Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 182//ШШ2021/02775

 


 

 

2021 12 14 182/ШШ2021/02775

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, Мөнгөт шарга төв, 2 дугаар давхар, 206 тоот хаягт байрлах, Паблик кредит ББСБ ХХК /ХЭРД: 6035957/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 30 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Төмөрбаатарын Гантулга /РД: ЕС78061838/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 52 дугаар байр, 9 тоот хаягт оршин суух, Сүлдэнбуу овогт Жамбалсүрэнгийн Гансүх /РД: ЕЙ78022718/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 46,081,651.8 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Очир, хариуцагч Т.Гантулга, Ж.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Паблик кредит ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Паблик кредит ББСБ ХХК нь Т.Гантулга, Ж.Гансүх нартай 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-1790000391 тоот зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Улсын бүртгэлийн Ү-2202003936 дугаартай Т.Гантулгын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 30 дугаар байр, 17 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. Мөн Ж.Гансүхтэй батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дууссан боловч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа болно. Иймд хариуцагч Т.Гантулга, Ж.Гансүхээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 22,814,434.92 төгрөг, зээлийн хүү 12,196,034.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,296,356.75 төгрөг, нийт 36,306,826.03 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 30 дугаар байр, 17 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Паблик кредит ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Очир шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Паблик кредит ББСБ ХХК нь иргэн Т.Гантулгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 36,306,826.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон эргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн хүү 8,145,690.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,134.87 төгрөг, нийт 9,774,825.77 төгрөг нэмж бодогдсон байна.

Зээлдэгч нь бидэнтэй огт холбоо барихгүй байгаа болон зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй, нэхэмжлэгч талаас үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 9,774,825.77 төгрөгөөр нэмэгдүүлж үндсэн зээл 22,814,434.92 төгрөг, хүү 20,341,725.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,925,491.62 төгрөг, нийт 46,081,651.8 төгрөгийг хариуцагч Т.Гантулгаас гаргуулж өгнө үү.

Хамтран хариуцагчаар татагдсан Ж.Гансүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн Т.Гантулгад холбогдуулан гаргаж байна гэжээ. /хх155-156/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Манай ББСБ нь Т.Гантулгатай 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-1790000391 тоот зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн 25 000 000 төгрөгийг Т.Гантулгын дансанд шилжүүлснээр гэрээ байгуулагдсан. Мөн тухайн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т.Гантулгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202003936 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 30 дугаар байр, 17 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, барьцаалбар хийсэн.

Зээлдэгч Т.Гантулга нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох сар тутам төлбөр төлөхөөс 2019 оны 03 сарын 11-нд 2 141 700 төгрөг, 2019 оны 04 сарын 19-нд 2084050 төгрөг, нийт 4 225 750 төгрөгийг төлсөн, үүнээс хойш огт төлбөр төлөөгүй, гэрээний хугацаа 2020 оны 07 сарын 24-нд дууссан тул 2020 оны 10 сард нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил өнгөрсөн байна. Гэрээний хугацаа дууссан ч үндсэн зээл, хүүний төлбөр мөн нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй гэж гэрээнд заасан тул үндсэн зээл 22 814 434 төгрөг болон нийт хугацааны хүү 20 341 725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 925 491 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч Т.Гантулгатай 2019 оны 01 сарын 24-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Энэ барьцааны гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн газраар бүртгэл хийгдсэн хүчин төгөлдөр тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Ж.Гансүхийг татан оролцуулсан боловч Т.Гантулгатай байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардсан хэргийн хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна. Учир нь ББСБ нь Т.Гантулгатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан харин Ж.Гансүх, Т.Гантулга нартай 2019 оны 01 сарын 24-ний өдөр Батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээгээр Т.Гантулгатай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зээлдэч гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч Ж.Гансүх хариуцахаар гэрээ байгуулсан тул эхлээд зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс шаардсан үндэслэлээр түүнийг хариуцагчаар татахаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Т.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 5,000,000 төгрөгийн зээл авахаар нэхэмжлэгч байгууллагад хандах гэж байхад Ж.Гансүхээс 20,000,000 төгрөгийг нэмээд зээлээд өг, манай компанид удахгүй их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн. Иймд Паблик кредит ББСБ ХХК-иас зээл авахаар болж 25,000,000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр авсан. Миний бие нь 5,000,000 төгрөг, Ж.Гансүх 19,750,000 төгрөг тус тус авсан. Ингээд миний дансанд 24,750,000 төгрөг шилжин орж ирэхэд Ж.Гансүх өөрийн 5015269595 тоот данс руу 19,750,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Иймд Паблик кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ж.Гансүхээр хангуулах, авсан зээлийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Паблик кредит ББСБ ХХК нь шаардлага хангаагүй, санхүүгийн бололцоогүй хүнтэй батлан даалтын гэрээ хийж, хамтран зээлдэгчээр оруулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа тул гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ./хх41-46/

 

Хариуцагч Т.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Паблик кредит ББСБ-ын зээлийн эдийн засагч Э.Очир нь 2019 онд байгуулсан зээлийн гэрээний мөнгийг Ж.Гансүхийн хэрэглээнд зориулагдахыг мэдсээр байж, намайг зээлдэгч, Ж.Гансүхийг батлан даагчаар тохоон томилж энэ зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр авсан 25 сая төгрөгөөс 20 сая төгрөгийг тухайн өдөр нь Ж.Гансүхийн дансанд шилжүүлсэн байдаг. Ж.Гансүх энэ зээлийн төлж барагдуулах тухай хэлсээр байхад яагаад надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Мөн Ж.Гансүхийн эдийн засгийн байдлыг яагаад судлахгүйгээр батлан даагч болгож оруулсан юм бэ, зээлийг бодитойгоор хүлээн авсан этгээд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байтал хариуцагчаар татахаас татгалзаж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ж.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Паблик кредит ББСБ, Т.Гантулга нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 25 сая төгрөгөөс миний бие 20 сая төгрөгийг авсан, төлбөрийг би бүрэн төлөхөөр Т.Гантулгатай тохирсон байсан. Ковидийн нөхцөл байдлаас зээлийн төлбөрийг төлж чадалгүй найз Т.Гантулгыг энэ байдалд хүргэсэндээ уучлалт хүсэж байна. Зээлийн төлбөрийн үлдэгдэл болон тооцооны хувьд маргах зүйлгүй. Миний өөрийн орон сууц нь ипотекийн зээлийн барьцаанд байдаг, урд нь зээл авахдаа Т.Гантулгын орон сууцыг барьцаалж байсан тохиолдол байгаа.

Т.Гантулга нь зээлийн гэрээний 25 сая төгрөгийг аваагүй тул түүнтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Энэ зээлийн гэрээгээр нэхэмжилж байгаа нийт 46,081,651.8 төлбөрийг би бүрэн хариуцах тул Ж.Гансүхийн байрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Паблик кредит ББСБ ХХК хариуцагч Т.Гантулга, Ж.Гансүх нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 36,306,826.03 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн хүү 8,145,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,134 төгрөг, 9,774,825 төгрөгөөр ихэсгэж,

үндсэн зээл 22,814,434.92 төгрөг, хүү 20,314,725,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,925,491.62 төгрөг, нийт 46,081,651.8 төгрөгийг хариуцагч Т.Гантулгаас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж тодруулж,

хариуцагч Ж.Гансүхээс татгалзах хүсэлтийг гаргасан байна. /хх158/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч Т.Гантулга нь зээлийн гэрээ байгуулан, гэрээний үнэ 25 сая төгрөгийг түүний дансанд шилжүүлснээр зээлдүүлэгч нь үүргээ гүйцэтгэсэн. Мөн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Т.Гантулгаас нэхэмжилж байгаа тул Ж.Гансүхээс татгалзах хүсэлтэй байна гэж,

Хариуцагч Т.Гантулга татгалзлын үндэслэлээ...Зээлийн болон батлан даалтын гэрээний оролцогчийг ББСБ-ын төлөөлөгч өөрөө сонгож гэрээ байгуулсан, зээлийн гэрээгээр авсан 25 сая төгрөгөөс би 5 сая төгрөгийг авч, Ж.Гансүхэд 19 750 000 төгрөгийг тухайн өдөр нь шилжүүлсэн. Энэ гэрээгээр хүлээсэн үүргийг батлан даалтын гэрээний тал болох Ж.Гантулга хариуцах тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж,

Хариуцагч Ж.Гансүх тайлбартаа...Т.Гантулга, ББСБ-ын хооронд байгуулсан зээлийн гэрээний 25 сая төгрөгөөс би 19 750 000 төгрөгийг авсан, одоо шүүхэд гаргасан нийт 46,081,651.8 төгрөгийн нэхэмжлэлийг би дангаараа төлөхийг зөвшөөрч байгаа тул зээлийн гэрээний үүргийг надад хариуцуулж, Т.Гантулгын орон сууцыг барьцааны гэрээнээс чөлөөлж өгнө үү гэж тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Паблик кредит ББСБ ХХК, хариуцагч Т.Гантулга нарын хооронд 2019 оны 01 сарын 24-ний өдөр 25 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн тэнцэх хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулжээ. /хх14-18/

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь эрх бүхий этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх6-11/

 

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээл олгохдоо зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлж, мөн зээл олгох хэлбэрийг зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж, зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдснээр зээл олгосонд тооцно.

 

Хариуцагч Т.Гантулгатай байгуулсан зээлийн гэрээ нь хэрэглээний зориулалтаар олгосон, талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон мөн түүний нэр дээр зээлийн данс нээж, тухайн дансанд зээлийн гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх24/

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Т.Гантулгаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Т.Гантулга дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож нэхэмжлэгчтэй 2019 оны 01 сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202003936 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 30 дугаар байр, 17 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2019 оны 03 сарын 11-нд 2 141 700 төгрөг, 2019 оны 04 сарын 19-нд 2084050 төгрөг, нийт 4 225 750 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаа дууссан ч төлбөр төлөгдөөгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 22,814,434.92 төгрөг, хүү 20,314,725,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,925,491.62 төгрөг, нийт 46,081,651.8 төгрөгийн тухайд маргаагүй байх тул зээлдэгч Т.Гантулгаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, тэрээр зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

Хариуцагч Т.Гантулга нь дээрх зээлийн гэрээгээр хүлээн авсан 25 000 000 төгрөгөөс 2019 оны 01 сарын 25-ны өдөр 19 750 000 төгрөгийг Ж.Гансүхэд шилжүүлсэн буюу уг зээлийг өөрөө ашиглаагүй тул үүрэг гүйцэтгэх үндэслэлгүй гэж маргаж, харин уг зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 19 750 000 төгрөгийг хүлээн авсан Ж.Гансүх нь зээлийн төлбөрийг бүхэлд төлөхийг хүлээн зөвшөөрч, Паблик кредит ББСБ ХХК, Т.Гантулга нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Т.Гантулгын барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тайлбар гаргасан хэдий ч дээрх нотлох баримт болон хэргийн үйл баримтаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. /хх53/

 

Нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Т.Гантулга, Ж.Гансүх нарыг хариуцагчаар тодорхойлсон боловч ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Гантулгад холбогдуулан тодорхойлж, Ж.Гансүхийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, энэ хүсэлтээ хуралдаан дээр дэмжиж оролцсон байна.

 

Паблик кредит ББСБ ХХК, Ж.Гансүх, Т.Гантулга нар нь 2019 оны 01 сарын 24-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Паблик кредит ББСБ ХХК, Т.Гантулга нарын хооронд байгуулсан 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 1790000391 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангахтай холбогдсон буюу зээлийн төлбөрийг төлж барагдуулах тухай батлан даагчийн эрх үүргийг зохицуулсан байна.

Гэрээний агуулгаас үзэхэд зээл олгогч нь зээлийн гэрээнээс үүдсэн үүргээ биелүүлэхийг шаардах ба зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагчаар зээлийн үүргийг биелүүлэхээр шаардах эрхтэй байхаар байна. Өөрөөр хэлбэл үндсэн үүрэг үүссэн байх нь батлан даалтын гэрээний урьдчилсан нөхцөл байх бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний нэг тал болох Ж.Гансүхээс татгалзсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй мөн шүүх нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч буюу хэргийн зохигчоор оролцуулдаг болно.

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас Ж.Гансүхийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Гансүхээс татгалзсан хэдий ч Т.Гантулга дээрх зээлийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг түүнээс нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.Гантулгаас 46,081,651.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Паблик кредит ББСБ ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Т.Гантулгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003936 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо 6 дугаар хороолол 30 дугаар байр 17 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Паблик кредит ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 46,081,651.8 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргээс хариуцагч Ж.Гансүхээс татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзлын баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 522,240 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Т.Гантулгаас 388.358 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Паблик кредит ББСБ ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН