Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/00240

 

2021 01 27 181/ШШ2021/00240

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Н.Б-ын

 

хариуцагч: ӨХГ-т холбогдох

 

Дэнчин 24,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч: 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Иргэдийн хурлын шийдвэрээр менежментийн гэрээгээр ажиллаж байсан орон сууцны байгууллагуудын үйл ажиллагааг цуцалж, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Би 8 жилийн хугацаанд 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд энэ салбарт менежментийн гэрээгээр ажилласан. Миний хариуцаж байсан хэсэг Хан-Уул дүүргийн 1,2,3,10 дугаар хорооны хуучин орон сууцнуудын ашиглалт, үйлчилгээг хариуцаж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд Азийн хөгжпийн банкны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж манай инженерийн шугам сүлжээн дээр төсөл хэрэгжсэнээр шугам сольж хөрөнгө нэмэгдсэн. Би анх ажил хүлээж авахдаа бусдад төлөх 119,000,000 төгрөгийн өртэй, 45,700,000 төгрөгийн авлагатай хүлээж авч байсан. Актаар хүлээлгэж өгөхдөө 1,904,000,000 төгрөгийн өр төлбөртэй өгсөн гэж дүгнэж байгаа. Энэ дээр Азийн хөгжпийн банкны дулааны үр ашгийн төслийн урт хугацаат зээл, зээлийн хүү зэрэг нэмэгдэж орж ирснээр өндөр дүнтэй харагдаж байгаа.

315,000,000 төгрөгийн богино хугацаат өр төлбөрийг хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн өр төлбөрийг 2004 онд хүлээж авсан өртэй шууд харьцуулсан.

85,000,000 төгрөгийн авлагатай хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд хүчин чадал нэмэгдүүлсэн зүйл гарч байсан. ӨХГаас миний гаргасан нэхэмжпэлийг тухайн авсан үеэсээ дордуулсан гэж үндэслээд өр төлбөрийг дэнчин барьцааны мөнгийг өгөх боломжгүй гэсэн учраас би дахин хүсэлтээ өгч аудитын дүгнэлт гаргуулсан. Хүлээлгэж өгсөн 315,000,000 төгрөгийн өр дунд богино хугацаат зээлийн хүү орсон. Мөн төслийн хүрээнд айл өрхийн усны тоолууржуулалт явагдсан, барилгын засварын ажлууд хийгдсэн гэдгийг тухайн үед нэг бүрчлэн танилцуулсан. 2012 онд 158,000,000 төгрөгийн их засварыг инженерийн шугам сүлжээний барилга байгууламжид хийсэн. Орон сууцны байгууллагын үйл ажиллагааг харахаар ашигтай ажиллах гэхээс илүү үйлчилгээгээ доголдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлж явдаг. Учир нь бидний цаана оршин суугч, хэрэглэгчид байдаг. Инженерийн шугамдаа засвар үйлчилгээ хийхгүй гал унтраах маягаар яваад байх юм бол 158,000,000 төгрөгийн засварыг хийгээгүй байсан бол 2012 онд ажил хүлээлцэхэд ийм хэмжээний өр төлбөртэй гэдэг байдлаар харагдахгүй байсан. Бид тэгж харагдах чухал биш хэрэглэгчдийг гэр орондоо ая тухтай байх, халуун, хүйтэн ус, халаалтаар хангах нөхцлийг бүрдүүлж ажиллах үүднээс олон жил болсон, доголдсон шугам сүлжээг бүрэн сольсон. Өмч нь хотын хөрөнгө байдаг. Гэхдээ энэ 8 жилийн хугацаанд ганцхан удаа 20,000,000 төгрөг авсан. Бусдыг нь үйл ажиллагааны зардлаасаа зохицуулж тэрбум төгрөгийн инженерийн шугам сүлжээний засварын ажлыг хийсэн. Тиймээс би ажпыг дордуулаагүй. Хангалттай түвшинд хийсэн учраас дэнчин, барьцааны мөнгийг авъя гэдэг хүсэлтийг гаргаж аудитын дүгнэлтүүдийг нэг бүрчлэн гаргуулсан. Өнөөдөр хүлээлгэж өгсөн гээд байгаа 315,000,000 төгрөгөөс урт хугацаат зээл, зээлийн хүү өнөөдрийг хүртэл огт шийдэгдээгүй. ОСНААУГын хэмжээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөр учраас нэг ч төгрөг төлөгдөөгүй өнөөдрийг хүртэл явж байна. Бусад өр төлбөрүүд тухайн үед бүрэн төлөгдсөн. Усны тоолуурын төсөл болох 41,000,000 төгрөг бүрэн дууссан. Учир нь айл өрхүүд тоолуураа тавиад хүмүүс бөөнд нь мөнгөө төлж чаддаггүй учраас тэр төлбөрийг нь айл өрхдөө 3-6 сарын хугацаатай хувааж байрны мөнгөн дээр авдаг. Үлдсэн тоолуурыг 2013 онд буцааж тушаасан. Өр төлбөр дээр харахад хүртэл 41,000,000 төгрөгийн тоолуурын үлдэгдэл тэр чигээрээ агуулахад байсан. Бид агуулахад байгаа бүх зүйлээ жагсаалтаар хүлээлгэж өгөхөд өр гэдэг байдлаар оруулсан зүйл байгаа. 8 жилийн хугацаанд үнэхээр миний буруутай үйл ажиллагаанаас болсон юм уу үгүй юу гэдэг дээр аудитын дүгнэлт гаргуулсан. 1,904,600,000 төгрөгийн дулааны үр ашгийн зээл нь 1,526,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 72,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн зээл 62,100,000 төгрөг буюу нийт 1,660,700,000 төгрөг өр төлбөрийн 87,200,000 төгрөг нь дулааны үр ашгийн төслөөс үүссэн урт хугацаат өр төлбөр байсан. Хаалтын балансаар 85,700,000 төгрөгийн авлага хүлээлгэж өгсөн. Үүнийг харьцуулж үзэхэд 45,700,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгөөр өсгөсөн гэж дүгнэсэн. Энэ хугацаанд хүчин чадал, үнэ тариф хангалттай өссөн.

Би анх 87 байр авч байсан бол ажил хүлээлгэж өгөхдөө 120 байр хүлээлгэж өгч байсан. Мөн авлага дээр оршин суугчдын гар дээр байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын орлогууд байдаг. 158,500,000 төгрөг гэсэн нь Нийслэлийн ӨХГаар жил болгон бид засвараа батлуулдаг. Тэрний дагуу хийж гүйцэтгээд гүйцэтгэл болгон дээрээ хяналт шалгалтуудыг ӨХГ хийдэг. Үнийн өсөлт энэ хугацааны туршид нэмэгдэж явсан. Хүндрэлтэй асуудал гарвал тухай тухайн үед нь ӨХГт асуудлаа тавьдаг боловч шийдвэрлэгддэггүй. Бид усны үнийг алдагдалтай үнэ тарифаар авч явсан. Энэ асуудлаа шийдвэрлүүлье гэхээр цаана нь иргэд байгаа гэдэг үндэслэлээр тариф ашигтай ажиллах түвшинд, зардлаа нөхөх түвшинд батлагддаггүй дандаа алдагдалтай тариф батлагдаж явдаг байснаас тодорхой хэмжээний хүндрэл үүсдэг. Орон сууцны байгууллагуудын нэг онцлог зун 5 дугаар сарын 15-ны өдөр халаалтаа хаадаг. 05 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд халаалт хааснаар орлого буурдаг. Энэ хугацаанд бид засвар үйлчилгээгээ бүрэн хийх хугацаа байдаг. Тэрний дагуу энэ хугацаанд засвараа хийгээд тодорхой хэмжээний харилцагч байгууллагуудын өр өсдөг. Бид засвараа хийх үүднээс орлого буурч засвар хийж байгаа тохиолдолд асуудал үүсдэг. Жилийн эцэст 10 дугаар сараас эхлээд халаалтын төлбөр орж ирэнгүүт манай засварын ажил ч дуусдаг. Орлого нэмэгдэж орж ирж байгаа учраас харилцагч байгууллагадаа хуримтлагдсан өр төлбөрүүдээ төлж яваад жилийн эцэс гэхэд дулааны сүлжээ компани болон Ус сувгийн удирдах газарт өр төлбөргүй гарах боломж бүрддэг. Би Ус сувгийн удирдах газрыг яагаад онцолж ярьж байна гэхээр анх би ажил хүлээж авахад Ус сувгийн удирдах газарт 70,000,000 төгрөгийн өртэй байсан. 70,000,000 төгрөгийн өрийг 8 жилийн хугацаанд төлж дуусах боломж байсан уу гэвэл нэг талаас боломж байсан. Нөгөө талаас боломж байгаагүй. Яагаад гэвэл нисэхийн усны хатуулгаас шалтгаалаад 15 жил, 21 жил, 33 жил ашиглах ёстой инженерийн шугам сүлжээ чулуужаад бөглөрдөг. Үүнээс хамааралтай хэрэглэгчдээ найдвартай усаар хангах үүднээс тухай бүрт ӨХГ, ОСНААУГ хүсэлтээ гаргаад комисс нь очиж газар дээр нь үзээд үүнийг зайлшгүй солих шийдвэрийг аваад тэрний дагуу шугам сүлжээгээ 1.5 жилээс 2 жилийн хугацаанд сольдог. Энэ нь манай өр авлагад нөлөөлдөг. Зөвхөн нисэхийн хэсэг дээр 8 жилийн хугацаанд 53,000,000 төгрөгийн зардал гаргаж хэрэгцээний халуун усны бойлуур тоног төхөөрөмжид засвар хийсэн. Эх үүсвэр талаасаа нөлөөлж байгаа ийм нөлөөллөөс шалтгаалаад Ус сувгийн өр жил жилээр бага багаар төлөгдөж явсаар байгаад ажил хүлээлгэж өгөхөд 26,000,000 төгрөг байсан. Хэрэв менежментийн гэрээг жилийн эцсээр цуцалсан бол энэ өр үүсэхгүй төлөгдөх боломжтой байсан гэдгийг хэлье.

Актаар хүлээлгэж өгсөн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж байна. Мэдээж нийслэлийн өмчийг хүлээлгэж өгч байгаа юм чинь би ажил хүлээлцсэн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн актан дээр гарын үсгээ зурах нь ойлгомжтой. Тэрнээс биш би дордуулж ажилласан гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Менежментийн гэрээг нийтээр нь цуцлаад өмч, авлага, өглөг бүгдийг нь актаар хүлээлгэж өгч байсан учраас энэ өмчүүдийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн шүү гэж гарын үсэг зурсан. Тэрнээс биш би хангалтгүй, хариуцлагагүй ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. 9 компанийн мөнгийг төлсөн гэсэн. Ус сувгийн удирдах газарт 9 компани нийт хэдэн тэрбум төгрөгийн өртэй байсан бэ гэдэг асуудал байгаа. Өнөөдөр 700,000,000 төгрөг, 400,000,000 төгрөг, 290,000,000 төгрөгийн өртэй байсан хүмүүсийн дэнчин, барьцааны мөнгийг 10,000,000, 9,000,000, 8,000,000 төгрөг гэж байршуулсан мөнгөөр нь хааж байна гэдэг нь зөв шийдвэр мөн юм уу. Тогтоол гаргахдаа үндэслэлээ зөв гаргасан юм уу. Ард хүн байгаа тэднийг хохироож байгаа гэдгээ судалж үзсэн юм уу, үгүй юм уу гэвэл үгүй. Улс төрийн зорилгоор нам солигдох үед шийдвэр гарсан асуудал. Би ямар ч тохиолдолд ажил унагаагаагүй ажлыг бүрэн гүйцэд хийж байсан. Би 315,000,000 төгрөгийн өрийг сая тайлбарласан. 158,000,000 төгрөгийн засварын ажил хийгдсэн. 62,000,000 төгрөг нь хугацаа хэтэрсэн зээлийг өнөөдрийг хүртэл хэн ч төлөөгүй. Зээл төлөх эх үүсвэр угаас байхгүй. Усны тоолуурын 41,000,000 төгрөгийн өр дууссан. Дулааны сүлжээ компанид 56,700,000 төгрөгийн үлдэгдэл хүлээлгэж өгсөн. Тэр мөнгө жилийн эцсээр буюу 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлөгдсөн. Хэн нэгнийг, байгууллагыг, улсыг хохироосон зүйл байхгүй. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын өмч хөрөнгийн нэгийг ч дордуулаагүй. Тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, инженерийн шугам сүлжээний халаалт, халуун усны шугам сүлжээний 80 гаруй хувийг, хүйтэн усны 58, 60 орчим хувийг бүрэн гүйцэд шинэчилж хүлээлгэж өгсөн. 30, 40, 60 жил ашиглачихсан байр байсан. 1934, 1980 онд ашиглалтанд орсон барилгуудын инженерийн шугам сүлжээ бүгд дуусчихсан. Хүндрэлтэй хэцүү байсан шугам сүлжээг бүрэн гүйцэд засварлаж хүлээлгэж өгсөн учраас би өмчийг дордуулаагүй.

Анх хүлээж авсан өр төлбөрийг мэдээж бууруулна, инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангана гэж гэрээнд заасан. Тэрнийг хангахын тулд гэрээний 2 тал хоёулаа хамтдаа ажиллах ёстой. Яагаад гэвэл бид тарифаа өөрсдөө тогтоодоггүй. Өр төлбөргүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх усны тарифыг 2012 оноос өмнө Нийслэлийн иргэдийн хурлаар баталдаг байсан. Дулааны тарифыг эрчим хүчний зохицуулах хороонд тайлангаа тавьж тарифаа батлуулаад явж байсан. Анх биднийг хүлээж авахад Ус сувгаас худалдаж авч байгаа 1 метр куб усны мөнгө 14 төгрөг байсан. Бид буцаагаад борлуулалт хийхдээ 9 төгрөг 60 мөнгөөр борлуулалт хийдэг байсан. Хэрэглэгчдийг усны тоолуураар тоолууржуулах бодлого барьж байсан учраас бид алдагдалтай үнэ тариф мөрдөж байсан. Үүний дагуу хүсэлтээ албан бичгээр ӨХГ гаргаж байсан.

Анх гэрээг уншиж танилцаад хуулийн мэдлэгийн дутуу хүрээнээс гарын үсэг зураад хүлээж авсан. Ажиллах явц дунд тарифын хүндрэлүүд гарч ирж байсан. Энэ тал дээр 2 тал хамтарч ажиллах талаар бол, бид Нийслэлийн ӨХГ жилд 2 удаа буюу хагас жил, бүтэн жил тайлангаа хамгаалдаг. Энэ үед алдагдалтай тарифаас болоод байгууллага хүндрэлд орж байна гэдэг талаас нь асуудал тавьж байсан. Би Одсүрэн дарга, хотын Засаг даргын нэр дээр бичиг өгч байсан. Тухайн үед шийдэж өгөх талаас хандахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Сүүлд зохицуулах газар байгуулагдсанаас хойш тарифыг судалж үзээд үнэхээр алдагдалтай тариф мөрдөж явж байсан байна үүнийг зохицуулалт гаргаж шийдэж өгье гэдэг байдлаар тооцоо судалгааг хийж тарифын өөрчлөлтүүд гаргаад явж байсан. 315,000,000 төгрөг болгосон, зөрүү 198,000,000 төгрөг гэж байна. Би энэ мөнгийг өөртөө авч хэрэглэсэн бол энд зогсохгүй. Анх Ус сувгийн удирдах газраас 70,000,000 төгрөгийн өр авсан. 8 жилийн хугацаанд би 26,000,000 төгрөг болтол нь бууруулсан. Энэ буурсан үзүүлэлт гэж үзэж байна. 119,000,000 төгрөгийг 315,000,000 төгрөгтэй харьцуулж байгаа бол яг 70,000,000 төгрөгийг 26,000,000 төгрөг болгож бууруулсан. Хүлээлгэж өгөхөд Ус суваг дээр 26,000,000 төгрөгийн төлбөр гарсан. 8 жилийн хугацаанд ӨХГ өөрийн шийдвэрлэх ёстой зүйлүүд дээрээ шийдвэр гаргаж байгаагүй. Тоог тоотой харьцуулах юм бол өссөн харагдаж байна. Би болохоор энэ өсөж харагдаж байгаа тоонд чинь харьцуулалт хийхээр буурсан харагдана гэж үзэж байна. Тиймээс дэнчин барьцааны 24,600,000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч ӨХГ-ын төлөөлөгч,өмгөөлөгч нар нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт энэ маргааны харьяаллыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Өнөөдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 22 дугаар тогтоол, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар тогтоол буюу менежментийн гэрээг хаасан 30 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ нь захиргааны акт юм. Энэ 2 тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөлд энэ тогтоолоор шийдсэн дэнчингийн асуудлыг өнөөдөр иргэний шүүхээр хэлэлцэх нь харьяаллын зөрчил гарч байна гэж үзэж байна. Хоёрдугаарт иргэн Н.Бын нэхэмжилж байгаа 24,600,000 төгрөгийн дэнчинг 2004 онд анх менежментийн гэрээгээр иргэн Н.Баар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Н.Б 8 жилийн хугацаанд гүйцэтгэсэн. Энэ хугацаанд иргэн Н.Баас ямар нэгэн гэрээний нөхцөл зөвшөөрөхгүй, өр төлбөр ийм байна гэсэн гомдол санал гаргаж байгаагүй. Хууль хяналтын байгууллагад гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан актыг зөвшөөрөхгүй байгаа талаар гомдол санал гаргаж байгаагүй.

2004 онд 119,000,000 төгрөгийн өр төлбөртэй, 45,700,000 төгрөгийн авлагатай хүлээн авсан. 8 жил ажиллах хугацаанд нийт 2 удаа гэрээг сунгаж, 2012 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд тухайн компанийн менежментийн гэрээнд тусгагдсан нөхцлөөр өр төлбөрийг багасгаж, авлагыг барагдуулах үндсэн нөхцөл байсан. Энэ гэрээний нөхцөл бүхэлдээ биелэгдээгүй. Мөн Хайрхан уул ХХК-г хүлээлгэж өгөхдөө 119,000,000 төгрөгийн өр төлбөр 1,904,065,000 төгрөгийн өр төлбөртэй болж ажил хүлээлгэж өгсөн. Мөн авлага 85,700,000 төгрөгөөр өссөн. Энэ санхүүгийн үзүүлэлтээр Н.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж ажлын хэсгээс менежментийн гэрээгээр хүлээж авснаас хойш буцаан хүлээж авахад богино хугацааны өр төлбөрийн хэмжээг нийслэлд учруулсан хохирол гэж үзээд менежментийн гэрээг хааж өмч хүлээлцэх шийдвэрийн дагуу хаалтын баланс гаргаж актаар хүлээн авахад гэрээгээр өр төлбөрийн дүнг баталгаажуулан гарын үсгээ зурсан. Нийслэлд тухайн хэмжээний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Зөвшөөрөхгүй байсан бол тайлбар бичээд энэ асуудлыг шийдвэрлэх боломж байсан. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцүүлээд 22 тоот тогтоолоор менежментийн гэрээгээр ажиллах хугацаандаа санхүүгийн үзүүлэлтийг бууруулж алдагдлын хэмжээг өсгөсөн, өр төлбөрийг нэмэгдүүлсэн нийт 9 хэрэглэгчийн гэрээний үүргийн биелэлтийн барьцааны дэнчинг хангагч байгууллагуудад төлөх төлбөрт тооцон шилжүүлэхээр ӨХГт тухайн үедээ даалгасан. Тогтоолын дагуу Хайрхан уул ХХК-ийн барьцааны дэнчин болох 24,600,000 төгрөгийг Ус сувгийн удирдах газарт төлөх өр төлбөрт шилжүүлсэн. Иргэн Н.Бтай байгуулсан 2004 оны менежментийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.2.4 в-д менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон эскроу дансанд байршуулсан гэрээлэгчийн барьцааны дэнчинг орон нутгийн орлого болгоно. Ингэхдээ байгууллагыг хүлээн авахад батламж бичгийн дагуу хүлээлгэн өгсөн байдлаас дордуулж учруулсан материаллаг болон мөнгөн хохирлыг гэрээлэгчийн дэнчинд оруулан тооцно гэсэн заалттай. Мөн гэрээний 1.1.9- д барьцааны дэнчин энэхүү менежментийн гэрээний үүргийн биелэлтийн баталгаа үүргээ биелүүлээгүйгээс хүлээх хариуцлага учруулсан хохирлыг нөхөн төлөх, барьцаа болон байгууллагын үндсэн хөрөнгийн 20 хувиар тооцож эскроу дансанд байршуулах тендер ялагчийн мөнгийг хэлнэ гэсэн нөхцлийг тухай бүрдээ гэрээний тал болох Н.Б хүлээн зөвшөөрсөн. Гэрээний энэ 2 үндсэн заалтын дагуу 24,600,000 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн. Нөхцөл байдлыг тухайн үедээ мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн, актан дээр гарын үсэг зурсан, өр төлбөр нэмэгдсэн, гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудаас дүгнэж өнөөдрийн нэхэмжилж байгаа шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа 24,600,000 төгрөгийн дэнчинг өр төлбөрт шилжүүлсэн асуудлыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 22 дугаар тогтоол 2012 оны 30 дугаар тогтоолуудад гомдол, санал гаргаагүй, захиргааны шүүхэд хандаагүй. Энэ 2 тогтоол хүчин төгөлдөр байгаа. Хамгийн гол нь энэ асуудлыг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээ чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байдаг. Менежментийн гэрээний дээр дурдсан 12 дугаар зүйлийн 12.2.4 дэх хэсэгт заасан нөхцлийг Н.Б зөвшөөрсөн. Энэ утгаар тайлбараа дэмжиж байна.

9 компанийн дэнчин гэж нийт 160,000,000 төгрөг байсан. Тэр өрөө шилжүүлсэн. Өр төлбөр нь 837,000,000 төгрөг байсан байна. 24,600,000 төгрөг гэдэг нь гэрээний барьцаа хөрөнгө. Урт хугацаат өр төлбөр тэрбум төгрөг гэж байна. Бид тэрийг нэхэмжпээгүй. Угаасаа төслөөр хийгдсэн өр төлбөр. Бидний хохирол гэж үзэж байгаа нь анх компани хүлээлгэж өгөхөд богино хугацаат өр төлбөр нь хэд байсан дараа нь хүлээж авахад хэд байсан гэдэг зөрүүг хохирлын хэмжээ гэж үзэж байгаа. Жишээ нь өмч хувьчлах комиссын тогтоосноор Хайрхан уул ХХК дээр хангагч байгууллагуудын 198,000,000 төгрөгийн богино хугацаат өр төлбөр үүссэн. Үүнийг хохирол гэж тооцоод барьцаа хөрөнгийг хураасан гэсэн үг.

Анх 119,000,000 төгрөгийн өртэй хүлээж аваад буцаагаад гэрээг хаахад 315,000,000 төгрөгийн өр төлбөртэй хүлээлгэж өгсөн. Энэ хоёрын зөрүү 196,000,000 төгрөг болж байгаа. Тухайн байгууллага Ус сувгийн удирдах газар, дулааны байгууллагуудаас бөөний үнээр аваад жижиглэнгийн үнээр иргэдэд түгээдэг газар буюу энэ хоорондын зөрүүнээс ашиг олдог. Богино хугацаат өр төлбөр гэдэг нь байгууллагуудаас урьдчилж зээлээр аваад буцаагаад төлөөгүй байгаа өр төлбөр гэсэн үг.

Менежментийн гэрээний зорилго нь нийгмийн салбарын үйлчилгээ, орон сууц аж ахуйн үйлчилгээ. Энэ ажил үйлчилгээг хувь иргэн болон компаниар хийлгүүлээд тодорхой хэмжээний үр дүнтэй ажиллаад цаашид энэ салбарыг авч явах хэмжээний байх юм бол хувьчилъя гэсэн гэрээ. 9 дүгээр зүйлд гэрээлэгчийн үүрэг гэж байна. Менежментийн гэрээгээр ажиллаж байгаа байгууллагуудын үүрэг нь байгууллага нь үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй бөгөөд засвар үйлчилгээг бууруулахгүй сайжруулж ажиллана гэж үүрэг хүлээж гэрээтэй ажиллаж байгаа учраас өөрсдөө хийх үүрэгтэй. Энэ нөхцөл дээр өөрсдөө гарын үсэг зурсан. Гэтэл өр төлбөр нь ихсээд байхаар болохгүй юм байна гээд больсон. Анх авахад байсан өр төлбөр нэмэгдсэн учраас Ус сувгийн удирдах газрын өр нэмэгдсэн байсан тул барьцааг шилжүүлсэн асуудал. Менежментийн гэрээний 9.3-т гэрээний хугацаанд гэрээлэгчээс хүлээлгэн өгсөн өр төлбөр авлагыг жил бүр 20-30 хувь бууруулах арга хэмжээ авна гэсэн үүрэгтэй.

Ус дулаан, цахилгаан холбооны хураамжийг үйлчлүүлэгчээс авсан төлбөрийг үндсэн хангагч байгууллагад цаг хугацаанд нь шилжүүлэх төлбөрийг төлөөгүйгээс үүсэх хүндрэлийг арилгаж хэрэглэгчдийг хохироохгүй байна гэсэн үндсэн үүрэгтэй.

Ийм учраас өр төлбөр бууруулаагүй гэсэн шийдвэр гарсан. Тэрийг хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт ӨХГ хазаа, хэнд, ямар албан бичиг өгөөд ямар хариу авсан. Хэрвээ таны албан бичигт хариу өгөөгүй бол шийддэг газарт нь өгсөн ямар баримт байгаа юм бэ. Олон удаа өгч байсан гэдэг баримтгүй. Хэрэв гомдол санал байсан бол тухай бүрд нь шийддэг газраар нь шийдүүлээд болохгүй бол хууль шүүхийн байгууллагад гэрээний нөхцлөө дурдаад хандаж явах байсан. 2012 оны Нийслэлийн Засаг даргын А560 дугаар захирамжаар томилогдсон гэрээний биелэлтийг шалгах ажпын хэсэг ажиллаж шийдвэр дүгнэлт гаргасан. Аудитын дүгнэлтэд бид ямар нэгэн гомдол, санал гаргаагүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд ОСНААУГын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: Иргэн Н.Бын нэхэмжлэлийг харахаар Хайрхан уул ХХК-тай холбоотой гэж харж байна. ОСНААУГт холбогдох зүйл харагдахгүй байна. Иргэн Н.Б одоогийн Өмч ашиглалт удирдлагын газраас 24,600,000 төгрөг нэхэмжилж байгаа болохоос Хайрхан уул ХХК-ийн мөнгөний асуудал нэхэмжлэлд байхгүй байна. Орон сууцны удирдах газар, Нийслэлийн ӨХГ иргэн Н.Б гэрээний нэг тал болж орон сууцны удирдах газар оролцсон нь үнэн. Гэхдээ энэ данстай холбоотой асуудалд орон сууцны удирдах газар оролцдоггүй. Менежментийн гэрээ байгуулсан. Менежментийн гэрээтэй уялдуулаад оролцдог журам байгаа. Энэ журмын дагуу орон сууцны удирдах газар энэ асуудалд оролцдоггүй. Мэдээ, мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтын асуудал зэргийг хариуцаад явж байсан. Одоо Хайрхан уул ХХК-тай мөнгөний асуудал гарч ирэх юм бол Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас ОСНААУГ гуравдагч этгээдээр татсан нь үндэслэлгүй байна гэв.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Нийслэлийн ӨХГт холбогдуулан, дэнчинд өгсөн 24,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин шаардсан.

Хариуцагч Нийслэлийн ӨХГын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт хуралдаанд оролцож нэхэмжлэлийг эс зөвшөөрч,..дэнчин тавьсан этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр тохирсон тул дэнчин нь дэнчин авсан этгээдэд үлдсэн гэж маргана.

 

Зохигчдын хооронд 2004-2012 онуудад хийгдсэн Менежментийн гэрээ нэртэй хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь нийслэлийн орон сууц нийтийн аж ахуйн Дунд гол өргөө салбарын үйл ажиллагааг удирдлагын менежментээр ханган ажилласан, тендерийн нөхцөлд заасан дэнчин 24,600,000 төгрөгийг хариуцагчийн дансанд байршуулсан ба дээрх гэрээ нь 2012 оны 11 сард цуцлагдаж, дэнчин 24,600,000 төгрөг хариуцагч талын эзэмшилд үлдсэн үйл баримт бий болсон байна.

-Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2004 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор Орон сууц нийтийн аж ахуйн газрын зарим салбаруудыг үр ашигтай удирдах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын тендерийг зарласан./хх-ийн 31-32-р хуудас/

Орон сууц нийтийн аж ахуйн газар нь Нийслэлийн ӨХГтай хамтран Менежментийн гэрээгээр Орон сууц нийтийн аж ахуйн салбаруудыг үр ашигтай удирдах этгээдийг сонгон шалгаруулах уралдаанд шалгаруулалтын журмыг 2004 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан байх бөгөөд уг журмыг Н.Б зөвшөөрч тендерт оролцжээ./хх-ийн 33-40-р хуудас/

Нийслэлийн өмч хувьчлалын 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар тогтоолоор, Тендерт оролцон шалгаруулсан комиссын дүнг батлаж, шалгарсан иргэн багтай холбогдох хууль тогтоомжийн дагуу 2004 оны 12 дугаар сарын 20-ны дотор багтааж Менежментийн гэрээ байгуулж өмч хөрөнгийг хүлээлгэн өгч гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн ӨХГ, Орон сууц нийтийн аж ахуйн газарт тус тус үүрэг болгосон, шалгарсан дотор Хан-уул дүүргийн Дунд гол Өргөө салбарт иргэн Н.Б шалгарч, түүнд ажлыг нь хүлээлгэн өгсөн байна./хх-ийн 6-27, 41,42-р хуудас/

Дээрх гэрээг Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Н.Б /Хайрхан-Уул Өргөө ХХК/-тай байгуулсан менежментийн гэрээг 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор Н.Б /Хайрхан-Уул Өргөө ХХК/-тай байгуулсан менежментийн гэрээг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,

2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор Н.Б /Хайрхан -Уул Өргөө ХХК/-тай байгуулсан менежментийн гэрээг 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тус тус сунган талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 6-27, 75-77,86-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийлсэн, өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй /холимог/ гэрээ гэж үзхээр байна.

Иргэн Н.Б нь Орон сууц нийтийн аж ахуйн газрын зарим салбаруудыг үр ашигтай удирдах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтад /тендерт/ шалгарч, 2004 оноос менежментийн гэрээ байгуулж, гэрээ байгуулсны нотолгоо болгон 24,600,000 төгрөгийг /дэнчинд/ төлсөн талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 6-30-р хуудас/

Менежментийн гэрээний 11.1.-д гэрээлэгчийн энэхүү гэрээний нөхцөл болзлын дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулах зорилгоор гэрээлүүлэгч нь тухай бүр аудитын комиссыг томилно.гэж тохирсон.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/560 дугаар захирамжаар томилогдсон Аудитын комиссын санал дүгнэлтийг хэлэлцээд, Нийслэлийн өмч хувьчлалын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Хайрхан-Уул Өргөө салбар зэрэг нэр бүхий 16 салбарын Менежментийн гэрээг дуусгавар болгосон, 2012 оны 11 сарын 20-ны өдрийн ОСНААУГын даргын 66/А тушаалаар Н.Быг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна./хх-ийн 44,45-р хуудас/

Мөн өдөртөө Н.Бын ажлыг хүлээлцэн акт үйлдэж, 2012 оны хаалтын тайлан тэнцлийг гаргахад ХАОАТ-ын өглөг 29.492,21, НӨАТ-ын өглөг 3.924.275,59 төгрөг. бусад татварын өглөг 1.123.260,49 төгрөг, ЭМНД-ийн шимтгэлийн өглөг 9.563.174,85 төгрөг, бусад өглөг 154.191.988,85 төгрөг, богино хугацаат өр төлбөрийн дүн 315.957.706,92 төгрөг, урт хугацаат зээл 1.588.696.178,34 төгрөг гэж гарсныг түр үүрэг гүйцэтгэгч Н.Б зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд энэ үйл баримтад 2018 оны 5 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлэх хүртэл гомдол гаргаж байгаагүй байна. /хх-ийн 50-58-р хуудас/

Нэхэмжлэгч эдийн засгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу Шинжээчээр Шинэ баланс аудит ХХК-ийг томилсон ба шинжээчээс ирүүлсэн, талууд маргаагүй дүгнэлтэд, гэрээ дуусгавар болгосон хаалтын балансаар хүлээлгэн өгсөн жагсаалтад байгаа өглөг нь хэн нэгний тухайлбал удирдлага захирлын алдаанаас эсвэл байгууллагын тасралтгүй үйл ажиллагаанаас гарсан үндсэн зардал уу, ямар үндэслэлээр үүссэн гэсэн асуултад хариулт өгөлгүй, иргэн Н.Бт хамааралтай дутаасан үрэгдүүлсэн акт тогтоосон шийдвэргүй гэжээ. Мөн нийт өр төлбөрийн 87,2 хувь буюу 1,660.7 сая нь Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн төслийг ажил дүгнэх үзүүлэлтэд оруулж тооцсон нь үндэстэй эсэх, өглөг өсөх үндэслэл болсон эсэх асуултад, урт хугацаат өглөгөөр бүртгэсэн тул Н.Бын ажил дүгнэх үзүүлэлтэд оруулж тооцохгүй гэж хариулсан нь ажил дүгнэх үзүүлэлтэд оруулж тооцсон нь үндэстэй эсэх, өглөг өсөх үндэслэл болсон эсэхэд хариулаагүй, ажил дүгнэх үзүүлэлтэд оруулж тооцохгүй гэх үндэслэл заагаагүй, эрх зүйн дүгнэлт гаргаагүй байна.40 сая төгрөгөөр авлага өсгөсөн эсэх, 85,7 сая төгрөгийн авлагад хүчин чадал болон үнэ тарипын өсөлтийн нөлөөлөл байгаа эсэх, байвал хэдэн хувь болох гэсэн асуултад, 85,7 сая төгрөгийн авлагыг 2012 оны жилийн эцсийн тайлангийн үлдэгдэлтэй харьцуулбал 27,1 сая төгрөгөөр буурсан гэсэн нь авлага өсгөсөн эсэх, 85,7 сая төгрөгийн авлагад хүчин чадал болон үнэ тарипын өсөлтийн нөлөөлөл байгаа эсэх, байвал хэдэн хувь болох асуултад дүгнэлт байхгүй, үнийн өсөлт үйл ажилагааны зардлуудад нөлөөлсөн эсэхэд хариулаагүй/хэргийн 245-249/ байна. Иймд маргаж буй асуудлаар тодруулан тогтоох нарийн мэргэжлийн дүгнэлт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Хэргийн 76-78, 95-98 дахь талд Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2010 оны 07 сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоол, Барьцааны дэнчинг өр төлбөрт шилжүүлэх компаниуд гэсэн хоёрдугаар хавсралтын хамт, мөн 87-88 дахь талд Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 08 сарын 11-ний өдрийн 22 дугаар тогтоол, Барьцааны дэнчинг өр төлбөрт шилжүүлэх компаниуд гэсэн хоёрдугаар хавсралтын хамт авагдсан нь Нийслэлийн өмч хувьчлах комиссоос 2010, 2014 онд гаргасан дээрх хоёр тогтоолын хавсралтад өмнө шүүхэд ирүүлсэн Барьцааны дэнчинг өр төлбөрт шилжүүлэх компаниуд гэсэн баримт нь хоорондоо ижил, хавсралтын № 9-д нэхэмжлэгчийн Хайрхан уул өргөө ХХК орсон байсныг хариуцагч тайлбарлахдаа агуулга нь адил тул хавсралтын жагсаалтын дугаар адил байгаа гэж байгааг буруутгах үндэсгүй тул шүүх эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар нотолгооны хэрэгсэлд үнэлсэн болно.

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор Менежментийн гэрээгээр ажиллах хугацаандаа компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг бууруулж алдагдалтай ажилласан Хайрхан-Уул өргөө ХХК зэрэг 9 компанийн гэрээний үүргийн биелэлтийн барьцааны дэнчин нийт 160.731.800 төгрөгийг орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагааг хариуцан ажиллахаар шинээр байгуулагдсан ОНӨААТҮГ-уудын хангагч байгууллагуудад төлөх өр төлбөрт тооцон шилжүүлэхийг ӨХГт үүрэг болгон шийдвэрлэсэн байхад уг тогтоолд, одоог хүртэл хугацаанд гомдол гаргаагүй байх тул Хайрхан-Уул өргөө ХХК нь зөвшөөрсөн байна гэж үзнэ./хх-ийн 67,78,87-88-р хуудас/

Нийслэлийн өмч хувьчлалын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар тогтоолоор гэрээний үүргийн биелэлт, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргахаар томилогдсон Аудитын комиссын санал дүгнэлтийг хэлэлцээд, Дунд гол Өргөө салбар зэрэг нэр бүхий 16 компаниудын Менежментийн гэрээний үүрэг хангалтгүй биелэгдсэн гэж үзэж, гэрээг хаасан байна./хх-ийн 44,45-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан Менежментийн гэрээний 12.2.4-ийн б.-д Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон эскроу дансанд байршуулсан гэрээлэгчийн барьцааны дэнчинг орон нутгийн орлого болгоно. Ингэхдээ байгууллагыг хүлээн авахад хүлээлгэн өгсөн байдлаас дордуулж учруулсан материаллаг болон мөнгөн хохирлыг гэрээлэгчийн дэнчинд оруулан тооцох. гэж,

мөн 1.1.9-д Энэхүү менежментийн гэрээний үүргийн биелэлтийн баталгаа, үүргээ биелүүлээгүйгээс хүлээх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх, барьцаа болгон байгууллагын нийт үндсэн хөрөнгийн 20%-иар тооцож эскроу дансанд байршуулах тендерт ялагчийн мөнгийг барьцааны дэнчин гэнэ гэж тус тус тохиролцжээ. /хх-ийн 8, 22-р хуудас/

Нийслэлийн ӨХГ нь Хайрхан-Уул өргөө ХХК-ийн дэнчингийн мөнгө болох 24.600.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/965 дугаар тогтоол гарган Ус сувгийн удирдах газарт усны төлбөрт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоол хэрэгжсэн байна. /хх-ийн 89-92-р хуудас/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул талуудын хооронд байгуулсан Менежментийн гэрээний 12.2.4-ийн б.-д " Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон эскроу дансанд байршуулсан гэрээлэгчийн барьцааны дэнчинг орон нутгийн орлого болгоно гэж тохирсныг буруутгах үндэсгүй.

Уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгч /Н.Б/ нь байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, техник технологийг сайжруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, өртөг зардлыг хямдруулан, өр авлагыг бууруулж ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх үүргийг, үүрэг гүйцэтгүүлэгч /Нийслэлийн ӨХГ. ОСНААУГ/-ын өмнө хүлээж, Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон эскроу дансанд байршуулсан гэрээлэгчийн барьцааны дэнчинг орон нутгийн орлого болгоно гэж тохиролцсон талаар тухайн үед талууд маргаагүй, хүлээн зөвшөөрч дээрх гэрээг байгуулсан байна.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3.Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно.гэж заасан.

Эндээс дүгнэхэд иргэн Н.Б /Хайрхан Уул өргөө ХХК/ нь Менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ уг байгууллагыг, хүлээлгэн өгсөн байдлаас дордуулж өр төлбөрийг нэмэгдүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан менежментийн гэрээ, ажил хүлээлцсэн акт, 2012 оны хаалтын тайлан тэнцэл зэрэг баримтуудаар нотлогдож, талуудын хооронд тохиролцсон гэрээнд тохирсноор, харилцагч байгууллагын төлбөрт шилжүүлсэн байгааг буруутгах үндэсгүй. /хх-ийн 6-29, 50-58-р хуудас/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилгэж заасан ба дэнчинг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/965 дугаар тогтоолоор мөн өдөр Ус сувгийн удирдах газарт усны төлбөрт шилжүүлсэн байхад энэ шаардах эрх үүссэнээс 2018 оны 5 сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, энэ талаар ямар нэг тайлбар баримтгүй байгаа нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэстэй.

Иймд Нийслэлийн ӨХГаас 24.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч Н.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар тооцон зохигчид хариуцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 233 дугаар зүйлийн 233.3., 189 дүгээр зүйлийн 189.5.-т заасныг баримтлан Нийслэлийн ӨХГаас 24.600.000 төгрөг гаргуулах тухай Н.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.950 /хоёр зуун наян мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх. тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ