Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00011

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00011

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/02265 дугаар шийдвэртэй

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ёт холбогдох

Хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 1 634 007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутагт байрлах манай Т ХХК-ийн харьяа Н супермаркетаас Ч-н Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Бы хүсэлтээр тусгай зөвшөөрөл дууссан гэх шалтгаанаар 19-р хорооны цагдаагийн албан хаагч н.Гүррагчаа нь дэлгүүр хаасан байхад нээлгэж, архи түр хураасан гэх бичиг үйлдэж доорх нэр бүхий архийг хураасан. Үүнд 1,75 литр Жак Даниелс, 4ш, зах зээлийн үнэ 136 000 төг = 544 000 төг, 0,75 литр Жак Даниелс, 4ш, зах зээлийн үнэ 69 500 төг = 278 000 төг, 1 литр Грэй гус, 4 ширхэг 108 000 төг = 432 000 төг, Ивок-0,75 литр, 4ш х 34 229 төг = 136 916 төг, Соёмбо-1 литр, 1ш х 55 418 төг = 55 418 төг, Эден-1 литр, 4ш х 31 079 төг = 124 316 төг, Болор-0,75 литр, 3ш х 21 119 төг = 63 357 төг, нийт 1 634 007 төгрөг болсон. Энэхүү барааны үнэлгээг хийхдээ би томоохон худалдааны төв болох Номин, Оргил худалдааны төвүүдийн бөөний үнээр тооцсон. Дээрх түр хураагдсан архийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ч-н Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга н.Б гэх хүн цагдаад албан бичиг илгээж өөр дээрээ авч тухайн өдөр нь зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулсан. Манай Т ХХК нь тусгай зөвшөөрлөө сунгуулах материалаа өгчихсөн байсан бөгөөд тус зөвшөөрөл 2019 оны 11 дүгээр сарын 15-нд хэвлэгдэж гар дээр авсан. З ХХК-ийн нэрийг өөрчлөөд Т ХХК болгоод зөвшөөрлөө авсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу надад учирсан хохирлыг арилгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнджав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн 2 жилийн хугацаатай авсан байсан. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/378 дугаар тушаалаар тус тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгуулсан байдаг. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасанчлан Т ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо үйл ажиллагааны төрөл болон хугацаа, тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар өдрийг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалд 2 жил гэж тусгаж өгсөн байдаг. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэл нь тусгай зөвшөөрөл 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд олгогдож тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна гэж ойлгогдож байна. Тусгай зөвшөөрөл сунгагдаагүй буюу байхгүй тохиолдолд Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрхгүй гэж ойлгоно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу согтууруулах ундаа худалдах борлуулах эрхгүй байна. Улаанбаатар хотын захирагчийн албанаас ирүүлсэн нотлох баримтаас харахад одоогоор Т ХХК гэж нэрлээд байгаа Н 1,2 дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг 2017 оны А/132 захирамжаар 2 жилийн хугацаатай олгосон. Тухайн нэхэмжлэгчийн маргаж байгаа үйл процесс нь 2020 оны 11 дүгээр сард болсон учраас тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Батчулуун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: хурааж авсан архиа худалдан улсын орлого болгосон гэсэн мөртлөө хариуцах эзэнгүй хэн яаж борлуулсан баримт байхгүй. Хоёр талыг хоёулаа буруутай гэж үзэж байна. Архины үнийг гаргах нь зөв. Хүний юмыг хууль бусаар хурааж авчхаад, хурааж авсан баримтаа үзүүлэхгүй учраас гомдолтой байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ёт холбогдох Хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1 634 007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн төлөөөлөгч Ц.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Манай компанийн Н дэлгүүр нь архи согтууруулах ундаа зарж борлуулах эрхгүй байсан мэтээр шүүх дүгнэлтээ гаргасан би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нийслэлийн захирагчийн албанд хүсэлтээ гаргачихсан байсан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр архи хурааж авсан. Архи хурааж авсан хууль бусаар авлаа гэж би дүүрэг дүүргийн прокурорын газарт хандсан маргааны шийдвэрийг хүлээлгүйгээр худалдан борлуулсан архи бол түргэн муудах бараа бүтээгдэхүүн биш өөрийн хадгалах хугацаа нь 5 жил байдаг ингэж яарч сандран хувааж авав гэдгийг шүүх огт авч үзээгүй. Чингэлтэйн тамгын газар барааг хэдэн төгрөгөөр яаж борлуулсан талаар ямар ч баримт байдаггүй үзүүлдэггүй. Би шүүх хурал дээр энэ талаар тайлбарласан Энэ чинь хүний хөрөнгө хурааж байна аа магадгүй хариуцагч талын зөв юм бол 1000 этил архитай хүн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад нэг хоноод нэг шил архи зарчихвал 999 архиа хураалгах хуулийн хувьд боломжтой болох нь харагдаж байна. Хариуцагч талын яриад байгаа архидан согтууруулах хуульд байгаа ш дээ хууль бусаар архи худалдан борлуулбал олсон орлого эд зүйлийг хурааж ав түүнээс бүх архийг нь цагдаатайгаа хурааж аваад хуваагаад хэргэлчихгээгүй ш дээ гэж Чингэлтэйн цагдаа Гүррагчаа нь түр хурааж авсан архинаасаа дүүрэг дээр хүлээлгэж өгөхдөө нэг шил нэг литрийн Grey Goose дутуу хүлээлгэж өгсөн байдгийн Гүррагчаад хэлэхээр би техникийн алдаа гаргасан байна танайхаас 4-ийг биш 3-ыг авсан байна гэж шат шатандаа хүний юмыг идэж уух гэсэн арчаагүй арга юм. Чингэлтэйн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Б 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр архийг өөр дээрээ авснаас 4 хоногийн дараа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би нийслэлийн захирагчийн албанаас очиж тусгай зөвшөөрлөө авсан байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирагчийн ажлын албанд очиход надад шууд хэвлээд өгчихсөн дараа нь шүүхийн тогтоолоор захирагчийн албанаас нотлох баримт гаргуулахад 2019 оны 11 дүгээр сарын 15-ны хурлаар тусгай зөвшөөрөл сунгасан гэсэн бичиг байсан би маш их гайхсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралд би очсон өдөр хэвлээд өгсөн гэсэн миний тайлбар нь 2021 оны 10 сард болсон шүүх хуралд тусгай зөвшөөрөл сунгах тухай хурлын шийдвэрийг шүүх дээр татаж авч үзнэ гэдгийг би үнэндээ тэр үедээ мэдээгүй манай тусгай зөвшөөрөл 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө гарчихсан байсан гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Шүүх үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Б надад учруулсан хохирол хоорондоо ямар нэг учир шалтгаан байхгүй гэж үзэж байна. Манай компанид яагаад шат шатны арга хэмжээ аваагүй хураасан акт юм юу ч байхгүй байхад шүүх үүнийг хайхарч үзээгүй. Бидний яриад байгаа асуудал сунгалт болохоос шинээр олгох асуудал биш юм. Бидний маргаад байгаа тусгай зөвшөөрлийг одоо иргэн хүн баримт бүрдүүлж сунгахаа больсон. Төр өөрөө хурааж аваад мэдэгдэл өгөөд сунгаж өгдөг болсон. Өөрөөр хэлбэл энэ чинь иргэддээ чирэгдэл учруулж амьдралд нийцэхгүй байна гээд цуцалсан. Би шүүхэд Чингэлтэй дүүргээс өгсөн мэдэгдэх хуудсыг нотлох баримтын хэмжээнд үнэлж өгнө үү гэж өгсөн боловч шүүх энэ чинь мэдэгдэл байна гээд хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ёт холбогдох гэм хорын хохиролд 1 634 007 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан талуудын тайлбар болон нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоож, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ёт холбогдуулан хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд 1 634 007 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид ...нэхэмжлэгч Т ХХК-ийн хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад согтууруулах ундаа худалдсан эсэх, ...согтууруулах ундааг хураасан асуудал хууль зөрчсөн эсэх талаар маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч ...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ч-н Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга цагдаад албан бичиг илгээж, архийг өөр дээрээ авч тухайн өдөр нь зах зээлийн ханшнаас хямдаар худалдан борлуулсан, мөнгийг улсын орлого болгосон эсэхийг мэдээгүй гэсэн,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын хэлсний дагуу тухайн нутаг дэвсгэрийг хариуцдаг цагдаагийн албан байгууллагад мэдэгдэж тухайн дэлгүүрт шалгалт хийсний дагуу архийг хураасан, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан гэсэн тайлбаруудыг тус тус шүүхэд гаргасан байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалаар З ХХК захирал Ц.Эийн Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Жигжид зусланд байршилтай Н-1, 2, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/378 дугаар тушаалаар тус дэлгүүрийн спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай сунгасан үйл баримт тогтоогдсон байна. /хх.130-133, 181-186/

Хэргийн 10 дугаар талд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2-р хэлтсийн Нийгмийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Д.Гүррагчаагийн нэр бүхий эд зүйлийг түр хураан авсан талаар,

мөн хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс Ч-н Хт хандсан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20Л-20/5196 тоот албан бичиг авагдсан, уг албан бичигт ...Дүүргийн, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн хүсэлтийн дагуу ...Т ХХК-ийн хүнсний дэлгүүрт зөвшөөрөлгүй худалдсан архи, согтууруулах ундааны зүйлийг хурааж тус хэлтэст хүргүүлсэн агуулгатай байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.6-д олон нийтийн цагдаа Зөрчлийн тухай хуулийн ...6.5 дугаар зүйлийн 13 дахь ...хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ гэж,

Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 13 дугаар хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр ...худалдсан, эсхүл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж... гэж ,

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт ...эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураагдсан буюу шүүхийн шийдвэрээр хураахаар эцэслэн шийдвэрлэгдсэн согтууруулах ундааг улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж, дараах дүгнэлтийн аль нэгийг гаргана гэж,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ...хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийн эд хөрөнгө буюу согтууруулах ундааг цагдаагийн байгууллага хураасан үйлдэлд Ч-н гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, түүний гэм бурууг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргааны зүйл болж буй зөрчил гаргасан гэх асуудалд эрх бүхий байгууллагын албан тушаалтны шийдвэр гарсан эсэх, уг шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, хурааж авсан эд зүйл нь хууль бусаар олсон хөрөнгө, орлого мөн эсэх зэрэг асуудлыг нарийвчлан тодруулаагүй, уг асуудлаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/02265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлсөн 42 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО