Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2021/02629

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        11         30                                       182/ШШ2021/02629

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: КБЭХА-д холбогдох,

Банкны эрх хүлээн авагчийн 2019.06.24-ний өдрийн А/47 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийг ам доллараар тооцохыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч М.М, Э.Б, С.О, өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.С нь КБХХК-тай 2018.06.21-ний өдөр 12 сарын хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулсан ба 2019.04.05-ны өдрийн байдлаар 22,489,585.59 ам.долларын үлдэгдэлтэй байна. Үлдэгдлийг Капитал банктай 2019.04.05-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд банкны 2019.04.05-ны өдрийн 29/100 дугаартай албан тоотоор тодорхойлсон байдаг. Гэрээнд заасны дагуу 2018 оны 12 дугаар сараас хадгаламжаа буцаан авах гэсэн боловч авч чадаагүй, энэ тухай Монгол банкны хяналт, шалгалтын газарт өргөдөл гаргахад 2019.01.22-ны өдөр А-6/80 дугаартай албан тоотоор Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх гэж зааснаар анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх Капитал банкны гүйцэтгэх захирал А.Аод үүрэг болгосон. КБболон гүйцэтгэх захирал А.А нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй хадгаламж эзэмшигчийг хохироосоор хадгаламж эзэмшигч би банкинд хадгалуулсан хадгаламжаа авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилсон шийдвэр гарсан. Банкны тухай хуулийн дагуу банкнаас үүргийн гүйцэтгэлд шаардах эрх бүхий этгээд болохын хувьд Э.С нь хуульд заасан хугацаанд “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 22,537,909.35 ам долларыг нэхэмжилж нэхэмжлэлийг хүргүүлсэн.

Банкны эрх хүлээн авагч миний нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасан нэхэмжлэлийн дарааллыг тогтоож, А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5 дах хэсэгт буюу даатгаагүй хадгаламжийн төлбөр гэсэн дараалалд оруулж баталгаажуулсан. Энэ тухай банкны эрх хүлээн авагч 2019.06.26-ний өдрийн 827 тоот албан бичгээр таны нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 22,537,909.35 ам.доллараар төлбөр барагдуулах дараалалд оруулсан тухай мэдэгдсэн. Харин 2020.03.27-ны өдрийн 967 тоот албан бичгээр КБХХК дахь банкны эрх хүлээн авагч 2019.06.24-ний өдрийн төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийн дарааллын, даатгагдаагүй хадгаламжийн төлбөр хэсгийн Эдуардын Сүрэнгийн хадгаламж болох 22,537,909.35 ам.долларыг баталгаажуулахдаа тухайн өдрийн Монгол банкны ханш буюу 2019.06.24-ны өдрийн ханш 2657.02 төгрөгөөр тооцож 59,383,675,601.14 төгрөгт шилжүүлсэн баталгаажуулсан тухай мэдэгдсэн. Миний Капитал банкинд хадгалуулсан 22,537,909.35 ам.долларыг 2021.09.22-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 64,199,460,162.50 төгрөг /1ам.долларын ханш 2848.51 төгрөг/-тэй тэнцэж байгаа бөгөөд банкны эрх хүлээн авагчийн Монгол банкны ханш 2019.06.24-ний өдрийн 1 ам.долларын ханш 2657.02 төгрөгөөр тооцсон 59,883,675,901.14 төгрөгтэй харьцуулахад ханш дээр 191.49 төгрөгийн зөрүү буюу нийт авах төлбөрт 4,315,784,261.4 төгрөгийн зөрүү гарч байна. Ингэхээр Э.Сд илт хохиролтой шийдвэр гаргасан болно.

Хэдийгээр Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд харилцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг /төлбөр/ тодорхойлох, дараалалд оруулах бүрэн эрхтэй боловч уг асуудлыг шийдвэрлэхдээ Э.Сгийн эрх ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр гаргасан. Дээрхи тушаалд ам.долларын хадгаламжтай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ам.долларын хадгаламжийг монгол төгрөгт шилжүүлэх тухай огт дурдаагүй, зөвхөн тушаалын хавсралт хүснэгт хэсэгт тоогоор илэрхийлж оруулсан байдаг. 2019.06.24-ний өдрийн “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь төлбөр авагчдын 400,000,000 хүртэлх төгрөгийн төлбөрийг барагдуулахдаа КБдахь Э.Сгийн 2200000359 тоот долларын данснаас долларын зарлагын гүйлгээ хийсэн бөгөөд 2019.06.25-ны өдөр Э.Сгийн Голомт банк дахь 2005101046 тоот төгрөгийн дансанд 400,000,000 төгрөг буюу тухайн өдрийн /Монгол банкны ам.долларын албан ханш 2657.07 төгрөг/-аар тооцвол 150,541.76 ам.доллар орсон. 2019.09.27-ны өдөр Э.Сгийн Голомт банк дахь 2005100109 тоот долларын дансанд “Даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр БЭХА-ийн гүйлгээний утгатай 18,733.61 ам.доллар, 2019.10.25-ны өдөр Э.Сгийн Голомт банк дахь 2005101046 тоот төгрөгийн дансанд “НДЗ, Даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр шилжүүлэг” гүйлгээний утгатай 50,000,000 төгрөг буюу тухайн өдрийн Монгол банкны ам.долларын албан ханш 2685.97 төгрөг/-аар тооцвол 18,615.25 ам.доллар тус тус орсон. Үүнээс өөр төлбөр 2019 оны 04 сараас хойш 2 жил гаран хугацаанд хийгдээгүй байна.

Э.С нь банкинд хадгалуулсан ам.долларын хадгаламжийн төлбөрөө ам.доллараар буцаан авах хүсэлтэй байна. Учир нь эрх хүлээн авагч ам.долларын зээлийн гэрээтэй иргэд аж ахуйн нэгжээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа төгрөгт шилжүүлэхгүй ам.доллараар тооцож шаардаж байгаа атлаа, долларын хадгаламжийг төгрөгт шилжүүлэн тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т “Хуулиар хориглоогүй бол талууд талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно", 454 дүгээр зүйлийн 454.1-т "Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу шаардах эрхтэй юм. Иймд эрх хүлээн авагчийн 2019.06.24-ний өдрийн “Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай",           А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Э.С, 22,537,909.35 ам.долларыг мөн өдрийн ханш 2657.02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож, төлбөрийг ам.доллараар тооцохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн ба тушаалын үндэслэх хэсэгт “...банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болж цуцлагдсан...” талаар дурдсан. Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно." гэж заасан. Урьд олгосон бүх зөвшөөрөл гэдэгт Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлүүд хамаарах ба мөн зүйлийн 6.1.5 дахь хэсэгт “гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах” гэж заасны дагуу тушаал гарсан өдрөөр КБнь валютаар илэрхийлэгдэх харилцах, хадгаламжийн дансны үлдэгдлийг хадгалах эрхгүй болсон. Иймд Банкны эрх хүлээн авагчийн тушаал гарах өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханшаар тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж, нэхэмжлэлийн дарааллыг тогтоосон нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2, 71.2.2-т заасантай нийцсэн. Мөн Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт “банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох” эрхтэй ба энэхүү эрхийн хүрээнд валютаар илэрхийлэгдэх шаардлагын хэмжээг тушаал гарах үеийн буюу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ам.долларын албан ханшаар тооцож, төгрөгт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасанд нийцэж байгаа болно. Мөн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн хамт хасаж тодорхойлно.”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт “даатгалын тохиолдол гэж Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргасныг” гэж хуульчилсан. Дээрх хуульд заасны дагуу 2019.04.08-ны өдрийн Монголбанкнаас зарласан албан ханш 2,631.30 төгрөгөөр тооцож 2019.04.09-ний өдөр 7,573.65 ам.доллар Долоон мянга таван зуун далан гурван доллар жаран таван цент/-ыг Э.Сд холбогдох даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөрөөр олгосон. Банкийг албадан татан буулгах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан өдрөөр буюу 2019.04.08-ны өдрөөр тасалбар болгож КБбусдын өмнө хүлээсэн үүрэг хязгаарлагдаж байгаа.

2.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар КБХХК-ийн албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу Капитал банкинд хадгаламж эзэмшиж байсан иргэн, аж ахуй нэгж, төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Э.Сгийн нэхэмжлэлийн шаардлагын баталгаажсан хэмжээг зөвшөөрөх боломжгүй тухайд нэхэмжлэгч Э.Сгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь Капитал банктай 2015.11.24-ний өдөр байгуулсан №2200000305 тоот мөнгөн хадгаламжийн гэрээнд үндэслэсэн байдаг. Тус гэрээгээр хадгалуулагч талаас банкинд 10.0 тэрбум төгрөг байршуулах, хадгалагч талаас сарын 1.9 хувь, жилийн 22.8 хувийн хүү ам.долларын хадгаламжийн хувьд жилийн 21 хувийн хүүтэй/ олгохоор тохиролцсон байдаг. Э.С нь дээрх мөнгөн хадгаламжийн гэрээний үргэлжлэх хугацаанд буюу 2015.11.24-ний гэрээг цуцлах хүртэлх хугацаанд нийт 2.2 тэрбум төгрөгийг хадгаламждаа байршуулсан. Ийнхүү 10.0 тэрбум төгрөгийг банкинд байршуулах тохиролцооны дагуу харилцагчид өндөр хүү амласан байтал Э.С гэрээний гол үүргийг гүйцэтгэхгүйгээр хэт өндөр хүүтэйгээр гэрээ хүчин төгөлдөр үргэлжилсэн. Э.С нь гэрээний нийт хугацаанд үндсэн хадгаламж, түүнд хуримтлагдан тооцогдсон хүүний нийт 89,605,934,889.80 төгрөгөөс 45,820,016,589.50 төгрөгийн зарлага гарган авч, Банкны эрх хүлээн авагчийн дараалалд бүртгэгдсэн 59,383,675,604.14 төгрөгөөс нийт 520,000,000.00 төгрөгийг хүлээн авч /Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулсан дүн/ 59,383,675,604.14 төгрөгийн шаардлагыг хангуулахаар болсон. Э.С нь мөнгөн хадгаламжийг тухай бүр хугацаатай нээлгэж байсан бөгөөд мөнгөн хадгаламжийн гэрээнд мөнгийг хадгалуулах хугацаанд зарлага гаргах тохиолдолд хадгаламжийн гэрээг цуцлагдсанд тооцож гэрээг цуцлах өдрийн байдлаар банкинд мөрдөж байгаа хугацаагүй хадгаламжийн 50 хувиар, валютын хадгаламжийн хувьд жилийн 0,3 хувиар хугацаа алдалтын хүүг тооцоолон олгохоор тохиролцсон. Энэ нөхцөлийн дагуу тооцоолон үзэхэд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар КБнь Э.Сд нийт 28,563,397,615.02 төгрөгийн хадгаламжийн үлдэгдлийг олгох үүрэгтэй бөгөөд Банкны эрх хүлээн авагчийн дараалалд баталгаажсан дүнгээс 30,820,277,986. 12 төгрөгөөр хорогдуулахаар байсан. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /тушаал гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 5 дугаар зүйлийн 5.4, 5.7 дугаар зүйл, Капитал банкнаас Э.Стэй байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний холбогдох заалтуудыг тус тус үндэслэн Банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А-34 дүгээр тушаалаар Э.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг 30,820,277,986.12 төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн. Энэ талаар Банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 851 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн болно. Дээрх тушаалын дагуу Э.С нь Капитал банкнаас авах авлага 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 28,563,397,615.02 /Хорин найман тэрбум таван зуун жаран гурван сая гурван зуун ерэн долоон мянга зургаан зуун арван таван төгрөг хоёр мөнгө/ байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг зөвшөөрөх боломжгүй байна.

Гэхдээ бид Э.Сгийн баталгаажсан шаардлагын үнийн дүнг төлөх талаар маргаагүй, төлөх талаар арга хэмжээ авсаар байна. Харин бидний хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасан харилцаа үүсээгүй, гэрээний тал болох КБтатан буугдах ажиллагааны шатанд байна, эрх хүлээн авагч нь хуульд заасан тусгай үйл ажиллагаа явуулж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч КБЭХА-чид холбогдуулж банкны эрх хүлээн авагчийн 2019.06.24-ний өдрийн төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай А/47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Э.С 22,537,909.35 ам долларыг 2019.06.24-ний өдрийн ханш болох 2657,02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож, төлбөрийг ам доллараар тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид Капитал банктай мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу ам долларын үлдэгдэлтэй байсан бөгөөд 2018 оны 12 сараас эхлэн энэхүү мөнгөө авах талаар хөөцөлдөөд авч чадаагүй, гэтэл банкинд эрх хүлээн авагч томилогдсон, ийнхүү нэхэмжлэлийг эрх хүлээн авагчийн зарласан хугацаанд өгч, бидний хадгаламжийн ам долларын үлдэгдлийг 22,537,909.35 ам доллар гэж тогтоосон мөртлөө 2019.06.24-ний өдрийн А/47 тоот тушаалаар долларын ханш болох 2657,02 төгрөгөөр тооцон 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг зөвшөөрөхгүй байна, өнөөдөр долларын ханш өссөн байхад төгрөгөөр тооцох нь эдийн засгийн хувьд бидэнд хохиролтой, түүнчлэн эрх хүлээн авагч нь Э.Сгийн долларын дансанд долларын үүргийн гүйцэтгэлийг хангаж зохих хэмжээний мөнгийг шилжүүлж байсан, өөрсдөө бусдаас үүргийн гүйцэтгэл шаардахдаа доллараар нэхэж байгаа мөртлөө бидэнд яагаад төгрөгөөр тооцож өгөхөөр шийдсэнийг ойлгохгүй байна, энэ талаар гаргасан тушаал нь үндэслэлгүй тул бид Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 217 дугаар зүйлийн 217.2-т зааснаар тушаалыг хүчингүй болгуулж, төгрөгийг доллараар тооцуулахаар шаардах эрхтэй гэж мэтгэлцсэн.   

 

Харин хариуцагч тал дээрх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд эрх хүлээн авагчийн 2019.06.24-ний өдрийн А/47 тоот тушаалаар нэхэмжлэгч Э.Сгийн ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн, ам долларын нэхэмжлэлийг 22,537,909.35 ам доллар буюу мөн өдрийн Монгол банкны 1 ам долларын ханш болох 2657,02 төгрөгөөр тооцон 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлсэн нь хуульд нийцэж байгаа, бид энэ мөнгийг төлөхгүй гээгүй төлнө, төлж барагдуулах талаар өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч байгаа, мөн тодорхой мөнгийг шилжүүлсэн талаар нэхэмжлэгч маргахгүй байгаа, банкинд нэгэнт эрх хүлээн авагч томилогдсон учир банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болдог, хүчингүй болсноор эрх хүлээн авагч нь доллар хадгалах болоод энэ талаар ямар нэгэн гүйлгээ хийх эрх зүйн боломжгүй болдог, нөгөө талаар бид Э.Сгийн нэхэмжлэлийг анх баталгаажуулахдаа буруу тооцсон болохыг сүүлд мэдсэн, ийнхүү эрх хүлээн авагчийн 2021.05.14-ний А/34 дүгээр тушаалаар Э.Сгийн нэхэмжлэлийн баталгаажсан хэмжээг 30,820,277,986.12 төгрөгөөр бууруулсан болохыг нэхэмжлэгч Э.Сд мэдэгдсэн, мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй, байгууллагын гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Э.С нь КБХХК-тай 2018.06.21-ний өдрөөс 2019.06.01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, 2200000425 тоот төгрөгийн хадгаламж эзэмшиж байсан ба, мөн өдөр энэхүү гэрээнд нэмэлт оруулж, 2200000425 тоот төгрөгийн хадгаламжийг цуцалж, энэхүү төгрөгийн хадгаламжийг 2200000359 тоот ам долларын данс руу сарын 1,4%-ийн хүүтэй байхаар шилжүүлж, гэрээний бусад заалт хэвээр байхаар тохиролцжээ.

 

Энэхүү тохиролцооны дагуу КБХХК нь 2018.06.21-ний өдөр нэхэмжлэгч Э.Сгийн төгрөгийн хадгаламжийн дансыг долларын хадгаламжийн данс болгон шилжүүлэхэд эхний үлдэгдэл 29,281,765.33 ам доллар, эцсийн үлдэгдэл 19,874,218.07 ам доллар болсон байна.  

 

Ийнхүү дээрх гэрээний харилцаа хүчин төгөлдөр байх хугацаанд нэхэмжлэгч Э.С нь 2019.01.09-ний өдөр хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний талаар Монгол банкинд гомдол гаргасан байх ба, Монгол банкны 2019.01.22-ны өдрийн  А-6/80 дугаар албан бичгээр “...банк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх үүрэгтэй...” гэсэн агуулга бүхий хариуг нэхэмжлэгч Э.Сд өгсөн, КБХХК нь 2019.04.05-ны өдрийн 29/100 тоот албан бичгээр Э.Сгийн хадгаламжийн данс нь 2019.04.05-ны өдрийн байдлаар 22,489,595.59 ам доллар болохыг тодорхойлжээ.

 

            Улмаар Монгол банкны ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар КБХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А/97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон байх бөгөөд КБХХК-ийг албадан татан буулгах үйл ажиллагааг албадан татан буулгах комисс буюу банкны эрх хүлээн авагч гүйцэтгэж, эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2021.10.08-ны өдрийн А/268 дугаар тушаалаар 2021.10.08-ны өдрөөс эхлэн 2022.10.08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгагдсан байна.

 

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах үндсэн чиг үүрэгтэй, үүнийг хуулийн 69 дүгээр зүйлд илүү нарийвчлан зохицуулсан.

 

Дурдсан чиг үүргийн хүрээнд хариуцагч КБЭХА нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл хүлээн авах хугацааг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж, олон нийтэд мэдээлэх зэрэг ажиллагаа явуулсан байх ба, энэхүү арга хэмжээний хүрээнд нэхэмжлэгч Э.С нь 2019.04.22-ны өдөр дээрх хадгаламжийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,545,509.34 ам долларыг хариуцагч КБЭХА-аас нэхэмжилжээ.

 

Хариуцагч КБЭХА нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2, 71.2.2-т зааснаар 2019.06.24-ний өдрийн “төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай” А/47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгч Э.Сгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 22,537,909.35 ам доллараар тогтоож, мөн өдрийн 1 ам долларын ханш 2657,02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөг байхаар тодорхойлж, нэхэмжлэлийн дарааллыг тогтоон, энэ тухай нэхэмжлэгч Э.Сд 2019.06.26, 2020.03.27-ны өдрүүдэд мэдэгдсэн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй болно.  

 

Ийнхүү хариуцагч КБЭХА нь 2019.06.25-ны өдөр Э.Сгийн Голомт банкны 2002101046 тоот төгрөгийн дансанд 400,000,000 төгрөгийг “БЭХА гүйлгээний шийдвэрийн дагуу төлбөр барагдуул” гэсэн утгатайгаар,

2019.06.27-ны өдөр Голомт банкны 2005100109 тоот долларын дансанд 50,000,000 төгрөгийг “даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр БЭХА-ийн” гэсэн утгатайгаар,

2019.10.25-ны өдөр Голомт банкны 2002101046 тоот төгрөгийн дансанд 50,000,000 төгрөгийг “НДЗ, даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр” гэсэн утгатайгаар, нийт 3-н удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч Э.Сд 500,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, нэмэлт гэрээ, 2018.06.21-ний өдрийн КБХХК-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулгууд, КБЭХА-ийн 2019.06.26-ны өдрийн 827, 2020.03.27-ны өдрийн 967 дугаар албан бичгүүд, 2019.06.25, 2019.09.27, 2019.10.25-ны өдрүүдийн Голомт банкны дансны хуулгууд, 2019.07.01-ний өдрийн Голомт банкны тодорхойлолт, Монгол банкны 2019.01.22-ны өдрийн А-6/80 дугаар албан бичиг, Капитал банкны 2019.04.05-ны өдрийн 29/100 дугаар албан бичиг, Монголбанкны ерөнхийлөгчийн банкийг албадан татан буулгах тухай, эрх хүлээн авагч томилсон тухай, эрх хүлээн авах хугацааг сунгасан тухай тушаалууд зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Банкны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг ямар хэмжээгээр, хэрхэн хангах, нэхэмжлэлийн дараалалд хэрхэн оруулан шаардлагыг хангах нь хариуцагч КБЭХА-ийн бүрэн эрхийн асуудал бөгөөд банкны төлбөрийн чадваргүйдлийн харилцаан дахь нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх асуудал нь тусгайлсан хууль тогтоомжид заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа байдаг, аливаа хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцох, энэ ажиллагааны хүрээнд төлбөр барагдуулах процесс ажиллагаа нь коллегтив буюу хамтын ажиллагаа байдаг онцлогтой.

 

Энэхүү онцлог ажиллагааны хүрээнд хариуцагч КБЭХА нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.3, 71 дүгээр зүйлийн 71.2.1, 71.2.2 дахь хэсгийг удирдлага болгон 2019.06.24-ний өдрийн “төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай” А/47 дугаар тушаалыг гаргасан, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгч Э.Сгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 22,537,909.35 ам доллараар тогтоож, мөн өдрийн 1 ам долларын ханш 2657,02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөг байхаар тогтоосон явдлыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.  

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч КБЭХА нь Э.Сгийн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 22,537,909.35 ам доллараар тогтоож, нэгэнт баталгаажуулсан, уг үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, энэ баталгаажуулсан төлбөрөөс 500,000,000 төгрөгийн төлөлт хийгдсэн, түүний эрх ашиг бодит байдлаар хохирсон гэж үзэхгүй бөгөөд ам долларын зөрүүнээс эдийн засгийн агуулгаараа санхүүгийн алдагдал үүсэж болох боловч хууль зүйн агуулгаар нь үзвэл, хариуцагч КБЭХА-ийн гаргасан А/47 тоот тушаалыг үгүйсгэх, хүчингүй болгох боломжгүй, уг тушаал нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нөгөө талаар, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээний тал болох КБХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар Монгол банкны ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А/96, А/97 дугаар тушаалууд гарснаар хүчингүй болсон, нэгэнт банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заанаар урьд олгосон банкны үйл ажиллагаа эрхлэх бүх зөвшөөрөл хүчингүй болсон, энэхүү тусгай зөвшөөрөлд хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасан гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах зөвшөөрөл хамаарч байна.

 

Иймд хариуцагч талын гаргасан “...банк татан буугдсанаар гадаад валют хадгалах, хадгалуулах зөвшөөрөл хүчингүй болсон, тийм учраас эрх хүлээн авагч нь Банкны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ам долларыг төгрөгт шилжүүлэх болсон...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэл бүхий байх ба, харин “...нэхэмжлэлийн баталгаажуулсан шаардлагын үнийн дүнг дахин хяналт, шалгалт явуулж багасгаж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн..” гэх агуулга бүхий тайлбар нь хэрэгт хамааралгүй, тусдаа асуудал байна гэж үзлээ.

 

Учир нь хариуцагч тал сүүлийн татгалзсан тайлбараа КБЭХА-ийн 2021.05.14-ний өдрийн А/34 тоот тушаал, Э.Сгийн төгрөгийн хадгаламжийн тооцооллыг үндэслэж байх ба, хариуцагч КБЭХА нь 2021.05.14-ний өдрийн “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн баталгаажуулсан хэмжээг буруулах тухай” А/34 тоот тушаалыг гаргаж, уг тушаалаар Банкны эрх хүлээн авагчийн 2019.06.24-ний өдрийн А/47 тоот тушаалын нэгдүгээр хавсралт, 2019.09.19-ний өдрийн А/69 тоот тушаалын нэгдүгээр хавсралт, дөрөвдүгээр хавсралт дахь Э.Сд холбогдох 59,383,675,601.14 төгрөгийн төлбөрийг банкны эрх хүлээн авагчийн ажлын албанаас хийсэн тооцооллын дагуу 30,820,277,986.12 төгрөгөөр бууруулахыг Санхүү, тайлан бүртгэл, мэдээллийн технологийн албаны ахлах нягтлан бодогчид даалгаж, энэ тухай Э.Сд мэдэгдэхийг БЭХА-чийн зөвлөлийн Актив, пассивын албаны хуулийн ахлах мэргэжилтэнд даалгажээ.

 

Ийнхүү хариуцагч КБЭХА нь дээрх шийдвэрийн талаар 2021.05.17-ны өдрийн 851 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Э.Сд мэдэгдсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч Э.С нь хариуцагч КБЭХА-аас нэгэнт баталгаажуулсан А/47 тоот тушаалд заасан түүний нэхэмжлэлийн шаардлага болох ам долларыг төгрөгт шилжүүлсэнд гомдож, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд харин баталгаажуулсан шаардлагыг багасгасан талаарх шийдвэр, мэдэгдлийг нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй, энэ талаар шүүх хуралдаанд маргаагүй тул хариуцагч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас хальсан байдлаар татгалзлын хоёр дахь үндэслэлийг гарган тавьсан нь үндэслэлгүй болно. Тийм учраас хариуцагч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой баримтыг шүүх нэхэмжлэлд хамааралгүй, тусдаа асуудал гэж үзсэн болно.

 

Эцэст нь дээрх бүгдээс дүгнэхэд, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2, 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар Э.С, КБХХК-ийн хооронд 2018.06.21-ний өдөр ам долларын хадгаламжийн гэрээ байгуулагдсан байх боловч энэхүү гэрээний тал болох КБХХК нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А/96, А/97 дугаар тушаалаар албадан татан буугдаж, түүнд эрх хүлээн авагч томилогдсон, хариуцагч КБЭХА нь мөнгөн хадгаламжийн гэрээний тал биш, тэрээр КБХХК-ийг албадан татан буулгахтай холбоотойгоор Банкны тухай хуульд заасан тусгайлсан ажиллагааг явуулж байгаа, энэ ажиллагааны хүрээнд А/47 тоот тушаал гарсан нь нэгэнт тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч КБЭХА-ийн А/47 тоот тушаалаар нэхэмжлэгч Э.Сгийн эрх ашиг бодит байдлаар хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй,  харин хариуцагч КБЭХА нь нэхэмжлэлийн баталгаажсан шаардлага болох 22,537,909.35 ам доллар буюу 59,883,675,901.14 төгрөгөөс тодорхой хэмжээний буюу 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Сд төлсөн, үлдэх төлбөрийг төлж барагдуулах талаар холбогдох ажиллагааг явуулж байгаа тухайгаа тайлбарласан болно.

 

Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан “...бидний хооронд мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, бид мөнгөө доллараар хадгалуулсан учир доллараар мөнгөө буцаан авна...” гэх агуулга бүхий тайлбар няцаагдаж байх бөгөөд, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч Э.Сгийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч КБЭХА-ийн А/47 тоот тушаалыг хүчингүй болгох, төлбөрийг ам доллараар тооцохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цолмон, хариуцагчийн төлөөлөгч Э.Баасан, С.Оюунбилэг, өмгөөлөгч Д.Гантөмөр нар нь шүүх хуралдааны өдөр эрх, үүрэг танилцсан боловч тэдний хэн аль нь эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй, хэргийн материалыг мэдэж байгаа гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар хариуцагч КБХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019.06.24-ний өдрийн А/47 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын Э.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийг ам доллараар тооцохыг даалгах тухай Э.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Сгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА