Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2021/02265

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЧДЗДТГ-т холбогдох,

 

“Хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,634,007 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, иргэдийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2019 оны 11 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутагт байрлах манай “Т” ХХК-ийн харьяа “Найзууд” супермаркетаас ЧДЗДТГ Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Булганы хүсэлтээр “тусгай зөвшөөрөл дууссан” гэх шалтгаанаар 19-р хорооны цагдаагийн албан хаагч н.Гүррагчаа нь дэлгүүр хаасан байхад нээлгэж, архи түр хураасан гэх бичиг үйлдэж доорх нэр бүхий архийг хураасан. Үүнд: 1,75 литр Жак Даниелс, 4ш, зах зээлийн үнэ 136,000 төг = 544,000 төг, 0,75 литр Жак Даниелс, 4ш, зах зээлийн үнэ 69,500 төг = 278,000 төг, 1 литр Грэй гус, 4 ширхэг 108,000 төг = 432,000 төг, Ивок-0,75 литр, 4ш х 34,229 төг = 136,916 төг, Соёмбо-1 литр, 1ш х 55,418 төг = 55,418 төг, Эден-1 литр, 4ш х 31,079 төг = 124,316 төг, Болор-0,75 литр, 3ш х 21,119 төг = 63,357 төг, нийт 1,634,007 төгрөг. Энэхүү барааны үнэлгээг хийхдээ миний бие томоохон худалдааны төв болох “Номин”, “Оргил” худалдааны төвүүдийн бөөний үнээр тооцсон болно.

Дээрх түр хураагдсан архийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЧДЗДТГ Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга н.Булган гэх хүн цагдаад албан бичиг илгээж өөр дээрээ авч тухайн өдөр нь зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулсан. Манай “Т” ХХК нь тусгай зөвшөөрлөө сунгуулах материалаа өгчихсөн байсан бөгөөд тус зөвшөөрөл 2019 оны 11 дүгээр сарын 15-нд хэвлэгдэж гар дээр авсан.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу надад учирсан хохирлыг арилгаж  өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө нь гаргасан шаардлагаа дэмжиж байна. “Зэт-Эй Эф” ХХК надаас шаардлага тавьсан. “Зэт-Эй Эф” ХХК-ийн нэрийг өөрчлөөд “Т” ХХК болгоод зөвшөөрлөө авсан. “Зэт-Эй Эф” ХХК гэдгээр 08 дугаар сарын 15-ны өдөр зөвшөөрлөө өгсөн юм бол “Т” ХХК гэж бичсэнийг гайхаж байна. Миний архины үнэ болох мөнгийг нэхэж байна. Надад хохирол учруулсан учраас би нэхэж байгаа. Тусгай зөвшөөрөл дууссан ч бай, дуусаагүй ч бай хүний эд хөрөнгийг хууль бусаар хураасан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байсан” гэв.

 

Хариуцагч ЧДЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх” тусгай зөвшөөрлийн 2 жилийн хугацаатай авсан бөгөөд улмаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/378 дугаар тушаалаар тус тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгуулсан байдаг.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасанчлан “Т” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо үйл ажиллагааны төрөл болон хугацаа, тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар өдрийг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалд 2 жил гэж тусгаж өгсөн байдаг.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэл нь тусгай зөвшөөрөл 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд олгогдож тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна гэж ойлгогдож байна.

Тусгай зөвшөөрөл сунгагдаагүй буюу байхгүй тохиолдолд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх” эрхгүй гэж ойлгоно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлийн 11.2-т “Тусгай зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж, иргэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж заасны дагуу согтууруулах ундаа худалдах борлуулах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ЧДЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө нь гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа. Улаанбаатар хотын захирагчийн албанаас ирүүлсэн нотлох баримтаас харахад одоогоор Төвшинхүү ХХК гэж нэрлээд байгаа Найзууд 1,2 дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг 2017 оны А/132 захирамжаар 2 жилийн хугацаатай олгосон. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар, согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана гэж үзэж байна. Тухайн нэхэмжлэгчийн маргаж байгаа үйл процесс нь 2020 оны 11 дүгээр сард болсон учраас тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “хурааж авсан архиа худалдан улсын орлого болгосон гэсэн мөртлөө хариуцах эзэнгүй хэн яаж борлуулсан баримт байхгүй. Хоёр талыг хоёулаа буруутай гэж үзэж байна. Архины үнийг гаргах нь зөв. Хүний юмыг хууль бусаар хурааж авчхаад, хурааж авсан баримтаа үзүүлэхгүй учраас гомдолтой байна” гэв

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч ЧДЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст холбогдуулан “1,634,007 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа “Хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,634,007 төгрөг гаргуулах” тухай гэж өөрчилж, хариуцагчаар ЧДЗДТГ-т холбогдуулан  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...түр хураагдсан архийг 2019 оны 11 сарын 11-ний өдөр ЧДЗДТГ Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга н.Булган гэх хүн цагдаад албан бичиг илгээж өөр дээрээ авч тухайн өдөр нь зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулсан.

Тусгай зөвшөөрөл дууссан ч бай, дуусаагүй ч бай хүний эд хөрөнгийг хууль бусаар хураасан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байсан...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Төвшинхүү ХХК гэж нэрлээд байгаа Найзууд 1, 2 дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг 2017 оны А/132 захирамжаар 2 жилийн хугацаатай олгосон. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д ...согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана гэж үзэж байна. Тухайн нэхэмжлэгчийн маргаж байгаа үйл процесс нь 2020 оны 11 дүгээр сард болсон учраас тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан...” гэж маргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Д.Б нь хурааж авсан архиа худалдан улсын орлого болгосон гэсэн боловч борлуулсан баримт байхгүй, хоёр тал хоёулаа буруутай, хүний юмыг хууль бусаар авчхаад хурааж авсан баримтаа үзүүлэхгүй учраас архины үнийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

            Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл “Хүнсний дэлгүүр” байх бөгөөд хуулийн этгээдийн регистрийн дугаар 5300681 байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

            Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А/132 дугаар “Тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, нэр шилжүүлэх, түдгэлзүүлэх хүчингүй болгох” тухай тушаалын 4 дүгээр хавсралтаар сунгах 566 газрын жагсаалтыг баталж, уг хавсралтын 43, 44 дэх хэсэгт “Зэт-Эй Эф” ХХК захирал Ц.Э, үйлчилгээний төрөл хүнсний дэлгүүр, оноосон нэр Найзууд-1, 2, хаяг байршил Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зуслан, хуулийн этгээдийн регистрийн 5300681 дугаартай, тусгай зөвшөөрөл олгосон огноо 2015 оны 08 дугаар сарын 06, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус олгогдсоныг 2 жилийн хугацаагаар сунгасан болох нь хэрэгт авагдсан дээрх тушаал болон түүний хавсралтаар тогтоогдож байна.

 

            Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/378 дугаар “Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, эрх сэргээх, хаягийн өөрчлөлт хийх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” тухай тушаалын 5 дугаар хавсралтаар Худалдааны газрын стандартын шаардлагын биелэлтийг хангаж, спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг сунгах 95  аж ахуйн нэгжийн нэрсийг баталж, уг хавсралтын 44, 45 дахь хэсэгт “Т” ХХК, захирал Ц.Э, үйлчилгээний төрөл хүнсний дэлгүүр, оноосон нэр Найзууд, Найзууд-1, хаяг байршил Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжидийн уулзварт, хуулийн этгээдийн регистрийн 5300681 дугаартай, 2 жилийн хугацаатай сунгалт хийсэн болох нь дээрх тушаал болон түүний хавсралтаар тогтоогдож байна.

 

            “Зэт-Эй Эф” ХХК-ийн регистрийн дугаар 5300681 байх бөгөөд мөн “Т” ХХК-ийн регистрийн 5300681 дугаартай давхцаж байна. Өөрөөр хэлбэл, “Зэт-Эй Эф” ХХК-ийн нэр өөрчлөгдөж “Т” ХХК болсон талаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрчилгээ, тусгай зөвшөөрөл сунгасан тухай тушаалын хавсралтаар тогтоогджээ.

 

            Түүнчлэн, “Зэт-Эй Эф” ХХК-ийн тусгай зөвшөөрөл “Найзууд 1”, “Найзууд 2” хүнсний дэлгүүрт олгогдсон байх ба “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрөл “Найзууд”, “Найзууд 1” хүнсний дэлгүүрт олгогдсон байна.

 

            Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Т” ХХК /“Зэт-Эй Эф” ХХК/ буюу Найзууд-1 хүнсний дэлгүүрийн Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийн хугацаа 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2 жилийн хугацаатай сунгагджээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад Найзууд дэлгүүрээс согтууруулах ундааг хууль бусаар хурааж авсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар “Т” ХХК-ийн Найзууд хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан болох нь тогтоогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар үгүйсгэгдэж байна.

 

            Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Д.Гүррагчаа “Т” ХХК-ийн Найзууд хүнсний дэлгүүрээс согтууруулах ундааны зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хураан авсан болох нь хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан баримт болон гэрч Д.Гүррагчаагийн мэдүүлэг, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 26л-2л/5196 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Эд хөрөнгө буюу согтууруулах ундааг Цагдаагийн байгууллага хураасан үйлдэлд ЧДЗДТГ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, түүний гэм бурууг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, “Т” ХХК-ийн Найзууд хүнсний дэлгүүрээс Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр Цагдаагийн байгууллага архи, согтууруулах ундаа хураан авсан байх бөгөөд хариуцагч ЧДЗДТГ буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “Т” ХХК-д гэм хор учруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлд дурдаж буй хохирол нь хариуцагч ЧДЗДТГ-ын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх шаардлагатай юм.

 

            Хуулийн энэ зохицуулалтаар хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд гэм хор, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, түүний гэм буруу, гэм хор болон үйлдлийн хоорондох шалтгаант холбоо байсан тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг гэм буруутай этгээдэд үүсдэг болно.

 

Хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байдал тогтоогдохгүй байх тул Иргэдийн төлөөлөгчийн  дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч ЧДЗДТГ-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас “Т” ХХК-ийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ЧДЗДТГ-т холбогдох “Хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,634,007 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   И.АМАРТӨГС

 

                                    ШҮҮГЧИД                                                     Х.ДАШДЭЧМАА

 

                                                                                                            Т.ЭНХТУЯА