Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/02221

 

 

 

 

 

 

 

       2021          11         19

                             181/ШШ2021/02221

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороонд оршин суух, Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах, “БТСУХ” ТБАГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 50.328.950 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гэрч Т.Б,  Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: ЦБ миний бие хуучин нэрээр Эрүүл мэнд, спортын яамны харъяа БТСХТ-д 2015 оны 4 дүгээр сард Захиргаа, Санхүүгийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот тушаалаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн билээ. Тухайн үед тус байгууллагын захирлаар ажиллаж байсан П.Б нэхэмжлэгч миний биеийг шүүхэд гэм буруутай эсэх эцэслэн тогтоогдоогүй байхад, мөн өөрийн биеэр өргөдөл гаргаагүй, гарын үсэг зураагүй байхад намайг өргөдөл гаргасан гэж ажлаас чөлөөлж, миний эрхийг зөрчсөн байдаг. Тус байгууллагын хуучин захирал П.Б надад дээрх Б/07 тоот тушаалыг огт танилцуулаагүй, гардуулж өгөөгүй, ямар нэгэн гарын үсэг зуруулаагүй, өөрийн хүсэлтээр ажлаас гарах тухай ч юм уу, ямар нэгэн өргөдөл өөрийн биеэр гаргаагүй.

Би энэхүү тушаалыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдэж, уг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг өөрийн биеэр архиваас хуулбар үнэн тэмдэг даруулж авсан бөгөөд өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ажлаас хууль бусаар, үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаагаар тооцон 50.328.950 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. 2016 оны 01 дүгээр сарын 04-нд шүүхээс шийтгэх тогтоол анх гарснаар мөн өдрөөс цагдан хоригдоод сар гаран болоод цагаан сарын өмнөхөн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосноор суллагдсан. Дахин 2016 оны зун хавиар “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж гурван сар болоод гарсан. Энэ хугацаанд эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй явж байсан тул ажил албан тушаалыг түдгэлзүүлсэн гэж ойлгож байсан. Тушаалыг огт гардуулаагүй, мэдээгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Эрүүл мэнд, спортын яамны харьяа БТСХТийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Ц.Быг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Ц.Б мэдэж байсан буюу түүний гэр бүлийн хүн болох эхнэр өргөдлийг авчирч өгсөн байдаг. Тухайн үед шүүхээс нэхэмжлэгчийг цагдан хорьсон тул өргөдлөө эхнэрээрээ дамжуулж өгсөн гэдэг. Түүний бичгийн өргөдөл архивт хадгалагдаагүй байгаа ч П.Б-ийн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж, 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Иймд гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Б “БТСУХ” ТБАГ /хуучнаар:Биеийн тамир спортын газар/-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 50.328.950 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэнд даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Быг Биеийн тамир спортын хөгжлийн төвийн Захиргаа санхүүгийн хэлтсийн даргаар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн томилсон, улмаар талуудын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын маргаангүй тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичиглэлээр тус тус тогтоогдож байна. /хх 73/

Тус төвийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан мөн өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. / хх 173/

Тушаалын үндэслэлээ ажилтны өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэсэн хэмээн хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлав. Харин нэхэмжлэгч захиргаанд бичгээр өргөдөл гаргаагүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ажилтны санаачилгаар гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг  дуусгавар болгох нөхцөлд ажилтнаас өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг захиргаа үндэслэл болгосон байхыг хуулиар шаарджээ.

Хариуцагч татгалзлаа нотлохоор ажилтны захиргаанд гаргасан гэх бичгийн хүсэлтийг хэрэгт баримтаар ирүүлээгүй тул дээрх Б/07 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч П.Б “бичгийн өргөдөл ирсэн, эхнэр нь авчирч өгсөн, түүнийг үндэслээд тушаал гаргаж байсан” гэж, харин гэрч Б.О “Би нэхэмжлэгчийн эхнэр, тухайн үед ямар нэг өргөдөл би аваачиж өгөөгүй” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн ч гэрчүүдийн дээрх мэдүүлгийг  дэмжих бичгийн баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэгэнт ажил олгогч тушаалын үндэслэл болсон үндсэн баримтыг ирүүлээгүй тул шүүх гэрчийн мэдүүлгүүдийг үнэлээгүй болно.

Гэвч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх”-аар, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор гомдлоо шүүхэд гаргах”-аар зохицуулжээ.

Нэхэмжлэгч 2016 оны Б/07 тоот тушаалыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдсэнээр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, тушаалыг гардуулаагүй тул хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй гэж тайлбарлав. Хариуцагч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгчид тушаалыг гардуулсан баримт үйлдээгүй ч өөрөө мэдэж байсан гэж тайлбарлав.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн дээрх тушаал гарсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс  хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 4 жил 4 сар 21 хоног буюу хуанлийн нийт 1600 хоногийн дараа нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргажээ. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаар шийтгэх тогтоолын 6-д Ц.Бы цагдан хоригдсон нийт хугацааг “111 хоног” гэж дурдагдсан, анх тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс цагдан хоригдож эхэлсэн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолын 6, 7-д зааснаар тогтоогдож байна. /хх 81-84, 54,174-183, 184-185/ Үүнээс үзвэл тэрээр зөвхөн 111 хоногт цагдан хоригдож хүндэтгэх шалтгаантай байсан харин үлдэх 1489 хоногт тэрээр гомдлоо шүүхэд гаргах өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан болох нь тогтоогдож байна.  Нөгөөтэйгүүр ажил олгогчийн зүгээс түүнд 2016 оны 01 дүгээр сараас хойш цалин хөлс олгоогүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч байх тул тэрээр тушаалыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хугацааг цалин хөлсийг олгоогүй дараагийн сараас эхлэн мэдэх боломжтой гэж үзнэ.

Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор “ажил албан тушаалыг түр түдгэлзүүлсэн гэж ойлгосон” хэмээн тайлбарлах боловч маргаанд хамаарах дээрх нөхцөл байдал Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д нэрлэн заасан захиргаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах нөхцөлүүдэд хамаарахгүй тул энэ тайлбар үндэслэлгүй.

Иймд тэрээр шаардах эрхээ алдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх сэргээн тогтоож, хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан ч нэхэмжлэгч хугацаа сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй, түүнчлэн дээр дурдсан цагдан хоригдсоноос бусад хүндэтгэн үзэх шалтгааны талаарх баримт авагдаагүйг дурдав.

Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарах тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422.300 /352.100+70.200/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан “БТСУХ” ТБАГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 50.328.950 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэнд даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч ЦБы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422.300 /352.100+70.200/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ЦБд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ