| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2019/0488/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1261 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ, Ц.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2020/ДШМ/1261
Ө.Цт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ, Ц.Батбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, Л.Л, Ж.Э,
шүүгдэгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Ц болон түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ нарын давж заалдах гомдол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.Цт холбогдох 201624000691 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн Өын Ц, 1980 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Петровис” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Ө.Ц нь 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн орой 20 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Хүй долоон худгийн замд “Toyota Land Cruiser 100” загварын 85-58 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэснийг зөрчин зэрэгцээ эгнээнд явсан Х.П жолоочтой “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай автомашинд зам тавьж өгөөгүйгээс “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж, “Toyota Landcruiser 200” загварын 01-16 УНА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Х.П, зорчигч Г.Л, Д.Э, Л.Ц, Л.Ш, Л.Ш, Э.Б нарын 7 хүний амь хохирсон. Уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ө.Цын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт Өын Цыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 7 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Ө.Цт оногдуулсан 6 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Ө.Цаас 47.781.610 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, Л.Л Ж.Э нарт, 8.932.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лид тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ял шийтгэл оногдуулсан эдгээр гэмт хэргийн аль алиныг нь огт үйлдээгүй. Миний бие 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр эхнэр, охинтойгоо салхинд гарч хөдөө хоноод маргааш нь даншиг наадам үзэх гэж тэр өдрийн 16 цаг өнгөрөөд гэрээсээ гарсан. Тухайн үед Хүй долоон худаг өнгөрч явахдаа эхнэртээ “энэ хавиар хүн хоноогүй байна” гэж хэлээд 2 талын урсгалаа харж байгаад буцаж эргэсэн. Тэгээд 2 дугаар эгнээгээр явж байтал баруун талын 1 дүгээр эгнээгээр маш хурдтайгаар гүйцэж түрүүлэн замын баруун гар талын шороон замаар явж байгаад эсрэг урсгал руу даялан “Prius” загварын автомашин нь өөдөөс ирж явсан “Toyota Land Cruiser 200” загварын автомашинтай мөргөлдөн онхолдож унасан. Ослын харсан даруйдаа замын баруун талын шороон хэсэг рүү зам чөлөөлж зогссон. Намайг уг машин дээр очтол машин доошоо харсан байдалтай, дотор нь хүн дуугарахгүй байсан. Би машин дээрээ очоод түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын алба руу дуудлага өгсөн. Гэнэт гал дүрэлзэн асаж, хүмүүс холдож машин дэлбэрсэн. Би машинаасаа галын хор, 5 литрийн ус авчирч галыг унтраах гэж оролдсон. Буцаад машиндаа очиход эхнэр “ийм муухай осол харсан юм чинь хоноод яахав дээ” гэж хэлсэн. Тэгээд Монгол хүний ёсоор овоо тойроод явж байтал гал команд, онцгой байдлын машин зөрж өнгөрч байсан. Замаараа Хаянхярваа, Алтанцэцэг нарынд очиж айхтар осол харсан гэдгээ ярьсан. Тухайн өдөр банкны АТМ-аас бэлэн мөнгө авсан, товчооны ойролцоох дэлгүүрээс эд зүйл худалдаж авсан баримт, уг дэлгүүрийн ойр болсон ослыг харсан гэх мэт Замын цагдаагийн газрын лавлагаа зэргээр давхар нотлогддог. Гэрч Баатарсүрэнд хохирогч Бгийн өмгөөлөгч нь “Чи наад Цыг машинаараа шахсан гээд хэлчих, чамд ч гэсэн мөнгө төгрөг олдоно шүү дээ” гэж хэлсэн талаар шүүх хуралдаанд Цолмон-Эрдэнэ өмгөөлөгчийн асуултад Баатарсүрэн хариулсан юм. Энэ нь шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг болон хурлын тэмдэглэлд тусгагдсан. Осол гарснаас хойш 1 жилийн дараа намайг олж баривчилсан ба уг хугацаанд машин, утасны дугаар, гэрийн хаягийн аль алиныг нь өөрчлөөгүй. Намайг энэ хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш хохирогч тал энэ хэргийн талаар олон нийтэд цацаж, сайтаар, цензургүй яриа нэвтрүүлэгт оруулж хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан, цахимаар олны анхаарлыг татаж, цагдаа, прокурорын байгууллагад нөлөөлж, хэргийн газар дээр хэд хэдэн удаа очиж үзлэг, хэмжилт хийсэн цагдаагийн ажилтан, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэн, сүүлийн дүгнэлт гаргасан шинжээч нар нь хэргийн газарт очоогүй, газрын байдал, зай хэмжээг нүдээр хараагүй атлаа шинжлэх ухааны бус дүгнэлт гаргасан. Цагдаагийн албан хаагч ахлах дэслэгч Авир, ахлах мөрдөн байцаагч ахмад Түвшинжаргал болон прокурор нар өмнөх өдөр гэрч Солонгоор харуулаад таниулах ажиллагаа хийж хууль бус мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэрч Солонгын мэдүүлэг нь аль ч талаараа нөхцөл байдал тохирч таарахгүй байна. Олон хүний амь нас хохирсон хэрэг болсонд харамсаж байна. Гэхдээ аливаа зүйлд үнэн зөвийг тогтоох ёстой. Өөрийн буруугүйгээс болсон хэргийн золиос болж хилсээр ял шийтгүүлсэнд маш их гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020//708 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Цын өмгөөлөгч К.Бауиржан хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн жинхэнэ байдал, хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, удаа дараа гаргасан шинжээчийн дүгнэлтүүдтэй нийцээгүй болох нь дор дурдсан байдлаар тодорхойлогдоно. Хэрэг учрал болсон даруйд цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж үзлэг хийж, холбогдох хэмжилт, зураг үйлдсэн нь одоо ч хэргийн материалд нотлох баримтаар авагдсан, тухайн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зурагт ямар нэг өөрчлөлт ороогүй болно. 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр хэрэг учрал болсон гэх замд “Toyota Prius” загварын 72-40 дугаартай авто машины тормозны мөр огт байгаагүй. Харин засмал замын дэргэдэх шороон хэсгээс засмал зам руу дарж орсон 20.6 м-ийн урттай дугуйн даралтын мөр байсныг бэхжүүлж авсан байдаг. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан баримтаар “Toyota Prius” загварын 72-40 дугаартай авто машин нь засмал замын хаанаас гарсан талаарх мөр байдаггүй. Харин засмал замаас 2.2 м хол зайтай явж байхдаа зүүн гар тийш дарж засмал зам руугаа орсон нь нотлогдсон. Энэ талаар хэргийн газрын үзлэгт оролцсон цагдаагийн ажилтан Т.Шинэбаатар “... 20.6 м хэмжээтэй шороон хэсэг дээр гарсан дугуйны даралтын мөрний шороо нь засмал замаасаа гадагшаа чиглэлтэй буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй цацагдсан байсан” талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Дээрх баримтуудаар “Toyota Prius” загварын 72-40 дугаартай авто машин нь урдаа явсан тээврийн хэрэгслийг буруу талаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийснийг тодорхой нотолж байгаа хэрэг юм. Үүгээр зогсохгүй тухайн осол аваар болох үед хэргийн газарт байсан хүмүүс болох “Toyota Land Cruiser 200” загварын автомашины жолооч С.Баатарсайхан, Д.Энхболд, Т.Одончимэг, Э.Анхчимэг нар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...”Toyota Prius” загварын машин, маш хурдтай явж, нэг машиныг буруу талаар нь гүйцэж түрүүлээд, тоос манаргаад, хөндөлсөж ирээд мөргөсөн” талаар мэдүүлдэг нь шүүгдэгч Ө.Ц болон түүнтэй хамт явсан эхнэр Ө.Эрдэнэцэцэг нарын өгсөн “...буруу талаар маш хурдтай “Toyota Prius” загварын машин гүйцэж түрүүлээд яах ийхийн зуургүй эсрэг урсгалд орж машинтай мөргөлдсөн” гэх мэдүүлэгтэй яв цав нийцдэг. Эдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлэг нь өмнө дурдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурдсан нөхцөл байдалтай тохирдог. Харин энэ хэрэгт гэрчээр оролцсон С.Солонго гэгчийн хувьд тухайн хэргийг дэргэдээс нь харсан хэмээн удаа дараалан мэдүүлэг өгдөг боловч түүний өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэйн дээр болсон хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр гэрчлээгүй, мэдүүлгийн эх сурвалжаа зааж чаддаггүй болох нь хэрэгт авагдсан бусад нөхцөл байдал, шинжээчдийн гаргасан дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Гэрч С.Солонго гэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бусад гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээс илт зөрүүтэй байдаг нь түүний мэдүүлэг өөрөө эргэлзээтэй болохыг харуулдаг. Гэрч С.Солонгын хувьд хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй нөхцөл байдлын талаар хэд хэдэн зүйлийг мэдүүлдэг ба үүнд, баруунаас зүүн тийшээ чиглэлтэй шаргал өнгийн жийп машин цагаан өнгийн “Toyota Prius” машин зам дээр зэрэгцээд хоорондоо маш хурдтай уралдаад байсан шаргал өнгийн жийп машин цагаан өнгийн “Toyota Prius” загварын машиныг зам дээр шахсан, шаргал өнгийн жийп машин цагаан өнгийн “Toyota Prius” загварын машиныг шахаад урдуур нь орж зогссон, цагаан өнгийн “Toyota Prius” загварын машин шаргал өнгийн жийп машины ар талд тормоз гишгээд эргэлдсэн /бөмбөрөөд онхолдсон/ цагаан өнгийн “Toyota Prius” загварын машин зам дээр онхолдож, эргэлдээд 4 дугуйн дээр бууж урдаас ирж явсан хар өнгийн жийп машиныг мөргөсөн гэх зэргээр мэдүүлдэг. Тэгвэл түүний энэхүү мэдүүлэг нь өмнө дурдсанчлан бусад гэрч болох С.Баатарсүрэн, Т.Одончимэг, Д.Энхболд, Э.Анхчимэг, Ө.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг болон 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэрэг учралын газарт хийсэн схем зураг, хэргийн газраас олдсон эд зүйлс, хэргийн газар дуудлагаар очиж үзлэг хийсэн шинжээч Т.Шинэбаатар, Б.Амарсанаа нарын “хэргийн газар онхолдсон, бөмбөрсөн гэх ямар нэг шинж тэмдэг байгаагүй” тухай мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, техникийн шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүдээс эрс зөрүүтэй байдаг. Мөн тэрээр мэдүүлэхдээ нөхрийгөө ирэхийг хүлээгээд “баруун хойд” талын цонхоор харж байхдаа осол аваарыг харсан хэмээн мэдүүлснийг газар дээр нь заалгаж фото зураг авч, тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн нь хэрэгт авагдсан ба түүний хэлж байгаагаар баруун хойд талын цонхоор 2 машин маш хурдтай уралдаж байсныг харсан, нэг нь нөгөөгөө шахсан, урдуур нь ороод зогссон, шахуулсан машин нь тормоз гишгээд өнхөрсөн, 4 дугуйн дээрээ буугаад өөдөөс ирж явсан жийп машиныг мөргөсөн гэх тэр бүх нөхцөл байдлыг нэг дороос харах боломжгүй гэдэг нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээс тодорхой байдаг. Өөр бас эргэлзээтэй нэг асуудал нь “жийп машин “Toyota Prius” загварын машиныг шахаад онхолдуулсан” гэдгийг харсан, “эхнэр нь нөхрийгөө чи яаж байгаан бэ гэх зэргээр загнаад уйлж байсныг харсан” гэж мэдүүлсэн, “цагдаа ирэхээс өмнө нөгөө жийп машин уул даваад явахыг” харсан байтлаа тухайн “хэрэг хийсэн” жийп машины номер дугаарыг огт хараагүй, мэдэхгүй байсан талаараа удаа дараа тайлбарлаж, мэдүүлж байсан атлаа 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр (хэрэг гарснаас хойш, анхны мэдүүлгээ өгснөөс хойш бүхэл бүтэн 3 жилийн дараа) дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө “тухайн машины номерыг 5, 8, 5, 8 гээд дугаартай” талаар гэнэт санаж байгаа нь ихээхэн эргэлзээ төрүүлдэг. Энэ мэтчилэн С.Солонго гэгч нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэрэг гарсан нөхцөл байдлаас тэс өөр байдлаар, хэлсэн ярьсан зүйл нь эргэлзээ төрүүлэхүйц байдлаар өгч ирсэн нь түүний мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхүйц байж буюу хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн нотолж чадахгүй байхад шүүхээс түүний өгсөн мэдүүлгийг үндэслэлтэй, туйлын үнэн мэтээр ойлгож, түүний мэдүүлэгт тулгуурлан эргэлзээтэй байдлаар өгсөн гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон бусдыг буруутгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохыг тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасныг зөрчиж буй хэрэг юм. Энэ хэрэгт холбогдуулан С.Баатарсүрэн, Ө.Ц нараас хэд хэдэн удаа мэдүүлэг авч, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл үйлдэж, фото зургаар бэхжүүлж авсан, мөн хэргийн газрын үзлэгийг холбогдох гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хийсэн, хэрэгт хэд хэдэн удаа техникийн болон бусад шинжээчийг томилж дүгнэлт гаргуулсан ба энэ бүх ажиллагааны явцад Ө.Цыг буруутгасан, түүнийг гэм буруутай гэдгийг тогтоосон (гэрч С.Солонгоос өөр) ямар ч баримт авагдаагүйн зэрэгцээ шинжээч нарын гаргасан удаа дараагийн дүгнэлтүүдээр түүнийг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тодорхой дүгнэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ”, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж тус тус заасан ба хуульд шинжээч нь “тусгай мэдлэг бүхий этгээд” байх, “тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах”-аар заасан. Дотоод Хэргийн Их сургуулийн шинжээчдийн баг нь тусгай мэдлэгт суурилаагүй, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг иш үндэс болгож, тэдгээрийн мэдүүлгийг тайлбарласан, дүгнэсэн байдлаар өөрт олгогдоогүй (гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийх эрх нь прокурор, шүүхэд байгаа) эрхийг эдэлж, дүгнэлт гэхээсээ илүү “таамаглал” дэвшүүлсэн байдлаар “дүгнэлт” гаргасан байдаг. Гэвч шүүх Дотоод Хэргийн Их сургуулийн шинжээчид 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 202005 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой байж чадах эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөлгүй, эсрэгээрээ “... Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 202005 дугаартай дүгнэлт үндэслэл бүхий гарсан” гэж дүгнээд өмнө гаргасан техникийн шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгэсэн нөхцөл байдлыг “... уг шинжээчийн дүгнэлтээр өмнөх дүгнэлтүүд үндэслэлгүй, тодорхой бус гарсан талаар дүгнэлт өгсөн” хэмээн тодорхойлсон. Шүүхийн хийж байгаа энэхүү дүгнэлт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлэхгүйгээр эргэлзээтэй, таамаглалд үндэслэсэн баримт нотолгоонд тулгуурласан гэж үзэхэд хүргэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон хэрэгт авагдсан бусад холбогдох нотлох баримтуудыг харьцуулан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЩТ/708 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, бидний үйлчлүүлэгч Ө.Цт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Цын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд замын мөр 20.6 метрийн урттай, мөр нь тормозын мөр биш дугуйн даралтын мөр юм. Даралтын мөрнөөс асфальт хүртэл 2.2 метр байгаа бөгөөд “Toyota Prius” загварын автомашины өргөн 2 метр хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, гэрч С.Солонго “Жийп машин 2 дугаар эгнээгээр, Приус машин 1 дүгээр эгнээгээр явж байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл зам дээр үлдсэн мөрөөс харахад “Toyota Prius” загварын автомашин 1 дүгээр эгнээнд биш, уг эгнээнээс гарч явсан байдаг. Энэ хооронд 1 дүгээр эгнээг чөлөөлсөн явж байхад үүнийг шүүх анхаарч үзээгүй. Уг зам дээр хийсэн хэргийн газрын үзлэгээс мөргөлдөх, шахалдах боломжгүй болох нь харагддаг. Гэрчүүдийн мэдүүлгийн тухайд, гэрч С.Солонгын мэдүүлэг эх сурвалжаа нотолж чаддаггүй бөгөөд 7 өөр мэдүүлэг өгсөн байдаг. Харин эсрэгээрээ Баатарсайхан, Энхболд, Одончимэг, Эрдэнэбилэг нарын хэргийн газарт байсан бусад хүмүүсийн мэдүүлэгт “зүүн талаар нь гүйцэж түрүүлээд гарсан” гэдэг. Өөрөөр хэлбэл, хэргийн газрын хөвөөн дээр байгаа мөр гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Харин шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэрэгт нийт 5 шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтүүдээр Ө.Цыг Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн талаар огт дурдаагүй. Дөрөв дэх удаагийн Механик инженерийн сургуулиас томилсон шинжээчийн дүгнэлтийн асуултад “хэрэв шахсан бол” гэж асууснаас үзэхэд шахсан зүйл байхгүй болохыг харуулна. Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх үндэслэл болгосон. Гэтэл уг дүгнэлт нь аливаа шийдвэрт хүрээгүй дүгнэлт бөгөөд агуулгаараа магадлалын шинжтэй. Учир нь, тусгай мэдлэгийн хүмүүсээс хэн буруутай эсэх талаар ялгаа заагийг гаргуулахаар томилдог. Гэтэл тухайн хүмүүс хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийг харьцуулж “магадлалтай”, “тодорхойгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийг хэргийн газраас зугтсан гэж дүгнэсэн. Гэвч хамгийн анхны дуудлагыг Ө.Ц өөрийн эзэмшлийн 2 дугаараас өгсөн байдаг бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс энэ талаарх лавлагааг авч хэрэгт хавсаргасан. Хэрэв цагдаа гэм буруутай этгээдийг олъё гэсэн бол анх хэн дуудлага өгснийг тогтоож шалгах боломжтой байсан. Гэвч Ө.Ц руу огт залгаагүй. Нөгөө талаас дуудлага өгсөн хүн хэргийн газраас зугтах шаардлага байхгүй гэж үзэж байх тул шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Мөн энэ хэрэгт шүүхээс бодит дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгчийн зүгээс 5 удаа хэрэгсэхгүй болгох санал гаргаж, 3 удаа хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан бодит баримтуудад үндэслэж мөрдөгч, прокурор саналаа гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч нь энэ хэрэгтэй холбогдуулан Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцсон. Үүнээс болж цагдаа хэргийг ямар нэг байдлаар яллах чигийг баримталсан. Өөрөөр хэлбэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд Ө.Ц өөрөө цэгээ зааж өгөхөд “миний шахсан гэх газрыг тэмдэглэв” гэж зурагны утган дээр бичсэн байсан. Гэтэл Ө.Ц “шахсан” гэж огт хэлээгүй байдаг. Нөгөө талдаа мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа 2 өдөр явагдсан. Үүний нэг өдөр хохирогч, шүүгдэгч нарыг хамт байлгаж байгаад маргааш нь хохирогчоос “та энэ хүнийг таних уу” гэж асууж таньж олуулах ажиллагаа хийсэн байдаг. Мөн хэрэгт алдагдсан боломж гэж ярьж байна. Би эрүүгийн хэрэгт олон жил өмгөөлөгчөөр ажиллахдаа алдагдсан боломж гэж сонсож байгаагүй. Гэтэл мөрдөгч, прокурор энэ талаар шүүх шийдвэрлэнэ гээд орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гарсан. Шинжээчийн дүгнэлтүүдээр Ө.Цыг буруутай гэж тогтоосон дүгнэлт нэг ч байхгүй. Энэ хэрэг зайлшгүй тусгай мэдлэгийн хүрээнд шийдвэрлэгдэх ёстой тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаараа “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, Л.Л, Ж.Э нараас нэхэмжилсэн алдагдсан боломжийн зардал болон өмгөөлөгчийн хөлс 26.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн ... хор уршгийг тодорхойлж, ... хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд Ө.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 7 хүний амь нас хохирсон, амь хохирсон хүмүүсийн тухайд амьдралын туршид бий болох боломж алдагдсан, уг гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт өмгөөллийн хөлсийг өмгөөлөгч нарт төлөх нөхцөл байдлыг үүсгэсэн нь бодит үйл баримт юм. Өөрөөр хэлбэл, алдагдсан боломж, өмгөөлөгчийн хөлс зэрэг нь гэмт хэргийн улмаас үүссэн үр дагаварт хамаарагдах бөгөөд гэм буруутай этгээдээр хор уршгийг арилгуулах талаар шүүх шийдвэрлэх ёстой байсан. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар “өмгөөлөгчид төлөх зардал” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тодорхой хуульчилсан. Дээрх хуулийн зүйл заалтаас үзэхэд өмгөөлөгчийн хөлс нь нэг талаар гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг, нөгөө талаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал юм. Энэ утгаараа аль тохиолдолд гэм буруутай этгээдээс гаргуулахаар шүүх шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхийнхээ дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж улмаар мөрдөгчөөс уг хүсэлтийг хүлээн авч шинжээчээр “Итгэлт эстимейт” ХХК томилогдож дүгнэлт гаргасан атал шүүх шинжээчийн дүгнэлтийг ямар нэгэн байдлаар үнэлэхгүй байгаа нь хэргийн оролцогч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хуулийн заалтын ач холбогдлыг үгүйсгэж байгаа хэлбэр болж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолд алдагдсан боломж, өмгөөллийн хөлсийг гэмт буруутай этгээдээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч хэргээ хүлээхгүй байгаад гомдолтой байна. Тухайн үед осол гарсны дараа автомашин дотор амьд хүн байхад шүүгдэгч амьд хүн байгаагүй гэж хэлж байгаад гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Ц гэх жолооч 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 20 цаг 10 минутын орчим зам тээврийн осол гаргасан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгч нар гэрч С.Солонго гэх хүний 7 удаагийн зөрүүтэй мэдүүлгийг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоосон гэж ярьж байгаа боловч зөвхөн гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогоогүй. Энэ хэрэгт Ө.Ц байхгүй үеийн 2 удаагийн техникийн шинжээчийн дүгнэлт, түүнийг оролцуулан хийсэн нийт 5-6 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсны сүүлийн 2 нь тусгай мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт юм. Тухайлбал, Механик инженерийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1238 дугаартай “жолооч Ө.Ц Замын хөдөлгөөний дүрмийн 7.8 дугаар зүйлд заасныг зөрчсөн байх боломжтой нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна”, мөн Дотоод хэргийн их сургуулийн техникийн шинжээчдийн “жолооч Ө.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.8, 7.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн” гэсэн тус тус дүгнэлтүүд гарсан. Эдгээр дүгнэлтүүд нь зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн юм биш, хэргийн газрын үзлэг, холбогдох мэргэжлийн байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн лабораторийн шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Дотоод хэргийн их сургуулийн авто техникийн тэнхим, мөн практик дадлага туршлагатай тээврийн цагдаагийн албаны мэргэжилтэн нийт 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг гарч, оролцогчдын мэдэхийг хүссэн асуултад хариулах боломжтой талаар ярилцаж боловсруулсан. Үлдсэн асуултуудыг хохирогч тал тавьж сүүлийн дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцсэн гэж үзэж байна. Өмнөх дүгнэлтүүдэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашлаад зам тээврийн ослын нөхцөл байдалд урьдчилсан дүгнэлт өгсөн. Ингэхдээ шинжээчийн баг хэргийн газар очиж ажиллаж, Ө.Цыг оролцуулсан хэргийн газрын нөхөн үзлэг бүгдийг үзсэн. Түүнчлэн, 2 автомашин зэрэгцээд явж байхад баруун гар талд явж буй машин, зүүн гар талд буюу эсрэг урсгалаар замын хажуу тийш осолдож шатсан бөгөөд зүүн гар талд яваа машин баруун гар талд байгаа хоёрдогч түүхий эд авах цэгийн өмнө зогссон нөхцөл байдал хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, 2 автомашин огтлолцсон нөхцөл байдал харагддаг. Зөв буюу чигээрээ явж байсан тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээнд, Ө.Ц жолоочтой автомашин явж байгаад яагаад байрлал нь өөрчлөгдсөн, хоёулаа замын эсрэг талд зогссон талаарх дүр зургийг үзэхэд энэ нь гэрч С.Солонгын мэдүүлсэн Ө.Ц гэх жолооч “Приус” маркийн автомашиныг шахсан үйлдлээс болсон болох нь тогтоогдсон. Нөгөө талаар талийгаач Х.П ... Архангай аймгийн Хашаат сумаас 14 цагт хөдөлсөн. Гэтэл зам тээврийн осол Улаанбаатар хотын Эмээлт орчимд 20 цаг 10 минутын орчим гарсан. Өөрөөр хэлбэл, хохирогч цагт дунджаар 60-70 км-ийн хурдтай явж байсан. Хот хооронд 60-70 км/цаг гэдэг бол боломжийн хурд гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл ийм хурдтай явж байсан автомашины жолооч тээврийн хэрэгслээ зогсоож чадахгүй болтлоо эсрэг урсгал руу орж онхолдсон нөхцөл байдал гэрч С.Солонгын “2 дугаар эгнээнд явж байсан жолооч Ө.Ц гэнэт шахах үйлдэл хийсэн” гэх мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч нь замын хажуу руу орох гэж байсан бол 1 дүгээр эгнээнд явах байсан. Гэтэл 2 дугаар эгнээнээс шууд 1 дүгээр эгнээ рүү дарснаас “Приус” загварын автомашинд аюултай байдал бий болгож, зам тээврийн осол гаргах нөхцөл байдал бий болгосон болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Гэрч С.Солонгын мэдүүлэг зөрүүтэй гэж байгаа боловч хойшлуулшгүй ажиллагаа, хэргийн газрын үзлэг хийх явцад тухайн осол гарсан өдрийн 22 цаг 5 минутад түүнээс хойшлуулшгүй журмаар мөрдөгч Уранцэцэг мэдүүлэг авсан. Харин түүний дараа дараагийн мэдүүлэгт өөрчлөлт орсон нь түүнд ирэх сэтгэл зүйн дарамтаас шалтгаалсан гэж үзэж, яллах дүгнэлтэд гэрч С.Солонгын анхны мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Шүүгдэгч Ө.Цын ослын газрыг орхиж зугтаасан тухайд, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч дуудлага мэдээлэл өгсний дараа явахгүй, тухайн ослын газарт байхыг шаарддаг. Жолоочийн үүргийг дуудлага мэдээлэл өгснөөр хязгаарласан, ослын газар байж байх ёстой байсан. Ө.Ц гэх хүн 2 дугаар эгнээнээс шууд С.Солонгын байшингийн гадаа байсан болох нь гэрч Эрдэнэбулганы “миний хажуугаар Приус, Жийп загварын автомашинууд өнгөрсөн. Намайг гэрийнхээ орчим очиход гүйцэж түрүүлсэн Жийп машин манай байшингийн гаднаас хөдлөөд явж байсан” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгч таньж олуулах ажиллагааг хууль зөрчиж хийсэн гэж байгаа боловч уг ажиллагаа хуульд заасан ажиллагаагаар хийгдэж, үзэгдэх шилний цаанаас хийгдсэн. Харин мөрдөгчийн шийдвэрээр алдагдсан боломжийн талаарх нөхцөлийг гаргасан гэж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хүсэлт гаргасныг мөрдөгч хүлээн авч хийсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд өнөөдрийн байдлаар манай Улсад алдагдсан боломжийн асуудлыг шийдвэрлэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй тул гаргалгүй шийдвэрлэсэн. Нөгөө талаас мөрдөн шалгах ажиллагааны зардалд өмгөөллийн хөлс зардал ярьж байна.. Гэтэл энэ хэрэгт Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтийн холбогдох зардлыг прокурорын байгууллагаас гаргасан зэрэг маш олон алдагдсан боломжийн зардлыг хуулийн байгууллагууд өөр өөрсдийн төсвөөс гаргаж байгаа. Түүнээс биш энэ зардлыг зөвхөн өмгөөллийн хөлс гэж үзээгүй бөгөөд алдагдсан боломж гэж үзсэн мөнгийг гаргаж шийдвэрлээгүй шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Ц.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Оюун-Эрдэнэтэй санал нэг байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос Ө.Цыг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн орой 20 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Хүй долоон худгийн замд “Toyota Land Cruiser 100” загварын 85-58 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэснийг зөрчин зэрэгцээ эгнээнд явсан Х.П жолоочтой “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай автомашинд зам тавьж өгөөгүйгээс “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж, “Toyota Landcruiser 200” загварын 01-16 УНА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Х.П, зорчигч Г.Л, Д.Э, Л.Ц, Л.Ш, Л.Ш, Э.Б нарын 7 хүний амь хохирсон. Уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус буруутгаж, түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, Ө.Цт холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27,10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шийдвэрлэхэд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хэрэг учрал болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэрэг нь чухал ач холбогдолтойгоос гадна зам тээврийн осол гарсан үйл баримтыг тогтооход тусгай мэдлэг мэргэжил бүхий шинжээчийн дүгнэлт зайлшгүй хийх шаардлагатай байдаг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Цыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалт “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг бүрэн тогтоогоогүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Ө.Цт холбогдох хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5119, 5120, 5918 дугаартай /1хх 172-176, 179-195, 6х 117-119/ дүгнэлтүүд гарсан байх бөгөөд уг дүгнэлтүүдэд түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй талаар дүгнэсэн.
Харин дээрх шинжээч нарын дүгнэлтүүдэд Дотоод хэргийн Их сургуулийн шинжээчийн 202005 дугаартай “...Ө.Ц нь Приус маркийн автомашиныг шахаагүй байж болох ч хөдөлгөөний чигээ өөрчлөхөд нөлөөлсөн байх магадлалтай байна. ...”Приус” маркийн автомашины жолооч Х.П нь Архангай аймгаас Хүй долоон худаг хүртэл автомашин жолоодож хэвийн явсан боловч гэнэт зорчих хэсгээс гарах болсон нь зам тавьж өгөөгүйгээс үүдэлтэй гэж үзэж байна. ...хэрэв 1 эгнээгээр явж байсан приус 7240 УБҮ тээврийн хэрэгсэл Ланд 100 8558 УНС тээврийн хэрэгсэл 2 дахь эгнээнд зэрэгцэн явж байгаад захын эгнээ рүү шилжсэн үйлдлийг хийсэн нь нотлогдож байгаа бол Замын хөдөлгөөний дүрмийн 7,8 зүйлд заасан зэрэгцэн эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасны дагуу өөрийн эгнээндээ чигээрээ явсан приус эгнээгээрээ чигээрээ эхэлж яваад дараа нь ланд 1 эгнээд орж явах ёстой....Хэргийн газрын үзлэгээр приус 7240 УБҮ машины дугуйн мөр хөвөөн дээр 20.6 м урттай гарсан. Гэрч Баатарсүрэн, Солонго, Энхболд нарын мэдүүлэг зэрэгт ланд 8558 машины баруун талаар приус 7240 УБҮ шороо татуулаад гарч ирсэн гэж мэдүүлсэн. Эдгээр баримтыг тооцохгүйгээр ландын жолооч нь ЗХД-ийн ямар нэг заалт зөрчөөгүй гэж үзсэн нь учир дутагдалтай дүгнэлт байна. ...” /9хх 1-9/ гэсэн дүгнэлт гаргасан байх боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шаардлага хангаагүй, таамаглалд үндэслэн эргэлзээ бүхий шинжтэй дүгнэлт гаргажээ.
Өөрөөр хэлбэл Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын дээрх дүгнэлт нь Замын хөдөлгөөний дүрмийн тээврийн хэрэгслийн жолооч нар эгнээ байр эзлэхээс үүдэлтэй зам тээврийн осол болсон гэх хувилбарт дүгнэлт хийсэн атлаа удаа дараагийн хэрэг учралын газрын хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсан Ө.Цын жолоодож явсан тээврийн хэрэгслийн шахсан гэх цэгээс приус маркийн машин 110 гаран метрийн явсаны дараа осол болсон гэх асуудалд дүгнэлт хийгээгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заажээ.
Гэрч С.Солонгоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хоёрдугаар эгнээнд цайвар өнгийн жийп машин хот руу зэрэгцээд явж байснаа гэнэт приус машины урдуур шахаад тэгтэл нөгөө приус маркийн машин гэнэт тоормослох шиг болсноо зорчих хэсэгт эргэлдээд машиныхаа 4 дугуйн дээр бууснаа дахин онхолдоод 4 дугуйн дээрээ зогсох үед эсрэг урсгалаас ирж явсан хар өнгийн жип машинтай мөргөлдсөн, ...” /1хх 95, 4хх 127, 5хх 29, 6хх 65, 8хх 229, 233/ гэх мэдүүлсэн мэдүүлгүүд нь бусад гэрч нар болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Солонгийн удаа дараагийн мэдүүлэг өөрчлөгджээ.
Өөрөөр хэлбэл, гэрч Г.Солонгоогийн мэдүүлгийг бусад гэрчийн мэдүүлэг болон бусад нотолгооны хэрэгсэлтэй харьцуулан дүгнэлт хийхгүйгээр нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Анхан шатны шүүх зөвхөн гэрч С.Солонгийн мэдүүлгийг үнэлж “...Түүнчлэн, дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ө.Цын буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ. ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолд С.Солонгийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн атлаа шүүгдэгч Ө.Ц, гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд, Ө.Эрдэнэцэцэг, Т.Одончимэг нарын мэдүүлгийг үгүйсгээгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5119, 5120, 5918 дугаартай /1хх 172-176, 179-195, 6х 117-119/ дүгнэлтүүдийг үнэлээгүй, үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Өмнөх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ДШМ/132 дугаартай магадлалаар шүүгдэгч Ө.Цт холбогдох хэргийг хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий, зөрүүтэй үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаасан заасан заалт хангагдаагүй, гэрч нарын мэдүүлгийн зөрүү арилаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж заасныг зөрсөн байх тул магадлалад заасан ажиллагааг бүрэн хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ө.Цын “Toyota Land Cruiser 100” загварын 85-58 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин зэрэгцээ эгнээнд явсан Х.П жолоочтой “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай автомашинд зам тавьж өгөөгүйгээс “Toyota Prius” загварын 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж, “Toyota Landcruiser 200” загварын 01-16 УНА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, олон хүний амь нас хохирсон гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэх шаардлагыг хангаагүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 201624000691 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ө.Ц болон түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг хүлээн авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Цт холбогдох 201624000691 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Ө.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ