Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2025/00083

 

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/04419 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2025/00219 дүгээр магадлалтай,

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй

“Ч” ХХК, М.Э, Ө.М нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,207,651,953.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг батлан даалт, барьцаагаар хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Ч” ХХК-ийн төлөөлөгч М.Э, хариуцагч Ө.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч Ө.М, өмгөөлөгч Э.Б, Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч “Т” ХК нь “Ч” ХХК, М.Э, Ө.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,207,651,953.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг батлан даалт, барьцаагаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/04419 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ч” ХХК, М.Э, Ө.М нараас 6,207,651,953.03 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Т” ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Y-***** улсын бүртгэлийн дугаар, ***** тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Д-гийн гудамж 26, Г26/1 тоот хаягт байрлалтай, 3,378.5 м.кв талбайтай, авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга, 13-*****, 18-*****  нэгж талбарын дугаар, ***** тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 10,106 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, “Ч” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны орлого, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, бараа материал, түүхий эд, “Т” ХК дахь болон бусад арилжааны банкин дахь харилцах, хадгаламжийн дансны бүх төрлийн орлого, үлдэгдэл зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 31,740,261.14 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 31,266,410 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2025/00219 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/04419 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ч” ХХК-аас 6,207,651,953.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, хариуцагч М.Э, Ө.М нарт холбогдуулан гаргасан батлан даалтын гэрээний үүрэгт 6,207,651,953.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “...биелүүлээгүй тохиолдолд...” гэсний дараа хариуцагч “Ө.М-гийн өмчлөл, эзэмшлийн” гэж, б дэд заалтын дараа в дэд заалт “Ү-***** улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, З гудамж, 82 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, 436.38 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө”, гэж нэмж, в гэсэн дугаарлалтыг г гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,907,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч “Ч” ХХК-ийн төлөөлөгч М.Э Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/04419 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2025/00219 дүгээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо:

4.1.Хугацаа хэтрүүлсэн нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй тухайд: ...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.Тус өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага 3,153,723,134.32 төгрөг байсан бөгөөд дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан үйлдэл нь хариуцагчийн үйлдэл, хүсэл зоригоос ангид байх тул тус өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүрэг хэтэрсэнтэй холбоотой, 6,207,651,953.3 төгрөг хүртэл нэмэгдүүлсэн шаардлагад хугацаа хэтрүүлсэн гэм буруу байхгүй тул тус нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шударга ёсны зарчим болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасантай нийцнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч эрх тэгш, чөлөөтэй, шударгаар, гэм буруу байгаа эсэхийг нотлох эсхүл үгүйсгэх зарчимд үндэслэн эрхээ хамгаалуулж оролцдог. Гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчмын хүрээнд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нь зайлшгүй зарчим билээ. Иймд өөрийн гэм буруугүй үйлдлээс шалтгаалан зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хугацаа хэтэрсэнтэй холбоотой үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна. Мөн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Улсын дээд шүүхийн “Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай“ 53 дугаар тайлбарт “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласны дагуу хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үл шалтгаалж хугацаа хэтэрсэн нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх ойлголтод хамаарахгүй учир тухайн хугацаанд ногдох хүү төлөхгүй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Мөн хариуцагч компанийн 75 хувийн хувьцаа эзэмшигч Ө.М нь эрүүл мэндийн шалтгаантай байсан бөгөөд БНСУ-д элэг солиулах хагалгаанд орж 2022 оноос эхлэн эмчилгээ хийлгэж 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг түдгэлзүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэрэг сэргээх захирамж гарсан байна. Эдгээрээс харахад хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй байх тул хугацаа хэтэрсэнтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх Иргэний хуулийн 222 зүйлийг шүүх хэрэглэхгүй, түүнд хууль зүйн дүгнэлт хийхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа болно. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-23 тоот шугамын зээлийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12/16/23-1 тоот Шугамын зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.7-д “Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 (хорин) хувь байна... хугацаандаа төлөөгүй үндсэн зээлийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно...  2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20 хувь байна. ...хугацаандаа төлөөгүй үндсэн зээлийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүнээс бус хугацаандаа төлөөгүй үлдсэн зээлийн үнийн дүнгээс төлөхөөр гэрээгээр тохиролцсон байхад нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т  заасантай нийцээгүй.

4.2.Шимтгэл суутган авсан нь гэрээ болон хуульд заасан үндэслэлгүй тухайд: Зохигчдын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт “хүү” тогтоосон атлаа нэмж үйлчилгээний хураамж, шимтгэл авахаар тогтоосон. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуульд заасан журмыг баримтлан зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох банкны хувьд гэрээний нөгөө талдаа ямар үйлчилгээний хариу төлбөрт авч байгаа нь тодорхойгүй, төлбөр хураамжийг зээлээс суутган авах эрхийг өөртөө олгосон энэхүү заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан харилцан итгэлцэл, хууль ёсны зарчимд харшилж байна. ... энэ нь гэрээнд заасан мөнгийг бүрэн хэмжээгээр шилжүүлэхийг шаардах зээлдэгчийн эрхийг хязгаарласан заалт байна. Нэхэмжлэгч зээл олгохдоо шимтгэлийн талаарх заалтыг зөвхөн энэ удаагийн гэрээнд оруулсан гэдгийг нотлоогүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалт нь гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл гэж дүгнэхээр байна. Банкны тухай хуулиар тогтоосон тусгай шаардлага хангасан, мэргэшсэн үйл ажиллагаа явуулж буй банк нь өөрийн үндсэн үйл ажиллагаа болох зээлийн судалгаа хийх, шинжилгээ хийх зэрэг зардлаа гэрээний нөгөө талаар суутган авах эрх хуулиар олгогдоогүй бөгөөд зээлийн шимтгэлийг зарцуулсан үндэслэлийг нэхэмжлэгч талд тайлбарлаж, нотолж чадаагүй байх тул банк шимтгэл суутгаж авах үндэслэлгүй байгаа болно. Хариуцагч нь гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо банк шимтгэл суутган авах үндэслэлгүй тул зээлийн гэрээний заалт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан харилцан итгэлцэл, хууль ёсны зарчимд харшилж байна гэж маргасан бөгөөд харин шимтгэлийн хэмжээ бодитой байсан эсэх талаар талууд маргаагүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт шимтгэл авах нь бүхэлдээ хууль бус гэж үзэж байгаа тул хууль бус шимтгэлийн хэмжээ хэд байх нь хариуцагчид ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний шимтгэлд .... 30,000,000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

4.3.Үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн тухайд: магадлалд хариуцагчийн давж заалдах шатны гомдолд дурдагдсан Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллыг баримтлах эсэх талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй тул уг асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй” гэж шийдвэрлэсэн. Гэвч Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх зохицуулалт нь гүйцэтгэх хугацаа нь болсон үүрэгт хамааралтай зохицуулалт болно. 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж, сар бүрийн 02-ны өдөр төлөгдөхөөр тохиролцсон. Хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 82,308,712.33 төгрөгийг төлж нийт 815,021,788.3 төгрөг төлсөн, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн хувьд 540,000,000 төгрөгийн өр төлбөр үүссэний дараа төлж байсан болно. Эдгээр төлбөрийн үүргийг хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхлээд үндсэн үүрэг буюу үндсэн төлөлтөөс хасаж тооцох, хассан үнийн дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох нь хуульд нийцэж байгаа болно. Мөн хариуцагч нийт зээлийн төлбөрийн 50 хувь орчим төлчихсөн байхад одоогоор 6.2 тэрбумын өр төлбөрийг төлөхөөр болсон байгаа нь хариуцагчид илтэд хохиролтой байгаа болно.” ...“Ч” ХХК-ийн дүрмийн сан нь 1,184,000,000 төгрөг байхад хувь нийлүүлсэн хөрөнгөнөөс давсан буюу 3,000,000,000 тэрбумын зээл олгосон нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасантай нийцэхгүй бөгөөд төлбөр түргэн гүйцэтгэх чадварт тэнцээгүй зээл байхаас гадна үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл гэх дарааллаар хасаж тооцсон байгаа нь Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 216.4-т нийцэхгүй байгаад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр дүгнэлт хийгээгүй байгаа болно.

4.4.“О” ХХК-д зээл судалсан талаарх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд давж заалдах шатны шүүх... мөн Нотариатаас гэрчлэх үйлдэл хийхэд “Т” ХК-ийн зохих этгээд гарын үсэг зураагүй тул уг асуудал маргаанд ач холбогдолгүй гэж дүгнэжээ. Гэтэл хавтаст хэрэгт гэрээний нотариатаар гэрчилсэн хувийг устгасан талаарх үйл баримт тогтоогдсон байх бөгөөд гэрчилсэн нотариатад сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Гэтэл нотариат гэрчилсэн гэрээг хийгдсэн гэж дүгнэхгүй гэж шүүх тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байгаа болно. Мөн анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг дүгнэж бичсэн байхад тухайн дүгнэлтээс өөрөөр дүгнэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй байгаа болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг анхан шатны шүүхээс өөрөөр тайлбарлаж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийхгүй орхиж байгаа нь шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан шийдвэр, магадлалууд гарсанд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Ө.М Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 210/МА2025/00219 магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: магадлалд: ... “анхан шатны шүүх барьцааны гэрээнүүд байгуулагдсан, хүчин төгөлдөр, мөн нэхэмжлэгч барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд уг алдааг залруулах нь зүйтэй” гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхээ хэрэгжүүлж давж заалдах гомдол гаргаагүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхдээ нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан гомдол гаргасан талын эрх ашгийг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай" 17 дугаар тогтоолыг өөрөөр тайлбарлан хэрэглэж, ... анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн анхан шатны шийдвэрийн хэсгийг өөрийн санаачилгаар буюу гомдол гаргагчийн гомдолд дурдаагүй асуудлаар өөрчлөлт оруулан, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг дордуулсан байдлаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах чиг үүргийн хязгаарыг гомдол гаргагчийн эрх, ашгаар хязгаарлахгүйгээр зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй асуудлаар буюу анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт дурдаагүй хөрөнгийг шинээр нэмж оруулан тогтоох хэсгийг өөрчилсөн байна. Давж заалдах шатны шүүх Ө.М миний өмлөх эрхийг зөрчиж, миний өмчлөлийн хөрөнгийг өөрийн санаачилгаар тогтоох хэсэгт дурдаж, гомдол гаргагчийн эрх, ашгийг илтэд дордуулж, хэргийг бүхэлд нь хянах чиг үүргийг хэтрүүлэн хэрэгжүүлсэн нь шүүх өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан үйлдэл байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч Ө.М, хариуцагч “Ч” ХХК-ийн төлөөлөгч М.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.10-ны өдрийн 001/ШХТ2025/00414 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

ХЯНАВАЛ:

7.Хариуцагч Ө.М, хариуцагч “Ч” ХХК-ийн төлөөлөгч М.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 6,207,651,953 төгрөг гаргуулах, хариуцагч  М.Э, Ө.М нарт холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “...талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-23 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12/16-23-1 тоот шугамын зээлийн гэрээг байгуулан 2,000,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-11 тоот эргэлтийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг байгуулан 1,000,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй тус тус шилжүүлэн авсан.... Зээлийн гэрээнүүдийн 2.2.1 дэх заалт болон хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй... шүүхэд анх нэхэмжлэл гаргахад 3,034,021,222 төгрөг байсан, нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлж, хамгийн сүүлийн байдлаар 1,283,944,031 төгрөгөөр нэмэгдүүлж 6,207,651,953 төгрөг гаргуулахаар шаардсан ” гэж тайлбарласныг;

Хариуцагч “Ч” ХХК-ийн төлөөлөгч М.Э, Ө.М нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар дүрмийн сангийн өөрчлөлтийн талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, дүрмийн сангаас илүү хэмжээгээр зээл олгосон үндэслэлээр дээрх зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, ...банк “О” ХХК-д 4,000,000,000 төгрөгийн зээл олгох үүргээ биелүүлээгүй, уг зээл олгогдсон бол 2018.12.27-ны өдрөөс хойш үндсэн зээл, түүний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр үүсэхгүй байсан, үүрэг гүйцэтгүүлэгч банк өөрөө үүргээ гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн... хүү авах эрхээ алдсан... 3 тэрбум төгрөгийн зээлээс 30 сая төгрөгийн шимтгэл суутгаж авсан нь үндэслэлгүй тул төлөхгүй ... үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрнө, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй ...” гэж маргажээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “... Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр, зээлийн гэрээний үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй, гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй. “О” ХХК-д 4,000,000,000 төгрөгийн зээл олгоогүйгээс хариуцагч хохирсон гэж үзэх үндэслэлгүй, Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй тул хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү ...барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул үүргийн гүйцэтгэлийг хангуулна...” гэж дүгнэсэн.

10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: “... Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан нь талуудын байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, банк бус санхүүгийн байгууллага нь банкнаас зээл авахыг хуулиар хориглоогүй, зээл, хүүний талаарх талуудын тохиролцоо нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч нь 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, 12/17-11 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хэсэгчлэн олгосон, шимтгэл авах тохиролцоо нь хуульд нийцсэн, хариуцагч нар нь зээлийн шимтгэлд 30,000,000 төгрөг төлүүлсэн гэж маргасан хэдий ч баримтаар тогтоогдоогүй, үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлах эсэх талаар талууд анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй тул уг асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй, зээл төлөх хуваарийг зөрчсөн үеэс нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч нь хариуцагч “Ч” ХХК-аас 2 зээлийн гэрээний үүрэгт 6,207,651,953.03 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, нотариатчаас гэрээ гэрчлэх үйлдэл хийхэд “Т” ХК-ийн зохих этгээд гарын үсэг зураагүй тул уг асуудал маргаанд ач холбогдолгүй, харин хариуцагч М.Э, Ө.М нараас зээлийн гэрээний үүрэг шаардаагүй байхад тэдэнд зээлийн гэрээний үүргийг хариуцуулсан нь үндэслэлгүй, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул давж заалдах заалдах шатны шүүх уг алдааг залруулах, батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээх нөхцөл бүрдээгүй, батлан даагч нараас шаардах эрх үүсээгүй ...” гэсэн дүгнэлт хийжээ.

11.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

11.1.Зохигчийн хооронд 2016.03.31-ний өдөр байгуулагдсан 12/16-23 дугаартай зээлийн шугамын гэрээгээр 1,000,000,000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй, зээлийн шугамын эрхийн ашиглаагүй үлдэгдэлд 4.8%-ийн коммитмент хүүтэй, 24 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөл бүхий гэрээ байгуулсан ба уг гэрээнд 2016.04.28-ны өдөр 12/16-23-1 дугаартай гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, өмнөх гэрээний нөхцөлөөр 1,000,000,000 төгрөгийг нэмж, зээлийн шугамын эрх хэмжээг 2,000,000,000 төгрөг болгож өөрчилсөн, 2017.01.18-ны өдөр 12/17-11 дугаартай зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 1,000,000,000 төгрөгийг жилийн 22.8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон,

11.2. Зээлдүүлэгч “Т” ХК нь 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний хугацаанд зээлийн шугамын эрхийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 4,635,170,000 төгрөг, 12/17-11 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу 1,000,000,000 төгрөгийг зээлдэгч “Ч” ХХК-д хэсэгчлэн олгосон,

11.3.Зээлдэгч “Ч” ХХК нь 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний үүрэгт зээл 2,637,177,426.14 төгрөг, хүү 736,157,975.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,022,466.38 төгрөг, 12/17-11 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 540,000,000 төгрөг, хүү 214,411,274.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,372,822.39 төгрөг тус тус төлсөн,

11.4. үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Д-гийн гудамж 26, Г26/1 тоот хаягт байрлалтай, 3378.5 м.кв талбайтай, авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга, Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай үйлчилгээ орон сууцны зориулалттай, 10,106 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З гудамж 82 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай 436.38 м.кв талбайтай, хувийн сууц, гарааш, “Ч” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны орлого, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, бараа материал түүхий эд, “Т” ХК дахь болон бусад арилжааны банкин дахь харилцах, хадгаламжийн дансны бүх төрлийн орлого, үлдэгдэл зэргийг барьцаалснаас гадна М.Э, Ө.М нартай батлан даалтын гэрээ байгуулжээ.

12.Дээрх байдлаар талууд 12/16-23 дугаартай зээлийн шугамын гэрээ, 12/17-11 дугаартай эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан ба зээлийн шугамын гэрээ нь уг гэрээний 2.1.1, 2.1.2-т зааснаас үзвэл зээлийн шугамын эрхийн хэмжээнд заасан мөнгөн хөрөнгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос эхлэн зээлийн хугацаа дуусгавар болох хүртэл зээлдэгчийн тухай бүр хүссэн хэмжээгээр зээлийг олгох онцлогтой бөгөөд ашиглаагүй зээлийн үлдэгдэлд 4,8 хувийн коммитмент хүү тохирсон байна.

Анхан шатны шүүх 12/16-23 дугаартай зээлийн шугамын гэрээнд 2016.04.28-ны өдөр зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн нэмэлт өөрчлөлт оруулж, бусад нөхцөл хэвээр байхад нэхэмжлэгч 3 гэрээний үүрэг шаардсан гэж үзсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулсан ба “Т” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болгосон дээрх 2 гэрээг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгосон зээлийн гэрээ гэж тодорхойлж, зээлийн болон барьцааны, батлан даалтын гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

13.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

14.Анхан болон давж заалдах шатны шүүх Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан зохицуулалт нь талуудын байгуулсан 2 зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, банк бус санхүүгийн байгууллага нь банкнаас зээл авахыг хуулиар хориглоогүй, зээлийн хүү, коммитмент хүү, нэмэгдүүлсэн хүү,  зээлийн шимтгэл авах талаарх талуудын тохиролцоо тус тус Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт болон банкны зээлийн харилцааг зохицуулсан дээрх хуульд нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэжээ. 

15.“Ч” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад 2019.03.12-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан, “Т” ХК нь гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгон удаа дараа мэдэгдэл хүргүүлж шаардаж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон.

Улмаар шүүхэд 2019.03.12-ны өдөр анх нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт 3,034,021,222 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019.06.17-ны өдөр 119,701,911.6 төгрөгөөр, 2022.03.15-ны өдөр 1,769,984,787.51 төгрөгөөр, 2024.03.12-ны өдөр 1,283,944,031.5 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт болон гэрээний нөхцөлд нийцжээ.

Талууд 12/16-23 тоот болон 12/17-11 тоот зээлийн гэрээний 2.2.4-т “гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээнд зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж тохиролцсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, гэрээний хугацааны хүү, хугацаа хэтэрсэн үеийн хүү, коммитмент хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс бүрдсэн ба хариуцагч “Ч” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцооллын талаар  өөрийн тооцоолол гаргаж, үндэслэл бүхий тайлбараар няцааж чадаагүй байна.

16.Хоёр шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоог тодорхойлж, “Т” ХК нь “Ч” ХХК-аас 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 1,997,992,573.9 төгрөг, хүү 2,602,295,517.1 төгрөг, коммитмент хүү 820,424.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,699,037.4 төгрөг, нийт 5,054,807,552.9 төгрөгийг,  12/17-11 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 460,000,000 төгрөг, хүү 588,768,959.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,075,440.6 төгрөг, нийт 1,152,844,400.4 төгрөг тус тус бүгд 6,207,651,953.03 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

17.Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч “Ч” ХХК хяналтын журмаар гомдол гаргасан ба хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, ийнхүү хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцэх явцад хариуцагч Ө.М-гийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байжээ. Энэ хугацаанд зээлдэгч “Ч” ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд дурдсан үйл баримт саад болохгүй.

Зээлдэгч “Ч” ХХК өөрөө зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд хувьд энэ төрлийн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага, үр дагаврыг тооцоолохгүй байх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт зааснаар бусад этгээдэд олгосон зээлийн мөнгөн хөрөнгийг авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.

Иймд нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл байхгүй энэ тохиолдолд   “...хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй... шийдвэр, магадлал нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй....” гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.   

18.Анхан шатны шүүх хуулийн этгээдийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан зээлийн гэрээний үүргийг иргэн М.Э, Ө.М нарт хамтран хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулахдаа Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын ялгааг зөв тайлбарлан батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээлгэхийг хүссэн тэдэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь  үндэслэлтэй. Зээлдэгч “Ч” ХХК хугацаа хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдож байгаа боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, үүргээ биелүүлж чадахгүй гэж үзэх, нөхөх хариуцлага хүлээх эсэх нь одоогоор тодорхой бус байхад батлан даалтын гэрээний үүргийг хангуулах үндэслэлгүй.

19.Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, барьцаалагдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З гудамж 82 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай 436.38 м.кв талбайтай, хувийн сууц, гарааш албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй орхигдуулсныг залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт  оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх тул хариуцагч Ө.М-гийн энэ талаар гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

20.Хариуцагч нар нь зээлийн шимтгэлд 30,000,000 төгрөг үндэслэлгүй төлүүлсэн гэж тайлбарласан боловч үүнийг нотолсон баримт  хэрэгт авагдаагүй, хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу 3 удаагийн бэлэн бус гүйлгээгээр харилцагчийн данснаас 4,380,000 төгрөгийн шимтгэл авсан...” гэж тайлбарласныг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул тогтоолын тодорхойлох хэсгийн 4.1-д “...шимтгэлд 30,000,000 төгрөг төлсөн...” гэсэн агуулгаар  хариуцагч  хяналтын журмаар  гомдол гаргасныг хангах боломжгүй байна.

21.Давж заалдах шатны шүүх  талууд Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг хэрэглэх эсэх талаар анхан шатны шүүхэд мэтгэлцэж байгаагүй гэсэн дүгнэлт хийжээ. Талууд мэтгэлцсэн эсэхээс үл хамаарч шүүх зээл, зээлийн хүүгийн тооцооллыг хариуцагчийн тайлбарын хүрээнд хуульд нийцүүлэн дүгнэх тул давж заалдах шатны шүүхийн уг дүгнэлтийн талаар гаргасан хариуцагчийн гомдол зарим талаар үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан “...үндсэн үүрэг...” гэдэгт үндсэн зээлээс гадна зээлийн хүү мөн хамаарах бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээний хугацаанд төлөгдөөгүй хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрийг төлүүлж, энэ нь төлөгдсөн тохиолдолд үндсэн зээлийг төлүүлэх зарчмаар тооцох нь гэрээний 2.2.7-д “зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ” гэж заасан болон  Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.

12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний хугацаа дууссан 2018.03.30-ны өдрөөс, 12/17-11 тоот зээлийн гэрээний хугацаа дуусан 2019.01.19-ний өдрөөс хойш хариуцагч талаас хэдэн төгрөгийг хэзээ төлсөн, үүнийг үндсэн зээл, хуримтлагдсан хүүнээс хэрхэн хасаж  өөрийн үндэслэл бүхий тооцоолол гаргаагүй байна.

Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... гэрээний хугацаа дуусаагүй үеийн болон дараа төлсөн төлбөрүүдийг гэрээнд заасан дарааллаар тооцоог хийсэн ...” гэж тайлбарласан нь хууль болон гэрээний заалтад нийцсэн байх тул тогтоолын тодорхойлох хэсгийн 4.3.-т “...Үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн...” гэсэн хариуцагчийн хяналтын гомдол мөн үндэслэлгүй гэж үзнэ.

21. 12/16-23 тоот зээлийн шугамын гэрээний 2.1.7, 12/17-11 тоот зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү: “Зээлийн хүүгийн 20 (хорин) хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж, 3.2.4-т “...хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд ... төлөх”  гэж  тус тус заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул тогтоолын тодорхойлох хэсгийн 4.2-т “...нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүнээс бус хугацаандаа төлөөгүй үлдсэн зээлийн үнийн дүнгээс төлөхөөр гэрээгээр тохиролцсон...” гэсэн агуулга бүхий хариуцагчийн хяналтын гомдол үндэслэлгүй.

22.”Т” ХК-ийн зээлийн ерөнхий хорооны 2018.12.27-ны өдрийн хурлын шийдвэрээр “О” ХХК-д 4,000,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрээ 2018.12.28-ны өдөр хүчингүй болгосон, банкны эрх баригч гэрээнд гарын үсэг зураагүй үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх бөгөөд тухайн гэрээнд “Т” ХК-ийг эрх баригч гарын үсэг зураагүй тохиолдолд гэрээг хийгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд хийгдээгүй хэлцэл ямар нэгэн эрх зүйн үр дагаваргүй, тухайлбал, гэрээний үүргийн биелэлтийг болон үүргээ биелүүлээгүйн хохирол шаардах эрх үүсгэхгүй тул “О” ХХК-ийн зээлийг судалсан...нотариат гэрчилсэн гэрээг хийгдсэн гэж дүгнээгүй...” гэсэн агуулга бүхий хариуцагчийн хяналтын гомдол мөн үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Хариуцагч Ө.М нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөх байтал 5,087,750 төгрөг илүү төлсөн байх тул улсын орлогоос буцаан гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2025/00219 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ч” ХХК нь 2025.03.10-ны өдөр 18,907,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.М нь 2025.03.10-ны өдөр 5,157,950 төгрөг төлснөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ө.М-гийн илүү төлсөн 5,087,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЧИМЭГ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ                     

                                                              ШҮҮГЧИД                                        Н.БАТЗОРИГ           

                                П.ЗОЛЗАЯА      

                                Д.ЦОЛМОН