Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00677

 

 

 

 

 2023 оны 03 сарын 31 өдөр                  Дугаар 210/МА2023/00677

   

  

Х.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02991 дугаар шийдвэртэй Х.З-ын нэхэмжлэлтэй АТҮТ ТӨҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, З.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие АТҮТТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Автотээврийн төвд тээвэр зохицуулагчаар 2017 оноос эхлэн ажиллаж байгаад захирлын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалаар ажлаас хууль бусаар халагдлаа. Тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гардан авсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажиллаж, комисст ажлаа хүлээлгэн өгсөн. Тушаалаас үзвэл, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5 удаа нийт 4,999,200 төгрөгийн кассын орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдсон гэх үндэслэл зааж ажлаас халсанд гомдолтой. Намайг буруутгаж байгаа үндэслэлийн талаар тайлбарлаж, өргөдлөө бичгээр тус төвийн дотоод сүлжээгээр гаргасан боловч ажил олгогч АТҮТ ТӨҮГ-ын захирал Б.Г өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар нэгэн хариу мэдэгдсэнгүй.

2020 оны 01 дүгээр сард Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн хэсэг ажилтан бид, Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн удирдлагын хууль бус үйл ажиллагаа, алдаа дутагдлын талаар Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бичгээр гомдол гаргасан бөгөөд уг бичигт гарын үсэг зурсанаас хойш төвийн дарга С.Г дарамталж, байнга өө сэв, дутагдал хайн илтэд хонзогносоор эцэстээ ийм үр дагаварт хүрлээ. 2019 онд сахилгын арга хэмжээ хууль бусаар авсан, энэ талаар надад мэдэгдээгүй, тушаалыг танилцуулаагүй, 2020 онд ажлаас халахдаа зөрчил гэх зүйлсээ шалгаж тогтоогоогүй атлаа хууль бусаар халсаныг зөвшөөрөхгүй.

Иймд АТҮТ ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Х.З нь тус үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Авто тээврийн төвд тасалбар түгээгчээр ажилладаг байсан ажилтан юм. Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагч Х.З нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны оройн 18 цагаас Говь-алтай /Есөнбулаг сум/-аас Улаанбаатар хотын чиглэлийн 86-** *** улсын дугаартай хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэлд зорчин явахаар 25, 26, 30 дугаар суудалд зорчих тасалбар бичүүлсэн иргэдийн зорчих тасалбарыг буруу бичсэн тул 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/449 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан ба Сахилгын шийтгэлтэй байх үедээ кассын орлогыг дутуу тооцуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа давтан гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдож Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11-д заасныг зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр цуцалж, ажлаас халсан. Иргэн Х.З 2019 оны 12 дугаар сарын 17-нд Автотээврийн салбарт нийт 3 жил, 7 сар, 15 хоног ажилласан байтал 5%-ийн нэмэгдлийн мэдээллийг буруу оруулж, нийт 362,514.91 төгрөгийг илүү авсан. Тухайн асуудлаар байгууллагын дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэнд удаа дараа тайлбар гаргаж өгөөгүй нь өөрөө тухайн асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж болно.

Ажилтны тээвэр зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Тушаалд 4 сая гаруй төгрөг, тооллогоор 3,500,000 төгрөг гарсан гэж байна. Дутуу байна гээд Х.З гарын үсэг зурсан. 5 сая, 3 сая төгрөг гээд бичсэн ч гэсэн ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргаж байна. 3 сая гаруй төгрөг дутаасан нь баримтаар тогтоогдож байгаа. Төрийн өмчөөс албан бичиг ирсэн. Үүнийг бүгдийн унших ёстой. Зөрчилтэй холбоотой асуудал байхгүй. Эцэст нь хэлэхэд аливаа зүйлд шударга зөв байх ёстой. Нэхэмжлэгч тал зарим зүйлийг үнэхээр худлаа мэдүүлж байна. Алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч сурах ёстой. Х.З-ын гаргасан сахилгын зөрчил ажил олгогчийн итгэлийг алдагдуулж байгаа нь холбогдох баримтаар тогтоогдоно. Нягтлангийн хувьд хяналт шалгалт хийж тооллого хийх эрхтэй. Сангийн яамны 2007 оны заавар, зөвлөмж гэж байгаа. Нягтлан хүний хувьд хэлж байсан дараа нь болохгүй болоод даргад хэлсэн. Ажлыг зөв явуулъя, зөрчлийг арилгая гэж ярьж байгаа. Иймд баримтаар тогтоогдож байгаа учраас Х.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Х.З-ыг АТҮТ ТӨҮГ-ын Тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч АТҮТ ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт нийт 32,895,489 /гучин хоёр сая найман зуун ерэн таван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.З-д олгож, хариуцагч АТҮТ ТӨҮГ-т нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт олговорт ногдох нөхөн бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Х.З-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч АТҮТ ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 322,427 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, бодитой талаас нь үнэлээгүй нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэсэн байна. Тус шүүх шийдвэртээ нэхэмжлэгчээс хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны шалгалтын тайланг нэхэмжлэгчид танилцуулаагүй, гарын үсэг зуруулж баримтаар нотлоогүй гэсэн. Үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 5.1.2, 5.1.3-д хууль, тогтоомж, дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтыг чанд мөрдөн ажиллах гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Х.З нь хөдөлмөрийн дотоод журам болон дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журмыг мөрдлөг болгоогүй бөгөөд хяналт- шинжилгээ, дотоод аудитын албанаас дотоод хяналт шалгалттай холбоотой тайлбарыг өгөхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй байдаг. Шүүхээс хэргийн нотлох баримт бүрийг судлан үнэлгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд ажил олгогчийн дотоодын хяналт, шалгалт, баримтаар тогтоогдсон, нотлогдсон зүйлийг шүүх үгүйсгэж байгаа нь хууль бус байна.

4.б. Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны санал, дүгнэлт болон 2020 оны Б/132 тушаалд заасан дутуу тоолуулсан гэх кассын орлогын дүн, хариуцагчийн баримтаар гаргасан нэхэмжлэгчийн зөрчлийн талаарх баримт гэх 2020 оны 01, 02, 03 сарын бэлэн мөнгөний тооллогын баталгаа дахь кассын дүн нь шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн 2020 оны 01, 02 дугаар сарын кассын тайлангийн дүнтэй зөрүүтэй байна гэж үзсэн. Шүүх зөвхөн үнийн дүнгийн зөрүүг үндэслэсэн байх бөгөөд Х.З-ын хувьдаа завшсан, санхүүгийн ашиглан хийсэн /баримтаар нотлогдсон/ үйлдэл, эс үйлдэхүйг мөн ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдлийг нотологдсон гэж үзсэн боловч шүүх дүгнэлтээ зөрүүлжээ.

4.в. Шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан хариуцагчийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан буюу ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцдаг ажилтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэх, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан болох нь баримтаар тогтоогдоогүй гэж ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Гэвч тус үйлдвэрийн газрын захирлын 2017 онд баталсан тээвэр зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтын 2.2, 2.3-т заасан нь Х.З-ын үндсэн ажлын байрны зорилтод байна. Энэ нь мөн адил хууль зөрчөөгүй бөгөөд тус шүүхийн шүүгч зөвхөн нэг талыг барьж, нэг талд давуу байдал олгож шийдвэр гаргасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тухайн зөрчлийн хянан шалгах, тооллого хийх явцад гаргасан, дутаасан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан энэхүү гарын үсэг зурсан гэдгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч миний гарын үсэг мөн гэж баталсан байтал энэхүү баримтыг бодитоор үнэлж авч үзээгүй. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.5, 15.5.1, 15.5.2-т заасан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч давж заалдах гомдлыг хоёр үндэслэлээр гаргасан байна.

5.1.Дотоод хяналт шалгалт явуулсан байхад шүүх буруу дүгнэлээ гэх агуулгатай байна. Энэ дотоод хяналт шалгалттай холбоотой асуудлыг Говь-Алтай аймагт байгаа АТҮТ-ийн хувьд Улаанбаатар хотод байрладаг төвөөс явуулахдаа ажил олгогчийн тушаалаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр баталсан дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам байгаа ба уг журмаар дотоод хяналт шалгалт явуулдаг болох нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Тиймээс уг баримтыг хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин хуралдаанд оролцсон дотоод хяналт шалгалтын ажиллагааг явуулсан гэх гэрчийн мэдүүлгүүдэд Ковидын үед орон нутгийн хөдөлгөөнийг хаасан учраас бид шалгалтын ажиллагааг явуулж чадаагүй, зөвхөн Говь-Алтай аймгийн АТҮТийн дарга, нягтлан гэсэн албан тушаалтнуудын мэдээлэлд үндэслээд ажил олгогчийн тушаал гарсан гэдэг үйл баримт тогтоогдсон. Үүнийг хариуцагч бүхэлд нь үгүйсгэж гомдлын үндэслэлд дурдаж чадаагүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Х.З-ыг тайлбар өгөхийг удаа дараа шаардсан боловч шаардлага биелүүлээгүй учраас ажил олгогчийн тушаал гарсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг.

5.2. Тушаалын үндэслэл болсон дутуу тоолсон кассын орлогыг шүүх буруу үнэлсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гарсан байна. Энэ хэрэг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 3 дахь удаа хэлэлцэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гаргаж өгсөн баримтууд бүхэлдээ кассын орлогын дутагдлыг гаргасан гэх боловч 3 өөр дүн яригддаг, Улсын дээд шүүх хэргийг хянаж үзэхдээ тус 3 үнийн дүнгийн аль нь үндэслэлтэй, чухам ямар нотлох баримтаар аль үнийн дүн нь тогтоогддог нь эргэлзээтэй байгаа тул холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж байж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд зөрчилд холбогдох үеийн буюу 2020 оны 01, 02-р сарын кассын орлогын баримтыг хариуцагч шүүхэд эх хувиар нь авч ирж үзлэг хийлгэж байсан бөгөөд уг үзлэг хийсэн баримтуудыг шүүх хуралдаан дээр шинжлэн судалж хэлэлцлээ. Тухайлбал уг үзлэг хийсэн баримтаар тушаалын үндэслэлд заасан 4,999,200 төгрөг нотлогдохгүй. Мөн хянан шалгагчийн хянан шалгах ажиллагаа явуулаагүй мөртлөө гаргасан гэх дүгнэлтэд 5,026,200 төгрөгийн дутагдал гэх үнийн дүн мөн анхан шатны шүүхээр хийсэн үзлэгийн баримтаар тогтоогдсонгүй. Мөн хариуцагчийн хариу тайлбар буюу татгалзалд дурдаж байгаа 3,368,650 төгрөгийн дутагдал гаргасан гэж тушаалаас багасгасан энэ тоог мөн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоож чадаагүй. Уг тоонуудын аль нь ч нотлогдоогүй, зөрсөн.

Гомдолтой холбоотойгоор дүгнэж хэлэхэд тушаал гарахаас өмнө ажил олгогч ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчлийг нотлох үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа 3 жилийн хугацаанд ажил олгогч үүнийг нотлох үүрэггүй. Энэ нь 1999 оны Хөдөлмөрийн тухайн хууль, шүүхийн практикаар тогтсон ойлголт. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолыг бүхэлдээ зөрчсөн, тушаалын үндэслэлийг нотлох зорилгоор удаа дараа хариуцагч талд боломж олгож, шийдвэрүүд гарсаар байгаа тул дүгнэлт хийх ёстой. Иймд гомдлын хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х.З нь хариуцагч АТҮТ ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4. Хариуцагч АТҮТ ТӨҮГ-ын захирлын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан Х.З-ыг сахилгын шийтгэлтэй байх үедээ 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5 удаа нийт 4,999,200 төгрөгийн кассын орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөн тушаадаг зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, АТҮТ ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12, хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2, хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11-д тус тус заасныг үндэслэл болгосон байна.

АТҮТТӨҮГ-ын захирлын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/449 дугаар тушаалаар Х.З-д сарын үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй, харин сахилгын зөрчил давтан гаргасан эсэхэд маргасан.

5. Нэхэмжлэгчийг ажлаас халсан ажил олгогчийн тушаал дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна.

5.1. Хариуцагч АТҮТ ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1-д байгууллагын дотоод журмын заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан, хууль тогтоомж, дүрэм журамд харш үйл ажиллагаа явуулсан, 3.18.2-т өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа хэрэглэж завших, үрэгдүүлэх зэргээр итгэл алдагдуулсан зэрэг зөрчил дутагдал гаргасан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон, 11.6.11-д байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журам, зааврыг зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заажээ.

Дотоод хяналт шалгалтын журмын 3.2-т дотоод хяналт шалгалт нь хамрах хүрээг тогтоож, удирдамж батлуулах, холбогдох хяналт шалгалт хийх, үнэлгээ дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, тайлагнах, шийдвэр гаргуулах гэсэн үе шатуудтай байхаар, 3.6-д шалгалтын тайланг шалгуулсан этгээдэд танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулахаар тус тус заасан байна.

Хариуцагч ... ажилтны гаргасан зөрчил шалгалтын тайлангаар нотлогдсон гэж маргаж байх боловч хэрэгт Хяналт, шинжилгээ, дотоод аудитын албанаас Захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтэст ирүүлсэн санал дүгнэлт хүргүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн албан бичиг авагдсан хэдий ч шалгалтын тайлан авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил ажил олгогчийн дотоодын хяналт шалгалт, баримтаар тогтоогдсон, нотлогдсон гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

5.2. Говь-Алтай аймгийн Автотээврийн төвөөс АТҮТ-д ирүүлсэн албан бичигт нэхэмжлэгчийн дутуу тоолуулсан гэх кассын орлогыг 875,400 төгрөг /1хх 67/ гэж, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын албанаас Захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтэст ирүүлсэн санал дүгнэлт хүргүүлэх тухай дээрх албан бичигт 5,026,200 төгрөг /1хх 46/ гэж, нэхэмжлэгчийг ажлаас халах тухай тушаалд 4,999,200 төгрөг /1хх 3/ гэж тус тус зөрүүтэй тодорхойлсон ба ажилтны гаргасан гэх эд хөрөнгийн зөрчил тодорхой тогтоогдоогүй байна.

Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийг кассын орлогыг хувьдаа завшсан, санхүүгийн ашиглан хийсэн гэж буруутгасан байх боловч энэ нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдоогүй байна.

5.3. Нэхэмжлэгчийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтын 3.7-д орлогын мөнгийг банкинд хүлээлгэн өгөхөөр заасан байхад орлогын мөнгийг орой 18 цагт няравт өгөх, үлдсэнийг маргааш өдөр 12 цагаас өмнө өгч байх үүрэг хүлээлгэж, улмаар уг үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

6. Анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 32,895,489 төгрөгийг хариуцагч АТҮТ ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Х.З-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

7. Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт АТҮТ ТӨҮГ-ын тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохоор заасан алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02991 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ТӨҮГ-ын гэсний дараа Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БЯМБАСҮРЭН