Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2021/02067

 

 

 

 

 

 

 

      2021          11        01

                                 181/ШШ2021/02067

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумад оршин суух, Х.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороонд байрлах, “АТҮТ” ТӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх  олговорт 21.892.992 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, З.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.З би 2017 оноос эхлэн “АТҮТ” ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн “АТҮТ” ТӨҮГ-д тээвэр зохицуулагчаар ажиллаж байгаад 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалаар ажлаас халагдлаа. Тушаалаас үзвэл “2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл таван удаа нийт 4.999.200 төгрөгийн кассын орлогыг дутуу тоолуулж, дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэл зааж ажлаас халсанд гомдолтой байна. Намайг буруутгаж байгаа үндэслэлийн талаар тайлбарлаж, өргөдлөө бичгээр тус төвийн дотоод сүлжээгээр гаргасан боловч ажил олгогч өргөдлийг өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй.  

2020 оны 01 дүгээр сард Говь-Алтай “АТҮТ” ТӨҮГ-ийн хэсэг ажилтан бид, Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн удирдлагын хууль бус үйл ажиллагаа, алдаа дутагдлын талаар Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бичгээр гомдол гаргасан бөгөөд уг бичигт гарын үсэг зурсанаас хойш төвийн дарга С.Г дарамталж, байнга өө сэв, дутагдал хайн, илтэд хонзогносоор эцэстээ ийм үр дагаварт хүрлээ. 2019 онд сахилгын арга хэмжээ хууль бусаар авсан, энэ талаар надад мэдэгдээгүй, тушаалыг танилцуулаагүй, 2020 онд ажлаас халахдаа зөрчил гэх зүйлсээ шалгаж тогтоогоогүй атлаа С.Г даргын хэлсэн үгээр хууль бусаар халсныг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийг 5 удаагийн үйлдлээр мөнгийг дутуу тушаасан, дараа өдөр нөхөж тушаасан гэдэг ч хэрэгт авагдсан тооллогын баталгааны хуудас, болон шүүхээс хийсэн үзлэг дэх баримтуудаас хэрвал Х.З дутаасан гэдэг тодорхойгүй, зөрчил нотлогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар санхүүгийн зөрчил дутагдал гаргасан бол энэ нь эрх бүхий этгээдийн шалгалтаар тогтоогдсон байхыг шаардана. Гэтэл хэрэгт зөрчлийг шалгаж тогтоосон баримт авагдаагүй. Мөн бэлэн мөнгөний орлогыг л тушааж байгаа, бэлэн бусаар орж ирж байгаа мөнгө тухайн өдрийн орлогод ордог ч бэлэн мөнгөний орлогын дүнд орохгүй. Үүнийг нягтлан бодогч хариуцна. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халах үедээ түүний гаргасан зөрчлийг бүрэн тогтоогоогүй болно. Хэрэгт баримтаар 4.999.200 төгрөг, 5.026.200 төгрөг дутуу дараа өдөр тушаасан гэсэн өөр, өөр дүн байгаагаас гадна санхүүгийн баримтууд гараар дээр нь бичсэн. Бичвэр нь нэхэмжлэгч бус дандаа нягтлан, нярав тооцоог хийж бичсэн тул хэрэв зөрчил гаргасан, дутаасан бол Х.З биш харин нягтлан, нярав хариуцлага хүлээх ёстой байх. Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байхгүй, мөнгө хариуцсан ажилтанд хамаарах эсэх эргэлзээтэй. Хэрэгт авагдсан тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаар тус байгууллага дотоод хяналт шалгалтын нэгжтэй байх боловч үүнийгээ хэрэгжүүлсэн баримтгүй, хяналт шалгалт хийгдээгүй. Иймд “АТҮТ” ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тушаал гарсан өдрөөс өнөөдрийн хуралдаан хүртэлх  хөлстэй тэнцэх олговорт 21.892.992 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.З тус үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь авто тээврийн төвд тасалбар түгээгчээр ажилладаг байсан ажилтан юм. Х.З 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/449 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Гэтэл тэрээр сахилгын шийтгэлтэй байх үедээ кассын орлогыг дутуу тоолуулж, дараа өдрийн орлогоор нөхөж тушаасан зөрчил удаа дараа гаргасан болох нь баримтаар тогтоогдож, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2 дахь заалт “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11 дэх заалтуудыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөр цуцалж, ажлаас халсан болно.  

Ажлын байрны тодорхойлолтоор тэрээр тухайн өдрийнхөө зорчигч тасалбарыг борлуулах, билетийн борлуулалтын орлогыг тухайн өдөртөө тушаах үүрэг хүлээдэг этгээд тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө хариуцсан ажилтан”-д хамаарна. Нэхэмжлэгч удаа дараа орлогыг тухайн өдөрт нь тушаагаагүй дутааж, дараа өдөрт тушаасан үйлдэл гаргасан. Тэрээр 2019 оны 9 дүгээр сард мөнгийг дутуу тушаасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байхад дахин, дахин мөнгийг дутуу тушаадаг, дараа өдрийн орлогоос нөхөж тушаадаг үйлдэл гаргасаар байсан. Тухайн өдрийн орлогоос мөнгийг дутааж байснаа нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтууд хэрэгт авагдсан байгаа. Тэрээр баримтад гарын үсэг зурсандаа огт маргаагүй болно.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримталсан буюу ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан гэж үзэж байгаа бөгөөд ажил олгогч энэ үндэслэлээр гэрээг цуцлахад хохирол тогтоосон акт байхыг шаардахгүй. Хэрэгт баримтаар тус газарт хэрэглэдэг бүртгэлийн цахим системээс тухай бүрт өдөр өдрөөр хэвлэж гаргаад түүн дээр дутуу хэсгийг гараар бичсэн баримт байгаа. Энэ  баримтад нэхэмжлэгч ажиллагааны явцад маргаагүй, нотлох баримтыг шалгуулах хүсэлт гаргаагүй болно. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.З “АТҮТ” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21.892.992 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна. 

Нэхэмжлэгч Х.З 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс тус байгууллагын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвд тээвэр зохицуулагчаар ажиллаж талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичиглэл зэргээр тогтоогдож байна. /1хх 4, 42-44,131/

“Автотээврийн үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирлын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, тус байгууллагын дүрмийн 6.10.7, 6.12, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11-д заасныг тус тус баримтлан мөн өдрөөс ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /1хх 3/

Хариуцагч тушаалын үндэслэлийг сахилгын шийтгэлтэй байх үедээ 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр кассын орлогыг тухайн өдрийн орлогоос дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаасан зөрчлийг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэлд, мөн хуулийн 40.1.4-т заасан “давтан зөрчил”-д аль алинд хамаарна гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч тушаалыг эс зөвшөөрч, хэдэн удаагийн үйлдлээр хэдэн төгрөгний орлогыг тухайн өдөрт тушаагаагүй болох нь баримтаар тогтоогдоогүй, захиргаа зөрчлийг баримтаар шалгаж тогтоогоогүй, түүнчлэн бодитоор хохирол учраагүй гэж тайлбарлав. Харин хариуцагч дараа өдрийн орлогоор нөхөн тушаадаг үйлдэл гаргасан нь ажил олгогчийн итгэл алдсан үйлдэлд хамаарна, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар гэрээг цуцлахад хохирол учирсан байхыг шаардахгүй, түүнчлэн зөрчлийг зөвшөөрч гарын үсэг зурсан баримтууд хэрэгт авагдсан гэж тус тус маргаж байна. 

Ажил олгогч өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар гэрээг цуцлахад мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан байх, мөн зүйлийн 40.1.4-т заасан “давтан” үндэслэлээр гэрээг цуцлахад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа гаргасан байхыг шаардах бөгөөд ийнхүү цуцлахдаа захиргаа зөрчил гаргасан үйл баримтыг баримтаар тогтоосон байх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар тус байгууллагын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/499 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг баримтлан Х.Зын цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх-68, 118-119/

 Нэхэмжлэгч энэ тушаалд гомдол гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбараар тогтоогдсон тул тушаал хүчин төгөлдөр, сахилгын шийтгэлтэй байсан гэж үзнэ. 

Хэрэгт авагдсан тасалбар түгээгчийн /ажлын байрны нэршил өөр байгаад зохигчид маргаагүй/ ажлын байрны тодорхойлолтод “зорчих тасалбарыг үнэн зөв бичих, тасалбар борлуулалтын орлогыг бүрдүүлэх, мөнгөн хөрөнгийг хүлээн авах, тайлан тооцоог үнэн зөв гаргах” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан”-д хамаарч байна. /1хх 40-41/

            Тушаалын үндэслэлд дурдсан талуудын хоорондох Хөдөлмөрийн гэрээний 4.3-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 8 үндэслэлүүдийг нэрлэн заахдаа 4.3.1-т “байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан”, 4.3.2-т “өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийг дур хэдэн хувьдаа хэрэглэж завших, үрэгдүүлэх зэргээр захиргааны итгэл алдагдуулсан” бол гэж заажээ. /1хх 42-44/

  Мөн тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.18-д “ноцтой зөрчил”-ийг нэрлэн зааснаас 3.18.1-т “байгууллагын дотоод журмын заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан”, 3.18.2-т “өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа хэрэглэж завших, үрэгдүүлэх зэргээр итгэл алдагдуулсан зэрэг зөрчил дутагдал гаргасан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон” гэж, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг 11.6-д заахдаа 11.6.7-д “бүртгэл, санхүүгийн тайлан мэдээ гаргаж буй ажилтан нягтлан бодох бүртгэлийн баримт, данс санхүүгийн тайланг дур мэдэн засварлах, худлаа гаргах, будлиантуулах, хугацаанд нь гаргаж ирүүлээгүй” гэж, 11.6.11-т “Байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журам, зааврыг зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж тус тус заажээ. /1хх 23-39/

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн орлогоос 1.124.800 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орлогоос 758.300 төгрөг,  2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн орлогоос 875.400 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн орлогоос 374.300 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орлогоос 399.450 төгрөг буюу 5 удаагийн үйлдлээр тухайн өдрийн орлогыг дутуу тоолуулсан, сүүлд нөхөн тушаасан гэж тайлбарлав. Түүнчлэн тушаалд  мөнгөн дүнг буруу бичсэн, техникийн алдаатай гэж тайлбарлаж байна.

Тус байгууллагын Говь-Алтай аймгийн архивын тасгийн 2020 оны 01, 02 дугаар сарын кассын тайланд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тухайн өдрүүдийн санхүүгийн баримтуудад зөрчилд тооцсон:

-2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1.754.000 төгрөгийн орлого хийгдсэнээс тухайн өдрийн буцаалт хийсэн хэсэгт нэхэмжлэгч нэг удаагийн буюу 51.600 төгрөгийн буцаалт хийсэн, хариуцагчаас баримтаар ирүүлсэн тухайн өдрийн кассын товчооны тайланд Х.З 1.644.150 төгрөг бэлнээр тушаасан гэж тооцоог ирүүлсэн,

-2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 3.200.000 төгрөгний орлого орсноос нэхэмжлэгч 2.086.500 төгрөгийг тушаасан, тухайн өдрийн буцаалтын нэгтгэлд Х.З 2 билет 100.000 төгрөгийг буцаасан, нягтлан 3 билет буюу 150.000 төгрөг нийт 250.000 төгрөгийн буцаалт хийсэн,

-2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2.327.000 төгрөгний орлогоос нэхэмжлэгч 2.254.900 төгрөгийг тушаасан, мөн өдрийн билет буцаалтаар 1 билет буюу 50.000 төгрөгийн буцаалт хийсэн,

-2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2.195.500 төгрөгний орлогоос 2.221.800 төгрөгийг тушаасан, мөн өдрөө нэг билет буюу 50.000 төгрөгийг буцаасан,

-2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.975.000 төгрөгний орлогоос 466.450 төгрөгийг тушаасан, нэхэмжлэгчээс энэ өдөр буцаалт хийгээгүй, өөр хүмүүсээс 350.000 төгрөгний буцаалт хийсэн гэж тэмдэглэгдсэн ч хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “02.20-ны орлого” утгаар  нөхөн мөнгө шилжүүлсэн баримтууд нэхэмжлэгчийн гарын үсэгтэй биш харин “Б.Л” нэрээр тушаажээ. Дээрхээс үзвэл зөрчилд тооцсон 5 удаагийн үйлдэл дэх үнийн дүн зөрүүтэй, мөн нэхэмжлэгч мөнгийг тухайн өдөртөө тушаагаагүй, нөхөж тушаасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /2хх 92, 104,105, 108-131, /

Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад тухайн ээлжинд гарсан өдрөө билетны орлогыг хүлээж авдаг, зорчигч билет буцаасан тохиолдолд мөнгийг буцааж өгдөг, зарим тохиолдолд буцаалтыг нягтлан бодогч, няраваас хийдэг, түүнчлэн ажил тарснаас хойшхи оройн цагаар орсон орлого, зарлагыг дараа өдөрт тооцоо хийж тушаадаг гэж тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг баримтаар үгүйсгээгүй бөгөөд ажил үүргийн хуваарийн хувьд нягтлан бодогч ажлын цаг тарснаар явдаг гэдгийг хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж хариуцагч мөн тайлбарлав. Хэрэгт баримтаар авагдсан бэлэн мөнгөний тооллогын баталгаа, тооллого хийсэн тухай тэмдэглэгдсэн цэнхэр дэвтэр дэх гар бичмэлд зурагдсан гарын үсэг мөн гэдгийг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Харин тооцоо тэмдэглэгээг бичээгүй, зөвхөн гарын үсэг зур гэснээр зурсан гэж тайлбарлав.

Гэвч тухайн баримтуудад нэхэмжлэгч гарын үсэг зурсан явдал Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтан зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох, баримтаар нотлох захиргааны өөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. /1хх 47,48,49, 51,52 57-60/

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт баримтаар авагдсан цэнхэр өнгийн дэвтрийг хэнийх болох тодорхойгүй гэж тайлбарлан нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасан ч уг дэвтэр эх хувиар авагдсан тул дээрх хүсэлт үндэслэлгүйг дурдав.

Дээрхийг нэгтгээд захиргаа ажилтны зөрчил гаргасан үйл баримтыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, тухайн өдрүүдийн орлогын дутуу явдал нэхэмжлэгчээс эсхүл хариуцсан нягтлан бодогч болон бусад этгээдээс хамааралтай эсэхийг бүрэн дүүрэн ялгаж салгаж зөрчлийг тогтоогоогүй байх тул шүүх тушаалыг үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцоход тушаал гарсан 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 19 сар, 14 хоног, нэг сарын дундаж цалин 996.833, нэг өдөрт 46.364 төгрөг байх тул олговорт нийт 19.588.923 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэв.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Х.Зыг “АТҮТ” ТӨААТҮГ-ын Говь-Алтай аймгийн АТҮТ-д тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19.588.923 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 2.304.069 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 255.894 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ