Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/01900

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, “Т И” ХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороонд бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, “М Д ” ХХК /Регистрийн дугаар: 2791617/-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5.905.900 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Т И” ХК “М Д ” ХХК-тай 2016 онд гурван удаа буюу 2016 оны 6 дугаар сарын 03-нд, 2016 оны 7 дугаар сарын 19-нд, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус тус цемент нийлүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдэд зааснаар Хөтөл цементийг нэгжийн үнийг тонн тутамд 162.000 төгрөг байхаар тохиролцсон тул уг үнээр нийтдээ 2016 онд 219.783.300 төгрөгийн цемент нийлүүлсэн.  Үүнээс хариуцагч байгууллага энэ хугацаанд 213.877.000 төгрөгийг бэлэн, бэлэн бусаар төлсөн.  Үлдэх 5.905.900 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байгаа тул гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.  Хамгийн сүүлд хариуцагч байгууллагаас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр төлбөрийн үлдэгдэл 20.905.900 төгрөг байгаагаас 10.000.000 төгрөгийг төлж, үлдэх 10.905.900 төгрөгийг удахгүй төлөхөө илэрхийлж байсан.  Үүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 25-нд 5.000.000 төгрөгийг төлж үлдэх хэсгийг төлөөгүй болно.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэл гаргасан Д.Ганцэцэг итгэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх тодорхойгүй байсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж татгалзаж байсан. Хэргийн материалаас үзвэл тэрээр төлөөлөх эрхтэй этгээд гэдэгт маргахгүй. 2020 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргасан ч үлдэгдэл үлдсэн бараа материал авсан эсэх талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй болно. Нэхэмжлэгч үндэслэлээ хариуцагч байгууллагын албан бичиг дэх дүн болон тооцоо нийлсэн актыг үндэслэл болгож байх хэдий ч тооцоо нийлсэн актад хариуцагч гарын үсэг зураагүй. Гурван гэрээний дагуу цемент хүлээн авсан гэдгийг зөвшөөрч байна. Төлсөн дүнд мөн маргахгй. Харин хамгийн сүүлд 7.290.000 төгрөгийн цемент хүссэн албан бичгийг манайх өгсөн нь үнэн ч энэ цементийг манайд өгөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Т И” ХК нь “М Д ” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5.905.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

“Т И” ХК, “М Д ” ХХК нар 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь стандартын шаардлага хангасан Хөтөл, OPS42.5 маркийн 650 тонн цементийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч үнэд тонн тутамд 162.000 төгрөгөөр тооцож 105.300.000 төгрөг төлөхөөр, гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл байхаар тус тус тохиролцож 16 тоот “Цемент нийлүүлэх гэрээ”-г байгуулжээ. Мөн зохигчид 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 20 тоот гэрээгээр тонн тутамд 162.000 төгрөгөөр тооцон 103.680.000 төгрөгийн үнэ бүхий 640 тонн цемент нийлүүлэхээр, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 27 тоот гэрээгээр тонн тутамд 162.000 төгрөгөөр тооцон 165.888.000 төгрөгний үнэ бүхий 1024 тонн цемент нийлүүлэхээр тус тус тохиролцжээ. /хх 21, 22, 132-135/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

            Нэхэмжлэгч дээрх гурван гэрээний дагуу нийтдээ 219.798.300 төгрөгийн цемент нийлүүлсэн хэмээн шаардсанаас хариуцагч 7.290.000 төгрөгт ногдох 54 тонн цементээс бусад хэсгийг хүлээн авсанд маргаагүй, шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн энэ хугацаанд нийт 213.877.400 төгрөг төлсөн үйл баримтад  маргаагүй. / хх74-76, 136-146, 162-167/

Харин 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 301 тоот албан бичгийн дагуу  7.290.000 төгрөгийн үнэ бүхий 45 тонн цементийг хүссэн ч уг баримтын дагуу цементийг өгөөгүй хэмээн хариуцагч тайлбарлаж энэ хэсгээр эс зөвшөөрч маргаж байна. /хх 161/  

Нэхэмжлэгч дээр дурдсан 45 тонн 7.290.000 төгрөгийн үнэ бүхий цементийг худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй гэдэгт маргаагүй. Харин гуравдагч этгээдэд өгсөн цементийн үнийг хариуцагч өөрөө төлөхөөр харилцан тохиролцсон тул тооцоонд нэмсэн гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заажээ. Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-д “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг

 өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болно” гэж тус тус заажээ.

Хэрэгт баримтаар “Монгол дайвин” ХХК-ийн нэхэмжлэгчид хүргүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 301 тоот албан бичигт “Хүслийн шонхор” ХХК-ийн захирал Р.Мөнгөншагайд 45 тонн 7.290.000 төгрөгийн цементийг танай компанитай хийсэн гэрээний дүнгээс шилжүүлж өгөх”-ийг хүсчээ.

Түүнчлэн “М  Д” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 168 тоот, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 199 тоот албан бичигт “компанийн нийт өр 20.905.000 төгрөг байгаагаас 10.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. Үлдэх 10.905.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай хүсэлтийг ирүүлсэн, үүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх 5, 17-19, 20, 129/ Хариуцагч дээрх албан бичгүүдийг хүргүүлсэнд маргаагүй болно.

Дээрх бүгдийг дүгнэвэл нэхэмжлэгч маргаан бүхий 7.290.000 төгрөгний цементийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй боловч хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах гуравдагч этгээдийг нэрлэн заасан, түүний 7.290.000 төгрөгийн өрийг өөртөө шилжүүлэн авах хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн гэж үзнэ. Түүнчлэн 2017 онд “үлдэгдэл 20.905.000 төгрөг”  гэж тооцоонд тусгаж хүргүүлж байснаар мөн өрийг өөртөө шилжүүлснээ хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Монгол дайвин” ХХК-аас 5.905.900 /таван сая есөн зуун таван мянга есөн зуун/ төгрөг гаргуулж, “Т И” ХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109.444 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2020/11677 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ