Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2023/00064

 

2023 06 19 207/МА2023/00064

 

 

Х НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б ОНӨХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ...................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ОНӨХК-д холбогдох,

Гэрээний үлдэгдэл төлбөр 19.400.515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х НҮТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, агуулга:

Хариуцагч Б ОНӨХК нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан Т хөшөө цогцолборыг барих 36 хоногийн хугацаатай, 68.900.515 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 24.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Х НҮТББ-ын захирал Д.Б-ы хувийн данс руу 6.000.000 төгрөг, Х НҮТББ-ийн менежер Б.Р-ийн хувийн данс руу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500.000 төгрөг, нийт 49.500.000 төгрөгийг шилжүүлсэн авсан. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд Т хөшөө-г 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэтэл Б ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 19.400.515 төгрөгийг шилжүүлээгүй тул захирал Д.О-тай утсаар ярьж, биечлэн уулзаж шаардахад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн гэрээ хийсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 19.400.515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Харицагчийн өмгөөлөгчөөс гэрээний үнэ нь 30.000.000 төгрөг, хүлээж авсан үнэ нь 68.000.000 төгрөг энэ бол тусдаа асуудал гэж байна. Манай маргаан бол ажил гүйцэтгэх гэрээ. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг хэн тодорхойлох юм бэ. Үнийн дүнг Т хөшөө багана цогцолборын үнэ нь 68.000.000 төгрөг байгаад байгаа. 68.000.000 төгрөгийн үнэтэй гэрээг 30.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжгүй шүү дээ. Хариуцагчийн төлөөлөгчөөс Э, Д ХХК-аар хөрөнгө оруулсан гэж байна. Түүнээс гэрээ байгуулж энэ ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаагүй. Тус компаниуд нь хөрөнгө оруулсан юм бол тэр компанийн мөнгийг нь танайх яагаад өгөөгүй юм бэ нэхэмжлэгчид, хөрөнгө оруулсан гэж байна шүү дээ. Тэр мөнгийг яагаад нэхэмжлэгчид өгөөгүй юм бэ. Э ХХК, Д ХХК нар тус Т баганан хөшөө цогцолборын захиалагч биш гэдгийг удаа дараа тайлбарласан. Хэрэв тэр компаниуд захиалагч нь байсан юм бол гэрээ байгуулахдаа захиалагчаар тус тус оруулж өгөөд эрх бүхий албан тушаалтнуудаар нь гарын үсгүүдийг нь зуруулаад гэрээний үнийг нь Б ХХК 30.000.000 төгрөг, Эл 30.000.000 төгрөг, Д ХХК 8.000.000 төгрөгийг өгнө шүү гээд ингээд тус тусдаа гэрээндээ оруулаагүй юм бэ. Гэрээний огноо тавигдаагүй ч гэсэн 5.1 дээр байдаг. 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлнэ гээд, 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлээд мөнгөө төлөөд эхэлсэн байдаг. Ажлынхаа үнийг урьдчилгааг төлөөд явсан байдаг. Барилгын тухай хууль тусгай зөвшөөрлийн асуудал яригдаад байдаг. Манайх бол барилга байгууламж буюу 7 метрээс дээш өндөр барилга байгууламж бариагүй. Т хөшөө цогцолбор гээд энэ бол чөлөөт уран бүтээл. Тэгэхээр энэ бол барилгын тухай хууль дээр ямар ч хамааралгүй асуудал. Ажлынхаа үр дүнг хүлээж авчихдаг, үнийг нь төлөх үүргээ биелүүлэхгүй олон шалтаг шалтгаан хэлээд яваад байдаг. Арай дэндүү хариуцлагагүй, дараагийнх нь ой нь болох гэж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзлал, тайлбарын агуулга:

Б аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажлын үнэ-68.900.515 өртөг бүхий Т хөшөө цогцолборыг барих 36 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гээд уг гэрээг хавсаргасан байна. Энэхүү гэрээний Батлав хэсэгт Б ХХК-ийн захирал Д.О- гарын үсэг зурж, огноо тавиагүй бөгөөд байгууллагын тамга дарж баталгаажуулаагүй байна. Мөн энэ гэрээний хувь нь манай байгууллагын архив болон санхүүгийн баримтад авагдаагүй байна. Манай компани нь орон нутгийн өмчит ХХК бөгөөд үүсгэн байгуулагч нь Аймгийн ИТХ юм. Аливаа хөрөнгө бэлтгэх төсвийг Компанийн тухай хууль болон Орон нутгийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам, Б ХХК-ийн дүрмийн дагуу компанийн ТУЗ болон Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийг үндэслэж үйл ажиллагаагаа явуулдаг. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор Т багана хөшөө цогцолбор барихад 30.000.000 төгрөг төсөвлөж баталсан байна. Үүний дагуу 1.649.593,95 төгрөгийн шатахуун, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Д.Б-д бэлэн мөнгөөр 3.000.000 төгрөг, тухайн байгууллагын Төрийн банк дахь дансанд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 24.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1.348.828 төгрөг, ус ашигласны татварт 1.578,05 төгрөг нийт 30.000.000 төгрөг төлсөн байна. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Т багана хөшөөнд Б ХХК-аас оруулсан 30.000.000 төгрөгийн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх талаар 09 дугаартай ТУЗ-ийн тогтоол гарч байсан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар Т багана хөшөө хийгдэх үед Б ХХК-ийн захирал байсан Д.О- нь Аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан 30.000.000 төгрөгийн гэрээ хэлцэл хийх үүрэгтэй бөгөөд 68.900.515 төгрөгийн гэрээ хэлцэл хийх эрхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2018 оны 05 дугаар 31-ний өдөр 15.000.000 төгрөг төлсөн гэсэн ба энэ нь нэхэмжлэлд хавсаргасан Х НҮТББ-ийн Төрийн банк дахь дансны хуулгаас харахад 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б аймгийн С суманд үйл ажиллагаа явуулдаг И ХХК 15.000.000 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлд хавсаргасан дансны хуулгаас харахад Б.Р-ийн хувийн данс руу шилжүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 500.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг хувь хүний данснаас шилжигдсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Х НҮТББ-ийн захирал Д.Б-ы хувийн дансанд 6.000.000 төгрөг шилжигдэж орсон гэжээ. Мөн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б сумын 6-р баг 6-ийн Б хэсэгт 9-01 тоотод оршин суугч Д.О- нь Б.Рагчаад Т хөшөө-ний ажлын хөлсний үлдэгдэл болох 10.000.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах гэрээг байгууллагаар биш хувь хүнээр хийсэн байна. Эдгээрээс харахад нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болох 68.900.515 төгрөг нь зөвхөн "Б" ХХК-ийн төлөх төлбөр биш байна. Х НҮТББ-ийн данс, хамаарал бүхий хүний хувийн данс руу болон бэлэн мөнгөөр И ХХК-иас 15.000.000 төгрөг, Б ХХК-аас 30.000.000 төгрөг, Д.Б-ы хувийн данс руу 6.000.000 төгрөг, Б.Р-ийн хувийн данс руу 4.500.000 төгрөг нийт 55.500.000 төгрөг төлөгдсөн байна. Т багана хөшөөг хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 68.900.515 төгрөг гэж тооцвол үлдэгдэл төлбөр нь 13.400.515 төгрөг болж байна. Гэтэл Б.Рагчаа нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.О-аас ажлын хөлсний үлдэгдэл болох 10.000.000 төгрөгийг барагдуулах гэрээ хийсэн. Х НҮТББ-ийн хийж гүйцэтгэсэн "Т багана хөшөөний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 19.400.515 төгрөгийг Б ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга :

Нэхэмжлэгч талаас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Х НҮТББ Т баганан хөшөөг барих ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл болох 19.400.515 төгрөгийг Б ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 онд байгуулсан 68.900.000 төгрөгийн үнэ бүхий гэрээ гэдэг гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч энэ гэрээ нь Б ХХК-ийн захирлын гарын үсэггүй, тамга тэмдэг, огноо дугааргүй ийм гэрээ байдаг. Энэ гэрээний дагуу шүүх хурлын процесс явагдаад анхан шатны шүүхийн шийдвэр гарч байсан. Тухайн үеийн компанийн захирал байсан О гэдэг хүнээс Б ХХК өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлсэн, олгогдсон эрхээсээ давсан гэрээ байгуулсан гэдэг үүднээс нэхэмжлэлээ гаргахад 30.000.000 төгрөгөөр Х НҮТББ-тай байгуулсан гэрээг тамга тэмдэг гарын үсэг, огноо дугаар бүхий хүчин төгөлдөр гэрээг шүүхийн маргааны явцад гаргаж өгсөн. Энэ гэрээг үндэслээд дууссан байсан хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд дахин хянуулах хүсэлт гаргаад энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Мөн Б ХХК орон нутгийн өмчтэй компани байдаг. Манай компани дулаан түгээх зохицуулалт, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компанийн үүсгэн байгуулагч нь Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг. Үүсгэн байгуулагч нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн өмчтэй компанийн хувьд компаний тухай хууль болон компанийн дүрмээрээ тухайн компанийн хөрөнгө оруулалт асуудлуудыг төлөөлөн удирдах зөвлөл буюу хувьцаа эзэмшигчдийн хурал, хувьцаа эзэмшигчийн хуралгүй тохиолдолд үүсгэн байгуулагчийн хурлаар шийдвэрлэнэ гэж компанийн дүрэмд заасан байдаг. Үүний дагуу Б аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хурлаас аймгийн 80 жилийн ойг угтаж хийгдэж байгаа Т баганан хөшөөнд 30.000.000 төгрөгийг Б ХХК-иас гаргахыг зөвшөөрсөн 03 дугаар сарын 15-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байдаг. Манай компани энэ тогтоолыг хэрэгжүүлээд 30.000.000 төгрөгийг төлчихсөн байгаа. Маргаад байгаа асуудал юу вэ гэхээр хүчин төгөлдөр бус 68.900.000 төгрөгийн гэрээгээр үлдэгдэл төлбөр болох 19.400.515 төгрөг нэхэмжлэгдээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийн төлөөлөгчидийн хурлаар баталж өгсөн 30.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа манай компани Т баганан хөшөө НҮТББ-ынх нь данс руу тухайн үеийн захирал байсан хүний данс руу ажил гүйцэтгэсэн шатахуун тос гэх мэтчилэнгээр энэ 30.000.000 төгрөгөө гаргачихсан юм. Энэ нэхэмжлэгдээд байгаа 68.000.000 төгрөг бол 2-3 компани нийлж энэ ажлыг хийх байсан гэж тайлбарлагддаг. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 15.000.000 төгрөгийг Б ХХК, Х НҮТББ-ын данс руу хийсэн гээд энэ 15.000.000 төгрөг бол Б ХХК-аас биш Эл гэдэг Б аймгийн С суманд үйл ажиллагаа явуулдаг, нүүрс олборлодог энэ компаниас шилжиж орсон мөнгө нь дансны хуулгаараа баталгаажигдаж байдаг. Нэхэмжлэгчийн талаас гаргаж өгсөн нотлох баримт дээр харагдана. 2 хүний дансны хуулга өгөгдсөн байдаг. 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг гэх мэтчилэнгийн мөнгөнүүд байдаг. Энэ мөнгөнүүд дандаа хувь хүний данснаас орсон байдаг. Хамгийн ноцтой асуудал нь юу бэ гэхээр 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б сумын 6-р багийн иргэн Д.О- гэж хүнээс тухайн ажлын үлдэгдэл хөлс болох 10.000.000 төгрөгийг хугацаатай энэ хугацааны дотор гаргуулж авна гэсэн гэрээ №1 гэсэн гэрээ байгуулсан байдаг. Иргэн Д.О- буюу Рагчаа гэсэн хоёр хүний хооронд. О гэдэг хүн энэ гэрээг байгуулж байх үедээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б ХХК-ийн захирал байсан. Мөн хавтаст хэрэгт өгсөн байгаа 2020 оны 12 дугаар сард энэ хүн ажлаас чөлөөлөгдсөн. Хоёр талын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа бол Санхүү бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн бичиг баримт бусад зүйлүүдээр аж ахуй нэгжүүдийн хооронд өглөг авлага байгаа бол түүнийг тооцоо нийлсэн акт, эрх бүхий хүн гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулдаг. Тэгэхэд тухайн үед Б ХХК-ийн захирал хийж байхад нь иргэн О гэж хүнтэй 10.000.000 төгрөгийн гэрээ хувийн зүгээс хийсэн гэрээгээр Б ХХК-иас одоо ажлын үлдэгдэл хөлс гэж нэхэмжлээд байгаа нь зүй бус юм. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн О гэдэг хүнээс Т баганан хөшөөний ажлын хөлсний үлдэгдэл болох 10.000.000 төгрөгийг төлүүлнэ гэсэн гэрээ байгуулсан хэрнээ 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19.400.000 төгрөгийг нэхэмжлэл үүсгээд байдаг. Шүүх хуралдаанд 19.400.000 төгрөгийн нэхэмжлэл нь 15.051.000 төгрөг болоод байдаг. Энэ мэтчилэнгээр үнийн дүн нь тодорхойгүй байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдал байна. Б ХХК нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж өгсөн 30.000.000 төгрөгөө Х НҮТББ-д шилжүүлчихсэн, өр авлага байхгүй. Т баганан хөшөө 68.900.000 төгрөгийн өртөгтэй бөгөөд үүний үлдэгдэл мөнгийг нэхэмжлэх гээд байгаа бол Э гэдэг юм уу, иргэнээрээ гэрээ байгуулсан Д.О- гэдэг хүнээсээ юм уу, энэ хүмүүсээс нэхэмжлэл нь зүй ёсны хэрэг юм гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Гэрээний чөлөөт зарчимын хүрээнд хоёр талын эрх бүхий албан тушаалтнууд Т баганан хөшөөг ажил гүйцэтгэх гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг аль аль нь хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зураад тухайн компанийхаа тамга тэмдгийг дарсан. Энэ үйл баримтаас авч үзэх юм бол ажил гүйцэтгэх гэрээгээр энэхүү гэрээ хүчин төгөлдөр байна. Энэ гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийн хүрээнд тогтоогдож байна. Үүнээс илүү гарсан мөнгөн төлбөрийг Б ХХЗ, Х НҮТББ-д өгөх ямар нэгэн шаардах үүрэг үүсээгүй байна. Тийм учраас Х НҮТББ-ын нэхэмжлээд байгаа төлбөр бол шаардах эрхгүй төлбөр буюу О гэх иргэнээс шаардах тусдаа маргааны асуудал байна. Иргэдийн хурал 68.000.000 төгрөгөөр бүртгэж авсан хөшөө байна гэж яригдаад байгаа боловч энэ асуудал бол тусдаа харилцаа. Гэрээний маргаан учраас гэрээний маргаанд иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 68.000.000 төгрөг төсөвлөсөн асуудал гэрээний хүсэл зоригийг илэрхийлэхгүй. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х НҮТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК-д холбогдох, 19.400.515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,960 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Х НҮТББ-ын нэхэмжлэлтэй Б ОНӨХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Д би Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар ...................... шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ...Б аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Х НҮТББ-ын хийсэн Т багана хөшөө цогцолбор-ын нийт өртөг нь 68.000.000 төгрөг байсан бөгөөд Б ХХК нь 30.000.000 төгрөг, И ХХК нь 30.000.000 төгрөг, Д ХХК нь 8.000.000 төгрөгийг тус тус гарган хийлгэхээр тохиролцсон болох нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь Б аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Т багана хөшөө цогцолбор-ыг хийж гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд ажил гүйцэтгэгч нь буюу нэхэмжлэгч нь Т багана хөшөө цогцолбор-ын өртөг 68.900.515 төгрөгийн үнэтэйг баталж, захиалагч Б ОНӨХК нь ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон.Талууд төсвөө өөрсдөө зохиогоогүй бөгөөд ажлын төсөв гэрээ байгуулахаас өмнө зохиогдож 68.900.515 төгрөгийн ажил гуйцэтгэсэн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч байгууллага нь И ХХК, Д ХХК нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байдаг. Хэрэв ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бол шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтран хариуцагчаар оролцуулаад явах боломжгой байсан. Гэтэл И ХХК, Д ХХК нарыг гэрээний захиалагч төлбөр төлөх үүрэгтэй хэмээн дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Манай байгууллага нь тус компаниудыг хаана ямар үйл ажиллагаа явуулдаг, захирлууд нь хэн гэж хүн байдаг талаар огт мэдэхгүй. Харин Б ХХК болон И ХХК, Д ХХК нар хоорондоо ямар тохиролцоотой байсныг бид бас мэдэхгүй. Хариуцагчийн тайлбарлаж буйгаар И ХХК, Д ХХК нар нь Т багана хөшөө цогцолборын ажлын зарим хөлсийг өгөх үүрэг хүлээсэн бол Б ХХК нь тус хоёр компаниас үүргийг шаардах эрхтэй. Шүүх тус хоёр компанийг хамтран хариуцагч мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан атал гэрээний үлдэгдлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хариуцагч Б ОНӨХК-ийн үүсгэн байгуулагч нь Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал бөгөөд Т багана хөшөө цогцолбор-ын захиалагч нь Б ОНӨХК тул төсвийг захиалагч нь бүрдүүлж өгөх ёстой. Учир нь нэхэмжпэгч компани нь бусад компанитай гэрээ, хэлцэл байгуулаагүй бөгөөд бусад компанийн захиалгаар хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгч нь ажлын үр дүнд Б ОНӨХК-д хүлээлгэн өгч Б" ОНӨХК нь Аймгийн Засаг Даргын Тамгын газарт Т багана хөшөө цогцолбор-ыг 68.900.515 төгрөгийн үнэлгээгээр хүлээлгэн өгсөн байдаг. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар ...................... тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 -т зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Х НҮТББ шүүхэд ...гэрээний үлдэгдэл төлбөр 19.400.515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч ...Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор Т багана хөшөө цогцолбор барихад 30.000.000 төгрөг төсөвлөж баталсан, манай компани тогтоолыг хэрэгжүүлээд 30.000.000 төгрөгийг төлчихсөн байгаа, мөн иргэн Д.О-аас тухайн ажлын үлдэгдэл хөлс болох 10.000.000 төгрөгийг авахаар №1 гэрээ байгуулсан байдаг тул Э гэдэг юм уу, гэрээ байгуулсан хүнээсээ нэхэмжлэх ёстой гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх Х НҮТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК-д холбогдох ажлын үнэ- 19.400.515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Х НҮТББ хариуцагч Б ОНӨХК-ний хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дагуу хариуцагч тал гэрээний дагуу Т хөшөө цогцолборыг барих ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгсөн ба энэ талаар талууд маргаагүй байна.

5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний гол нөхцөл болох ажлын үнэ өөр өөр байдлаар тухайлбал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж ирүүлсэн уг гэрээнд ажлын үнэ-68.900.515 төгрөг гэж, хариуцагчаас шүүхэд өгсөн Ажил гүйцэтгэх гэрээнд ажлын үнэ-30.000.000 төгрөг гэж, хариуцагч компаний 2018 оны 9 сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолд ...30.000.000 төгрөгийн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх саналыг захирал Д.О- даалгасугай гэж тус тус тодорхойлсон байна.

6.Шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х НҮТББ нь ажлын үлдэгдэл төлбөр-19.400.515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байна.

7.Нэхэмжлэгч өөрийн шаардлага ба хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээнэ.Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчын гаргаж өгсөн баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.

8.Нэхэмжлэгч Х НҮТББ-ын тэргүүн Б.Рагчаа болон иргэн Д.О- нарын хооронд байгуулсан Т хөшөө-ний ажлын хөлсний үлдэгдэл болох 10.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдав.

9.Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д-ийн гаргасан ... Б ОНӨХК нь Амйгийн Засаг Даргын Тамгын газарт Т багана хөшөө цогцолбор-ыг 68.900.515 төгрөгөөр үнэлж хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ...................... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 233.250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О