Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00454

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Ч- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/00091 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч Ч- дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст холбогдуулан гаргасан хохирол 1 634 007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч- дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Булганы хүсэлтээр 19 дүгээр хорооны цагдаагийн албан хаагч Д.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай дэлгүүрийг хаачихсан байхад нээлгэж, тусгай зөвшөөрлийг дууссан гэх үндэслэлээр тодорхой хэмжээний архийг түр хураасан. Энэхүү түр хураагдсан архийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Булган цагдаад албан бичиг илгээж, өөр дээрээ авч тухайн өдөр нь зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулсан байдаг. Манай компани тусгай зөвшөөрлөө сунгуулах материалаа өгчихсөн байсан бөгөөд тус зөвшөөрөл нь 2019 оны 11 дүгээр сарын 15-нд хэвлэж өгснөөрөө /тухайн иргэн, ААН-ийг ирэхэд нь тухайн өдөр нь хэвлэн өгдөг/ гарсан. Иймд хураагдсан барааны үнийн дүнтэй тэнцэх мөнгийг буцааж олгоно уу. Үүнд: 1,75 л, жэйк даниелс, 4 ш х 136 000 төгрөг = 544 000 төгрөг, 0,75 л, жэйк даниелс, 4 ш х 69 500 төгрөг = 278 000 төгрөг, 1 л, грэй гүүс, 4 ш х 108 000 төгрөг = 432 000 төгрөг, 0,75 л, эвок, 4 ш х 34 229 төгрөг = 136 916 төгрөг, 1 л, соёмбо 1 ш х 55 418 төгрөг = 55 418 төгрөг, 1 л эден, 4 ш х 31 079 төгрөг = 124 316 төгрөг, 0,75 л, болор З ш х 21 119 төгрөг = 63 357 төгрөг, нийт 1 634 007 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү барааны үнэлгээг хийхдээ томоохон худалдааны төв болох Номин, Оргил худалдааны төвуудийн бөөний үнээр тооцсон тул нийт 1 634 007 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т- ХХК нь Ч- дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг болон тус дүүргийн үнэлгээний комиссын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хураагдсан эд зүйлийн үнэлгээний жагсаалтад дурдсанаас 1 л, 1 грэй гүүс согтууруулах ундааг илүү бодож нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч Т- ХХК нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл 2 жилийн хугацаатай авсан бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/378 дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлөө дахин 2 жилийн хугацаагаар сунгуулсан байдаг. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дах хэсэгт заасанчлан согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар, согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасанчлан Т- ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо үйл ажиллагааны төрөл болон хугацаа, тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар тушаалд 2 жил гэж тусгаж өгсөн байдаг. Дээр дурдсаныг үзвэл Т- ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд олгогдож, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна гэж ойлгож болно. Улмаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/378 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлөө дахин сунгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 3 сарын хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй байсан байна. Тусгай зөвшөөрөл сунгагдаагүй буюу байхгүй тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрхгүй гэж ойлгоно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаар тушаалаар Журам батлах тухай 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт зааснаар тухайн зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж, иргэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэсний дагуу согтууруулах ундаа худалдан борлуулах эрхгүй юм. Нэхэмжлэгч Т- ХХК нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй байхдаа худалдан борлуулсан учраас дээрх согтууруулах ундаануудыг хурааж худалдан борлуулсан болно. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг 6.5 дугаар зүйлийн 13-т Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсхүл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоол Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмын 2.3, 2.9, 2.10, 2.11 дэх хэсгүүдэд зааснаар холбогдох хууль тогтоомжийн дагуу хураан авч худалдан борлуулсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ч- дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст холбогдох 1 634 007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Ч- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/00091 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралд манай тусгай зөвшөөрөл дууссан гэх ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Хуулинд тийм, тийм заалт байгаа гээд яриад байдаг, манай зөвшөөрлийн хугацаа дууссаныг нотолж чадаагүй. Манай хугацаа дууссан гээд байгаа тусгай зөвшөөрлийг сунгахдаа хураагаад авчихдаг. Тэрийгээ гаргаад ирээч, тэр зөвшөөрөл хэзээ дууссан нь тодорхой байгаа гэж хариуцагчаас миний бие 2020 оны 6 сараас хойш шүүхэд гаргаж өг гэж шаардсан. Гэрч Д.Г-г миний хүсэлтээр шүүхэд гэрчээр дуудсан. Гэрч Д.Г- нь манай зөвшөөрөл дууссан үгүйг мэдэхгүй, тусгай зөвшөөрөл дуусч байгаа гээд камерын тодорхойлолт аваад явсан гэж мэдүүлэг өгснийг нотлох баримтад тооцсон. 2019 оны 11 сард болсон явдлыг 2021 оны 01 сард Д.Г- нь тодорхой санана гэж байхгүй шүү дээ. Үүнийг эс зөвшөөрч байна. Д.Г- нь дуусч байгаа гээд камерын тодорхойлолт аваад явсан гэсэн болохоос дуусчихсан гэж хэлээгүй. Хавтаст хэрэгт өгсөн шинээр гарсан тусгай зөвшөөрөл нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэвлэж өгсөн байгаа. Хэрэв 2019 оны 8 сард манай зөвшөөрлийн хугацаа дууссан юм бол 2019 оны 8 сар гээд яг дууссан өдрөөс хойш 2 жилийн хугацаатай байдаг юм. Та бүхэн гадаад паспортын хугацаа дуусахад дууссан өдрөөс хойш сунгадаг болохоос, хүсэлт өгсөн өдрөөс хойш сунгадаггүй биз дээ гэхэд шүүгч анхаарч үзээгүй. Би шүүхийг ямар ч эргэлзээгүй юманд л шийдвэр гаргадаг гэж боддог. Гэтэл ийм тодорхой асуудалд ийм шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Ч- дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст холбогдуулан хохиролд 1 634 007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг нь хууль болон гэрээний дагуу үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхийн талаарх зохицуулалт бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл байдал үүссэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилж байгаа, эсхүл хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж байгаагийн аль нь болохыг тодруулаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ бүрэн нотолсон баримт хэрэгт авагдаагүй, талуудын маргааны зүйл болж буй нөхцөл байдлын талаар тэдгээрийг хангалттай мэтгэлцүүлээгүй байна. Нөгөө талаар, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанаас хамаарч тухайн хэргийг дангаар хянан шийдвэрлэх эсэх нь ач холбогдолтой юм.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Ч- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/00091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 319 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ