 2020 оны 02 сарын 21-ний өдөр 500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Б-ы хувийн данс руу 2020 оны 06 сарын 08-ны өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт дүнг нэгтгэвэл 55,500,000 төгрөгийг тухайн байгууллагын данс болон түүний хамаарал бүхий хүмүүсийн данс руу шилжүүлсэн байна. Ингээд зөрүү нь 13,400,515 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй байна. Энэ нь О  гэдэг хувь хүнтэй байгуулсан хэлцэл ба энэ нь гараар бичигдсэн. О  нь 2020 оны 12 сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед захирлаар ажиллаж байхдаа хувь иргэний зүгээс 10,000,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан байна. Хэрвээ анх ажил гүйцэтгэх гэрээг 68,900,515 төгрөгөөр байгуулсан бол санхүү бүртгэлийн хуулиараа үлдэгдэл төлбөр дээрээ тооцоо нийлсэн акт үйлдэх байсан. ...Нэхэмжлэгч тал үлдэгдэл төлбөрийг хэрхэн тооцож 19,400,515 төгрөг болгосныг ойлгохгүй байна. Манай байгууллагын тооцооллоор 13,400,515 гэж зөрүүтэй гарсан байна. Мөн нэхэмжлэгч тал О  гэдэг хүнтэй гэрээ байгуулж, 10,000,000 төгрөг авна гэсэн байна. Яагаад 19,400,515 төгрөг авахаар гэрээ байгуулаагүй юм бэ. Манай компани дүрэмдээ зааснаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 30,000,000 төгрөг зарцуулсан. Тиймээс нэхэмжилж байгаа төлбөр манай компанид хамааралгүй хувь хүнээс нэхэмжилбэл зохих төлбөр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х НҮТББ нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан, гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,400,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 4,348,828 төгрөг төлсөн баримт байгаа гэх үндэслэлээл нэхэмжлэлийн шаардлагаа багасган 15,051,687 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулахаар шаардсан.  

 

Х НҮТББ болон ”Б” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  “Ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулсан байх бөгөөд тухайн гэрээгээр нэхэмжлэгч нь “Тулгат хөшөө”-г 36 хоногийн хугацаанд барьж хүлээлгэн өгөх ажлыг 68,900,575 төгрөгөөр гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг санхүүжилтийн графикийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч байгууллага  нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 15,051,687 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны 09 сарын 26-ны өдөр хөрөнгө бэлтгэх тухай тогтоол гарч хөшөөний төлбөрт 30,000,000 төгрөг зарцуулах эрхтэй болсон. Төсөвлөгдсөн төсвийн хүрээнд хөшөөний ажлын хөлсийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч тал хийсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь ажлын үр дүн байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр хөлс авах эрхтэй.

 

Хариуцагч ажлын хөлс болон ажлыг хүлээлгэж өгсөн асуудлаар маргасан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээний зүйл болох “Тулгат хөшөө”-г хүлээлгэн өгсөн талаар “Барилга байгууламж хүлээн авсан комиссын акт үйлдэж, хүлээн авагч тал гарын үсэг зурж баталгаажуулжээ. Иймд талуудыг “Тулгат хөшөө”-г барихаар тохирсон, уг ажлын үр дүнг хариуцагч хүлээн авсан гэж үзэв. /хх-ийн 8/

 

Нэхэмжлэгч байгууллага 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээний зүйл болох “Тулгат хөшөө”-г хүлээлгэн өгч хариуцагч байгууллага нь 53,848,888 төгрөгийг төлсөн нь Х НҮТББ-ын харилцах дансны хуулга /хх10/, хаан банкны харилцах дансны хуулга /хх12-14/ талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч “Б” ХХК-аас 15,051,687 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х НҮТББ -д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 343 дугар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-иас  15,051,687 /арван таван сая тавин нэгэн мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х НҮТББ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн 254,960 /хоёр зуун тавин дөрөв есөн зуун жар/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 233,208 /хоёр зуун гучин гурван мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ