Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01270

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01270

 

 

 

ИЭСПИ сан ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/01030 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ИЭСПИ сан ТББ-ын хариуцагч Г.Б , М.А нарт холбогдох, хохиролд 15 720 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Б , М.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагын хэрэгцээт сургалтын бараа материалыг БНХАУ-аас худалдан авахад тусалдаг манай түнш бөгөөд Бээжин хотод амьдардаг БНХАУ-ын иргэн С нь бидний хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос Фүжицү Фи /Fujitsu Fi/-7180 маркийн 2 ширхэг сканер худалдан авч бидний шилжүүлсэн 15 898 000 төгрөгийг тухайн үеийн ханшаар юань болгон төлсөн. Ингээд эдгээр сканерыг Монгол Улс руу хүргүүлэхээр Бээжин хотод байрлан амьдарч байсан өвөр монгол иргэнтэй гэрээ байгуулж мөнгийг нь төлөөд, 2 сканераа өгсөн. Эдгээр иргэд нь Монгол Улсын иргэдтэй хамтран Бээжингээс Эрээн хот руу ачуулж, Эрээн хотоос Монгол Улсын иргэдэд дамжуулан өгдөг. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ачаа ирсэн тул ачаагаа ав гэж 80744946 дугаар бүхий утаснаас манай байгууллагын нягтлан бодогч Б.Цолмонд мэдэгдсэний дагуу очиж авах гэсэн боловч ачаа байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд сумаас ачуулсан сканерыг (бор өнгийн 40*60 харьцаатай хайрцагтай), Замын Үүд суманд иргэн Ж.Батсүхээс М.А нь хүлээн авч, бүртгэж 40-10 УБН улсын дугаартай volvo маркийн автомашины хойд талын чиргүүлд ачиж явуулсан. Харин Улаанбаатар хотод ачаа тараах ажлыг иргэн Г.Б ид хариуцуулсан, Г.Б нь ачаа гарч ирээгүй гэж мэдүүлж байна. ИЭСПИ сан ТББ нь Г.Б , М.Аптантулга нартай дээр дурдсан ачааг хүргүүлэх тухай гэрээг амаар хийсэн гэж үзэж байна. Хариуцагч нар нь манай компанийн төлөөлөгч С тэй тээвэрлэлтийн гэрээг байгуулсан. Иймд хайрцагт байсан тархины эм болох 178 000 төгрөгийг хасан, 15 720 000 төгрөгийг тэнцүү хувааж М.А , Г.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 112 хүний ачаа ирснээс ИЭСПИ сан ТББ-ын Фүжицү Фи /Fujitsu Fi/-7180 маркийн 2 ширхэг сканер ирээгүй дутсан юм. Уг ачаа ирээгүй талаар Эрээн хотоос ачааг ачуулсан М.А д мэдэгдсэн. Улаанбаатар хотод ирсэн ачааг задлан хүргэхэд би ганцаараа байгаагүй надаас гадна Б.Мөнхжаргал, н.Ганбаа, Г.Мангал, Б.Пүрвээ, Б.Цэрэнчимэд, н.Бямбасүрэн, н.Тэрбиш гэх 7 хүн хамт байлцан ачааг хүргэсэн тул 2 ширхэг сканер ирээгүйг гэрчилнэ. Мөн М.А нь хайрцагтай ачааг задарсан ирснийг үзээгүй скочдоод нэг болохоор авжур дээр тавьсныг грушик ачсан эсхүл би өөрөө ачааг голд нь тавьсан гэж 2 янзаар зөрүүтэйгээр хэлдэг юм. Жолооч Ж.Батсүх нь 2 сканер багтах хайрцаг байгаагүй зургийн аппарат маягийн жижиг 2 бор хайрцагтай юм байсан гэж ярьж байсан. Эрээн хотын ачаа ачуулсан каргоны газрын камер нь ачаа ачуулдаг өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17-23 цагийн хооронд эвдэрсэн гээд бичлэг үзэж болохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.А нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу ачаа ачиж явуулсан нь үнэн. Ж.Батсүх гэдэг жолоочоос ачааг хүлээж аваад 40-10 УБН улсын дугаартай volvo маркийн автомашины хойд талын чиргүүлд ачиж явуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тухайн ачаа Улаанбаатар хотод очиход Г.Б ачааг задалсан. Тус ачаанаас нэг ширхэг бор хайрцагтай ачаа дутаасан. Эзэнтэй нь холбогдоод ачааныхаа паданыг явуулаач гэхэд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн падан үзүүлсэн. Ачаа нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орж ирсэн байхад эзэн нь дараа өдрийн падан үзүүлсэн. Би ачааг хүлээж аваад, хүлээлгэж өгсөн. Мөн хайрцагтай ачаа байсан, дотор нь юу байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ИЭСПИ сан ТББ-аас хариуцагч Г.Б , М.А нарт холбогдуулан гаргасан 15 720 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэж байгаа нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолсон, энэ талаар прокурорын байгууллагад шалгагдсан хэргийн материалаас хуулбарлан баталгаажуулсан, нотариатаар гэрчлүүлсэн байхад үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн эрхийг бүдүүлгээр үгүйсгэсэн, шударга бус шийдвэр болсон.

ИЭСПИ сан ТББ нь бараа худалдан авч хариуцагч нарын зөвшөөрсөн, бий болгосон тээврийн хэрэгслээр зөөвөрлүүлж ирсэн байдал нь нотлогдоод байхад үгүйсгэж байгаа нь үнэ байдалд нийцээгүй, ойлгомжгүй шийдвэр болсон.

Хариуцагч нар өөрөө үйл баримтыг зөвшөөрөөд гагцхүү үнийн талаар маргаж байхад үнэлэлт өгөлгүй шийдвэр гаргасан, мөн хэргийн үйл баримтын зүйлчлэлийн талаар, нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үгүйсгэж байгаа үндэслэлээ дурдаагүй. Иймд анхан шатын шүүхийн шйидвэрийн тогтоох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ИЭСПИ сан ТББ нь хариуцагч Г.Б , М.А нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 15 720 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Тэрээр үндэслэлээ Хятад Улсаас Фүжицү Фи /Fujitsu Fi/-7180 маркийн 2 ширхэг сканерыг тус улсын иргэн н.С гээр дамжуулан 15 898 000 төгрөгөөр худалдан авсан. Иргэн н.С Бээжингээс Эрээн хот руу, Эрээн хотоос Монгол руу өвөр монгол, монгол иргэдээр дамжуулан ачуулсан, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 80744946 дугаарын утаснаас ачаагаа ав гэж ярьсны дагуу очиход ачаа байгаагүй. Хариуцагч М.А , Г.Б нар хамтран Замын-Үүдээс Улаанбаатарын хооронд иргэдийн ачааг ачиж, тараах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд М.А нь Улаанбаатар хотод ачаа тараах ажлыг Г.Б ид хариуцуулсан байсан тул сканерын үнийг 50, 50 хувиар хариуцуулан гаргуулна гэж тайлбарласан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч Г.Б ... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Эрээнээс М.А над руу утасдаж, маргааш очих ачааг задлах хүн олдохгүй байна, чи задлаад өг гэж гуйсны дагуу ачааг задлан эздэд нь хүргүүлсэн, эдгээр ачаанаас ИЭСПИ сангийн 2 ширхэг сканер гарч ирээгүй, үүнийг ачаа зөөж байсан хүмүүс бүгд гэрчилнэ, ачаа байхгүй талаар М.А д утсаар 2 удаа мэдэгдсэн, ... бүр цаанаас ачаа ирсэн эсэх нь мэдэхгүй, эрүүгийн журмаар намайг шалгуулж, 2 сканерыг дутаагаагүй гэдгийг тогтоосон, ... сканерын үнийг хэт өндрөөр үнэлснийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч М.Алтантулгын хувьд ... Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүдэд Ж.Батсүх гэдэг жолоочоос ачааг хүлээж аваад Улаанбаатар хот руу явуулсан, ... хайрцагтай ачаа байсан, дотор нь юу байсныг мэдэхгүй ... гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлан, маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хариуцагч Г.Б , М.А нарын эрүүгийн журмаар шалгуулж байхдаа өгсөн гэрчийн мэдүүлэгтээ М.А нь Эрээн-Замын-Үүд сумын хооронд ачаа зөөдөг н.Батсүх ирээд бор өнгийн гадуураа скочдсон 40х60 харьцаатай хайрцагтай зүйлийг Улаанбаатар хот руу ачуулна гэхээр нь би бүртгэж аваад 4010УБН улсын дугаартай Волва маркийн машины хойд талын чиргүүлийн гол хавьцаа хийгээд явуулсан гэж, Г.Б ... жолооч н.Нямдоржоос бараа бичсэн дэвтрээ авч ачааг задалсан, уг ачааны хүн хүргүүлье гэхээр нь орой хүргэж өгөх гэтэл нөгөө 99099795 дугаартай ачаа гарч ирээгүй ... гэж тус тус мэдүүлсэн байна.

Дээрхээс дүгнэхэд жолооч Ж.Батсүх нь хэнээс, юу аваад хариуцагч М.А д хүлээлгэж өгсөн, улмаар М.А ас жолооч н.Нямдорж юу хүлээж авсан, хариуцагч Г.Б ид түүнийг хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Түүнчлэн талууд сканерын үнэ үндэслэлтэй эсэх талаар маргаж байгаа тохиолдолд хэзээ, хаанаас, хэнээр, юу худалдан авахуулсан, улмаар сканерыг 15 720 000 төгрөгөөр худалдаж авсан гэх үйл баримтаа нотлох үүргийг нэхэмжлэгч хүлээх бөгөөд шаардлагатай тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхээ хэрэгжүүлж шүүхэд хүсэлт гарган шинжээч томилуулах боломжтой юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан зохицуулалтаар шүүгч нь хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулахдаа түүний агуулгыг, уг эрхээ хэрэгжүүлснээр, эсхүл хэрэгжүүлээгүйгээс ямар үр дүнд хүрч болзошгүйг, эрх, үүргээ хэрхэн, яаж, ямар хэлбэрээр хэрэгжүүлэхийг тодорхой тайлбарлан өгөх үүрэгтэй. Хэрэгт цугларсан баримтаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийг хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/01030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 440 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД