Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 01826

 

МАГАДЛАЛ

 2020.08.26                                      Дугаар 1826

 

 

 

 

 

 

Х.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,              

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01828 дугаар шийдвэртэй, Х.З-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Автотээврийн үндэсний төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, өмгөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Автотээврийн төвд тээвэр зохицуулагчаар 2017 оноос эхлэн ажиллаж байгаад 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалаар ажлаас халагдсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд таван удаа нийт 4 999 200 төгрөгийн орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халсан. Миний бие хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэж, ажлаас халагдах зөрчил гаргаагүй. Зөрчил гаргасан гэх үндэслэлийн талаар тайлбарлаж, өргөдлөө бичгээр тус төвийн дотоод сүлжээгээр гаргасан боловч ажил олгогч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар нэгэн хариу мэдэгдээгүй. 2020 оны 01 дүгээр сард Говь-Алтай Автотээврийн төвийн хэсэг ажилтан, Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн удирдлагын хууль бус үйл ажиллагаа, алдаа дутагдлын талаар Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бичгээр гомдол гаргасан бөгөөд уг бичигт гарын үсэг зурснаас болж төвийн дарга дарамталж, байнга өө сэв, дутагдал хайн ажлаас халсан. 2019 онд сахилгын арга хэмжээ хууль бусаар авсан, сахилгын арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй. Иймд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сахилгын зөрчлийг гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор шалгах ёстой. Х.Знь өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан талаар мэдэгдэж байгаа. Хэрэгт цалингийн жагсаалт байгаа. Уг жагсаалтаар 9 сарын үндсэн цалин хасагдсан талаар нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай танилцаж гарын үсэг зурсан. Манай байгууллага 5 жил ажиллахад ажилласан хугацааны нэмэгдэл, урамшуулал олгодог. Гэтэл нэхэмжлэгч 3 жил гаруй ажиллаад ажилласан хугацаагаа нэмсэн боловч байгууллагын зүгээс үүнд нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Өөрөө хохирлоо барагдуулсан учраас арга хэмжээ тооцоогүй. Анх 875 000 төгрөг гарсан. Дараа нь 5 000 000 төгрөгийн баримт ирсэн. Үүнтэй холбоотой бүх баримтыг авсан. Гарын үсэг зураад баталгаажуулсан. Мөнгө дутаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зөрчил удаа дараа гаргасан гэж шалгасан. Нөгөө ээлжийн ажилтан мөн цалингийн арга хэмжээ авагдсан. Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлсөн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.З-ыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 580 000 төгрөгийг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Х.Золжаргалд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэг Х.З-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 56 230 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дотоод хяналт шалгалтын журмын 3.6-д шалгалтын тайланг шалгуулсан этгээдэд танилцуулж, гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байна гэж заасан бөгөөд хариуцагч нь шалгалтын тайлан гаргаагүй, мөн нэхэмжлэгчид танилцуулах ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэсэн. Дотоод хяналт шалгалтын дүгнэлтийг үнэлээгүй. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дотоод хяналт шалгалтаас Х.З-ыг дотоод хяналт шалгалттай холбоотой тайлбар өгөхийг удаа дараа шаардсан боловч тайлбар өгөөгүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүх хэргийн оролцогч буюу зохигчийн тайлбарыг нотлох баримт биш үзэн нэхэмжлэгч дотоод хяналт шалгалтад тайлбар өгөхөөс татгалзсан үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нийт 750 300 төгрөгийн баримтад нөхөж гарын үсэг зурсан гэдгийг нотлох баримт байхгүй талаар тайлбарласан. Мөн кассын орлогыг дутаасан баримтад нэхэмжлэгч гарын үсэг зурсан эсэхийг нэхэмжлэгчээс асуухад байхгүй гэж гэж хариулсан. Гэтэл шүүх дээрх үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Х.Зкассын орлогыг дутаасан зөрчлөө арилгаж хохирол төлсөн талаар маргаагүй. Байгууллагын дотоод журам зөрчиж 3 жил 6 сар ажилласан атлаа 5 жил ажилласан гэж илүү цалин олгосон нь баримтар тогтоогдсон. Шүүх мөн Хөдөлмөрийн тухай хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Сахилгын зөрчил нь заавал хохирол учруулсан байхыг шаардахгүй атал шүүх хохирол учруулсан байхыг шаардана гэх байдлаар тайлбарласан нь буруу. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээх бөгөөд тус журмын 3 дугаар зүйлийн 3.12-т “Эрх бүхий ажилтан хураасан орлогоо өөрийн байгууллагын бүртгэлийн дансанд ажлын 1 хоногт багтаан тушааж сар бүрийн эцэст зарагдсан тасалбарын бүртгэл болон орлого цуглуусан баримтын тооцоог гаргаж, тайланг тушаана” гэж заасныг Х.Ззөрчсөн. Мөн Сангийн сайдын 2007 оны 326 дугаар тушаалаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн дансны зааварын 4 дүгээр зүйлийн 4.10-т заасан кассын орлогын дутагдал нь нягтлан бодох бүртгэлийн зөрчилд тооцогддог болохыг шүүхээс үнэлээгүй. Х.Знь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг хохирол шаардахаар дүгнэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан  нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Знь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэн, холбогдох бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан Х.З-ыг тус төвийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаар тушаалаар сахилгын шийтгэлтэй байх үедээ 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5-н удаа нийт 4 999 200 төгрөгийн кассын орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлажээ.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12, хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2, хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11-д заасныг үндэслэл болгожээ.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/449 дугаар тушаалаар Х.З-д сарын үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан, уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул сахилгын шийтгэлтэйд тооцогдох ба ажилтан кассын орлогыг дутаасан, нөхөн төлсөн талаар зохигчид маргадаггүй,  харин сахилгын зөрчил давтан гаргасан эсэхэд маргасан.

Хариуцагч Автотээврийн үндэсний төвийн хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1-т “байгууллагын дотоод журмын заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан”, 3.18.2-т “өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа хэрэглэж завших, үрэгдүүлэх зэргээр итгэл алдагдуулсан зэрэг зөрчил дутагдал гаргасан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон”, 11.6.11-т “Байгууллагын үйл ажиллагааг  зохицуулсан дүрэм, журам, зааврыг зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан” үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заажээ.

Мөн хөдөлмөрийн гэрээний 4.3.1-т “байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан”, 4.3.2-т “өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийг дур хэдэн хувьдаа хэрэглэж завших, үрэгдүүлэх зэргээр захиргааны итгэл алдагдуулсан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг зохицуулсан байна.

Анхан шатны шүүх “Хариуцагч нь 5 удаа нийт 4 999 200 төгрөгийн кассын орлогыг дутуу тоолуулж, дараа өдрийн орлогоор нөхөн тушаадаг зөрчил удаа дараа гаргасан байдлыг нотлох зорилгоор 48-60 дахь талд авагдсан “Бэлэн мөнгөний тооллогын баталгаа” гэх баримтыг гаргасан ба уг баримтаас үзэхэд кассын орлого дутуу байгаа, Х.Згарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа “...4 999 200 төгрөгийг хувьдаа завшсан, зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл гаргаагүй, уг үйлдлийн улмаас хариуцагчид эд хөрөнгийн хохирол учраагүй, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэм  буруутай үйлдэл гаргаагүй тул сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийжээ. 

Нэхэмжлэгч Х.Знь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/449 дугаар тушаалаар сарын үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсанаас хойш 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд кассын орлогыг удаа дараа дутагдуулсан болох хэрэгт авагдсан бэлэн мөнгөний тооллогын баталгаа, кассын тооллогын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна./хх 48-60, 51-58х/

Учир нь: Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх ба зөрчил тус бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч зөрчил тус бүрт сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болжээ.

Нэхэмжлэгч Х.З-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй. /хх-46х/

Дээр дурдсан үндэслэлээр  анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй болно.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэн, холбогдох бичилт хийлгүүлэх тухай Х.З-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01828 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Автатээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэн, холбогдох бичилт хийлгүүлэх тухай Х.З-ын хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  2, 3 дахь заалтыг хүчингүй болгож,

4 дэх заалтаас “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 56 230 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэснийг хасаж, “дурдаж” гэснийг “дурдсугай” гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын төлсөн 56 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                                    Д.БАЙГАЛМАА