Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2022/00203

 

 

 

 

 

 

 

       

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И ТББ / /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б

Хариуцагч: М.А

Хариуцагч: Р.Н

 

Фужицу Фи /Fujitsu Fi/ 7180 маркийн хоёр ширхэг сканерийн үнэ 15,898,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат, Н.Энхтуяа, хариуцагч М.А түүний  өмгөөлөгч Н.Болормаа, хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, хариуцагч Р.Н-ийн түүний  өмгөөлөгч М.Пагма-Оролмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч "И сан" ТББ нь олон улсын IELTS-ийн шалгалт авдаг байгууллага бөгөөд байгууллагын хэрэгцээний дагуу тухайн үед шалгалт авах журамд тодотгол орж дээд байгууллагаас тавьсан шаардлага, зааврын дагуу хэвлэх төхөөрөмж авах шаардлагатай болоход тухайн төхөөрөмж нь Монгол улсад байхгүй байсан тул БНХАУ-ын Бээжин хотоос яаралтай сканнер худалдаж авсан юм.

Манай байгууллагын хэрэгцээт сургалтын бараа материалыг БНХАУ-аас худалдан авахад тусалдаг манай түнш бөгөөд Бээжин хотод амьдардаг БНХАУ- ын иргэн Сэцэн /өвөр монгол/ гэдэг хүн бидний хүсэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос Fujitsu Fi-7180 маркийн 2 ширхэг сканер худалдан авч бидний шилжүүлсэн 15,898,000 төгрөгийг тухайн үеийн ханшаар юань болгон төлсөн. Тухайн 2 ширхэг скайннерыг Монгол улс руу каргогоор явуулсан. 2017 оны 01  сарын 19-нд  80794946 дугаарын утаснаас манай байгууллагын нягтлан н.Цолмон гэх хүн рүү ярьж танай ачаа Улаанбаатар хотод ирсэн тул ирж ачаагаа ав гэсний дагуу очиж  авах гэтэл  ачаа  алга болсон. Ингээд  Замын-Үүд рүү хүмүүс рүү холбогдоход 2017 оны 01  сарын 14-нд  Д.Ба гэх хүн БНХАУ-ын Эрээн хотоос ачааг авч Замын-Үүд рүү хилийн боомтоор оруулж ирээд М.А гэх хүнд ачааг хүлээлгэж өгсөн. М.А нь ойролцоогоор 40х60 хэмжээтэй бор өнгийн хайрцагтай ачааг хүлээж бүртгэж аваад 40-10 улсын дугаартай Р.Н-ийн автомашинд ачиж явуулсан байдаг. Тус ачааг Г.Баасандорж Улаанбаатар хотод хүлээж авсан үйл явдал болсон юм.

 Д.Баийн зүгээс ачааг М.Ад хүлээлгэж өгсөн энэ хүн  хүлээж аваад Улаанбаатар хот руу явуулсан гэдгээ  зөвшөөрдөг бол, Г.Баасандорж ачааг Улаанбаатар хотод хүлээж аваагүй гэдэг. Тэгэхээр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу ганцаараа ачааг тээвэрлэж явсан Р.Н хариуцлага хүлээх ёстой гэх үүднээс бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Р.Нийг хариуцагчаар нэмж татсан. Хариуцагч 3 этгээд нь өөрсдийн сайн дураараа "И сан" ТББ болон бусад этгээдийн эд хөрөнгийг тээвэрлэж өгье гээд эд хөрөнгийг тээвэрлэх ажиллагаанд оролцсон байж ачаа барааг эзэнд нь хүлээлгэж өгөөгүй. Д.Баээс бараа хүлээж авснаа М.А хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч талууд иргэдийн ачаа барааг тээвэрлэж өгсний хариуд төлбөр авсан талаарх баримт хэрэгт авагдсан. Тийм учир хариуцагч нар тээвэрлэлтийн гэрээнд сайн дураараа оролцсон тул хариуцагч нараас тээвэрлэлтийн явцад алга болсон ачааны төлбөрийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар хуулийн этгээдийн бүртгэлтэй тээвэрлэлтийн компанитай ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан харилцаа үүсгээгүй байдаг бөгөөд зөвхөн иргэний хувьд тээврийн харилцаанд оролцоод төлбөрөө аваад явж байгаа. Нэгэнт тусгай зөвшөөрөл шаарддаггүй, сайн дураараа  оролцдог тул  эдгээр   хүмүүс  хариуцлагаа сайн дураар хүлээх ёстой. Иймд 15,898,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувиар гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өнөөдрийг хүртэл баримтаар нотлоогүй байна. Нэгдүгээрт тухайн эд хөрөнгийг нэхэмжлэгч тал өөрийн эд хөрөнгө гэдгээ нотлоогүй бөгөөд шаардлага хангахгүй дансны хуулгаар сканнерын мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж болохгүй. Хоёрдугаарт хайрцаг дотор яг юу байсан болоод Д.Ба Сэцэн гэх хүмүүс хоорондоо юу өгч авалцаад байгаа нь мөн тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө эргэлзээгүй байдлаар нотлогдох ёстой. Мөн 2017 оны 01  сарын 14-нд эд хөрөнгөө хүлээлгэж өгчхөөд 2017 оны 01  сарын 15-ны өдөр эд хөрөнгө нь алга болсны дараа зарлагын падаан гаргаад ирсэн гэдгийг анхаарах ёстой. Үнэхээр тийм үнэтэй эд хөрөнгө байсан бол Монгол улсын хилээр оруулж ирэхдээ холбогдох татвараа төлөөд, бүртгүүлээд орж ирүүлэх ёстой байсан нь харагдаж байна. Хариуцагч Г.Б-ийн хувьд дам байдлаар нэг нэгэндээ туслалцаа үзүүлсний төлөө хариуцлага хүлээх нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2020 оны 06  сарын 21-ний өдрийн 10270 тоот магадлал, 2021 оны 05  сарын 28-ны өдрийн 628 тоот Давж заалдах шатны шүүхийн магадлалуудаар хэн хэнээс юу өгч авалцсаныг тогтоогоогүй байна гэж дүгнэсэн бөгөөд дээрх нөхцөл байдлыг тогтоохгүйгээр тухайн харилцаанд оролцсон бүх хүмүүсийг хариуцагчаар татах нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

 

Хариуцагч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч  тайлбарлахдаа:  2017 оны 01  сарын 14-ний өдөр Д.Ба гэдэг жолооч надад сканнер гэх зүйлийг хүлээлгэж өгөөгүй, 3 хүний ачаа гэх 6 ширхэг хайрцаг бүхий зүйлийг л хүлээлгэж өгсөн. Надад яг ямар ачаа хүлээлгэж өгсөн, хайрцаг дотор юу байсныг би мэдэхгүй байсан. Ачаа хүлээж авах үедээ би н.Доржготов гэх хүний дор ажиллаж байсан бөгөөд түүний ажиллуулдаг каргоны ачаа барааг хүлээж авч бүртгээд Р.Н-ийн 40-10 УБН улсын дугаартай автомашинд ачигч нараараа ачуулаад Улаанбаатар хот руу Г.Баасандорж гэх хүн рүү явуулсан. Тухайн өдөр би нийт 158 хүний ачааг ачуулаад Улаанбаатар хот руу явуулсан. Дээрх ачаа барааг ачсан машин Замын-Үүдээс орой 22 цагийн үед гараад маргааш өглөө нь Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Г.Б-ийн ирсэн ачаа бараагаа шалгахад нэг бор хайрцагтай ачаа дутлаа гэж надад хэлсэн. Тэгээд би н.Доржготов руу холбогдоод нэг хайрцагтай ачаа дутсан  гэж хэлэхэд н.Доржготов Д.Ба рүү холбогдож асууж сурагласан байх. Надад хүмүүс ачаа бараагаа боодолтой чигээр нь өгдөг бөгөөд надад ачааг задлаад доторхийг нь үзэж юу байна гэдгийг харах үүрэг байхгүй. Ачаа барааг хилээр оруулахад татвар гэх мэт төлсөн зүйл байхгүй бөгөөд Д.Ба нь надад 6 ширхэг ачааг л авч ирж өгсөн. Нэхэмжлэгч талын яриад байгаа сканнер хаана гээгдсэнийг би мэдэхгүй байна .

...Ачааг алга болсны дараа нэхэмжлэгч байгууллагын зүгээс Замын-Үүдийн  Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. Хувиараа тохиролцоод Эрээнээс оруулж ирж буй ачааг хувиараа тохиролцоод Улаанбаатар хот руу ачуулж байгаа үйл баримт л болсон. Хилээр хэн ямар ачааг хүлээж аваад оруулж ирж буйг ачаа авч буй хүн болоод жолооч нар мэддэггүй. М.Алтантулгын хувьд хайрцаг дотор юу байсан эсэхийг огт мэдээгүй гэдгээ эхнээсээ мэдүүлээд явдаг. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ н.Эрдэнээ гэх хүний данс руу мөнгө шилжүүлж Бээжин хотоос сканнераа авахуулаад Эрээн хотоор дамжуулж ирүүлсэн гэдэг боловч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт болоод Хятад бичгээр бичсэн зарлагын падаан  түүнийг орчуулсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Маргаан бүхий үйл явдал 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өрнөдөг бол нэхэмжлэгч талаас гаргаж өгч буй БНХАУ-аас 2 ширхэг сканнер худалдаж авсан гэх баримт дээрх хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойно байгааг шүүх анхаарч үзнэ үү. Энэхүү хэрэг маргаан анхан шатны шүүхээр 3 дахь удаагаа орж байгаа бол давж заалдах шатны шүүхээр 2 удаа хянагдсан. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадахгүй байна, баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, баримт нь орчуулгагүй, хэргийн үйл баримт нь нэг бүрчлэн тодорхой бус байна гэж үзэж магадлал гарсан. Хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан "Худалаа хөгжлийн банк" ХХК-ийн дансны баримт болон хавтаст хэргийн 76 дугаар талд авагдсан Л.Бат-Эрдэнэ гэх хүний дансны хуулган дээр Эрдэнээд гэсэн гүйлгээний утгатай баримт авагдсан бөгөөд сканнерын үнэ гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн зүйл байхгүй болно. Тэгэхээр БНХАУ руу сканнер захиж авахуулсан гэх үйл баримт нотлогдохгүй байна. Мөн худалдан авсан баримт нь өөрөө Хятад хэл дээр орчуулгагүй авагдсан байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Хэрэгт 2 удаагийн үнэлгээ авагдсан бөгөөд тухайн үнэлгээгээр маргаан бүхий 2 ширхэг скайннер зах зээлд ямар үнэтэй байдаг болохыг тогтоосон болохоос биш "И сан" ТББ нь БНХАУ-аас сканнер худалдаж аваад тээвэрлэн оруулж ирсэн шүү гэх үйл баримтыг нотлохгүй юм. Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Р.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний өмгөөлөгч  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Миний бие 2017 оны 01  сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Экспресс карго-ны хашаанд үйл ажиллагаа явуулдаг Готовын каргоны ажилтан Алтантулгатай утсаар холбогдон Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл ачаа ачихаар болж 1,500,000 төгрөгөөр тээврийн хөлсөө тохирсон. Ингээд 40-10 УБН улсын дугаартай Volvo маркийн машинаа ачих талбайд байрлуулан зогсоогоод 17 цагийн үед ачиж эхэлсэн. Ачаа ачиж эхлэхэд би машинаасаа бууж ирэхэд М.А нь намайг унтаж, амарч байхгүй юу гэж хэлсэн. Маргааш өглөө 08 цаг гэхэд хот орсон байх ёстой байсан тул кабиндаа орж унтсан. Орой 22 цаг 30 минутын үед ачиж дууслаа гээд намайг дуудсан, би бууж чиргүүлийн арын хаалгаа хаагаад лац болон цоожоор цоожилно биздээ гэхэд байхгүй байна гэсэн цаг орой болсон болохоор дэлгүүрүүд одоо хааж байгаа гээд намайг ямар нэгэн лац, цоожгүй Замын-Үүд сумаас хөдөлгөсөн. Мөн кабинд 1 ширхэг дэвтэр, 7-8 жижиг хайрцагтай юм бас том машины төмөр буфер чиргүүлийн багажны хайрцаг хийж явуулсан. Маргааш өглөө нь 08 цаг 30 минутын үед М.Алтантулгын зааж өгсөн газарт очиж ачаа буулгах хашаанд орж байхад Г.Баасандорж над руу залгаж ирсэн гэдгээ хэлсэн. Би хашаа руу орж байна гэж хэлээд утсаа салгасан. Ингээд машиныг маань хашааны зүүн урд байрлуулж ачаагаа задлах гээд 1 ширхэг дэвтрээ авсан би цугт нь 7-8 ширхэг жижиг хайрцагтай юм, том машины буферын хамт хүлээлгэж өгсөн. Г.Баасандорж нь ачаагаа задлан жижиг портер машинд ачиж эхэлсэн. Ингээд би шөнөжин нойргүй явж ирсэн болохоор харьж амрахаар явлаа гэхэд Г.Баасандорж ачаагаа буулгаж дуусаад утсаар хэлнэ гээд би явсан. Орой 18 цагийн үед утсаар ярихад дуусах гэж байна ирж машинаа аваарай гэсэн. Тэгээд тээврийн хөлс 1,460,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Би 20 цагийн үед машин дээрээ очиж машинаа авч явсан. Тухайн үед надад хайрцагтай зүйл алга болсон тухай ямар нэгэн юм хэлээгүй ба сүүлд нь арав гаруй хоногийн дараа Баянзүрх дүүргийн цагдаагаас залгаж ирж гэрчийн мэдүүлэг өг гэхэд нь л мэдсэн. Иймд алга болсон гэх хайрцагтай зүйлийг би үзээгүй, хараагүй, замдаа алга болоогүй, алга болох учиргүй. Учир нь би замд удаан хугацаанд зогсож, унтаж амраагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг   зөвшөөрөхгүй.

Тэр хайрцагтай зүйлд сканнер байсан эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй  ба  Р.Н нь ямар нэгэн хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  Мөн  47-78 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь улсын хилээр нэвтрэх автоматжуулсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй. Р.Н 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ачааг хүлээж аваад Улаанбаатар хот руу гарсан байхад нэхэмжлэгч тал 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр зарлагын падаанаа бүрдүүлсэн байдаг.  Нэхэмжлэгч талаас Р.Нийг 2021 оны 02  сарын 06-ны өдөр хариуцагчаар татсан байдаг. Р.Н хариуцагчаар татагдах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И сан” ТББ нь хариуцагч Г.Баасандорж, М.А, Р.Н нарт холбогдуулан 2 ширхэг сканнерийн  үнэ 15,898,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.    

                                                                                               

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хятад улсаас Fujitsu Fi-7180 маркийн 2 ширхэг сканнер худалдан авч Монгол Улс руу илгээсэн. БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд, тэндээс Улаанбаатар хот хүртэл М.А, Г.Баасандорж, Р.Н нар нь тээвэрлэх явцдаа ачааг үрэгдүүлсэн тул хохирлыг шаардаж байна гэж,

 

Хариуцагч Г.Баасандорж татгалзлын үндэслэлээ ...Тухайн скайнер нь Монгол Улсын хилээр бодитойгоор орж ирсэн эсэх нь эргэлзээтэй, хил гаалиар орж ирсэн гэх мэдээлэл байхгүй, падааны он сар зөрүүтэй, эхнээсээ ачаа барааг задлаад дуусахад тухайн бараа гарч ирээгүй, “И сан” ТББ бид хоёрын дунд гэрээний үүрэг байхгүй, нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй гэж,

 

Хариуцагч М.А татгалзлын үндэслэлээ ... Д.Ба нь надад 3 хүний ачаа гэх 6 ширхэг хайрцаг бүхий зүйлийг л хүлээлгэж өгсөн ба хайрцаг дотор яг  юу байсныг мэдэхгүй. Ачаа барааг хүлээж авч бүртгээд Р.Н-ийн автомашинд ачиж Улаанбаатар хот руу Г.Баасандорж гэх хүн рүү явуулсан гэж,

 

Хариуцагч Р.Н татгалзлын үндэслэлээ ... Оройны 10 цагаас өглөөний 8 цаг хүртэл барааг тээвэрлэж явахад ачаа дутах үндэслэл байхгүй. Мөн надад ачуулсан ачаан дунд хайрцагтай сканнер байсан эсэх нь тодорхойгүй. Надад хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл байхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбаруудыг шинэчлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд : “ ...Манай компанийн захирал Саранчимэгийн танил найз Сэцэн гэх хүн байдаг, түүний хүсэлтээр ...скайнерийн  мөнгийг  ченж Бат-эрдэнэ гэх хүний дансанд шилжүүлсэн  энэ  хүн  хятад улсруу  шилжүүлсэн, ... Бээжин хотоос худалдаж аваад каргонд ачуулсан гэдэг ... хариуцагч нарт холбогдуулж  тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн тул  хувь тэнцүүлж гаргуулхаар  нэхэмжилнэ,  ”  гэж тайлбарлан Эрүүгийн хэрэг  шалгах  явцад  цугларсан  гэрч, хохирогчийн  мэдүүлгүүд, мөнгө шилжүүлсэн баримт, хятад хэлнээс орчуулагдаагүй баримт зэргийг  ирүүлжээ. /хх 62,117-176/ дугаар тал.

Дээрх  баримтууд  нь   Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх   ажиллагаанд дахин  үнэлэгдэхгүй  ба  мөн  хуулийн   44 дүгээр  зүйлийн   44.2-д “  ... бичмэл нотлох  баримтыг  шүүхэд эхээр нь  ...   боломжгүй  бол   нотариатчаар  гэрчлүүлсэн хуулбарыг  өгнө  ...  “   гэж  заасан  шаардлага хангаагүй    байх  тул   хэрэгт  ач  холбогдолгүй   байна.

Мөн  хөрөнгийн  үнэлгээний   төв ХХК-ийн хөрөнгө   үнэлсэн    дүгнэлт  нь    нэхэмжлэгч  тал   сканнерийг  хэдэн  төгрөгөөр  худалдаж  авсан эсэхээ  баримтаар  тогтоож  чадаагүй  тул   зах зээлийн  үнийг  тогтоосон  гэж    бичгээр тайлбарлан ирүүлсэн ба   хэрэгт  ач  холбогдолгүй  гэж үзлээ.   / 189-204 /  дүгээр тал 

Нэхэмжлэгч  нь  Хариуцагч нараас  тээвэрлэлтийн  гэрээний хохирол  гэж Иргэний хуулийн  380 дугаар зүйлийн  380,1, 393 дугаар зүйлийн  393.1-д зааснаар нэхэмжлэнэ   гэх бөгөөд    барааны захиалгыг   хийж  мөнгө шилжүүлэхдээ   Бат-Эрдэнэ, Сэцэн  гэх хүмүүстэй  хамааралтай  талаар  тайлбарласан ба энэ  талаарх   баримт  хэрэгт ирүүлээгүй  байна.  

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  гэрч Ж.Батсүхийн  “...Би өвөрмонгол хүнээс бараа хүлээн авсан, хэн гэдгийг  мэдэхгүй, Хятад тал нь хүлээн авах хүнийхээ дугаарыг бичиж өгдөг,  дугаар бичигдсэн ачааг каргон дээр бичиж тулгаад хүлээлгэж өгдөг, барааг задалж үздэггүй. Тийм учраас хайрцаг дотор юу байгааг мэдэх боломжгүй. М.А бид хоёрын хооронд бараа хүлээлцсэн дэвтэр л байдаг. Дэвтэр дээр хүлээн авч байгаа хүний утасны дугаар, барааны тоо хэмжээг бичдэг.  Би нийт 4 хүний ачаа хүлээлгэж өгсөн. Хайрцаг нь 40х30 хэмжээтэй  хайрцаг байсан. М.А бид хоёрын дундах үйл явдал Замын-Үүд сумын гаалийн хашаанд болсон бөгөөд миний зүгээс М.Ад ачааг хүлээлгэж өгсөн үнэн “гэжээ.

Хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчдын  тайлбараас  үзэхэд:

         Гэрч Ж.Батсүх  Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл  тээвэрлэн ирүүлсэн барааг  М.А хүлээн авч Р.Н-ийн машинд  ачсан. Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл Р.Н тээвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотод ачааг задлан эзэнд нь  хүргэх үүргийг Г.Баасандорж хүлээсэн болох  нь   хариуцагч  нарын  тайлбараар  тогтоогдож  байна.  /хх 8-9, 11-22/

Иргэний хуулийн   396 дугаар зүйлийн 396.2,  396 дугаар зүйлийн  396.3-д тус тус зааснаар  Талуудын хооронд бичгээр хийсэн гэрээ, дагалдах бичиг, ачааны төрөл зүйл, шинж чанар, тоо хэмжээг тодорхойлсон баримт, хариуцагч нарт хөлс төлсөн баримт хэрэгт авагдаагүй ба  зохигчдын  хороонд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл   тогтоогдохгүй  байна.

 Мөн Fujitsu Fi 7180 маркийн хоёр ширхэг сканнерийг хаанаас захиалсан, барааны төлбөрийг хэнд хэрхэн шилжүүлсэн, бараа худалдан авсан этгээд тухайн барааг хэнд хэрхэн шилжүүлсэн, мөн тухайн бор өнгийн хайрцаг дотор Fujitsu Fi 7180 маркийн хоёр ширхэг сканнер байсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа  тул  Г.Баасандорж, М.А, Р.Н нар нь сканнерийг алга болгосон,   хөрөнгө олж авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

  Анх бараа авсан Ж.Батсүх, М.А нарын хооронд бараа хүлээлцсэн дэвтрийн хуулбар авагдсан байх боловч уг дэвтэр дээр Fujitsu Fi 7180 маркийн хоёр ширхэг сканнер хүлээлгэн өгсөн, авсан гэх тэмдэглэл бичигдээгүй байна. Хариуцагч нар   барааг   хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 165-173 дугаар тал/

Түүнчлэн гэрч  Ж.Батсүх нь  Бээжин хотоос анх бараа хүлээн авахдаа хэнээс ямар бараа хүлээн авч байгаагаа мэдээгүй, тухайн барааг нээж үзээгүй, зөвхөн 40:60 харьцаатай бор өнгийн хайрцагтай зүйлийг хүлээн авч дэвтэрт  тэмдэглэн  М.Ад хүлээлгэн өгсөн ба мөн энэ зарчмын дагуу М.А нь Р.Н,  Г.Баасандорж гэх дарааллаар хүлээлгэн өгсөн үйл  явдал болсон  боловч сканнер хүлээж  авсан гэдгийг мэдээгүй,  үзэж  авдаггүй гэх  тайлбарыг  хариуцагч няцаахгүй  байгаа  ба   сканнерийг   эргэлзээгүй хүлээн  авсан нь  баримтаар тогтоогдохгүй  байна. 

Дээр дурдсан  үндэслэлээр нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ бүрэн  нотолж  чадахгүй  байна гэж үзлээ.  Өөрөөр хэлбэл найз Сэцэн  гэх хүн   Бээжингээс Эрээн хотруу  хэрхэн тээвэрлүүлсэн    талаарх  мэдээллийг тодруулж  өгөх,   илгээмжийн газар барааг  шалгаж авсан эсэх талаарх  баримт байгаа эсэхийг нотлох  зэрэг  үүргээ  биелүүлээгүй     ба   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “   өөрийн  шаардлага   татгалзлын үндэс  болж  байгаа   байдлын талаархи   нотлох  баримтаа  өөрөө  гаргаж  өгөх, цуглуулах үүрэгтэй”  гэж   тус тус    зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн зохигчдын Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 38  зүйлд зааснаар   гаргасан  тэдний  нотлох   баримт бүрдүүлэх    бүхий  л хүсэлтийг шийдвэрлэж,  мөн хуулийн  67  дугаар зүйлийн   67.1.1-д заасан  зохигчийн эдлэх эрх үүргийг  тайлбарлан  холбогдох ажиллагааг   хангалттай  хийсэн   болно.

 

Иймд И сан ТББ-ын нэхэмжлэлтэй Г.Баасандорж, М.А, Р.Н нарт холбогдох 15,720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг илгээмжийн  бүртгэлийн  дэвтэрт бүртгэгдсэн гэх үндэслэлээр хариуцлага  хүлээлгэх   үндэслэлгүй  байх тул  нэхэмжлэлийг   бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Шүүх тус хэргийг Давж заалдах шатны шүүхээс 2021 оны 7 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгчийн 2021 оны 9 сарын 02-ны өдрийн 184/ШЗ2021/09406 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан байна. /2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар тал/

2021 оны 10 сарын 07-ны өдрийн 184/ШЗ2021/11144 дугаар захирамжаар зохигчдын хүсэлтийг хангаж, гэрчээр Ж.Батсүхийг оролцуулахаар хойшлуулсан байна. /2 дугаар хавтаст хэргийн 85, 86 дугаар тал/

2021 оны 11 сарын 04-ний өдрийн 184/ШЗ2021/12691 дугаар захирамжаар хариуцагч М.Алтантулгыг албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /2 дугаар хавтаст хэргийн 103, 104 дүгээр тал/

2021 оны 11 сарын 18-ны өдрийн 184/ШЗ2021/13469 дугаар захирамжаар хариуцагч М.Алтантулгын өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /2 дугаар хавтаст хэргийн 116, 117 дугаар тал/

2021 оны 12 сарын 15-ны өдрийн 184/ШЗ2021/14983 дугаар захирамжаар хариуцагч М.А болон түүний өмгөөлөгч Н.Болормаа нарын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн байна. /2 дугаар хавтаст хэргийн 130, 131 дүгээр тал/

  

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн  386.1,393 дугаар зүйлийн 393.1-д  тус тус   заасныг баримтлан нэхэмжлэгч “И сан” ТББ-аас хариуцагч Г.Баасандорж, М.А, Р.Н нарт холбогдуулан хувь тэнцүүлэн  15,898,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Л.ОЮУНЦЭЦЭГ