Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00345

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00345

 

Э.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02629 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.С-ийн хариуцагч К-д холбогдуулан гаргасан Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/47 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийг ам.доллараар тооцохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Э.Б , С.О хариуцагчийн өмгөөлөгч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э.С нь К ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 12 сарын хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулсан ба 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 22,489,585.59 ам.долларын үлдэгдлийг К ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлж банкны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 29/100 дугаартай албан тоотоор баталгаажуулсан. 2018 оны 12 дугаар сараас хадгаламжаа буцаан авах гэсэн боловч авч чадаагүй тул Монгол банкны хяналт, шалгалтын газарт өргөдөл гаргахад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А-6/80 дугаартай албан тоотоор Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх Капитал банкны гүйцэтгэх захирал А.А-д үүрэг болгосон. Капитал банк болон гүйцэтгэх захирал А.А нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй хадгаламж эзэмшигчийг хохироосоор өнөөдрийг хүрсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилсон шийдвэр гарсан. Э.С нь хуульд заасан хугацаанд К-д 22,537,909.35 ам.долларыг нэхэмжилж нэхэмжлэлийг хүргүүлсэн. Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасан нэхэмжлэлийн дарааллыг тогтоож, А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5 дахь хэсэгт буюу даатгаагүй хадгаламжийн төлбөр гэсэн дараалалд оруулж баталгаажуулсан. Энэ тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 22,537,909.35 ам.доллараар төлбөр барагдуулах дараалалд оруулсан тухай мэдэгдсэн. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 967 тоот албан бичгээр Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийн дарааллын, даатгагдаагүй хадгаламжийн төлбөр хэсгийн Э.С-ийн хадгаламж болох 22,537,909.35 ам.долларыг баталгаажуулахдаа тухайн өдрийн Монгол банкны ханш буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2657.02 төгрөгөөр тооцож 59,383,675,601.14 төгрөгт шилжүүлсэн баталгаажуулсан тухай мэдэгдсэн. Капитал банкинд хадгалуулсан 22,537,909.35 ам.долларыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 64,199,460,162.50 төгрөг /1ам.долларын ханш 2848.51 төгрөг/-тэй тэнцэж байхад банкны эрх хүлээн авагчийн Монгол банкны ханш 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1 ам.долларын ханш 2657.02 төгрөгөөр тооцсон 59,883,675,901.14 төгрөгтэй харьцуулахад ханш дээр 191.49 төгрөгийн зөрүү буюу нийт авах төлбөрт 4,315,784,261.4 төгрөгийн зөрүү гарч байна. Э.С-д илт хохиролтой шийдвэр гаргасан. Банкны эрх хүлээн авагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд харилцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох, дараалалд оруулах бүрэн эрхтэй боловч Э.С-ийн эрх ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр гаргасан. Дээрх тушаалд ам.долларын хадгаламжтай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ам.долларын хадгаламжийг монгол төгрөгт шилжүүлэх тухай огт дурьдаагүй, уг тушаалын хавсралт хүснэгт хэсэгт тоогоор илэрхийлж оруулсан байдаг. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь төлбөр авагчдын 400,000,000 хүртэлх төгрөгийн төлбөрийг барагдуулахдаа Капитал банк дахь Э.С-ийн 2200000359 тоот долларын данснаас долларын зарлагын гүйлгээ хийсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Э.С-ийн Голомт банк дахь 2005101046 тоот төгрөгийн дансанд 400,000,000 төгрөг буюу тухайн өдрийн /Монгол банкны ам.долларын албан ханш 2657.07 төгрөг/-аар тооцвол 150,541.76 ам.доллар орсон. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Э.С-ийн Голомт банк дахь 2005100109 тоот долларын дансанд Даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр БЭХА-ийн гүйлгээний утгатай 18,733.61 ам.доллар, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э.С-ийн Голомт банк дахь 2005101046 тоот төгрөгийн дансанд НДЗ, Даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр шилжүүлэг гүйлгээний утгатай 50,000,000 төгрөг буюу тухайн өдрийн Монгол банкны ам.долларын албан ханш 2685.97 төгрөг/-аар тооцвол 18,615.25 ам.доллар тус тус орсон. Өөр төлбөр 2019 оны 04 сараас хойш 2 жил гаран хугацаанд хийгдээгүй байна. Э.С нь банкинд хадгалуулсан ам.долларын хадгаламжийн төлбөрөө ам.доллараар буцаан авах хүсэлтэй байна. Учир нь эрх хүлээн авагч ам.долларын зээлийн гэрээтэй иргэд аж ахуйн нэгжээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа төгрөгт шилжүүлэхгүй ам.доллараар тооцож шаардсан атлаа, ам.долларын хадгаламжийг төгрөгт шилжүүлэн тооцсон нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2, 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Иймд эрх хүлээн авагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Э.С , 22,537,909.35 ам.долларыг мөн өдрийн ханш 2657.02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож, төлбөрийг ам.доллараар тооцохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банк ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн ба тушаалын үндэслэх хэсэгт ...банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болж цуцлагдсан... талаар дурдсан. Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно." гэж заасан. Урьд олгосон бүх зөвшөөрөл гэдэгт Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлүүд хамаарах ба мөн зүйлийн 6.1.5 дахь хэсэгт гадаад валют худалдах-худалдан авах, хадгалах, хадгалуулах гэж заасны дагуу тушаал гарсан өдрөөр Капитал банк нь валютаар илэрхийлэгдэх харилцах, хадгаламжийн дансны үлдэгдлийг хадгалах эрхгүй болсон. Иймд Банкны эрх хүлээн авагчийн тушаал гарах өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханшаар тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж, нэхэмжлэлийн дарааллыг тогтоосон нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2, 71.2.2-т заасантай нийцсэн. Мөн Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох эрхтэй ба энэхүү эрхийн хүрээнд валютаар илэрхийлэгдэх шаардлагын хэмжээг тушаал гарах үеийн буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ам.долларын албан ханшаар тооцож, төгрөгт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно. Мөн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Монголбанкнаас зарласан албан ханш 2,631.30 төгрөгөөр тооцож 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 7,573.65 ам.доллар /Долоон мянга таван зуун далан гурван доллар жаран таван цент/-ыг Э.С-д холбогдох даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөрөөр олгосон. Банкийг албадан татан буулгах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан өдрөөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгож Капитал банк бусдын өмнө хүлээсэн үүрэг хязгаарлагдаж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банк ХХК-ийн албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу Капитал банкинд хадгаламж эзэмшиж байсан иргэн, аж ахуй нэгж, төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь Капитал банктай 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан №2200000305 тоот мөнгөн хадгаламжийн гэрээнд үндэслэсэн байдаг. Тус гэрээгээр хадгалуулагч талаас банкинд 10.0 тэрбум төгрөг байршуулах, хадгалагч талаас сарын 1.9 хувь, жилийн 22.8 хувийн хүү ам.долларын хадгаламжийн хувьд жилийн 21 хувийн хүүтэй/ олгохоор тохиролцсон байдаг. Э.С нь дээрх мөнгөн хадгаламжийн гэрээний үргэлжлэх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээг цуцлах хүртэлх хугацаанд нийт 2.2 тэрбум төгрөгийг хадгаламждаа байршуулсан. Ийнхүү 10.0 тэрбум төгрөгийг банкинд байршуулах тохиролцооны дагуу харилцагчид өндөр хүү амласан байтал Э.С гэрээний гол үүргийг гүйцэтгэхгүйгээр хэт өндөр хүүтэйгээр гэрээ хүчин төгөлдөр үргэлжилсэн. Э.С нь гэрээний нийт хугацаанд үндсэн хадгаламж, түүнд хуримтлагдан тооцогдсон хүүний нийт 89,605,934,889.80 төгрөгөөс 45,820,016,589.50 төгрөгийн зарлага гарган авч, Банкны эрх хүлээн авагчийн дараалалд бүртгэгдсэн 59,383,675,604.14 төгрөгөөс нийт 520,000,000.00 төгрөгийг хүлээн авч /Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулсан дүн/ 59,383,675,604.14 төгрөгийн шаардлагыг хангуулахаар болсон. Э.С нь мөнгөн хадгаламжийг тухай бүр хугацаатай нээлгэж байсан бөгөөд мөнгөн хадгаламжийн гэрээнд мөнгийг хадгалуулах хугацаанд зарлага гаргах тохиолдолд хадгаламжийн гэрээг цуцлагдсанд тооцож гэрээг цуцлах өдрийн байдлаар банкинд мөрдөж буй хугацаагүй хадгаламжийн 50 хувиар, валютын хадгаламжийн хувьд жилийн 0,3 хувиар хугацаа алдалтын хүүг тооцоолон олгохоор тохиролцсон. Энэ нөхцөлийн дагуу тооцоолон үзэхэд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Капитал банк нь Э.С-д нийт 28,563,397,615.02 төгрөгийн хадгаламжийн үлдэгдлийг олгох үүрэгтэй бөгөөд Банкны эрх хүлээн авагчийн дараалалд баталгаажсан дүнгээс 30,820,277,986.12 төгрөгөөр хорогдуулахаар байсан. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /тушаал гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 5 дугаар зүйлийн 5.4, 5.7 дугаар зүйл, Капитал банкнаас Э.С тэй байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний холбогдох заалтуудыг тус тус үндэслэн Банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-34 дүгээр тушаалаар Э.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 30,820,277,986.12 төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн. Энэ талаар Банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 851 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн болно. Дээрх тушаалын дагуу Э.С нь Капитал банкнаас авах авлага 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 28,563,397,615.02 төгрөг тул нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг зөвшөөрөх боломжгүй байна. Гэхдээ бид Э.С-ийн баталгаажсан шаардлагын үнийн дүнг төлөх талаар маргаагүй, төлөх талаар арга хэмжээ авсаар байна. Харин бидний хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасан харилцаа үүсээгүй, гэрээний тал болох Капитал банк татан буугдах ажиллагааны шатанд байна, эрх хүлээн авагч нь хуульд заасан тусгай үйл ажиллагаа явуулж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар хариуцагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/47 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийг ам.доллараар тооцохыг даалгах тухай Э.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.С-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хууль болон Банкны тухай хуулийн зарим зүйл заалтыг эрх зүйн үндэслэлгүй буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний эрхийг зөрчсөн шийдвэр гарсан болно. Энэ үндэслэл нь хууль хэрэглээний дараах алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдтэй иргэн хүний байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээ бол иргэний эрх зүйн харилцаа байдаг. Иймээс иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэр энэ зарчмыг илэрхий зөрчиж байна. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт мөнгөн хадгаламжийг гэрээний талаар зохицуулахдаа банк хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээдэг. Хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр буцааж олгох үүрэг хүлээдэг. Иргэний хуулийн энэ зохицуулалтыг анхан шатны шүүхийн шүүгч дагаж мөрдөхгүй байх эрхгүй. Банкны эрх хүлээн авагч гэрээний нэг тал биш тул Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй болсон.

Учир нь Банкны эрх хүлээн авагч нь тухайн банкны эрх ба үүргийг залгамжлан хэрэгжүүлэгч мөн тиймээс ч Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг үл анхаарсан атлаа Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар тухайн банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох эрхтэй ба энэхүү эрхийн хүрээнд гадаад валютаар илэрхийлэгдэх шаардлагын хэмжээг тушаал гаргах үеийн буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханшаар тооцож төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасантай нийцсэн байна гэж үзэн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А-47 дугаар Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 22,537,909.35 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар /2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 59,883,675,901.14 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам.доллараар тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

Мөнгөн төлбөрийн хадгаламжийн гэрээний үүрэгтэй холбогдох маргаантай асуудалд төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэпгийн талаарх зохицуулалтыг үндэслэл болгосон нь буруу. Онолын ч иргэний эрх зүйн талаасаа өөр зүйл гэдгийг анхаарсангүй. Миний бие ам.доллараар хадгаламжийн мөнгөө шаардаж байгаа иймээс тухайн мөнгөн тэмдэгтээр төлбөр гүйцэтгэх үүрэгтэй. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь заалтыг анхаарах учиртай байсан. Анхан шатны шүүх Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан. Энэ зүйл нь банкны үйл ажиллагаа, дотоод харилцаатай холбоотой асуудлуудыг зохицуулсан. Түүнээс банкны хадгаламж эзэмшигчдийн эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалт биш юм.

Мөн Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ тодорхойлогдсон тохиолдолд шүүх хуулиар тусгайлан зохицуулсны дагуу шүүхээс гадуур явагдаж байгаа ажиллагаанд оролцож тодорхойлогдсон хэмжээнээс өөр дүнтэй мөнгөн хөрөнгийг банкны эрх хүлээн авагчаас тогтоосон дарааллыг харгалзахгүйгээр хариуцагчаас гаргуулах боломжгүй гэсэн нь шүүхийн мөн чанарыг үгүйсгэсэн, Монгол Улсын үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн үзэл санааг илэрхийлжээ. Анхан шаны шүүхийн дээрх байдал нь хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг алдагдуулсан улмаар банкны талд болон төрийн байгууллагын талд үйлчилж иргэний эрх, эрх чөлөөг илтэд үгүйсгэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн эрх шилждэггүй. Банкны зарим чиг үүрэг, эрх шилждэг. Нийслэлийн прокурорын газарт банкны ерөнхийлөгч шалгуулаад өнөөдөр энэ нь шалгалтын байдалтай явагдаж байх ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч К-д холбогдуулан Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 22,537,909.35 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар /2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 59,883,901.14 төгрөгт шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, төлбөрийг ам.доллараар тооцохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Э.С , Капитал банк ХХК-ийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2200000425 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж төгрөгийн хадгаламжид хүү тооцохоор уг гэрээнд мөн өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2200000425 дугаартай төгрөгийн хадгаламжийн гэрээг цуцалж, тухайн дансан дахь мөнгөн хөрөнгийг тухайн өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлэн 2200000359 тоот ам.долларын данс руу шилжүүлэн, ам.долларын хадгаламжийг сарын 1,4 хувийн хүүтэй байхаар шилжүүлж, гэрээний бусад заалт хэвээр байхаар тохиролцсон болох нь хэргийн 8-9 дэх талд авагдсан Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ болон нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр тогтоогдсон байна.

 

3. Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банк ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн ба Монгол банкны ерөнхийлөгчийн мөн өдрийн А-97 тоот тушаалаар Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах үйл ажиллагааг хэрэгжүүлэх банкны эрх хүлээн авагчийг томилжээ. Эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-268 тоот тушаалаар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгагдсан үйл баримт хэргийн 35-36, 40 дэх талд авагдсан Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалуудаар тогтоогджээ.

 

4. Хэргийн 17, 19-20 дахь талд авагдсан Э.С-ийн Голомт банкны дансны хуулгаар хариуцагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Э.С-ийн Голомт банкны 2002101046 тоот төгрөгийн дансанд 400,000,000 төгрөгийг БЭХА гүйлгээний шийдвэрийн дагуу төлбөр барагдуул, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Голомт банкны 2005100109 тоот ам.долларын дансанд 50,000,000 төгрөгийг даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр БЭХА-ийн, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Голомт банкны 2002101046 тоот төгрөгийн дансанд 50,000,000 төгрөгийг НДЗ, даатгагдаагүй хадгаламжийн нөхөн төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар 3 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч Э.С-д 500,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр үйцэтгэнэ гэж, 217.2 дахь хэсэгт Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж тус тус зохицуулсан.

 

Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай А-47 тоот тушаалаар нэхэмжлэгч Э.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 22,537,909.35 ам.доллараар тогтоон, мөн өдрийн 1 ам.долларын ханш 2657,02 төгрөгөөр тооцож 59,883,675,901.14 төгрөгөөр тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэхдээ Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4/

 

5. Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийн баталгаажсан шаардлага болох 22,537,909.35 ам.доллар буюу 59,883,675,901.14 төгрөгөөс 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.С-д төлсөн, үлдэх төлбөрийг төлж барагдуулах талаар холбогдох ажиллагааг явуулж байгаа. Банкны эрх хүлээн авагчийн А-47 тоот тушаал нь хуульд заасан татан буулгах ажиллагааны хүрээнд хариуцагч, хадгаламж эзэмшигчийн хүлээсэн өр төлбөр барагдуулахад чиглэсэн бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хадгаламжийн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хэмжээ, дарааллыг тогтоосон ажиллагааг гэрээний үүрэгтэй шууд адилтган үзэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн бидний хооронд мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, бид мөнгөө ам.доллараар хадгалуулсан учир ам.доллараар мөнгөө буцаан авна гэх тайлбар үндэслэлгүй.

 

6. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлж байгаа нь буруу гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4/

 

7. Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан. Хариуцагч банкны эрх хүлээн авагчид гадаад валютаар төлбөр тооцоог гүйцэтгэх эрхийг тусгайлан Монгол банкнаас олгоогүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/47 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийг ам.доллараар тооцохыг даалгах тухай Э.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ