Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00861

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00861

 

 

 

                                   И санТББ-ын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2021/00709 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И санТББ-ын хариуцагч Г.Б, М.А, Р.Ннарт холбогдуулан гаргасан 15 898 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, Д.Мөнхбат, хариуцагч Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, хариуцагч М.А өмгөөлөгч Н.Болормаа, хариуцагч Р.Нийн өмгөөлөгч М.Пагма-Оролмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ... гэдэг Өвөр-Монгол хүнээр дамжуулан Фужицу Фи /Fujitsu Fi/ 7180 маркийн 2 ширхэг сканерийг худалдан авсан. Тухайн үеийн юанийн ханшаар бодож 15 898 000 төгрөг төлсөн. Монгол Улсын иргэдтэй хамтран БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн хот, Эрээн хотоос хүлээн авч Улаанбаатар хотод байрлах ИЭСПИ санд хүргэж өгөх үйлчилгээг үзүүлнэ гэсэн М.А, Г.Б, Р.Н нартай тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн. 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ачаа ирсэн гэж мэдэгдсэний дагуу очиж авах гэсэн боловч ачаа байгаагүй, авч чадаагүй. Тухайн барааг М.А хүлээж аваад Р.Н гэх жолоочид өгч тээвэрлүүлээд, Р.Н нь Г.Бид хүлээлгэж өгөөд, Г.Б нь хүргэж ирнэ гэсэн боловч хүргэж ирээгүй бараа алга болсон. 2 сканерийг иргэн Ж.Бээс М.А хүлээж аваад 40-10 УБН улсын дугаартай volvo маркийн автомашины хойд талын чиргүүлд ачиж явуулсан гэдэг. 3 иргэн өөрсдийн сайн дурын үндсэн дээр барааг тээвэрлэж өгөх үүрэг /гэрээ/ хүлээсэн тул сканерын үнэ болох 15 898 000 төгрөгийг хариуцагчдаас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. Тухайн бараатай хамт санхүүгийн анхан шатны баримт болох падаан алга болсон байдаг. Бараа алга болж холбогдох хууль хяналтын байгууллагад хандах үндэслэлээр барааны падааныг нөхөж хийлгэсэн тул огноо зөрүүтэй тэмдэглэгдсэн. Хил гаалиар шалгагдаагүй, тэмдэглэгдээгүй асуудал нь тээвэрлэгч талын үүрэг хариуцлага гэж үзэж байна. Хэдийгээр сканерын үнэлгээ өөр өөр гарсан ч анх учруулсан бодит хохирлын үнэлгээгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон гэжээ.  

Хариуцагч Г.Бийн тайлбарт: БНХАУ-аас Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирсэн ачааг эзэнд нь хүргэж өгдөг ажлыг 2015 оноос хойш хувиараа эрхлэн гүйцэтгэж ирсэн. 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хятад улсын Эрээн хотоос 112 хүний ачаа ирж тэдгээрийг эзэнд нь 7 хүнтэй хамт хүргэж өгсөн байдаг. Тухайн ачаан дотроос ИЭСПИ сангийн Фужицу Фи /Fujitsu Fi/ 7180 маркийн 2 ширхэг сканер ирээгүй дутсан. Ачаа ирээгүй талаар Эрээн хотоос ачааг ачуулсан М.Ад мэдэгдсэн. Тухайн сканер Улаанбаатар хотод ирээгүй болох нь нотлогдоно. Улаанбаатар хотод ирсэн ачааг задлан хүргэхэд Г.Бтой ... нар байлцсан. Эрээн хотоос ачаануудыг хүлээн авч ачуулсан М.А уг хайрцагтай ачааг задарсан ирсэн, дотор нь юу байсныг үзээгүй, наагаад авжур дээр тавьсныг ачуулсан гэж, мөн ачааг голд нь тавьсан гэж 2 янзаар зөрүүтэй тайлбар хэлдэг. Г.Б нь ачааг машинаас гарган ачуулдаггүй, хүргэлтээр явдаг байсан. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 14-ний орой Эрээнээс М.А нь яриад  маргааш очих ачааг задлах хүн олдохгүй байна задлаад өгөөч гэж гуйхаар нь ачаануудыг задалж хүргүүлсэн. Дутуу ачааг задлуулах гэсэн нь сонин байна. 40x60 хэмжээтэй хайрцагт 2 ширхэг сканер багтахгүй хэмжээний хайрцаг байсан. Ж.Б тухайн хайрцгийг 2 ширхэг сканер багтах хайрцаг биш зургийн аппарат маягийн жижиг 2 бор хайрцагтай юм байсан гэж ярьж байсан. Цаанаасаа уг 2 сканер ирээгүй байх. Хятад улсын дээрх Фужицу Фи /Fujitsu Fi/ 7180 маркийн сканерийн зах зээлийн үнэ 1 000 000 төгрөгөөс хэтрэхгүй байтал 7 949 000 төгрөгөөр үнэлсэн нь хэтэрхий өндөр үнэтэй. Эрээн хотын ачаа ачуулсан каргоны газрын камер нь ачаа ачуулдаг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 17-23 цагийн хооронд эвдэрсэн гээд бичлэг үзэж болохгүй байгаа нь сэжигтэй байна. Мөн нэхэмжлэгчийн алга болсон гэх сканер нь Монгол Улсын хилээр бодитойгоор орж ирсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь Эрээн хотоос тээвэр хийж ирсэн гэх автомашин нь хил гаалиар орж ирсэн мэдээлэл байхгүй, падааны он сар зөрүүтэй байдаг. Тухайн өдөр М.А нь Г.Б руу яриад 40-10 дугаартай УБН улсын дугаартай volvo маркийн автомашинд Р.Н гэдэг хүнээр явуулсан гэж хэлсэн. ИЭСПИ сан Г.Б нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Ачаа барааг задлаад дуусахад тухайн бараа гарч ирээгүй тул М.Ад хэлсэн. Тухайн барааг үзээгүй, хараагүй. Р.Н гэж жолоочоос хүлээж аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч М.А тайлбарт: 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу ачаа ачиж явуулсан нь үнэн. Ж.Б гэдэг жолоочоос ачааг хүлээж аваад каргоны машинд Р.Н гэж жолоочийн 40-10 УБН улсын дугаартай Volvo маркийн автомашины хойд талын чиргүүлд ачиж явуулсан. 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тухайн ачаа Улаанбаатар хотод очиход Г.Б ачааг задалсан. Тус ачаанаас 1 ширхэг бор хайрцагтай ачаа дутаасан. Эзэнтэй нь холбогдоод ачааныхаа падааныг явуулаач гэхэд 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн падаан үзүүлсэн. Ачаа нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр орж ирсэн байхад эзэн нь дараа өдрийн падаан үзүүлсэн. Би ачааг хүлээж аваад хүлээлгэж өгсөн. Мөн хайрцагтай ачаа байсан, дотор нь юу байгааг мэдээгүй, мэдэх ч боломжгүй байдаг. Уг ачааны ам нь задгай байхад Б жолооч амыг нь наасан, дотор нь юу байсныг огт хараагүй. Б Эрээнээс Замын-Үүд хүртэл ачаа зөөдөг, би ачааг хүлээн авдаг. Нэг хайрцагтай зүйл байсан. Н машинд бүх ачаа бараагаа ачиж өгөөд бичгээ хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч Р.Нийн тайлбарт: 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Экспресс каргоны хашаанд үйл ажиллагаа явуулдаг Готовын каргоны ажилтан Алтантулгатай утсаар холбогдон Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл ачаа ачихаар болж 1 500 000 төгрөгөөр тээврийн хөлсөө тохирсон. 40-10 УБН улсын дугаартай Volvo маркийн машинаа ачих талбайд байрлуулан зогсоогоод 17 цагийн үед ачиж эхэлсэн. Ачаа ачиж эхлэхэд М.А нь унтаж, амарч байгаарай гэж хэлсэн. Маргааш өглөө 08 цаг гэхэд хот орсон байх ёстой байсан тул кабиндаа орж унтсан. Орой 22 цаг 30 минутын үед ачиж дууслаа гээд дуудахад нь бууж чиргүүлийн арын хаалгаа хаагаад лац болон цоожоор цоожилно биздээ гэхэд байхгүй байна гэсэн. Орой болсон болохоор дэлгүүрүүд хааж байгаа гээд ямар нэгэн лац, цоожгүй Замын-Үүд сумаас хөдөлгөсөн. Мөн кабинд 1 ширхэг дэвтэр, 7-8 жижиг хайрцагтай юм бас том машины төмөр буфер чиргүүлийн багажны хайрцаг хийж явуулсан.

Маргааш өглөө нь 08 цаг 30 минутын үед М.А зааж өгсөн газарт очиж ачаа буулгах хашаанд орж байхад Г.Б ирсэн гэдгээ хэлсэн.  Ачаагаа задлах гээд 1 ширхэг дэвтрээ 7-8 ширхэг жижиг хайрцаг, том машины буферын хамт хүлээлгэж өгсөн. Г.Б нь ачаагаа задлан жижиг портер машинд ачиж эхэлсэн. Орой 18 цагийн үед утсаар ярихад дуусах гэж байна ирж машинаа аваарай гэсэн. Тээврийн хөлс 1 460 000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Тухайн үед хайрцагтай зүйл алга болсон тухай ямар нэгэн юм хэлээгүй ба сүүлд нь арав гаруй хоногийн дараа Баянзүрх дүүргийн цагдаагаас залгаж гэрчийн мэдүүлэг өг гэхэд мэдсэн. Хайрцагтай зүйлийг үзээгүй,  замдаа алга болоогүй, алга болох учиргүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

 Шүүх:  Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 393 дугаар зүйлийн 393.1, 396 дугаар зүйлийн 396.1-д зааснаар хариуцагч М.Аас 11 260 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И санТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 638 000 төгрөгийг болон хариуцагч Г.Б, Р.Н нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 440 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Аас улсын тэмдэгтийн хураамжид 195 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И санТББ-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.А өмгөөлөгч Н.Болормаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.  Шүүх “нэхэмжлэгч тал алга болсон гэх 2 ширхэг сканераа хэдэн төгрөгөөр, хаанаас, хэрхэн худалдан авсан, бор хайрцагт үнэхээр сканер байсан гэдгийг нотолж чадаагүй” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар хэрэгт хавсаргагдсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдсан хэрэг бүртгэлтийн хэрэгт Хятад хэл дээрхи зарлагын баримт, орчуулга дээр “ИЭСПИ” ХХК-ийн нэр бичигдээгүй, худалдан авалт хийсэн он, сар, өдөр зөрүүтэй байдаг бөгөөд тухайн зарлагын баримтыг сүүлд нөхөж хийлгэсэн, эх хувь буюу нотариатаар батлуулсан хуулбар хувь биш бөгөөд цахимаар ирүүлсэн зургийг хэвлээд Цагдаагийн байгууллагад өгсөн гэдгээ нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй. Гаалийн Ерөнхий Газрын Замын-Үүд дэх гаалийн газрын 2020 оны 8 дугаар 18-ны өдрийн 01575 дугаартай албан тоотод 47-78 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гаалийн байгууллагын мэдээллийн автоматжуулсан системийн улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд боомтоор улсын хилээр нэвтрээгүй болохыг тодорхойлсон байдаг. Уг тээврийн хэрэгсэл нь Ж.Бийнх бөгөөд сканер нь Монгол Улсын хилээр орж ирсэн гэдэгт эргэлзээ төрүүлдэг. Хэрэг бүртгэлтийн хэрэгт хийгдсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ болон иргэний хэрэгт хийгдсэн “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 515 дугаарын үнэлгээний тайлангууд нь Фужицу Фи /Fujitsu Fi/ 7180 маркийн сканер зах зээл дээр ямар үнэтэй байгааг үнэлсэн үнэлгээ болохоос нэхэмжлэгч “ИЭСПИ” ХХК-ийн БНХАУ-аас захиалж авсан гэх хөрөнгө гэдгийг нотолсон баримт биш. Замын-Үүдийн жолооч Ж.Б болон хариуцагч нарын хэн нь ч тухайн алдагдсан гэх хайрцагт хэдэн төгрөгийн үнэтэй, ямар эд зүйл байгааг хараагүй, мэддэггүй гэдэг. М.А нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүдээс тээврийн хэрэгслийн жолооч Р.Нид барааны хамт дэвтэр дээрх хүлээн авагч нарын жагсаалтыг өгч явуулсан. Р.Н нь нь Улаанбаатар хотод ирээд дэвтрийг ачааныхаа хамт Г.Бид хүлээлгэн өгч, Г.Б нь дэвтэр дээрхи жагсаалтыг үндэслэн иргэдэд ачааг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогддог. Иргэний хуулийн 388 дугаар зүйлд заасны дагуу ачааг хүлээлгэн өгсөн байна. Дэвтэр нь тээвэрлэлтийн гэрээний дагалдах бичиг болж, шүүх уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хариуцагч М.Аас 11 260 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч И санТББ нь хариуцагч Г.Б, М.А, Р.Ннарт холбогдуулан Фужицу Фи /Fujitsu Fi/ 7180 маркийн 2 ширхэг сканерийн үнэ 15 398 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч И санТББ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос бусдаар дамжуулан Фужицу Фи-7180 маркийн 2 ширхэг сканер худалдан авч, Бээжин хотоос Эрээн хот, Эрээн хотоос Улаанбаатар хот руу хүргэх тээвэрлэлтийн гэрээг хариуцагч нартай байгуулсан. Барааг М.А хүлээж аваад Р.Нид өгч, Р.Н нь Г.Бид өгсөн гэдэг, бараа алга болсон тул хариуцагч нараас сканерийн үнийг тэнцүү хувааж гаргуулна ...,” гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн утасны дугаараар хаяглагдсан бор өнгийн цаасан хайрцагтай илгээмжид 2 ширхэг сканер байсан гэх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Ж.Бээс М.А хүлээн авсан гэх үндэслэлээр үнийг нь гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Гэрч Ж.Б, хариуцагч М.А нар хайрцагт юу байсныг мэдэхгүй, хараагүй гэж мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгч нь барааны захиалгыг хэрхэн хийсэн, өөрөөр хэлбэл барааны үнэд хэдэн төгрөг хэнд хэрхэн шилжүүлсэн, нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авсан этгээд уг барааг хаанаас хэдэн төгрөгөөр худалдан авсан, Эрээн хот руу хэрхэн тээвэрлүүлсэн, гэрч Ж.Б илгээмжийг Эрээн хотын ямар илгээмжийн газраас хүлээн авсан, уг илгээмжийн газар барааг нэг бүрчлэн үзэж авсан эсэх нь тодорхой бус байна. Өмнө нь энэ талаар тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1270 дугаар магадлалд дурдсан байна. /1хх85-89/

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон илгээмжийн бүртгэлийн дэвтэр нь хэрэгт хуулбар хэлбэрээр авагдсан, уг дэвтэрт бүртгэлтэй гэх утасны дугаар дутуу хуулбарлагдсан байхын зэрэгцээ хятад хэл дээрх зарим баримт орчуулагдаагүй,  гаргацгүй байна. 

Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж, нөхөн гүйцэтгэх замаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2021/00709 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ   

                           ШҮҮГЧИД                                 Ц.ИЧИНХОРЛОО

                  А.МӨНХЗУЛ